Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2019/0555/З |
Дугаар | 221/МА2020/0210 |
Огноо | 2020-03-26 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2020/0210
“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Очоо” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 7 дугаар зүйлийн 7.3, 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.8-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/98 дугаар тушаалыг хүчингүй болгож, “О” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын “Ташгайн ам” гэх газарт 3.5 га газрыг ашиглах эрхийг сэргээн олгохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0041 дугаартай шийдвэрийг 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, талуудын хооронд үүссэн маргааны талаар хууль ёсны дүгнэлт хийж чадаагүй зэрэг үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Өмнө нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0018 дугаартай шийдвэрээр "...Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр хуулийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчаас дахин шинэ акт гартал Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “О” ХХК-нд холбогдох хэсгийг 4 сарын хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэж...”, ...захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 даххэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш дөрвөн сарын хугацаанд хариуцагчаас шинэ акт гаргаагүй бол Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “О” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурьдаж...” шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдсан, шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг талууд дахин нотлох шаардлага байхгүй байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь илт үндэслэл муутай болсон ба шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ мэргэжлийн хувьд алдаа гаргасан гэж үзэхээр байгаа юм.
Түүнчлэн дээрх хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт “...3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас бодит нөхцөл байдлыг сайтар судалж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй...” гэж тодорхой зааж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч “О” ХХК-ийн хувьд уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад, Хан-Уул дүүргийн газрын алба, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газрын захиргаа зэрэг байгууллагад бичгээр хүсэлт гарган шүүхийн шийдвэрийг биелүүлж нөхцөл байдлыг сайтар судлан шинэ акт гаргах, ингэхдээ газрын төлбөрийн хувьд ямар аргачлалаар, хэдэн төгрөг төлөх талаар судлах, гэрээг шинэчлэн байгуулан тухайн газрыг ашиглах хүсэлтээ байгаагаа илэрхийлж байсан боловч ямар нэгэн хариуг бичгээр өгөөгүй байдаг.
Нэхэмжлэгч нарын төлөөлөгчдийн хувьд Нийслэлийн дэх захиргааны хэргийн шүүхэд хандан 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 128/ШШ2019/0018 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гаргаж байсан хүсэлт, шүүхээс бидэнд өгсөн албан бичиг зэрэг баримтуудаар дахин захиргааны акт гаргахдаа нөхцөл байдлыг сайтар судлан үзэж шийдвэр гарах талаар хүсэл зоригоо илэрхийлж байсан.
Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/98 дугаар тушаалын хуулбар, албан бичгийг захиргааны хэргийн шүүх 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан байдаг ба шүүхээс утсаар холбогдсоны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаяр 2019 оны 6 дугаар сарын 04-ны өдөр шүүхэд очиж танилцаж улмаар шинэ тушаал /Шинэ захиргааны акт/ гаргасан болохыг анх мэдэж дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ үйл баримтын талаар шүүх эрх зүйн талаас нь дүгнэлт хийх байтал энэ талаар огг дүгнэлт хийгээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Өөрөөр хэлбэл, өмнөх хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дэх хэсэгт заасан “..хариуцагчаас бодит нөхцөл байдлыг сайтар судалж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүл...” гэсэн байхад хариуцагч захиргааны байгууллага 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шинэ акт гаргахдаа өмнөх шүүхийн шийдвэр болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн, бусдын хуулиар олгогдсон хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн шинэ захиргааны акт гаргасан нь хууль бус байхад шүүх шинэ акт гаргасан нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаа юм.
Захиргааны байгууллага дахин шинэ акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт явуулаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын галаар тайлбар, санал гаргах боломжийг огт олгоогүй, дахин шинэ акт гаргах гэж байгаа талаар огт мэдэгдээгүй байхад маргаан бүхий актыг үндэслэлтэй байна гэж эргэлзээгүй дүгнэх нь учир дутагдалтай юм.
Мөн захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт: “...Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно...”, мөн хуулийн 24.4 дэх хэсэгт: “...тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно... ” гэж хуульчилсан байна.
Захиргааны байгууллага 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр А/98 дугаартай тушаал /нэг этгээдэд хаяглагдсан/ гаргахдаа хуулийн дээрх зохицуулалтад заасан бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийх ёстой байсан боловч энэ ажиллагааг огт хийгээгүй нь хэргийн баримтаар хангалттай нотлогддог.Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мөн тайлбарласан байхад илт үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
Өмнөх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт маргаан бүхий А/98 дугаартай тушаалын үндэслэлийн талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт хийсэн байдаг. Хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хөндсөн захиргааны акт гаргахдаа холбогдох хууль тогтоомж болон бодит нөхцөл байдлыг судалж, тогтоох үүргээ биелүүлээгүй гэдгийг дүгнэсэн. Ийнхүү дүгнэхдээ “О” ХХК-ийн хувьд газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгохдоо ямар учир шалтгаанаар нэхэмжлэгч тухайн газраа ашиглах боломжгүй байсныг сайтар судлан тогтоох ёстой гэж дүгнэсэн байхад маргаан бүхий шинэ акт гаргахдаа энэ талаар огт судлаагүй нь нэхэмжлэгчийн эрх ашгийг шууд хөндөж байгаа юм.
Мөн улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээг талууд хууль, журмын дагуу байгуулж баталгаажуулах боломжтой эсэх, тухайн гэрээнд ямар эрх зүйн актыг үндэслэж газрын нэгжийн үнийг тогтоох, нэхэмжлэгчээс газар ашигласны төлбөрт хэдийг хэзээнээс эхэлж төлөх ёстой зэрэг асуудлыг тодруулах зайлшгүй шаардлагатай гэж дүгнэсэн боловч захиргааны шинэ акт гаргахдаа энэ талаар огт судлаагүй, “О” ХХК-аас болон Хан-Уул дүүргийн газрын алба, Хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагуудаас нөхцөл байдлыг судлан тодруулаагүй тул хууль бус акт гаргасан гэж үзэж байна.
“О” ХХК-ийн хувьд газар ашиглах талаар гурвалсан гэрээг шинэчлэн байгуулж, газрын төлбөрийг тодорхой болгон нөхөн төлөх хүсэлтэй байгаа бөгөөд тухайн газар дээр эко эрүүл мэндийн төвийн барилгын барьж ашиглалтад оруулах хүсэлтэй байгааг дурдаж байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0041 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч “О” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Газар ашиглах гэрчилгээ хүчингүй болгох тухай” А/98 дугаар тушаалыг хүчингүй болгож, “О” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын “Ташгайн ам” гэх газарт 3.5 га газрыг ашиглах эрхийг сэргээн олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
Өмнө нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр “О” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий хэргийг маргаан бүхий актын “О” ХХК-д холбогдох хэсгийг хууль ёсны дагуу гаргах нь зүйтэй гэж үзэн дахин шинэ акт гаргах хүртэл дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
Дээрх шүүхийн шийдвэр гарсны дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Газар ашиглах гэрчилгээ хүчингүй болгох тухай” маргаан бүхий А/98 дугаар тушаалаар “О” ХХК-ийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 7 жил ашиглаагүй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай газар ашиглах гэрээ байгуулсан ч Хан-Уул дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулж, газрын төлбөрөө төлөөгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд тодотгол хийгээгүй, батлуулж тайлагнаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр “нэхэмжлэгч компанийн зүгээс тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах гэрээ”-г Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлсэн гэх боловч энэ талаараа хангалттай нотлоогүй, ... газар ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулах тухай хүсэлт ирүүлж байсан талаар тогтоогдоогүй, ... газар ашиглах эрх үүссэнээс хойш хугацаанд тухайн газраа зориулалтын дагуу ашигласан гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй, ... байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд тодотгол хийгээгүй, ... байгаль орчны менежментийн төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр батлуулж тайлагнаагүй, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг 2012 онд боловсруулан батлуулсан хэдий ч үүнээс хойш тодотгол хийгээгүй, ... нарийвчилсан үнэлгээний хүрээнд тухайн жилүүдийн менежментийн төлөвлөгөө боловсруулж батлуулж байгаагүй зэрэг хууль журмын зохицуулалтыг хэрэгжүүлээгүй, ... хариуцагч Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, түүний тодотгол, тухайн жилүүдийн менежментийн төлөвлөгөөг батлуулж хэрэгжүүлэхийг шаардах эрхтэй” гэх агуулга бүхий дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас аж ахуй нэгжид тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болохоор хуульчилсан байх бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам"-ын 3.4-д заасны дагуу “О” ХХК нь гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулах үүрэгтэй байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас харахад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулахдаа захиргааны байгууллагын зүгээс тодорхой, нөхцөл болзол шаардах эрхтэй бөгөөд хууль, журамд заасан шаардлагыг хангасан тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах зарчим үйлчлэхээр байна.
Өөрөөр хэлбэл, төрийн хяналт хамгаалалтад байх тусгай хамгаалалттай газрыг ашиглах эрх үүссэн бол зориулалтын дагуу зохистой, үр ашигтай ашиглаж, газрын төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй байна.
“О” ХХК-д анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/297 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын “Ташгайн ам” гэх газарт 3.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх үүсч, 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2011/123 дугаар гэрчилгээ олгогдсон байна.
Нэхэмжлэгч компани нь газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичиг буюу газар ашиглах гэрчилгээг 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эзэмшиж, газар ашиглах эрхийг хүчингүй болгосон 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл газраа ашиглаагүй гэдэг нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал, нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газрыг зориулалтын дагуу ашиглаж байсныг нотлох баримтыг гаргаагүй, давж заалдах шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 7 жил .. газраа ашиглаагүй газар хэвээр байн гэдэгтэй маргахгүй” гэх тайлбарыг гаргасан байна.
Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хуульд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийг зориулалтын дагуу ашиглаагүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг”, 7 дугаар зүйлийн 7.3-д “Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 7.4.3-д заасны дагуу гарсан дүгнэлтэд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлын зорилт, чиглэл, хамрах хүрээ, хугацааг тодорхой заана”, 9 дүгээр зүйлийн 9.2-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй хэсэг бүрэлдэхүүн хэсэг байна”, 9.8-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүний хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг тогтооно.”, Монгол улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-ын 4.6-д “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8.4-д заасан асуудлыг багтаасан нөлөөллийн үнэлгээний судалгаа, нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээ, техник, технологийн шийдлийн зөвлөмжийг агуулсан тайлан болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнөөс бүрдэнэ”, 5.11-д “Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, холбогдох баталгааны хөрөнгийг байршуулаагүйгээр төслийн үйл ажиллагааг эхлэх, үргэлжлүүлэх эрхгүй”, 5.12-т “Тухайн төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний судалгааны үр дүнг үндэслэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь 5 жилээс дээшгүй байх бөгөөд түүнээс олон жил үргэлжлэх төслийн хувьд менежментийн төлөвлөгөө 5 жил тутамд шинэчлэн боловсруулж батлуулна” гэж тус тус хуульчилсан.
Нэхэмжлэгч “О” ХХК нь “... Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ нь 2012 онд хийгдсэн. Үүнээс хойш сунгагдаагүй” гэж тайлбарлан Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг 2012 онд хийлгэж, түүнээс хойш тодотгол хийгээгүй, батлуулж тайлагнаагүйгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэн, аж ахуй нэгжтэй газар ашиглах гэрээг дүүргийн Засаг дарга, Тусгай хамгаалалтын захиргаатай хамтран байгуулахаар заасан, өөрөөр хэлбэл нэгэнт газар ашиглуулах шийдвэр гарсан, гэрчилгээ олгосон бол газар ашиглах гэрээ байгуулах нь захиргааны байгууллагын үүрэг байна.
Гэхдээ гэрээ байгуулах нь зөвхөн захиргааны үүрэг биш, нөгөө талаар тухайн газрыг ашиглах хүсэл сонирхлоо илэрхийлсэн нэхэмжлэгчид хамааралтай, түүнээс газар ашиглах идэвхтэй үйлдэл гүйцэтгэхийг шаардсан агуулгатай байна.
Нэхэмжлэгч компанийн зүгээс шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш захиргааны байгууллагад хүсэлт гаргаж байсан гэх боловч хэрэгт авагдсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “... О ХХК-иас 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар... гурвалсан гэрээ байгуулах, гэрээнд дурдсан нөхцөл журмын дагуу газрыг ашиглах, газрын төлбөрийг төлөх талаар ирүүлсэн хүсэлт бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-94/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 16/3439 дүгээр албан бичиг /хх-109/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн “... “О” ХХК нь тус яаманд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр газар ашиглах гэрээ байгуулах хүсэлт ирүүлсэн... “О” ХХК нь тус яаманд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүсэлт ирүүлээгүй болно” гэх агуулга бүхий “Хариу хүргүүлэх тухай” тайлбар /хх-96/ зэргээс үзвэл нэхэмжлэгч гурвалсан гэрээ байгуулах талаар дүүргийн Засаг даргад хандаж байгаагүй болох нь тогтоогдсон байна.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцоо итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” 11 дүгээр тогтоолын хавсралтаар тус дүүргийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утгыг баталж мөрдүүлсэн байх бөгөөд энэхүү хэм хэмжээний акт нь Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлийн 2019 оны №1 дүгээрт нийтлэгдсэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байх тул нэхэмжлэгчийн “газар ашиглах гэрээ байгуулагдахгүй байсан учраас газрын төлбөрийг төлөх бололцоо байгаагүй ... хэдэн төгрөг төлөх ёстой байсан гэдэг нь улиралд хэдэн төгрөг төлөх нь тодорхойгүй байсан ...” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчээс “өмнөх хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт “... хариуцагчаас бодит нөхцөл байдлыг сайтар судалж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүл гэснийг хариуцагч биелүүл...” гэсэн байхад маргаан бүхий шинэ акт гаргахдаа өмнөх шүүхийн шийдвэр болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн... дахин шинэ акт гаргахдаа ... сонсох ажиллагааг огт явуулаагүй... тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээг талууд хууль, журмын дагуу байгуулж баталгаажуулах боломжтой эсэх, тухайн гэрээнд ямар эрх зүйн актыг үндэслэж газрын нэгжийн үнийг тогтоох, нэхэмжлэгчээс газар ашигласны төлбөрт хэдийг хэзээнээс эхэлж төлөх ёстой зэрэг асуудлыг тодруулах зайлшгүй шаардлагатай гэж дүгнэсэн ... захиргааны шинэ акт гаргахдаа энэ талаар огт судлаагүй...” гэж маргажээ.
Өмнөх шүүхийн шийдвэрээр хариуцагчийг бодит нөхцөл байдлыг судалж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн байх боловч тус шүүхийн шийдвэрийн дараа гаргасан хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр өөрчлөх хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар тогтоосон журамд нийцүүлэн газраа 7 жил ашиглаагүй, энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 7 жил ашиглаагүй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай газар ашиглах гэрээ байгуулсан ч Хан-Уул дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулж, газрын төлбөрөө төлөөгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд тодотгол хийгээгүй, батлуулж тайлагнаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэрийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хүрээнд буруутгах үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.