Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Ж.Цог-Очир, М.Самданмөнх нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай    

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор                                                        М.Батзаяа

            Ялтан                                                             Ж.Цог-Очир, М.Самданмөнх

            Ялтны өмгөөлөгч                                          Б.Алтанчимэг

            Нарийн бичгийн дарга                                  Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан;

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүүгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ж.Цог-Очир, түүний өмгөөлөгч Б.Алтанчимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн, Ж.Цог-Очир, М.Самданмөнх нарт холбогдох 201503000588 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Монгол улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 4-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Жаргалсайханы Цог-Очир РД:/АГ96041978/

 

Монгол Улсын харьяат, халх, 1986 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 13А-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Баяжууд овогт Мягмарын Самданмөнх РД:/АП86091097/

 

Яллагдагч Ж.Цог-Очир нь 2015 оны 11 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Хоршоологчдын холбооны байранд үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрмөрөн” эмийн санд нэвтэрч Асер /Асег/ маркийн зөөврийн компьютерийг мауз /тоизе/ цүнхний хамт хулгайлж, хохирогч Д.Эрдэнэчулуунд 800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулж, нийт 6.190.500 /зургаан сая нэг зуун ерэн мянга таван зуу/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 4-2 тоотод оршин суух хохирогч Ц.Жавзангийн орон байранд нэвтэрч Хятад цоож 1 ширхэг, монгол цоож 1 ширхэг, сувдан зүүлт 3 ширхэг, оюу шигтгээтэй мөнгөн бугуйвч, Орос монетан ээмэг, 1 шил виски, Самсунг маркийн хуучин гар утас, ногоон өнгийн оюу шигтгээтэй мөнгөн ээмэг, зүүлт, кулон 1 хос, цагаан өнгийн гоёлын ээмэг 1 хос, ягаан шигтгээтэй гоёлын урт ээмэг 1 хос, дугуй хэлбэртэй хаш чулуу 1 ширхэгийг тус тус хулгайлж 818.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 01 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 3 дугаар 36 байранд үйл ажиллагаа явуулдаг “Баянзүрх” ломбарданд нэвтэрч эмэгтэй хүний мөнгөн тоногтой бүс 1 ширхэг, жин хэмжүүр 1 ширхэг, эрэгтэй хүний савхин бээлий 1 хос, эмэгтэй хүний гоёлын бүс 1 ширхэгийг хулгайлж, хохирогч Н.Лхагвасүрэнд 340.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч Ж.Цог-очир, М.Самданмөнх нар бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 31-нээс 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 14-04 тоотод оршин суух хохирогч Б.Цогзолмаагийн орон байранд нэвтэрч саарал өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг, бугуйн цаг 6 ширхэг, биет 35.000 төгрөгийг тус тус хулгайлж 737.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 2016 оны 01 дүгээр сарын 07-оос 13- ны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 25-16 тоотод оршин суух хохирогч Ү.Эрдэнэ-Өлзийгийн орон байранд нэвтэрч 32 инчийн телевизор 1 ширхэг, цагаан өнгийн чулуун хөөрөг 1 ширхэгийг хулгайлж 430.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 2016 оны 01 дүгээр сарын 17-оос 18- нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 22-14 тоотод оршин суух хохирогч З.Жаргалмаагийн орон байранд нэвтэрч Самсунг маркийн телевизор 1 ширхэг, ДДШ-ийн хүлээн авагч 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, эмэгтэй хүний монетон ээмэг, гинж, зүүлт, бурхан зэрэг эд зүйл хулгайлж, 2.015.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 01 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 41-04 тоотод оршин суух хохирогч Н.Анхбаярын орон байранд нэвтэрч биет 1.000.000 төгрөг, арьсан гутал зэргийг хулгайлж , 1.050.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас Ж.Цог-Очир, М.Самданмөнх нарт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон овогт Жаргалсайханы Цог-Очир, Баяжууд овогт Мягмарын Самданмөнхийг бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцож;

Шүүгдэгч Ж.Цог-Очирт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар хорих ялаар, шүүгдэгч М.Самданмөнхөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар хорих ял тус тус оногдуулж;

Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ж.Цог-Очирт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Самданмөнхөд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж;

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Ж.Цог-Очирын цагдан хоригдсон 67 хоног, шүүгдэгч М.Самданмөнхийн цагдан хоригдсон 67 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцож;

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-т заасны дагуу шүүгдэгч Ж.Цог-Очироос 525.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Анхбаярт, 15.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Лхагвасүрэн, 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Эрдэнэчулуунд, 602.500 төгрөгийг гаргуулж хохирогч З.Жаргалмаад тус тус олгосугай. Шүүгдэгч М.Самданмөнх нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. Хохирогч Лхагвасүрэн нь Ө.Ичинхорлоогийн мөнгөн бүсний гэх төлбөрийг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Самданмөнхөд оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурван/ сарын хохих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгаж;

Шийтгэх тогтоол уншиж танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Цог-Очирыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч;

Шийтгэх тогтоолд ялтан нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг шийдвэрлэжээ.

 

Ялтан Ж.Цог-Очирын гаргасан гомдолд:

Боржигон овогт Жаргалсайханы Цог-очир миний бие Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 94 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид биечлэн эдлэхээр шийтгэгдсэн. Миний бие анхан шатны шүүхээр шүүгдэхдээ ар гэрийн гачигдлын улмаас хохирогчид төлөх төлбөрийг гүйцэд төлж барагдуулж чадаагүй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа бусдад төлөх хохирол төлбөрийг бүрэн гүйцэд төлж барагдуулсан. Миний бие үйлдсэн хэргээ анхнаасаа үнэн зөв мэдүүлж буруугаа хүлээсэн. Би ам бүл гурвуулаа амьдардаг. Миний эхнэр Дуламсүрэн нь 3 дугаар курсийн оюутан. Охин Мөнхсаран 9 сартай. Эхнэр маань оюутан учир хичээлтэй үедээ охиныг харж хандах хүн байхгүй тул амьдрал маань хүнд хэцүү нөхцөлд байна. Миний бие үйлдсэн хэрэгтээ үнэнхүү сэтгэлээсээ гэмшиж харуусаж байна. Миний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, буруугаа ухамсарлаж байгааг, мөн ар гэрийн аргагүй байдлыг харгалзан үзэж миний биеэр эдлэх ялыг өөрчилж, биеэр эдлэхээс өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Б.Алтанчимэгийн гаргасан гомдолд:

            Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 94 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Ж.Цог-Очирт тус 94 тоот шийтгэх тогтоолоор эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг тогтоолыг гарах үед шүүгдэгч Ж.Цог-Очир нь хохирогч нарт хохирлыг төлж барагдуулсан байсан боловч хохирогч Анхбаяр, Жаргалмаа, Эрдэнэчулуун нараас хохирлоо төлж барагдуулсан, хохирогч нарт төлөх төлбөргүй болсон гэсэн нотлох баримтаа бүрдүүлэн авч чадаагүй байсан. Ж.Цог-очир нь 2015 оны 3 сараас эхлэн эхнэр, хүүхдийн хамт тусдаа амьдарч байсан. Эхнэр Дуламсүрэн нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат, одоо МУБИС-ийн Архангайн багшийн сургуулийн багш, сургуулийн өмнөх боловсролын ангийн 3 дугаар дамжаанд суралцдаг. Охин Ц.Мөнхсаран нь 9 сартай, одоогоор эхнэр Дуламсүрэн нь  хичээлдээ явахгүй хүүхдээ харж байгаа болно. Ж.Цог-Очир нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж өөртөө дүгнэлт хийсэн, цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хувийн  байдалтай болон ар гэрийн амьдралын хүнд байдал, хохирогч нарын хүсэлт зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэжээ.           

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 113 дугаар захирамжаар яллагдагч Ж.Цог-Очир, М.Самданмөнх нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Э.Одхүүг томилсон байна.

 

Шүүгч Э.Одхүү 2016 оны 08 сарын 04-ний өдрийн 377 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан бөгөөд прокурор хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасныг үндэслэлгүй гэж үзэж, эсэргүүцэл бичсэний дагуу давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэн, анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 сарын сарын 04-ний өдрийн 377 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

Хэрэг анхан шатны шүүхэд буцаж очсоны дараа тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг томилсон ерөнхий шүүгчийн захирамж гараагүй байхад шүүгч Э.Одхүү хэргийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

 

Давж заалдах шатны шүүхээс хүчингүй болсон хэргийг урьд нь хүлээн авсан шүүгч дахин хүлээн авч шийдвэрлэх талаар  шүүгчдийн зөвлөлгөөнөөр тогтоосон талаархи баримт хэрэгт авагдаагүй тул тухайн шүүгчийг хуульд заасны дагуу томилогдсон шүүгч гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх ялтан, ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлоос өөр үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул тэдгээрийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

         

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 320 дугаар зүйлийн 320.1.1-т заасныг тус тус удирдлага болгон

 

                                                               ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолыг хүчигүй болгож,             Ж.Цог-Очир, М.Самданмөнх нарт холбогдох 201503000588 тоот хэргийг яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаасугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Самданмөнхөд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ж.Цог-Очирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-т зааснаар магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ. ШҮҮГЧ                                Т.ДАВААСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                Б.НАМХАЙДОРЖ

                             

                                                                                   М.МӨНХДАВАА