| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2019/0867/З |
| Дугаар | 221/МА2020/0222 |
| Огноо | 2020-03-31 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2020/0222
“Ю Э Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцалгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу “Ю Э Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Ю Э Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэрийн “Ю Э Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэрийн “Ю Э Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг зөв дүгнэж чадаагүй байна.
Энэхүү хэргийн хувьд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хэрхэн тоолох дээр маргаж байгаа. Хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрлийн 14 дэх жилийн төлбөрийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө төлөх ёстой байсан гэж үзэж байгаа бол нэхэмжлэгчийн хувьд энэхүү төлбөрийг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төлсөн нь хуульд заасан хугацааг зөрчөөгүй гэж үзэж байгаа юм.
Анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн хуралдаанаар тогтоол танилцуулан сонсгосон өдрөөс буюу 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн “Ю Э Б” ХХК нь үйл ажиллагаагаа явуулах боломжтой байсан, Кадастрын хэлтсийн бүртгэлийн системд орсон ороогүй хамаагүй гэсэн байдлаар дүгнэлт хийсэн.
Тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах гэдэг нь тухайн тусгай зөвшөөрлийн талбай дээр шууд очоод олборлолт хийх асуудал биш бөгөөд хууль, журамд заасан Техник эдийн засгийн үндэслэл, Уулын ажлын төлөвлөгөө, Байгаль орчны үнэлгээ, төлөвлөгөө зэрэг олон бичиг баримтыг батлуулж байж олборлолт явуулах нөхцөл боломж үүсдэг. Эдгээр бичиг баримтууд тусгай зөвшөөрөл нь өөрөө Кадастрын бүртгэл, мэдээлэлд бүртгэгдээгүй бол батлагдах, хянагдах ямар ч боломжгүй юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх үүрэг Кадастрын хэлтэст байдаг бөгөөд энэхүү бүртгэл байсан байгаагүй 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлөө ашиглах эрх чинь нээлттэй байсан гэх нь үндэслэлгүй.
М\/-2810 тоот тусгай зөвшөөрлийг анх 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдөр олгосон байдаг бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 34-р зүйлийн 34.2-т (Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө) зааснаар тусгай зөвшөөрөл анх олгосон хугацаагаар тооцож, жил бүрийн төлбөрийг өмнөх оны 12-р сарын 15- наас өмнө урьдчилан төлж байсан. Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр уг тусгай зөвшөөрөл өмнө нь цуцлагдсан боловч буцаад сэргэсэн. Сэргэсэн тусгай зөвшөөрлийн өмнөх мэдээлэл, түүх хадгалагдан үлдэх ёстой. Тусгай зөвшөөрөл өмнө нь буюу 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр цуцлагдах хүртлээ төлбөрийн ямар нэгэн асуудал байгаагүй. Цуцлагдаагүй байсан бол 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тус тусгай зөвшөөрөлд төлбөрийн өр, хугацаа хэтрэлт үүсэхгүй байсан.
Харин 2018 онд шүүхийн шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрөл сэргэснээр сэргэсэн гэж үзэж байгаа өдрөөс эхлээд шууд төлбөр шинээр төлүүлэх ёстой гэж үзэх учиргүй. Тусгай зөвшөөрөл цуцлагдахаас өмнө төлсөн төлбөр нь тусгай зөвшөөрөл сэргэснээр ч үргэлжлэн тооцогдох ёстой. Учир нь манай эзэмшдэг тусгай зөвшөөрөл нь шинээр олгогдсон, анх удаа олгогдож байгаа тусгай зөвшөөрөл биш юм. Эдгээр нөхцөл байдлуудаар “Ю Э Б” ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр маргаан бүхий 408 дугаар шийдвэр гарах үед тусгай зөвшөөрлийн төлбөрийн өртэй байх үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх тусгай зөвшөөрлийн хавсралт дээр 13 дахь жилийн төлбөр нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл гэж тэмдэглэгээ хийснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, энэхүү тэмдэглэгээгээр хугацааг тооцож, улмаар цуцалсан шийдвэр гаргасан нь зөв гэсэн.
Захиргааны шийдвэр, үйл ажиллагаа нь хуульд нийцсэн байх үндсэн гол зарчимтай бөгөөд маргааны энэ тохиолдолд энэхүү хавсралт дээрх тэмдэглэлээс илүүтэйгээр хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийн өр, хугацаа хэтрэлт үүссэн эсэхийг тооцож, тогтоох ёстой юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр 128/ШШ2020/0023 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү”гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр, түүнийг төлөх хугацаа, журамтай холбоотой Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны байх” шаардлагад нийцээгүй.
“Ю Э Б” ХХК нь “тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй” гэх үндэслэлээр тус компанийн эзэмшлийн МV-002810 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэрийн үндэслэлийн талаар “тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө төлөх ёстой” маргаж байгаа бол хариуцагчийн зүгээс "тусгай зөвшөөрлийн 14 дэх жилийн төлбөрийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө төлөх ёстой” гэж маргасан.
Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болон талуудын тайлбаруудаас энэхүү захиргааны хэргийн тухайд “Ю Э Б” ХХК-ийн МV-002810 дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх хугацааг хэрхэн тодорхойлох” нь хэргийн талаар үнэн зөв, бодитой шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой болох нь харагдаж байгаа.
Хугацаа тодорхойлох болон тоолох журмыг Монгол Улсын иргэний хуулийн 71 дугээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “... хууль, хэлцэл, шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлоно..." гэж. мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “...хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, ...- ийн дараахь өдөр цагаас эхлэн тоолно гэж тус тус хуульчилсан.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бур урьдчилан төлнө...” хэмээн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг тоолох хугацааг хэрхэн тодорхойлох, тоолох журмыг хоёрдмол утгагүйгээр маш тодорхой хуульчилсан
“Ю Э Б” ХХК-ийн эзэмшилд байсан МV-002810 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг анх 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдөр олгосон ба Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар тухайн тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс тооцон жил бүр урьдчилан төлж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаан дээр “..."Ю энд Би” ХХК-ийн эзэмшлийн МV-002810 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийн талаар гарсан маргааныг шийдвэрлэсэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 293 дугаар тогтоолыг биелүүлж тусгай зөвшөөрлийг сэргээхдээ тухайн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тооцож хавсралтад бүртгэсэн тул энэ хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх ёстой байсан...” гэж тайлбарласныг анхан шагны шүүх үндэслэлтэй гэж үзсэн нь “тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг тодорхойлсон болон төлбөр төлөх журамтай холбоотой” Иргэний хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн 34.2- т заасан зохицуулалтуудад нийцээгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг “тусгай зөвшөөрлийн хавсралтаар өөрчлөн тогтоох” хууль зүйн үндэслэл байхгүй байхад Ашигт малтмал, газрын тосны кадастрын хэлтсээс МV-002810 /2810А/ тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтад тус тусгай зөвшөөрлийн 13 дахь жилийн төлбөрийг “2018.06.25-2019.06.25 хүртэл” гэж тэмдэглэсэн нь хууль бус үйлдэл байсан.
Анхан шатны шүүх энэ асуудлын талаар “...-Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл нь тусгай зөвшөөрөлтэй холбоотой өөрчлөлтийг тэмдэглэх зориулалт бүхий хавсралттай байхаар заасан байх ба 2810А тусгай зөвшөөрөлд “Тусгай зөвшөөрөл хавсралтгүй бол хүчингүй” гэж тэмдэглэжээ...-Төрийн захиргааны байгууллагаас “Ю Э Б” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-002810 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хөдөлгөөний код 018-FЕ бүхий хэсэгт тусгай зөвшөөрлийн 13 дахь жилийн төлбөр төлснийг бүртгэхдээ хугацааг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр тооцсон тэмдэглэгээг ... хийсэн байх ба нэхэмжлэгч хуулийн этгээд нь уг хавсралтыг хүлээн авсан тухайд маргаагүй...” гэсэн дүгнэлт хийгээд улмаар “... “Ю Э Б” ХХК-ийн 2810А тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах хүсэлт зоригтой бол 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө тухайн тусгай зөвшөөрлийн 14 дэх жилийн төлбөрийг алдангийн хамт нөхөн төлсөн байх шаардлагатай байсан...” гэж үзээд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийжээ.
Шүүх дээрх дүгнэлтүүдийг хийхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтуудыг үндэслэл болгосон боловч хуулийн тэдгээр хэсэг, заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн.
Түүнчлэн шүүх хариуцагч байгууллагын зүгээс тусгай зөвшөөрлийн хавсралтад тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаас өөрөөр тодорхойлсныг зөвтгөсөн хууль зүйн үндэслэл, дүгнэлтийг огт хийгээгүй. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага хуулиар тогтоосон тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг өөрчлөн тогтоох эрх хэмжээ байсан эсэх асуудалд бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй.
Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжид тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг тусгай зөвшөөрлийн хавсралтад заасан хугацаагаар тодорхойлох ямар нэгэн зохицуулалт байхгүй. Харин анхан шатны шүүх тусгай зөвшөөрлийн төлбөрийн талаарх дүгнэлтдээ хэрэглэсэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрлийн төлбөрийг “...тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө...” хэмээн маш тодорхой хуульчисан байхад анхан шатны шүүх тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг тусгай зөвшөөрлийн хавсралтад заасан хугацаагаар тооцсон нь хуульд нийцээгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Анхан шатны шүүх “Ю Э Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн хариуцагч байгууллагын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 556 дугаар шийдвэр гарснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг үүссэн талаархи нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын талаар "...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны ... 0086 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 110.1.3-т заасны дагуу 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон, тул .... нэхэмжлэгч хуулийн этгээдэд энэ өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэл бий болно. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож, шийдвэрлэсэн байхад захиргааны байгууллагаас уг шийдвэрийг дахин хүчингүй болгох” улмаар тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэрийг тусгайлан гаргах шаардлагагүй байхад захиргааны байгууллагаас ийм шийдвэр гаргасан нь тухайн тусгай зөвшөөрлийн хувьд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцох талаархи хуулийн тусгайлсан зохицуулалтыг хэрэглэхгүй байх үндэслэл биш байна...” гэсэн дүгнэлт хийсэн нь дараах байдлаар хуульд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт болжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсгийн ‘...Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно...” гэсэн зохицуулалт нь “тусгай зөвшөөрлийн төлбөр төлөхтэй хугацааг тодорхойлохтой холбоотой харилцаа”-нд хамааралгүй бөгөөд тухайн тусгай зөвшөөрлийн тухайд Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасан 30 жилийн хугацааг тодорхойлох тухай зохицуулалт юм.
Хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсгийн “үргэлжлүүлж тооцно” гэдэг нь ашигт малтмалын ашиглалтын МV-002810 дугаартай тусгай зөвшөөрлийн хувьд 2018 онд сэргэж байгаа тул тухайн тусгай зөвшөөрлийн хугацааг 18 дахь жилээс нь үргэлжлүүлэн тоолохтой холбоотой харилцааг зохицуулсан заалт гэж ойлгоно.
Гэтэл анхан шатны шүүхийн “...тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэрийг тусгайлан гаргах шаардлагагүй байхад захиргааны байгууллагаас ийм шийдвэр гаргасан нь тухайн тусгай зөвшөөрлийн хувьд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцох талаархи хуулийн тусгайлсан зохицуулалтыг хэрэглэхгүй байх үндэслэл биш байна...” гэсэн дүгнэлт хийхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсгийг илтэд буруугаар ойлгон тайлбарлажээ.
3.2.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, 15.10.6 дахь заалт, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг зөвхөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үүрэгтэй.
Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тух тус зааснаар төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгож бас хүчингүй болгодог.
Аль ч төрлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь зөвхөн тусгай зөвшөөрөл олгох, эсхүл хүчингүй болгох шийдвэр гаргаснаар шууд хууль зүйн үр дагавар үүсгэдэггүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийг олгохдоо тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэх бөгөөд тухайн бүртгэл хийгдэхгүйгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах эрх үүсдэггүй, үүнээс улбаалан мөн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах үндэслэлгүй байдаг.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хянах хүрээнд төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан чиг үүргийн тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэл -ийг хөтөлдөг.
Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч компанийн 2810А тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо тухайн шийдвэрийн Хоёр дахь заалтаар “тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд өөрчлөлт оруулах”-ыг холбогдох мэргэжилтэнд даалган шийдвэрлэсэн байдаг.
Тухайн захиргааны актын талаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлээд гарсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 0086 дугаар шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.3-т заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон хэдий ч тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор тусгай зөвшөөрөл эзэмшигч эрх, үүргээ хэрэгжүүлэх хууль зүйн боломжтой байсан гэж үзэх нь учир дутагдалтай.
Хариуцагчийн зүгээс Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 293 дугаар тогтоолыг гардан аваагүй тул тус шүүхээс 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шуудангаар хүргүүлсэн болох нь шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан нотлох баримтаар хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар уг тогтоолд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан.
Хариуцагч байгууллагын зүгээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 0086 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 293 дугаар тогтоолыг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр сайн дураар биелүүлж 556 дугаар шийдвэрийг гаргасан.
Энэ шийдвэрийнхээ 1 дэх заалтаар "Ю Э Би” ХХК-ийн эзэмшилд байсан ашигт малтмалын ашиглалтын МV-002810 дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд уг шийдвэрийг шаардлагагүй захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй.
Учир нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 429 дүгээр шийдвэрээр МV-002810 дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг цуцлахдаа тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн. Тиймээс уг өөрчлөлтийг буцаан бүртгэхийн тулд шинээр захиргааны акт гаргах шаардлагатай.
Нөгөө талаар шүүхийн шийдвэрээр МV-002810 дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсан захиргааны актыг хүчингүй болгосон тул тус захиргааны актын дагуу гаргасан үр дагаврыг арилгах шаардлагатай бөгөөд тухайн захиргааны актын улмаас тусгай зөвшөөрлийн эрхийг хүчний бий болгосон үр дагаврыг, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх хэлбэрээр л арилгах хууль зүйн боломжтой. Шүүхээс ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд захиргааны байгууллагаас “тусгай зөвшөөрлийн зөвшөөрлийг сэргээсэн” захиргааны акт гаргах хэлбэрээр шүүхийн шийдвэрийг биелүүлдэг нь нэгэнт тогтоосон үйл баримт юм.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 556 дугаар шийдвэрээр “Ю Э Б” ХХК-ийн эзэмшилд байсан ашигт малтмалын ашиглалтын МV-002810 дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд өөрчлөлт оруулснаар тус компани сэргээгдсэн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрх болон тухайн тусгай зөвшөөрлийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзнэ.
Гэтэл анхан шатны шүүх “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 0086 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс нэхэмжлэгч хуулийн этгээдэд энэ өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэл бий болно...” гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт болсон. ” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч “Ю Э Б” ХХК-нд Ашигт малтмалын газрын 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрээр Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг “Гутайн даваа” нэртэй газарт 342 гектар талбайд 2810А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон гэх үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэрээр “ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэсэн үндэслэлээр уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч “Ю Э Б” ХХК уг шийдвэрийг эс зөвшөөрч “... хуульд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон захиргааны шийдвэрийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосноор тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг шинээр тогтоож байгаа гэсэн зохицуулалт байхгүй, ... манай MV-2810 дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газар 2017 оны 07 дугаар сарын 25-нд цуцалсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан, ... Улсын дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 293 дугаар тогтоолоор манай тусгай зөвшөөрлийг цуцалсан Кадастрын хэлтсийн шийдвэрийг хүчингүй болгосон, Кадастрын хэлтэс 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тусгай зөвшөөрлийг сэргээж, энэ тухай 08 дугаар сарын 15-ны өдрийн 7/5592 дугаар албан бичгээр мэдэгдсэн, ... тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2018 оны 09 дүгээр сарын 10-нд, 2019 оны 08 дугаар сарын 23-нд тус тус төлсөн ... шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон нь тусгай зөвшөөрлийг шинээр олгож байгаа бус харин анх олгогдсон тусгай зөвшөөрлийн хугацаа үргэлжилж байгаа талаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт тодорхой зааж хуульчилсан ... манай тусгай зөвшөөрөл анх 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдөр олгогдсон, энэ өдрөөс өмнө төлбөрийг төлж ирсэн, гэтэл кадастрын хэлтэс Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр тооцож энэ өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн төлөх ёстой гэж үзэж байгаа нь үндэслэлгүй ... “ гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
Хариуцагч уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөж тооцно гэж заасан ... анх олгосон өдөр шүүхийн шийдвэрээр өөрчлөгддөг ... тусгай зөвшөөрөл нь хавсралтын хамт хүчин төгөлдөр байдаг ... хавсралтад 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 25 гэх тэмдэглэгээг 2018 оны 8 дугаар сард хийсэн, нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргаагүй ... Үүний дараа төлбөрөө хоцроосон тул тусгай зөвшөөрлийг цуцалсан ... 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө төлбөрийг төлөх боломжтой гэж маргасан нь үндэслэлгүй ...” гэх тайлбарыг шүүхэд гаргасан байна.
“Ю Э Б” ХХК өмнө нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж маргасан байх бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0086 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 293 дугаар тогтоолоор дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлж, тусгай зөвшөөрлийг сэргээх тухай” 556 дугаар шийдвэрээр “Ю Э Б” ХХК-ийн MV-002810 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэсний дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Ю Э Б” ХХК ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн 13 дахь жилийн төлбөрийг төлсөн байх бөгөөд тусгай зөвшөөрлийн хавсралтад “... 13 дахь жилийн төлбөрийг төлөв. Хугацаа 2018 оны 06 дугаар сарын 25-аас 2019 оны 06 дугаар сарын 25” гэх тэмдэглэгээг хийсэн байна.
Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгдсэн уг тэмдэглэгээтэй маргаагүй атлаа “анх олгосон өдрөөр тооцож тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх ёстой” гэж маргасан нь үндэслэлгүй байна.
Учир нь, энэ маргааны тухайд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д “энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэж заасны дагуу “Ю Э Б” ХХК-ийн MV-002810 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал газрын тосны газрын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 293 дугаар тогтоол гарсан өдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцохоор төрийн захиргааны байгууллагаас тогтоосонтой маргаж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх өдрийг тухайн өдрөөс тооцохоор байна.
Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “... Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн жил бүр урьдчилан төлнө” гэж заасныг баримтлах ёстой, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасны дагуу тухайн тусгай зөвшөөрлийн тухайд Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасан 30 жилийн хугацааг хүчингүй болгосон хугацаанаас үргэлжлүүлэн тоолохтой холбоотой харилцааг зохицуулсан заалт гэж ойлгоно” гэх тайлбар, гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Түүнчлэн анхан шатны шүүх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан захиргааны шийдвэрийг шүүх хүчингүй болгосны дараа Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлийг сэргээх тухай шийдвэрийг тухайлан гаргах шаардлагагүй, хэрэв ийм шийдвэрийг гаргасан байлаа ч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцохоор заасан Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь заалтыг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй талаар, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс MV-002810 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг нэхэмжлэгчийн тус газарт бүртгүүлсэн хаягаар хүргүүлсэн хэдий ч хүргэгдээгүйд захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй талаар, нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн 13 дахь жилийн төлбөрийг 2018 оны 09 дүгээр сарын 10 ны өдөр, 14 жилийн төлбөрийг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төлсөн талаарх үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй талаар тус тус зөв дүгнэжээ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.