Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2020/0021/З |
Дугаар | 221/МА2020/0236 |
Огноо | 2020-04-02 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2020/0236
"М ш" ХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, хариуцагч С.Т, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 114 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, "М ш" ХК-ийн гомдолтой, Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн улсын байцаагч С.Т-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 114 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12-т заасныг баримтлан “М ш” ХК-ийн “Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн “М ш” ХК-д оногдуулсан 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0240458 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О давж заалдах гомдолдоо: “ ... Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Гаалийн улсын байцаагч нь “М ш” ХК-ийг гаалийн удирдах төв байгууллагаас баталсан яг ямар журмын аль заалтыг зөрчсөн талаар тайлбар, танилцуулга хийгээгүй бөгөөд шүүхэд гаргасан тайлбартаа ч тодорхой дурдаагүй. Шүүх хуралдаан дээр зөрчлийн талаар дэлгэрэнгүй тайлбарлах хүсэлт гаргасны дагуу дараах журмыг зөрчсөн гэж тайлбарласан.
Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарыын 21-ний өдрийн А/236 дугаар “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 9.6-д заасан “Шуудан илгээмжийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллага шуудан илгээмжид гаалийн хяналт шалгалт хийлгэхээр U-POST программыг ашиглан агаарын тээврийн баримтын 12 оронтой дугаарыг бичиж, шуудангийн гаалийн байгууллагад манифестын задаргааг сүлжээгээр илгээнэ" гэснийг,
Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/238 дугаар тушаалаар батлагдсан “Ачааны манифест нөхөн бичих, хянах, бүртгэх” журмын 8.4-д заасан “Гаалийн хилээр орох бараа, тээврийн хэрэгслийн ачааны манифестын 10, 14, 15, 19, 22-27 дугаар хүснэгтүүдээс /хүлээн авах газрын код, хүрэх гаалийн газрын мэдээлэл, барааны нэр, барааны үнэ, вальютын код, дагалдах бичиг баримт, тоо хэмжээ, цэвэр жин, бохир жин/ бусад хүснэгтэнд оруулах засварыг тээвэрлэгч хийж, Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналтын асуудал хариуцсан нэгж баталгаажуулна” гэж тус тус заасныг зөрчсөн гэсэн тайлбар гаргасан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5-д “Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагчийн зүгээс Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан аль журам нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд холбогдох, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гарсан зөрчилтэй холбоотой зөрчлийн хэргийг яагаад 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үүсгэсэн талаар үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтыг гаргаж өгөөгүй байхад шүүх энэ талаар дэлгэрэнгүй тодруулан, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадсангүй.
Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын хамтарсан 2014 оны 269/264 тоот тушаалаар батлагдсан “Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх” журам нь зөрчлийг шийдвэрлэх болон маргааныг шийдвэрлэхэд хэрэглэгдэхгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэглээний хувьд алдаатай болсныг илтгэж байна.
Мөн Гаалийн улсын байцаагчийн зүгээс зөрчлийн зүйлчлэлд хэрэглэсэн Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/236 тоот “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам” нь Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалаар хүчингүй болсон бөгөөд журам шинэчлэн батлагдсан.
2019 оны А/275 дугаар шинэчилсэн журмын 10.5-д “Гаалийн байгууллага хяналтад ирсэн илгээмжийн гадуур, дотуур дагалдах маягт болон бусад бичиг баримтыг үндэслэн гаалийн тэмдэглэгээг шалгаж, баглаа боодлыг задлан “Улс хоорондын шуудангийн илгээмжийн бүртгэлд” бүртгэнэ” гэж заасан буюу хуучин журмын 9.6-д заасан “Шуудан илгээмжийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллага шуудан илгээмжид гаалийн хяналт шалгалт хийлгэхээр U-POST программыг ашиглан агаарын тээврийн баримтын 10 оронтой дугаарыг бичиж, шуудангийн гаалийн байгууллагад манифестын задаргааг сүлжээгээр илгээнэ” гэснийг хассан.
Мөн 2016 оны А/238 дугаар “Ачааны манифест нөхөн бичих, хянах, бүртгэх” журам Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/281 дүгээр тушаалаар хүчингүй болсон бөгөөд журам шинэчлэн батлагдсан. 2019 оны А/281 тушаалаар шинэчилсэн журмаар хуучин журмын 6 дугаар бүлэгт заасан “Шуудан илгээмжийн манифест нөхөн бичих” гэсэн бүлгийг хассан.
Зөрчлийн хэрэг нээх, шийтгэл оногдуулах үед холбогдох журам өөрчлөгдсөн байхад гаалийн улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.3-д заасан “тухайн зөрчилд хариуцлага тооцсон хуулийн зүйл, хэсэг, заалт хүчингүй болсон” бол зөрчлийн хэрэг нээхгүй, мөн хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан” нөхцөл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгоно гэх заалтуудыг анхаараагүй байхаас гадна шүүхээс энэ талаар зохих тайлбар авалгүйгээр шийдвэр гаргасан.
“М ш” ХК-ийн зүгээс Улс хоорондын шуудангийн илгээмжийн үйлчилгээг үзүүлэгчийн хувьд гаалийн байгууллагыг дэмжин ажиллаж холбогдох мэдээллүүдийг цаг алдалгүй системд өөрсдийн нөөц бололцоогоор оруулж ирсэн бөгөөд ажилтны гаргасан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн хүрээнд хариуцлага хүлээх хэмжээний зөрчил гэж үзэх байгаа бөгөөд Гаалийн улсын байцаагчийн шийдвэр болон анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу гомдол гаргагч “М ш” ХК-ийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Гомдол гаргагч “М ш” ХК-аас “...манай байгууллагын системд урьдчилан шивж оруулж буй мэдээлэл нь гаалийн мэдүүлэг болохгүй ... системийн хүчин чадлаас шалтгаалан ирсэн илгээмжүүдийн үнэ тодорхой бус байсан тул үнийн дүнг 1 гэж тэмдэглэсэн ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд эрх бүхий албан тушаалтан 3 хоногийн дотор зөрчлийн хэрэг нээх эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан ба уг илгээмжийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авагчид гардуулж өгсөн байтал үүнээс хойш 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй...” гэж, хариуцагчаас “... Тээвэрлэгч компани болох “М ш” ХК нь гаалийн байгууллагыг үнэн зөв мэдээллээр хангаж ажиллах учиртай атал илгээмж хүлээн авагчийн барааны мэдээллийг үнэн зөв мэдүүлээгүй, барааны үнийн дүнг 1 иен гэж мэдээллийн сүлжээгээр илгээсэн зөрчил гаргасан ... 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хооронд уг зөрчил тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцсон” гэж тус тус маргажээ.
Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлд “Гаалийн тухай хууль зөрчих”, мөн зүйлийн 12 дахь хэсэгт “Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журам зөрчсөн нь энэ зүйлийн 1, 11 дэх хэсэгт заасан, бусад зөрчлийн бүрэлдэхүүнгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
Дээрх хуулийн заалтын дагуу тээвэрлэгч нь ачаа барааг гаалийн байгууллагад мэдүүлэхдээ Гаалийн ерөнхий газраас баталсан дүрэм, журмыг мөрдөх учиртай бөгөөд уг журмыг зөрчсөн тохиолдолд зохих хариуцлага болох торгуулийн арга хэмжээ авахаар хуульчилсан байна.
1. Гомдол гаргагчаас “...гаалийн улсын байцагчийн зүгээс зөрчлийн зүйлчлэлд хэрэглэсэн Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/236 тоот “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам” нь Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалаар хүчингүй болж шинэчлэн батлагдсан ... мөн 2016 оны А/238 тоот “Ачааны манифест нөхөн бичих, хянах, бүртгэх журам” нь Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/281 дугаар тушаалаар хүчингүй болж шинэчлэн батлагдсан ... гэтэл зөрчлийн хэрэг нээх, шийтгэл ногдуулах үед холбогдох журам өөрчлөгдсөн байхад гаалийн улсын байцаагч нь энэ талаар зохих тайлбар авалгүйгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.3, 6.11 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг шүүх анхаараагүй...” гэх давж заалдах гомдлыг гаргажээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй”, 1.3-д “тухайн зөрчилд хариуцлага тооцсон хуулийн зүйл, хэсэг, заалт хүчингүй болсон”, 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана”, мөн зүйлийн 1.1-д “Энэ хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан” гэж тус тус заажээ.
Уг хуулийн заалтуудаас үзвэл Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд хариуцлага ногдуулах зохицуулалт хүчингүй болсон тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй бөгөөд нэгэнт нээгдсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан, өөрөөр хэлбэл, уг зохицуулалт нь зөвхөн тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, хэсэг заалт хүчингүй болсон тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй байхаар зохицуулсан байна.
Маргаан бүхий акт болох Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын улсын байцаагч С.Т-ийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0240458 тоот шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэж үзэн 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах үед тус зөрчилд хариуцлага тооцох хуулийн зүйл, хэсэг, заалт хүчингүй болоогүй, өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэг хүчин төгөлдөр үйлчилж байх тул дээрх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Гаалийн ерөнхий газрын даргын баталсан тушаалуудыг хүчингүй болгож шинэчлэн баталсантай холбоотойгоор шинээр батлагдсан журмуудыг баримтлах ёстой, хуучин журмуудыг баримталсан нь үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий гомдол, тайлбарыг мөн хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, “М ш” ХК-д торгууль ногдуулах үед Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/236 тоот “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”, 2016 оны А/238 дугаар “Ачааны манифест нөхөн бичих, хянах, бүртгэх журам”-ууд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан, хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан уг дүрэм, журмуудыг үндэслэж, мөн Гаалийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Тээвэрлэгч дараахь үүрэг хүлээнэ:”, 38.2.7-д “улсын хилээр нэвтрүүлэх барааны талаарх шаардлагатай мэдээллийг урьдчилан гаалийн байгууллагад гаргаж өгөх”-өөр заасан үүргээ зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцсон хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна.
3. Гомдол гаргагч “М ш” ХК-ийн “... илгээмжийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авагчид гардуулж өгсөн байтал үүнээс хойш 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хэрэг үүсгэсэн талаар үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтыг гаргаж өгөөгүй байхад шүүх энэ талаар тодруулан, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй” гэх давж заалдах гомдлын үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх”, 2.4-д “зөрчлийн хэрэг нээх” шийдвэрүүдийг гаргахаар, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн”, 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн, эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн заалтын дагуу гаалийн улсын байцаагч нь хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэх явцад Зөрчлийн тухай хуулиар харъяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг өөрөө илрүүлсэн тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлэх хугацааг нарийвчлан заагаагүй, харин илрүүлснээс хойш хэдий хугацаанд хэргийг шийдвэрлэх талаар нарийвчлан зохицуулсан байх бөгөөд зөрчлийг илрүүлснээс хойшхи хугацаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргахаар хуульчилжээ.
Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах,…” гэж, 1.4 дүгээр зүйлийн 1.2-т ““зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг” ойлгоно гэж зохицуулснаас үзэхэд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтны ажиллагааг маргаан бүхий энэ тохиолдолд зөвхөн зөрчлийг илрүүлж зөрчлийн хэрэг нээсэн ажиллагаатай нь холбогдуулан хязгаарлах боломжгүй, хариуцагчаас зөрчлийг тогтооход шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулах ажиллагааг явуулсан, гомдол гаргагчийн үйл ажиллагаанд зөрчил нэгэнт тогтоогдсон байх тул гомдлын дээрх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй.
Тодруулбал, дээрх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процессыг зохицуулсан хуулиудын заалтыг баримталж 3 хоногт зөрчлийн хэрэг нээлгүйгээр зөрчлийг шалгаж, тухайн зөрчилд ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох талаар хуульд тодорхой хуульчаагүй байх бөгөөд энэ тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагаа Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гэж заасанд хамаарахгүй байх тул гомдол гаргагчийн “зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дараа шийтгэлийг ногдуулсан нь үндэслэлгүй” гэх гомдлыг мөн хангах үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, гомдол гаргагчийн давж заалдах гомдолд дурдсан дээрх үндэслэлүүдээр Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн газрын гаалийн газрын улсын байцаагч С.Т нь Гаалийн тухай хууль, түүнийг даган гарсан журмуудад заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад “М ш” ХК-ийн зөрчлийг илрүүлсэн, улмаар шийтгэл ногдуулсныг буруутгах буюу шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.