Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 751

 

    У.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

            прокурор Р.Энх-Оюун,

            шүүгдэгч У.Д, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 387 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Д-н  гаргасан давж заалдах гомдлоор У.Д-д холбогдох 1908 01490 0417 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн У-н Д, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ....... аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ............. дүүргийн .... дугаар хороо, ............ дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;

У.Д нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний орой 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ...... ... дүгээр гудамжны 25 тоотод оршин суух иргэн М.Г-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 30 инчийн, TCL загварын, LCD зурагт хулгайлан авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: У.Д-н  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У.Д-г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар У.Д-д 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар У.Д-н  цагдан хоригдсон 1 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар У.Д-д оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор хохирогч М.Г-т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Г нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Би 0-2 насны хоёр хүүхэдтэй. Нөхөр Б нь ар гэрээ ганцаараа тэжээж, ажил хөдөлмөр хийдэг учир 2 хүүхдийг маань миний ээж болон хадам ээж хардаг. Хоёр ээж маань хоёулаа өндөр настай, бие нь муу, бага насны хүүхдүүдийг маань харж, асрахад маш хэцүү байгаа.

2. Миний бие өөрийн хийсэн хэрэгтээ маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид учруулсан хохиролгүй, хохирогч гомдолгүй болсон.

Би хоёр хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдарч, дахиж хэзээ ч гэмт хэрэгт холбогдохгүй. Дээрх байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж, оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...”  гэв.

Шүүгдэгч У.Д-н  өмгөөлөгч Ч.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... У.Д нь бага насны 2 хүүхэдтэй, нэг хүүхэд нь хөхөөр хооллож байгаа. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв. 

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч У.Д нь хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлийг хулгайлан авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Хулгайлан авсан эд зүйлээ биет байдлаар буцааж өгсөн. Анхан шатны шүүх У.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангид заасан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй болсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

У.Д нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний орой 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ........... тоотод оршин суух иргэн М.Г-н монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, 30 инчийн, TCL загварын зурагт хулгайлан авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч М.Г-н “... Манай хүргэн Төмөрхуяг хүүхдээ аваад гэрт ирэхэд гүйдэг хаалга онгойчихсон дотор нь хүний хөл харагдаад байсан гэсэн. Тэгээд хашаандаа машинаа оруулаад манай гэрийг шалгах гээд очиход гэрийн хаалганы цоож мулт цохиод хаалгыг нь онгорхой хаячихсан байсан. Шагайж харахад зурагт байхгүй болсон байсан. ...” /хх 20-21/,

гэрч Н.Батсүхийн “... Би хадам ээжтэй ярихад “Д хүүхдээ аваад гарсан шүү, цаадах чинь жоохон юм уучихсан байна лээ” гэхээр нь би өөдөөс нь тосоод очиход манай эхнэр гудамжны үзүүр дээр хүүхдээ тэвэрчихсэн, нэг хар өнгийн зурагт тэврээд явж байхаар нь “юун зурагт юм бэ, наадахаа хая, хулгайн юм болоод л гудамжинд байгаа, чи яасан юм” гэсэн чинь “би олсон юм аа” гээд байсан. Би хүүхдээ аваад түрүүлээд алхаад явж байтал доороос нэг машин ирж зогсоод “хоёр хулгайч аа суу” гээд цагдаа дуудсан. ... Эхнэрийгээ тэр үед хулгай хийсэн гэж бодоогүй, олсон гэхээр нь “хулгайн юм байгаа болоод л гадаа байж таараа” гэж хэлээд хүүхдээ аваад явж байсан. ...” /хх 30-31/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-7/, илтгэх хуудас /хх 8/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 11-12/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 41-43/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч У.Д-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч У.Д-н  үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн шүүгдэгч У.Д-д анхан шатны шүүхээс 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байх тул “...хорих ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Түүнчлэн анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх дахин дүгнэх, өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг шат шатны шүүхэд хэрэглэн, хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн боломжгүйг дурдах нь зүйтэй.