Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 11

 

 

С.Эрдэнэдалайд  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                            Хэргийн индекс 132/2016/0082/Э

 

      Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Ц.Туяа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                         Ц.Сувдаа

             Шүүгдэгч                                                       С.Эрдэнэдалай  

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Д.Оюунчимэг, Э.Ганбат

              Хохирогч                                                      Ш.Нансалмаа

             Хохирогчийн өмгөөлөгч                               Ж.Нарантуяа

             Нарийн бичгийн дарга                                  Г.Ангирмаа нарыг оролцуулан

 

       Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолтой С.Эрдэнэдалайд холбогдох 201606000042 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Эрдэнэдалай, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, Э.Ганбат нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Монгол улсын иргэн, 1963 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багт оршин суух, урьд Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 230 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянаж харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ГН63082710 регистрийн дугаартай, Боржигон овогт Самбуугийн Эрдэнэдалай.

           С.Эрдэнэдалай нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт иргэн Ш.Чулуунбаатарыг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор:

         Шүүгдэгч Боржигон овогт Самбуугийн Эрдэнэдалайг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч С.Эрдэнэдалайд 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч С.Эрдэнэдалайд оногдуулсан 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч С.Эрдэнэдалайн 2016 оны 02 дугаар сарын 08-наас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 336 /гурван зуун гучин зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох,

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан шүүгдэгч С.Эрдэнэдалайгаас 822.950 /найман зуун хорин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулж хохирогч Булган аймгийн Тэшиг сум 5 дугаар багт оршин суух Ш.Нансалмаа /РД:ГЙ76020204/-д олгож, энэ хэрэгтээ холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар байцаан шийгэх ажиллагааны зардал 177.000 төгрөгийг шүүгдэгч С.Эрдэнэдалайгаас гаргуулж иргэний нэхэмжлэгч Булган аймаг дахь Цагдаагийн газарт олгох,

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн хуучин 2 үзүүр нь сэмэрч урагдсан бүс, саарал өнгийн урд энгэртээ эрэгтэй хүний зурагтай подволк, ягаан өнгийн босоо захтай 2 ханцуй цагаан өнгийн канттай энгэртээ цахилгаантай хоёр мөрөнд хөх өнгийн оруулагтай цамц, саарал өнгийн босоо захтай урд энгэртээ товчтой цамц, ногоон өнгийн нялонон зах нь ханцуйтай цамц, хөх саарал өнгө хосолсон хуучин түрсик, хөх өнгийн нялонон хоёр хажуу талдаа халаастай зүүн талд ADIDAS бичиглэлтэй өмд, хар өнгийн хоёр талдаа халаастай нарийн кантан судалтай өмд. халаасанд хуучин хиртэж бохирлогдсон 2 хос оймс, 2 хос ягаан хуучирч элэгдсэн оймс, хос саарал өнгийн хуучирч элэгдсэн оймс, саарал өнгийн хүрэн өнгийн ноосон оймс, хос гутал, нэг хөлөнд хиймэл хөлтөй, бор өнгийн хуучин элэгдэж урагдсан дээл, хар өнгийн нялонон материалтай үстэй дотортой цамц, 10 ширхэг хумс, таягны бариул, таягны хугархай, хар өнгийн чихэвч, 2 ширхэг гутал, цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, камерын бичлэг бүхий CD-г хэрэгт хавсаргах,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эрдэнэдалайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний ял эдлэх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн байна.

 

            Шүүгдэгч С.Эрдэнэдалай давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо …хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаас үзэхэд … иргэн Чулуунбаатрыг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр амь насыг нь санаатай хохироосон факт үйл баримт тогтоогдож байна” гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд талийгаач Чулуунбаатарыг цохиж зодсон, түүнтэй хамт архи уусан гэх ул мөр хэрэгт бүрэн тогтоогдож нотлогдоогүй болно.

            Энэ хэргийн гол нотолгоо нь гэрч нарын мэдүүлэг бөгөөд тэдгээр нь хоорондоо садан төрлийн холбоотой, айл аймаг, ахан дүүс болсон хүмүүс учир бие биеийн яриаг дэмжин мэдүүлсэн мэдүүлгүүд юм. Энэ хэргийн гол гэрч болох талийгаачийн төрсөн дүүгийн гэр бүлийнхний үг нэг хүний үг шиг байгаа ба эдгээрийн талаар судлахад хохирогч Нансалмаа гэрч С.Эрдэнэчимэгтэй ойр дотно харьцаатай байхдаа түүнд архичин ч гэсэн ах нараа өмөөрөх юм согтуу орж ирэхээр нь Тогоо зодчих юм гэж ярьж байсан, охин Наранцэцэг нь МСҮТ-д суралцдаг бөгөөд 2016 оны хавар харилцан зодолдсоны улмаас эрүүгийн хэрэг үүсгэгдэн нилээд хугацаанд шалгагдсан зэргээс Наранцэцэг “архичин минь ичээч” гээд өшиглөсөн, Нансалмаа “очиж байгаад алнаа” гээд аваад явсан нь биелэх магадлалтай тул энэ хэргийг шалгахдаа анхаарч үзэлгүй ар гэрийн хүмүүсийг шалгуулах хүсэлтийг байцаалтын үед болон өмгөөлөгч хүсэлт гаргасан боловч хүлээн авалгүй зөвхөн намайг энэ хэргийг үйлдсэн гэдэг сэдлээр бүх баримтыг цуглуулсанд гомдолтой байдаг.

            Мэдүүлэг өгсөн гэрчүүд нь бүгд шахуу хохирогчтой садан төрөл, найз нөхөд байгаа нь намайг хилс хэрэгт оруулах нэг үндэслэл болсон гэж үзэж байна ... гэрч Баасанжаргал бараг хагас жилийн дараа тухайн үед болсон үйл явдлыг тов тодорхой санаж гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг ... Гэрч Баасанжаргал миний дүү Эрдэнэчимэгтэй өр зээлийн асуудлаас болж шүүхэд дуудагдсан энэ байдлаасаа болоод манай хойгуур явахад чанга дуу гарсан гэж хэлсэн гэж бодож байна. Миний чих бага байхад өвдсөний улмаас нэг тал сонсголгүй энэ байдлаасаа болоод би ямарч хүнтэй чанга ярьдаг. Үүнийг хүртэл гуйвуулж байгаад гайхаж байна.

            Гэрч Эрдэнэбатыг манай дүү Эрдэнэчимэгт ярьсан зүйлийг хэлж, түүнийг дахин гэрчээр асууж өгөөч гэсэн хүсэлт манай талаас гарахаар гэрчийг асуусан дахин асуух шаардлагагүй, гэрч Эрдэнэчимэгтэй нүүрэлдүүлэн байцаахгүй гэсэн хариу өгсөн. Гэрч Эрдэнэбат, С.Эрдэнэчимэг рүү утасдаад талийгаачийн тухай ярихдаа Нансалмаагийн охин Нараа манайд орж ирээд ах шөнө цусаар бөөлжөөд Мөнхөө эмчид үзүүлсэн чинь наад хүн чинь цус алдаад байгаа юм биш үү гэсэн, намайг Эрдэнэдалай зодчихов уу өөр хүн зодчихов уу гэсэн гэж ярьсныг манай охин Сэржээ хүртэл сонссон. Манай хүү Чулуунбаатар Нансаагийнд хонох гэж очсоноо айгаад гүйж ирсэн байна лээ гэснийг шалгаж өгөөч гэхэд авч хэлэлцээгүй.

            … Намайг хэрэгт холбоотой болгохын тулд 2-3 хоног манайхыг шалгаж орны даавууг хүртэл сэгсэрч үзчихээд дараа нь гэрээс таягны бариул гаргаж ирсэн нь хүртэл ямар нэг байдлаар ял хүлээлгэх гэсэн арга гэж бодож байна ... Ийм хүнд хэрэгт ял шийтгэж байгаа юм чинь ядаж нэг баттай нотолгоо хэрэгтэй гэтэл хохирогчийн хамаатан садан найз нөхөд болох гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагаас хойш Эрдэнэдалайгийн хамт гэрт нь байсан, энэ хугацаандаа дээрх гэмтлийг авсан нь тогтоогдож байна гэж дүгнэн ял оноосныг хүлээн зөвшөөрөхгүй. Манайд түүнийг байгааг хэн харсан, дээрх гэмтэл миний ямар үйлдлээс үүссэнийг яаж тогтоосныг бүрэн гүйцэт шалгуулж нотлуулахаар гомдол гаргаж байна...” гэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн давж заалдах гомдолдоо: “… шийтгэх тогтоол ЭБШХ-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч ... шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг бүрэн тогтоох үүрэгтэй гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна.

            … Хохирогч хаана хэний гарт гэмтэл авав гэдгийг тогтоогоогүй. Тогтоолгохын тулд гэрч Эрдэнэбатыг дахин асуулгах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Гэтэл гэрч Эрдэнэбат хэрэг учрал болсон гэх өдрийн маргааш нь С.Эрдэнэчимэг рүү утасдаад талийгаачийн тухай ярихдаа ... эмч Мөнхжаргалыг өмнө нь дуудсан чинь наад хүн чинь хүндэрсэн байна гэж хэлээд явсан гэнэ, талийгаач намайг Эрдэнэдалай зодчихов уу өөр хүн зодчихов уу гээд байсан гэснийг манай охин Сэржээ хүртэл сонссон гэж ярьсан тул Эрдэнэчимэгтэй нүүрэлдүүлж дахин байцаалгаж үнэнийг тогтоолгох гэхэд хүлээн аваагүй. Энэ нь хавтаст хэрэгт /88-р тал/ авагдсан гэрч Ч.Эрдэнэбатын өгсөн “би тэгээд буцах замдаа Чимгээ рүү яриад Далай яачихсан юм хоорондоо зодоон нүдээн хийсэн юм уу, цагдаа нар хайгаад олохгүй байна шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн Чимгээ юу яриад байгаа юм гэртээ байна гэсэн. Тэгээд үдээс хойш Нансаагийн охин Нараа 16 цагийн үед орж ирэхэд нь асуухад ... Мөнхөө эмчид үзүүлсэн чинь зодуулсан байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг байгаа. Гэтэл эмч Мөнхөө нь намайг очиж үзэхэд аль эрт нас барсан байсан гэж мэдүүлсэн. Ингэхээр чухам Мөнхөө эмч хэдийд үзээд наад хүн чинь хүндэрсэн байна, зодуулсан байна гэж оношилсныг тогтоогоогүй.

          Энэ гэрч Эрдэнэбатын хүү Чулуунбаатар Нансаагийнд хонох гэж очсоноо айгаад /аавынх нь ярьсанаар үнхэлцэг нь хагарах шахаад/ ирсэн байна лээ гэснийг шүүх хурал дээр гэрч Мөнхтогтох баталж, манайд хонох гэснээ болисон, би хүргэж өгсөн гэх мэдүүлэг зэргээс үзэхэд Эрдэнэдалайд ашигтай гэж үзэхээр үйл баримтыг шалгахгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ бүгдээс харахад хэргийг хэт нэг талыг барьж шалган Эрдэнэдалайг буруутгахад чиглэсэн ажиллагаа явуулж, ар гэр, ээж, дүү, түүний гэр бүлд хүртэл дарамт шахалт учруулж, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хүндрүүлж байсан, прокурор 2016 оны 07 дугаар сарын 08-ны 3/60 тоот хариу мэдэгдэх хуудсандаа “ ...Чулуунбаатар нь Эрдэнэдалайн гэрт амь насаа алдсан байх ба энэ нь Эрдэнэдалайн гэрт хийсэн нэгжлэгээр илэрсэн эд мөрийн баримтаар нотлогдож байна” гэсэн зэргээр тодорхойлогдоно.

            Шүүх хохирогч Чулуунбаатар нь 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагаас хойш шүүгдэгч Эрдэнэдалайгийн хамт гэрт нь байсан, энэ хугацаандаа дээрхи гэмтлийг дэлгүүрийн хажуу дахь сандлаас босч явдаг, гэрч Наранзулын мэдүүлгээр 18 цаг өнгөрч байхад дүү Чимгээгийн дэлгүүрийн зүгээс гэрийнхээ чигт ганцаараа явж байсан гэсэн мэдүүлэг зэргээс харахад тэр хоёрын хамт байсан хугацаа 30-40 минут орчим байх ба харин ар гэр нь авч яваад доод тал нь 10 цаг орчим болсон зэргийг анхаарах,

         мөн гэрч Нансалмаа Чулуунбаатарыг гэртээ авч ирээд харахад хамар амнаас нь цус гарсан байсан гэсэн байхад гэрч Эрдэнэчимэг тухайн үед ямар ч шарх цус байгаагүй манай гадаа манайх руу чиглэсэн гудамжны том гэрэл байдаг ба би тод тусдаг том гэрэл тэдэнд тусгаж байсан гэх мэдүүлэг, гэрч Мөнхжаргалын очиж үзэхэд цус гарсан зүйл байгаагүй гэсэн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэнэ.   

            Шүүхээс хүнийг санаатай алсан гэмт хэрэгт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн бүхий л нөхцөл байдал түүний дотор санаа зорилго, сэдэлт, бусад нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн үе шат, үр дагаврыг бүрэн дүүрэн тооцох үүрэгтэй. Мөн хохирогч хувь хүнд хамаарах мэдээллүүдийг нарийн судлах ёстой. Дээрхи байдлыг нарийн судлаагүй гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байхад хэргийг эцэслэн шийдсэнийг эс зөвшөөрч мөрдөн байцаалтад буцаалгахаар давж заалдах гомдол гаргаж байна” гэжээ.    

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдолдоо: “ ... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих асуудлууд эргэлзээгүй нотлогдоогүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Тухайлбал гэмт хэрэг хаана гарсан, хэн үйлдсэн эсэх нь баттай тогтоогдоогүй бөгөөд хохирогчид учирсан гэмтлийн шинж тэмдэг юу болох, энэ нь хэрхэн илрэх, гэрчүүдийн болон хохирогчийн мэдүүлэг нь гэмтлийн шинж тэмдэгтэй тохирч түүнийг нотолж чадаж буй эсэхийг нарийвчлан тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Нансалмаа “ …цээжний олон хавирга, өвчүүний хугарал гэмтлийг авсны дараа өвдөх, ёолох гэх мэт зовиур хэлэхгүй, зовиур илрэхгүй байх боломжгүй” гэсэн мэдүүлэг өгсөн. Гэтэл хохирогч Нансалмаа, гэрч Наранцэцэг нарын мэдүүлэг хохирогчийг Эрдэнэдалайгийн хашаанаас авч явах гэж өргөх /суга, цээжнээс нь өргөж/ үед ямар ч зовиургүй байсан гэдгийг нотолсон. Харин гэртээ ирсний дараа зовиур хэлсэн гэдэг нь уг хугацааны хувьд нотлогдсон. Иймд хохирогчид учирсан олон тооны хавирганы хугарал, өвчүүний хугарал, бүдүүн гэдэсний цус хуралт, элэгний холбооны цус хуралт зэрэг гэмтлүүдийг авсны дараа ямар ямар зовиур илэрдэг, цээжнээс өргөх, хэвтүүлэх үед зовиурлах эсэх зэрэг асуудлыг шинжээчээр дахин дүгнэлт гаргуулж тогтоолгох, ингэснээр хохирогч хаана, ямар цаг хугацаанд, хэзээ /Эрдэнэдалайгийнд байх хугацаанд уу, дүү Нансалмаагийн гэрт ирсний дараа юу/ гэдгийг тогтооход чухал ач холбогдолтой. Гэрч С.Мөнхтогтох, Наранцэцэг нар мэдүүлэхдээ “... хохирогч гэртээ ирэхдээ ам хамраас нь цус гарсан байсан” гэх боловч цогцост үзлэг, шинжилгээ хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтээр ам хамарны нүх цэвэр, цус гарсан /хуучин хатсан болон шинэ цус/ зүйл огт байгаагүй нь нотлогдсон. Иймд гэрч, хохирогчийн мэдүүлэг худал болох нь тогтоогдсон гэж үзэх үндэстэй. Гэрч Баасанжаргал гэгчийг удаа дараа шүүх хуралд дуудсан боловч ирдэггүй. Уг хүний мэдүүлэг эргэлзээтэй бөгөөд ХААН банк 18 цагт хаагаад, цэвэрлэгч нь цэвэрлэгээ хийж 1830-д гарч явдаг эсэх нь үндэслэл муутай бөгөөд ХААН банкны нээх, хаах журам, цагийн хуваарийг шалгах шаардлагатай. 19 цагийн үед Эрдэнэдалайн хашаанд /байшинд/ хохирогч дээрх гэмтлүүдийг авсан гэж үзвэл 1920 үед Наранцэцэг, Нансалмаа нар ирж авч явахад хохирогч ямар ч зовиургүй байх шинжлэх ухааны үндэслэлгүй юм. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэнэ үү” гэжээ.

            Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлага хангасан тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч С.Эрдэнэдалайд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн байхад хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

        Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газарт хийсэн үзлэг, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээс үзвэл:

          амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаар дүгнэлтэд “...хамрын яс мөгөөрс бүтэн, уруул хүрэн улаан өнгөтэй, үзэгдэх шүд бүтэн, хамраас гарсан зүйлгүй...” гэсэн байх боловч

         хохирогч Ш.Нансалмаа “...Чулуунбаатарыг Эрдэнэчимэгийн өгсөн чарган дээр тавиад дээлэнд ороож байгаад охины хамт чирээд харьсан ... нөхөр Мөнхтогтох, охин Наранцэцэг нарын хамт гэрт өргөж оруулсан... гэрт оруулаад гэрэлд харсан чинь нүүр нь шалбарсан, амнаас нь цус гарсан байсан...” гэж /х.х 56-57/,

            насанд хүрээгүй гэрч М.Наранцэцэг “ ... ээж, Эрдэнэчимэг эгч хоёр татаж дээш нь босгоод түшээд сууж байхад нь куртикийг нь би өмсгөсөн ... тэгсэн чинь Чулуунбаатар ах ясар нэгэн зүйл дугараагүй, чимээгүй хэвтээд байсан ... гэрт очоод харахад нүүр ам нь шалбарсан, амнаас нь цус гарсан байсан...” гэж /х.х 66/,

           гэрч С.Мөнхтогтох “...нүүр ам нь шалбарсан, амнаас нь цус гарсан байсан...” гэж /х.х 72/ тус тус мэдүүлсэн нь шинжээчийн дүгнэлтээс зөрүүтэй байх тул дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгийг дахин тодруулах шаардлагатай.

         Мөн шинжээч эмч О.Нансалмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт “... олон тооны хавирга болон өвчүү хугарахад түүнд өвдөлт шууд мэдэгдэнэ ... архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй буюу эрүүл хүний хувьд энэ гэмтлүүдийг авснаас хойш тодорхой хугацааны дараа өвдөх зовиурлах шинж тэмдэг илрэх боломжгүй ...” гэж мэдүүлсэн,

амь хохирогч Ш.Чулуунбаатарын цуснаас илэрсэн 1,1 промилли спиртийн агууламж илэрсэн /согтолтын хөнгөн зэрэг/ нь тогтоогдсон зэргээс дүгнэхэд

түүний биед учирсан “...цээж хэвлийн битүү гэмтэл: дотор эрхтний хавсарсан олон гэмтэл баруун 1-11-р хавирга, баруун 1-6-р хавирга, зүүн 2,4,5,6,7,9-р хавирга, зүүн 7,8-р хавирганы дан болон давхар хугарал, өвчүү ясны хугарал, дотор эрхтний доргилт...” гэмтлийн улмаас хохирогчид өвдөлтийн зовиур шаналгаа хэдийд үүсэх, хөнгөн зэргийн согтолттой хүнд дээрхи зовиур шаналгаа тодорхой цаг хугацааны дараа илрэх боломжтой эсэхийг тогтоолгох шаардлагатай, энэ талаар ямар нэг дүгнэлт гаргаагүй  байна.

            Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хохирогчийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байгааг анхаарвал зохино.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар зүйлийн 318.2.1, 325 дугаар зүйлийг зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Боржигон овогт Самбуугийн Эрдэнэдалайд холбогдох, 201606000042 дугаартай, 3 хавтас бүхий эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Булган аймгийн Прокурорын газарт буцаасугай.

          2. Хэргийг Прокурорт очтол С.Эрдэнэдалайд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          3. Шүүгдэгч С.Эрдэнэдалай, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

          4. Магадлалд  гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй эрхгүйг дурьдсугай.

 

          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ё.БЯМБАЦЭРЭН

                           

ШҮҮГЧИД                                                                       Ц.ТУЯА

 

                                                                                                     С.УРАНЧИМЭГ