Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 387

 

 

 

 

 

                                                

      2019         4             05                                              387

                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч У.Д, түүний өмгөөлөгч Ч.Д /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1476/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Ш овогт Уын Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0149 00417 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ш овогт Уын Д нь Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ... суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 0-2 насны 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч У.Д нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн орчим ... тоотод оршин суух иргэн М.Гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 30 инчийн ЛСД зурагт хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Д мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр найзтайгаа уулзчихаад найзынхаасаа гараад гэр рүүгээ орчихоод аавын гэрт орсон чинь ээж байхгүй, аав байхаар нь ааваас айгаад буцаад гэр рүүгээ уул даваад алхаад явж байтал айл байсан. Тэгээд тэр айлд ороод яаснаа сайн санахгүй байна. Сүүлд манай нөхөр урдаас ирээд юун зурагт тэвэрчихсэн яваа юм бэ гэхээр би олсон юм аа гэхэд манай нөхөр наадхаа хая гэж хэлсэн. Би тэр айл руу яаж орсноо санахгүй байна гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1908 0149 00417 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч М.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өгсөн:

 “...Манайх Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 14-25 тоотод түр оршин сууж амьдарч байгаа юм. Би ээжийн хамт хоёулаа амьдардаг. Манайх ер нь бол байнгын хүнтэй байдаг. Би 2019 оны 3 дугаар сарын 11-ний өглөө 08 цагт ажилдаа явахаар гэрээсээ гарсан. Манай ээж өдөр 14 цагийн үед хүүхэд авах гээд гэрээсээ гарсан. Гарахдаа хаалгаа цоожлоод амбаарын хаалгаа хаагаад явсан байсан. Ингээд 17-18 цагийн үед манай хүргэн Төмөрхуяг хүүхдээ аваад гэрт ирэхэд гүйдэг хаалга онгойчихсон дотор нь хүний хөл харагдаад байсан гэсэн. Тэгээд хашаандаа машинаа оруулаад эргээд манай гэрийг шалгах гээд очиход гэрийн хаалганы цоожийг мулт цохиод, хаалгыг нь онгорхой орхичихсон, шагайж харахад зурагт байхгүй болсон байсан. Тэгээд хойд гудамжаар өгсөхөд зурагт тэвэрчихсэн нэг хүүхэн, бас хүүхэд тэвэрчихсэн нэг залуу таарсан гэсэн. Тэгээд л цагдаад дуудлага өгсөн байсан. Манай хүргэн манай зурагтыг хараад л таньсан гэсэн. Би бол тухайн үед байгааүй. Ажилтай байсан болохоор яг болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Би зурагтаа 2-3 жилийн өмнө “Номин” их дэлгүүрээс 360.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо авсан үнээрээ үнэлж байгаа. Хар өнгийн “Самсунг ТСЛ” маркийн зурагт байсан байна лээ. Хэвийн асуудалгүй ажиллаж байсан. Гэрийн цоожоо үнэлж мэдэхгүй байна. Манай хашаанд нохой байхгүй. Мөн хяналтын камер, дохиолол гэх зүйл байхгүй. Би хулгай хийсэн хүнийг өмнө нь харж байгаагүй, таньж мэдэхгүй. Уг асуудлаас болж 2 өдрийн ажлаа алдсан. Би 70.000-80.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Уг мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,

 

2. Гэрч М.Чимэгсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өгсөн:

“...Би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 13-50 тоотод оршин суудаг. Манай дүү Г манай арын гудамжинд байдаг. Дүү Г нь Зайсанд барилга дээр ажиллаад тэндээ хонодог болохоор хааяа ирдэг юм. 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр намайг гэрт ороод зул өргөчихөөрэй гэж хэлэхээр нь би Баянхошуунд хүүгийндээ хоноод зул өргөж чадаагүй юм. Маргааш нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг 30 минутын үед дүү Гийн гэрт нь ороод зул өргөчихөөд гэртээ ороод байж байтал 18 цаг 10 минутын үед манай нөхөр Төмөрхуяг зээ хүүгээ сургуулиас нь аваад гэртээ орж ирээд Гийн гэрт хэн байгаа юм бэ гэхээр нь хүн байхгүй, Г ажилтай, би түрүүн орж зул өргөчихөөд гарч ирсэн гэж хэлсэн чинь хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүн хаалгыг нь онгойлгоод намайг хараад хаачихлаа гэхээр нь юу яриад байгаа юм бэ, хүн байх ёсгүй гэсэн чинь манай нөхөр зээ хүүгийн хамт гэрээс гараад Гийн гэр рүү явсан. Би араас нь гараад очиход нөхөр Гийн гэрээс гарч ирээд зурагт нь алга байна гэж хэлсэн. Тэгээд нөхөр намайг зүүн талын гудамжны үзүүрээр тойроод хүүхэд тэвэрсэн, зурагт барьсан эмэгтэй хүн явж байна уу, хар гэхээр нь би гүйгээд булан тойроод харахад байхгүй байхаар нь буцаж очоод нөхөртэйгээ хамт машинд суугаад Их нарангийн шинэ эцэс дээр буцаж очоод харахад байхгүй байхаар нь буцаж эргээд улаан өнгийн худагтай гудамжаар ороход өөдөөс зурагт тэвэрсэн эмэгтэй хүн гараад ирэхээр нь зурагтыг нь харахад манай дүүгийн зурагт мөн байсан. Манай нөхөр ийм хувцастай эмэгтэй хүн байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн эмэгтэйг машиндаа суулгаад цагдаа дуудсан. Цагдаа ирээд нөгөө эмэгтэйг аваад явсан. Би дүү Гийн зурагтны содож шинж тэмдгийг мэдэхгүй. Гэхдээ манай нөхрийг орж ирэхэд хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүн байсан гэхээр нь тухайн эмэгтэйгээс асуухад энэ зурагтыг надад нэг эрэгтэй хүн өгчихөөд зугтаасан гэх зэргээр янз бүрийн юм яриад байсан. Тухайн эмэгтэй нь ногоон өнгийн куртиктэй, хар хөх өнгийн цасны гуталтай, ардаа үүрдэг 2 үүргэвчтэй цүнх үүрчихсэн, туранхай, 160см орчим өндөртэй, шөвгөр бор царайтэй эмэгтэй байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,

 

3. Гэрч Н.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн:

“...Д бид хоёр анх 2011 онд танилцаж байсан. Тэгэхэд Д нь эмээгээ хардаг, ажилгүй байсан бөгөөд 2012 оноос хойш хамт нэг гэрт амьдрах болсон.  2017 оны 10 дугаар сард тусдаа гарч албан ёсоор нэг гэрт орж амьдарсан. Дундаасаа 2 настай Эгшиглэн, 6 сартай Энэрлэн гээд 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 31-20 тоотод манай аавын хашаанд амьдарч байна. Эхнэр маань одоогоор эрхэлсэн ажилгүй, 2 хүүхдээ хараад гэртээ байж байгаа. Би хувиараа барилгын ажил, ачаа ачиж, буулгах зэрэг ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Эхнэр маань эцэг, эхээс гурвуулаа бөгөөд айлын том охин юм. Доороо 2 дүүтэй, одоо эцэг, эх нь Улаанбаатар хотод амьдарч байгаа. Манай эхнэр их үг дуу цөөтэй, даруухан, ноомойдуу зантай, жаахан юм уучихаараа л олон үгтэй болчихдог, бусдаар бол гэр бүлийн анхаарал халамж сайн. 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр би ажлаа тараад 17 цаг өнгөрч байхад гэр рүүгээ явж байсан. Тэгэхэд эхнэр Д нь өглөө эрт аавын бие муу гээд гэрээсээ гараад найзуудтайгаа нийлж архи уусан гэсэн. Би хадам ээж рүү залгахад Д хүүхдээ аваад гарсан шүү, цаадах чинь жаахан юм уучихсан байна лээ, хүүхэд янз бүр болгоод хаячихвыдээ гэхээр нь би өөдөөс нь амдаж аваад тосоход манай эхнэр гудамжны үзүүрийн тэнд хүүхдээ тэвэрчихсэн, нэг хар хөх өнгийн зурагт тэврээд явж байхаар нь юун зурагт юм бэ, чи наадхаа хая, хулгайн юм болоод л гудамжинд байгаа, чи яасан юм бэ гэхэд би олсон юмаа гээд байсан. Тэгээд би хүүхдээ аваад түрүүлээд алхаад явж байхад  доороос нэг машин ирж зогсоод 2 хулгайчаа суу гээд цагдаа дуудаад ирэхэд нь ийм асуудал болсон гэдгийг мэдсэн. Би эхнэрийгээ тэр үед хулгай хийсэн гэж бодоогүй, олсон гэхээр нь наадхаа хая хая, хулгай юм байгаа болоод л гадаа байж таараа гэж хэлээд хүүхдээ аваад явж байсан юм. Тэрнээс бид хоёр хамт явсан зүйл огт байхгүй. Би тухайн үед өөрөө ч юу болоод байгааг нь сайн анзаарч мэдээгүй, ойлгоогүй явсан юм. Тэр зурагт хар өнгийн л жижиг зурагт байсан. Тодорхой сайн харж  чадаагүй. Би тэр айлыг таньж мэдэхгүй, манай эхнэр ч таньж мэдэхгүй гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,

 

4. Гэрч Ж.Уын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:

“...Миний охин У.Д нь эцэг, эхээс гурвуулаа, миний том охин байгаа юм. Доороо эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй. Бага насаа эцэг, эхийн гар дээр Баянхонгор аймагт өссөн. Баянхонгор аймагт 10-н жилийн сургуульд 4 дүгээр анги хүртлээ суралцаад эмээ нь өөр дээрээ аваад сургуулиас нь гаргачихсан. Тэрнээс хойш эмээ дээрээ хөдөө цуг амьдарч байгаад 2012 онд Улаанбаатар хотод орж ирээд нөхөр Батсүхтэй танилцаж гэр бүл болоод 2 хүүхэд төрүүлсэн. Хүүхдүүд нь 2 ой гарантай Эгшиглэн, 5 сартай Энэрлэн гэх нэртэй 2 хүүхэдтэй. Ам бүл дөрвүүлээ оршин сууж амьдарч байгаа. Охин маань сургуульд суралцаж чадаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, нөхрийгөө бараадаад хадмынхаа хашаанд амьдарч байгаа. Охин маань бага зэрэг ааштай, хурц зантай, бусдаар бол цагаан цайлган сэтгэлтэй, амьдрал мэдэхгүй охин байгаа юм. Нөхөр хүүхдээ гээд л гэр бүлээ болж бүтээх гээд явдаг. Амьдрал ахуй тааруухан л байгаа даа. Өөр бусдаар бол ямар нэгэн муу зан зуршил гэх зүйл байхгүй. Мөрөөрөө л тэгээд хий гэснийг хийгээд явж байдаг. Архи дарс уг нь хэрэглэдэггүй байсан. Сүүлийн үед л жоохон архи уугаад байгаа бололтой юм шиг байна. Надад энэ хэргийн талаар мэдэх зүйл алга. Тэр хэрэгт холбогддог өдөр манайд хүүхдээ аваачиж тавьчихаад гараад явсан юм билээ. Тэгээд би байхгүй байсан болохоор Д жаахан уучихсан, буцаад хүүхдээ аваад явахаар нь би нөхөр рүү нь залгаад цаадах чинь сая манайхаас халамцуу хүүхдээ аваад гарлаа шүү, чи болбол тосоорой гэж хэлсэн. Тэгээд л ийм асуудалд орсон байсан. Өөрөө тухайн үед их согтуу байсан юм шиг байна лээ. Сүүлд өөрөө тэгж байсан. Яагаад хулгай хийснээ ч өөрөө сайн мэдэхгүй, ойлгохгүй байна гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,

 

5. Шүүгдэгч У.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:

“...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна. Би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 31-20 тоотод өөрийн хадам эгчийн хашаанд нөхөр, 2 хүүхдийн хамт гэрт амьдардаг. Би Улаанбаатар хотод 2012 онд ирээд түүнээс хойш амьдарч байгаа бөгөөд одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй гэртээ хүүхдээ харж байна. 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өөрийн найзтайгаа жаахан архи уугаад нилээн согтсон байсан. Тэгээд ээж Уын гэрээс бага хүүхдээ авчихаад гэр рүүгээ явж байх замд Мандал овоогийн тэнд нэг айлын хашаа руу ороход хашаанд нь монгол гэр байсан, хүнгүй байдалтай байсан. Тэгээд амбаарных нь хаалга онгорхой, үзэхэд хүн байхгүй болохоор нь цоожийг нь эвдэлж ороод гэрийнх нь хойморт бор өнгийн тавиур дээр байсан хар өнгийн 32 инчийн зурагтыг нь залгуураас нь салгаад хажууд нь байсан удирдлаганы хамт авсан. Тэгээд зурагтыг нь аваад зам дагаад явж байтал араас машинтай хүн ирээд цагдаа дээр авчирсан. Би уг зурагтыг бүрэн бүтэн хураалгасан. Би тэр айлыг таньж мэдэхгүй. Харих гээд л тэр хавиар алхаж явсан юм. Тухайн үед нилээн согтуу байсан. Мөнгө хэрэг болоод байсан учир хулгай хийе гэж бодоод дотогш орж зурагтыг нь авсан. Би тэгэхэд бага хүү 6 сартай Энэрлэнгийн хамт явж байсан. Өмнө нь хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Анх удаа л амар хялбар аргаар мөнгө олох зорилготой ийм асуудал гаргасан. Би зурагтыг аваад таарсан ломбардандаа тавина гэж бодож байсан. Би гэрийнх нь цоожийг чулуугаар доош нь цохисон чинь мултраад унасан. Намайг хулгайн гэмт хэрэг үйлдэх үед манай нөхөр байгаагүй. Би тэр айлаас зурагтыг нь аваад хүүхдээ тэврээд явж байхад нөхөртэйгээ гудамжинд таарсан. ... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...Надад эзэмшдэг эд хөрөнгө, банкинд харилцах данс хадгаламж, тээврийн хэрэгсэл байхгүй. Би тодорхой ажилгүй, орлого гэх зүйл байхгүй. Хүүхдийн мөнгө гэж сард нэг хүүхдийн 20.000 төгрөг авдаг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар тал/,

 

6. 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 3-7 дугаар тал/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 11-13 дугаар тал/,

 

7. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 202 дугаартай “...хэрэглэж байсан гэх 30 инчийн ЛСД зурагтыг 350.000 төгрөгөөр, цоожийг үнийг 3.500 төгрөгөөр үнийг тогтоосон...” тухай үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 41-43 дугаар тал/,

 

8. Шүүгдэгч У.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 58 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 59 дүгээр тал/, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны тодорхойлолт /хавтаст хэргийн 57 дугаар тал/, У.Дгийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дугаар тал/, түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /хавтаст хэргийн 61 дүгээр тал/, Батсүхийн Энэрлэн, Батсүхийн Эгшиглэн гэх хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 64-65 дугаар тал/ зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч У.Дгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

I.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч У.Д нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овооны 14 дүгээр гудамжны 25 тоотод оршин суух иргэн М.Гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 30 инчийн ЛСД зурагт хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгчийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Д болон шүүгдэгч нараас гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч У.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн орчим ... тоотод оршин суух иргэн М.Гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 30 инчийн ЛСД зурагт хулгайлан авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-хохирогч М.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 3 дугаар сарын 11-ний өглөө 08 цагт ажилдаа явахаар гэрээсээ гарсан, манай ээж өдөр 14 цагийн үед хүүхэд авах гээд гэрээсээ гарсан. Гарахдаа хаалгаа цоожлоод амбаарын хаалгаа хаагаад явсан байсан. ...17-18 цагийн үед манай хүргэн Төмөрхуяг хүүхдээ аваад гэрт ирэхэд гүйдэг хаалга онгойчихсон дотор нь хүний хөл харагдаад байсан гэсэн. Тэгээд машинаа хашаандаа оруулаад эргээд манай гэрийг шалгах гээд очиход гэрийн хаалганы цоожийг мулт цохиод, хаалгыг нь онгорхой орхичихсон, шагайж харахад зурагт байхгүй болсон байсан. Тэгээд хойд гудамжаар өгсөхөд зурагт тэвэрчихсэн нэг хүүхэн, бас хүүхэд тэвэрчихсэн нэг залуу таарсан гэсэн. ...Манай хүргэн манай зурагтыг хараад л таньсан гэсэн. ...Хар өнгийн Самсунг ТСЛ маркийн зурагт байсан. Хэвийн асуудалгүй ажиллаж байсан. Гэрийн цоожоо үнэлж мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,

-гэрч М.Чимэгсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг 30 минутын үед дүү Гийн гэрт нь ороод зул өргөчихөөд гэртээ ороод байж байтал 18 цаг 10 минутын үед манай нөхөр Төмөрхуяг ...гэртээ орж ирээд Гийн гэрт хэн байгаа юм бэ гэхээр нь хүн байхгүй, ...гэж хэлсэн чинь хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүн хаалгыг нь онгойлгоод намайг хараад хаачихлаа гэхээр нь юу яриад байгаа юм бэ, хүн байх ёсгүй гэсэн чинь манай нөхөр ...гэрээс гараад Гийн гэр рүү явсан. ...Нөхөр Гийн гэрээс гарч ирээд зурагт нь алга байна гэсэн. Тэгээд нөхөр намайг зүүн талын гудамжны үзүүрээр тойроод хүүхэд тэвэрсэн, зурагт барьсан эмэгтэй хүн явж байна уу, хар гэхээр нь би гүйгээд булан тойроод харахад байхгүй байсан. ...нөхөртэйгээ хамт машинд суугаад ... улаан өнгийн худагтай гудамжаар ороход өөдөөс зурагт тэвэрсэн эмэгтэй хүн гараад ирэхээр нь зурагтыг нь харахад манай дүүгийн зурагт мөн байсан.  ...Цагдаа нар ирээд нөгөө эмэгтэйг аваад явсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,

-гэрч Н.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай эхнэр гудамжны үзүүрийн тэнд хүүхдээ тэвэрчихсэн, нэг хар хөх өнгийн зурагт тэврээд явж байхаар нь юун зурагт юм бэ, чи наадхаа хая, хулгайн юм болоод л гудамжинд байгаа, чи яасан юм бэ гэхэд би олсон юмаа гээд байсан. ...нэг машин ирж зогсоод 2 хулгайчаа суу гээд цагдаа дуудаад ирэхэд нь ийм асуудал болсон гэдгийг мэдсэн. Би эхнэрийгээ тэр үед хулгай хийсэн гэж бодоогүй, олсон гэхээр нь наадхаа хая хая, хулгай юм байгаа болоод л гадаа байж таараа гэж хэлээд хүүхдээ аваад явж байсан юм. ...Тэр зурагт хар өнгийн л жижиг зурагт байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,

-шүүгдэгч У.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өөрийн найзтайгаа жаахан архи уугаад нилээн согтсон байсан. ...Мандал овоогийн тэнд нэг айлын хашаа руу ороход хашаанд нь монгол гэр байсан. ...амбаарных нь хаалга онгорхой, үзэхэд хүн байхгүй болохоор нь цоожийг нь эвдэлж ороод гэрийнх нь хойморт бор өнгийн тавиур дээр байсан хар өнгийн 32 инчийн зурагтыг залгуураас нь салгаад хажууд нь байсан удирдлаганы хамт авсан. Тэгээд зурагтыг нь аваад зам дагаад явж байтал араас нь машинтай хүн ирээд цагдаа дээр авчирсан. Би уг зурагтыг бүрэн бүтэн хураалгасан. ...мөнгө хэрэг болоод байсан учир хулгай хийе гэж бодоод дотогш орж зурагтыг нь авсан. ...Би зурагтыг аваад таарсан ломбардандаа тавина гэж бодож байсан. Би гэрийнх нь цоожийг чулуугаар доош нь цохисон чинь мултраад унасан. ...Би тэр айлаас зурагтыг нь аваад хүүхдээ тэврээд явж байхад нөхөртэйгээ гудамжинд таарсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар тал/, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 3-7 дугаар тал/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 11-13 дугаар тал/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 202 дугаартай үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 41-43 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч У.Д нь хохирогчийн гэрээс эд зүйлийг нь авч гараад гудамжинд явж байхдаа хохирогчийн эгч болон цагдаад баригдсан байх бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь төгссөн байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Түүнчлэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр гэх зэргийг хамааруулна.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч У.Д нь мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь хангалттай тогтоогдсон байна. Мөн шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тус гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч У.Дг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч У.Д нь хохирогчийн гэрээс авсан ЛСД зурагтыг хохирогч М.Гт биетээр нь буцаан өгсөн байх ба түүнийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсаны дараа шууд бус хохирол болох хохирогчийн гэрийн эвдэрсэн цоожны үнэ 3.500 төгрөгийг хохирогчийн “Хаан” банкинд эзэмшдэг данс руу шилжүүлсэн. Шүүгдэгч У.Д нь хохирогч М.Гт энэ тогтоолоор төлөх төлбөргүй байна.

Харин хохирогч М.Г нь энэ хэргийн улмаас хоёр өдөр ажлаа хийж чадаагүй тул цалин хөлс 70.000-80.000 төгрөг нэхэмжилнэ гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх боловч энэ талаар нотлох баримтгүй байх тул шүүх эрүүгийн хэрэгтэй хамтатган иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байна. Иймээс хохирогч М.Г нь нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бага насны 2 насны хүүхэдтэй, урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй зэрэг байдлыг харгалзан шүүгдэгч У.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Дгээс “...шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, бага насны 2 хүүхэдтэй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч У.Д нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүгдэгч У.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бага насны хүүхэдтэй хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах тухай заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. ...” гэж заасан. Өөрөөр хэлбэл хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан хорих ялыг эдлүүлэх шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулах эсэхийг шүүх шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

Харин шүүгдэгч У.Дгийн холбогдсон гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ял оногдуулахаар хуульчилсан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

4.Бусад асуудлаар:

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нэг хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ш овогт Уын Дг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч У.Дд 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч У.Дгийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 01 (нэг) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Дд оногдуулсан 1 жил (нэг) 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор хохирогч М.Гт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгэрэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Г нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч У.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд У.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.АЛТАНТУЯА