Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
Хэргийн индекс | 105/2016/0083/Э |
Дугаар | 211 |
Огноо | 2016-09-14 |
Зүйл хэсэг | 091.1., |
Улсын яллагч | Д.Булганцэцэг |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 211
Л.Цэндсүрэнд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
шүүгч Б.Батцэрэн даргалж,
шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор Д.Булганцэцэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал,
нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоол,
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 502 дугаар магадлалтай, 201525031035 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.Цэндсүрэн, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, З.Шүрэнчулуун, Г.Баяржаргал нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Мянгад овогт Лхагвын Цэндсүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Л.Цэндсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон өөрчилж, Л.Цэндсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 6 дахь заалтын “Л.Цэндсүрэн нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.” гэснийг “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Олонбаяр цаашид гарах зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Цэндсүрэн, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, З.Шүрэнчулуун, Г.Баяржаргал нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.
Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг, өмгөөлөгч Г.Баяржаргал нарын саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Цэндсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Л.Цэндсүрэн миний бие өөрийн хадам ах А.Ариунзоригийн амь насанд халдах ямар ч санаа зорилго байгаагүй. Бид хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Харин ч бусад ахан дүүс нараас илүү ойр дотно байсан. Анхан шатны шүүхээс намайг хадам ахынхаа амь насанд санаатай хүрсэн гэж үзэж 10 жил 6 сарын хорих ялаар шийтгэж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх надад ял оногдуулахдаа хэргийн газар байгаагүй гэрч А.Ариунтуяа, Э.Мөнгөнтуяа нарын мэдүүлгийг үндэслэж, яллах талыг барьж байгаа нь шударга бус байна. Хэрэгт онцгой ач холбогдолтой нотлох баримтуудыг орхигдуулж байгаа нь ойлгомжгүй байна. Үүнд: Хохирогч миний хоолойд хутга тулгаж миний амь насанд заналхийлж халдсаар байтал ямар ч хүн над шиг ийм зүйлтэй тулгарсан үед эхний ээлжинд амь насаа хамгаална. Насанд хүрээгүй гэрч Ц.Мөнхбат хэргийн газар байсан талаар мэдүүлэг байдаг. Хүүхэд яг үзсэн, харсан зүйлээ үнэн зөвөөр нь хэлдэг гэж үздэг байтал үүнийг орхигдуулсан. Шинжээч эмч н.Ганзоригийн дүгнэлт болон мөрдөн байцаалтын туршилтын үр дүн зэргийг орхигдуулж, миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Миний зүгээс гартаа хутга барьж, хадам ахынхаа биед халдаагүй болно. Хадам ах А.Ариунзориг урьд өдөр нь төрсөн дүү болох А.Дашзэвэгтэй муудалцаж, хэрэг гардаг өдөр нь эхнэр Ц.Олонбаяртай утсаар муудалцаад байсан. Мөн надад архи уух мөнгө зээлсэнгүй гээд уурлаад байсан ба тэр өдөр таарсан хүн болгонтой муудалцаад байсан тул гэртээ арай гэж авчирсан. Гэтэл надруу хутга бариад миний хоолойд тулгасан учир тухайн үед би сандарсандаа хутгатай гараас нь барьж аваад доошоо дартал “гар тавь” гээд намайг цохиод хутгатай гараа өөр рүүгээ татсан. Энэ золгүй явдалд маш ихээр харамсаж байна.Иймд хэргийг хуулийн хүрээнд үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, З.Шүрэнчулуун нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн Л.Цэндсүрэнд холбогдох хэрэгт хийсэн дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, зөвхөн дам ярианд тулгуурласан гэрчүүдийн мэдүүлгээр ялласан, нотлох баримтыг үнэлэхдээ хэт яллах талыг барьж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, хэрэгт онцгой ач холбогдолтой шинжээч эмч, насанд хүрээгүй гэрч болон мөрдөн байцаалтын туршилтын үр дүн, хохирогч, холбогдогч нарын хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хэргийг шийдвэрлэх талаар гаргасан санал зэргийг шууд орхигдуулсан гэж үзэж ялтны өмгөөлөгчдийн зүгээс доорх гомдлыг хяналтын шатны шүүхэд гаргаж байна. Үүнд:
Энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн А.Дашзэвэг, А.Ариунтуяа, Э.Мөнгөнтуяа нарын мэдүүлгээр шүүх ял оноохдоо хэрэг учралын газарт байгаагүй, юу болсныг шууд гэрчилж чадахгүй, зөвхөн дам яриа, тухайн үед өөрт нь төрсөн сэтгэгдэл болон бусдын амнаас сонссон гэх зүйлийг түүвэрлэн авч яллах гол нотлох баримтаа болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал”-ыг нотолсон байх хуулийн шаардлагыг баримтлаагүй гэж үзнэ. Согтуу танхай этгээдийн хутга мэс барьж довтолгоо хийж байгаа үйллийн эсрэг биеэ хамгаалах эрхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд маш тодорхой заасан ба хэрвээ тухайн үед Л.Цэндсүрэн уг хамгаалах үйлдлийг хийгээгүй бол өнөөдөр өөрөө гэмт хэргийн хохирогч болсон байхыг үгүйсгэх аргагүй гэж үзнэ.
Мөрдөн байцаалтын шатанд уг хэргийг хэрэгсэхгүй болгох хангалттай нотлох баримт хэрэгт цугларсан тул мөрдөн байцаагчийн зүгээс удаа дараа хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт хүргүүлсэн боловч “биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж” гэсэн ямар ч үндэслэлгүй, нотлох баримтгүй яллах үндэслэл гаргаж ял сонсгон шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх мөн л үндэслэлгүй, нотлох баримтгүйгээр үл хэрэгсэн шийдвэрлэснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1, 91, 92, 94, 95 дугаар зүйлүүдийг бүхэлд нь баримтлаагүй буюу зөрчсөн гэж үзэж байна.
Нүдээр хараагүй, шууд гэрчлэх ямар нэгэн ноцтой баримт нотолгоогүй гэрчүүдийн мэдүүлгийг шүүгдэгчийг гэм буруутайд тооцох гол үндэслэл, нотлох баримт болгож аваад харин шууд нотлох баримт буюу мөрдөн байцаалтын шатанд явагдсан туршилт, шинжээч эмчийн дүгнэлт, байцаалтаар тогтоогдож байгаа хохирогч өөртөө гэмтэл учруулах бүрэн боломжтой тухай шинжээч эмчийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэрэг шүүгдэгч Л.Цэндсүрэнгийн гэм бурууд ноцтой эргэлзээ төрүүлж байгаа нотлох баримтуудыг шийтгэх тогтоолд огт дурдаагүй, дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг шууд зөрчсөн гэж дүгнэлт өгөх үндэслэл болж байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн 239 дүгээр шийтгэх тогтоол нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авч бусдыг үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй, ноцтой зөрүүтэй нотлох баримтуудыг харьцуулан шинжилж шийдвэрлээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318, 319 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хэт нэг талыг барьсан, тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, үүнээс шалтгаалж анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 239 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Л.Цэндсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318, 319, 321 дүгээр зүйлүүдийг баримтлаагүй болох нь тодорхой болсон тул анхан шатны шүүхийн 8 дугаар шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн 502 дугаар магадлалуудыг тус тус хүчингүй болгож, яллах болон цагаатгах нотлох баримтуудыг харилцан адил тэгш харьцуулан шинжлэх, үнэлэх, хэргийг нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэхэд онцгой анхаарч, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой эсэх талаар дүгнэж, Эрүүгийн хуулийг зөвтгөн хэрэглэж хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.1, 80 дугаар зүйлийн 80.1 3 дахь хэсэгт заасныг баримтлан дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заадлах гомдол гаргаж байна. Хэргийн зүйлчлэлийн талаар:
Давж заалдах шатны шүүхийн 502 дугаар магадлалд “...хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар ялтан болон түүний өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үйл баримт тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь буруу дүгнэлт гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа бөгөөд Л.Цэндсүрэнд анхнаасаа хүнийг санаатай алах гэмт хэргийн санаа зорилго, сэдэлт байгаагүй нь хэрэг учирлыг шууд харж байсан цорын ганц гэрч болох насанд хүрээгүй Ц.Мөнхбатын “... эхлээд Ариука ах хутга бариад авсан юм. Тэгээд аав руу далайгаад дайрсан юм. Манай гэрийн хутганууд шкафанд байдаг юм. Аав хутгыг нь булааж авсан. Цааш юу болсныг нь мэдэхгүй...” /1-р хавтаст хэргийн 217/ гэсэн мэдүүлгээр тогтоогддог гэж үзнэ. Хууль бус үйлдлийг миний үйлчлүүлэгч эхлээгүй, хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгчид тодорхой хэмжээний шарх сорви үлдсэн, шинжээчийн дүгнэлтээр хохирогч өөрийнхөө биед үхэлд хүргэсэн гэмтлийг учруулах боломжтой гэж дүгнэсэн зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судлавал Л.Цэндсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасны дагуу ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн объектив тал нь зөвхөн санаатай гэм буруугаар үйлдэгддэг. Гэм буруугийн санаа нь шууд ба шууд бус байж болох боловч гэмт этгээд нь бусад хүний амь насанд аюултай үйлдлээ ухамсарлаж, хохирогчийг үхэлд хүргэх боломжийг урьдчилан харж, түүнийг хүсэж үйлдсэн байхыг хууль тайлбарлагч тодорхой шаардсан байдаг. Энд хамгийн чухал ач холбогдолтой зүйл нь шүүгдэгчийн амь насыг бусниулсан зорилго, сэдэлтийг тогтоох нь зайлшгүй чухал ач холбогдолтой байдаг.
Монгол Улсын дээд шүүхийн “Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийг тайлбарлах тухай” 2009 оны 14 дүгээр тогтоолд тодорхой тайлбарласан. Шүүгдэгч Л.Цэндсүрэн нь ямар санаа зорилго агуулж хадам ах А.Ариунзоригийн амь насыг хохироосон гэдгийг дүгнэж тогтоох нь хэргийн зүйлчлэл дээр хамгийн гол анхаарал хандуулах хүчин зүйл юм. Шүүгдэгч, хохирогч хоёрын хооронд өс хонзон, өр авлага, хардалт, урьд өмнө нь нэг нэгнийгээ заналхийлж байсан зэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулсан үйлдэл болон эс үйлдэхүй байхгүй болохыг мөрдөн байцаалтын явцад бүрэн тогтоосон байтал анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлээр зүйлчлэн ял шийтгэл оногдуулсныг буруу гэж үзнэ. Мөн анхан шатны шүүхээс гэм хор учруулсан арга, ашигласан багаж хэрэгслийн онцлог, учруулсан шарх, гэмтлийн тоо, ил тод байдал, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын харилцааг дүгнэж үзээгүйн улмаас хуулийг буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Мөрдөн байцаалтын явцад туршилтын ажиллагааг хоёр удаа хийж фото зургаар баталгаажуулсан байдаг. Дээрх туршилтын ажиллагаа, шинжээч эмч Б.Ганзориг нарын мэдүүлэгт ач холбогдол өгөхийн оронд анхан шатны шүүх хэрэг учрал болох үед хэргийн газар байгаагүй Э.Мөнгөнтуяагийн “...гартаа хутга барьсан буйдангийн хажууд зогсож байсан...” гэх мэдүүлгийг үндэслэн хүнийг санаатай алсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Л.Цэндсүрэнгийн мэдүүлэг болон шинжээчийн 11691 дугаартай дүгнэлтээр хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байсан байна гэж үзэх үндэслэлгүй байна гэж зөв дүгнэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн мөртлөө нөхцөл байдалд зөв дүгнэлт өгөлгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлээр зүйлчилж ял шийтгэл оногдуулсан нь хэт нэг талыг барьсан, хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр гэж үзэж байна. Өмгөөлөгчийн хувьд зүгээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад Л.Цэндсүрэнд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлээр зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алах гэмт хэрэг нь: Сэтгэцийн хүчтэй цочрол болон гэмт хэрэг үйлдэх санаа гэнэт үүссэн байх, эдгээр нь хохирогчид хүчээр дарлагдсан буюу хүндээр доромжлогдсон, эсхүл түүний хууль бус үйлдлээс үүдсэн байх зэрэг тодорхой нөхцлийг шаардана. Санаа сэтгэлийн гэнэтийн хүчтэй цочрол давчидал гэнэт үүсэх нь ихэнх тохиолдолд агшин зуур хохирогчийн хууль бус, ёс бус зан үйлийн хариу үйлчлэл болон үүснэ. Энд гэнэт үүссэн санаатай байдаг гэдгийг хууль тайлбарлагч тайлбарласан байна. Мөн цочрол давчидалд хүргэсэн хүчирхийлэл нь хууль бус байх ёстой. Хэрэв эсрэг тохиолдолд бол аргагүй хамгаалалтын тухай асуудал яригддаг талаар анхааруулж тайлбарласан. Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед бусдыг алах санаа гэнэт хоромхон зуур төрдөг, харин хүнийг санаатай алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж хүсэж үйлдсэн байдаг тул шүүх бүрэлдэхүүн анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Нотлох баримтын талаар:
Хэрэг учрал болох үед байсан насанд хүрээгүй гэрч Ц.Мөнхбат, хэрэг учрал болсны дараа шүүгдэгч Л.Цэндсүрэнгийн гэрт орсон гэрч Э.Мөнгөнтуяа, насанд хүрээгүй гэрч П.Нямгэрэл, гэрч А.Ариунтуяа нар хохирогч буйдангийн өмнө хэвтэж байсан, шүүгдэгч гартаа хутга барьчихсан байсныг л гэрчилсэн болохоос үйл явдлыг гэрчилсэн шууд нотлох мэдүүлэг болж чадахгүй. Хэрэг учрал болох үед хажууд нь байгаагүй гэрч нарын мэдүүлгийг үндэслэн хүнийг санаатай алсан гэж ял шийтгэл оногдуулж байгааг үндэслэлгүй гэж үзнэ. Шүүгдэгч болсон үйл явдлын талаар тогтвортой мэдүүлдэг болохыг анхан шатны шүүх дүгнэсэн мөртлөө зөвхөн гартаа хутга барьсан гэдэг хөндлөнгийн гэрч нарын мэдүүлгээр санаатай хүний амь насыг хохироосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шинжээч Б.Ганзориг болон хэрэг учрал болоход харж байсан насанд хүрээгүй гэрч Ц.Мөнхбатын мэдүүлэг, шүүгдэгч Л.Цэндсүрэнгийн тогтвортой мэдүүлгүүдээс үзвэл хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйл 24.1.1, 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох боломжтой...” гэв.
Прокурор Д.Булганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Л.Цэндсүрэн нь 2015 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 649А тоотод хадам ах болох А.Ариунзоригийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
Шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул Л.Цэндсүрэн нь 2015 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 649А тоотод А.Ариунзоригийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
Л.Цэндсүрэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Л.Цэндсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт болгон хөнгөрүүлэн өөрчилж, хуульд заасан хорих ялыг оногдуулсан нь түүний гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирчээ.
Л.Цэндсүрэн нь хохирогчтой таарамжгүй харилцаа өөрөө үүсгэн маргасны улмаас гарсан зодооны явцад түүнийг алж буй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын байдалд байсан гэж үзэхгүйгээс гадна энэ үйлдлийг санаатай хийсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх боломжгүй. Мөн хохирогчийн хууль бус үйлдлээс Л.Цэндсүрэн цочрол, давчдалд орж сэтгэхүйн хэвийн байдал нь алдагдсан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байсан талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймээс шүүхээс тогтоосон үйл баримтын хүрээнд Л.Цэндсүрэнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 93 дугаар эсвэл 94 дүгээр зүйл болгон өөрчлөх, гэмт хэргийг үгүйсгэх аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд хамааруулан Л.Цэндсүрэнг цагаатгах тухай гомдлуудыг хангахаас татгалзах нь зүйтэй.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй тул шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тохиолдолд хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийхгүй.
Хэргийн зүйлчлэлийн талаар буюу Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх талаар аль нэг тал маргаж байсан ч хэргийн үйл баримтыг шинээр тогтоосны эцэст дээрх дүгнэлтийг хийхээр бол энэ тухай гомдлыг хяналтын шатны шүүх мөн хянах боломжгүй юм.
Дээрх шалтгаанаар гэрч Э.Мөнгөнтуяа, П.Нямгэрэл, А.Ариунтуяа нарын мэдүүлгүүдийг эргэлзээтэйд тооцох, шинжээч Б.Ганзоригийн мэдүүлгийг илүү ач холбогдолтой гэж үзэх, зарим баримт сэлт нотлох баримтын шаардлага хангаагүй, хоорондоо зөрүүтэй зэрэг шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гомдлыг харъяаллын бус гэж үзэж хянаж үзэхээс татгалзав.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 502 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Цэндсүрэн, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, З.Шүрэнчулуун, Г.Баяржаргал, нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧ Ч.ХОСБАЯР