Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Лхагвасүрэнд холбогдох эрүүгийн

хэргийн тухай    

 

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор                                                        П.Ганбаатар

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн

өмгөөлөгч                                                      Б.Ариунбаяр

            Ялтны өмгөөлөгч                                          Ц.Бат-Эрдэнэ

            Ялтан                                                             Б.Лхагвасүрэн

            Нарийн бичгийн дарга                                  Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан;

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Р.Алтанцэцэг, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Бямбаа, хохирогчийн өмгөөлөгч Б.Ариунбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Б.Лхагвасүрэнд холбогдох 201403000293 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын харъяат, 1973 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Чулуут сум Зуун мод багийн Баянбулаг гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Олохнууд овогт Бэгзээгийн Лхагвасүрэн /РД:АП73121370/

 

Б.Лхагвасүрэн нь Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багийн нутаг дэвсгэр Чулуун хороот гэх газар 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр талийгаач Ц.Бумандоржийг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу архи уулаа харьж амар  гэх шалтгаанаар гараараа түлхэж газар унагаж тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорхи тархмал цус харвалт, тархины няцрал гэмтлийг учруулж шууд бус санаагаар, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр алсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Лхагвасүрэнд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор:

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Лхагвасүрэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж;

Олохнууд овогт Бэгзээгийн Лхагвасүрэнг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож;

Шүүгдэгч Б.Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж;

Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Лхагвасүрэнд оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж;

Шүүгдэгч Б.Лхагвасүрэн нь 163 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй болохыг тус тус дурдаж;

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар шүүгдэгч  Б.Лхагвасүрэнгээс 1.500.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбаад олгож, хохирлын дүнгээс 5806300 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж;

17 тооны мал битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 10 сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг энэ шийтгэх тогтоолоор гаргуулахаар заасан иргэний нэхэмжлэлийг хангах хүртэл хэвээр үлдээж;

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.Лхагвасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж;

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лхагвасүрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ц.Бямбаагийн гаргасан давж заалдах гомдолд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбаа миний бие Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь Б.Лхагвасүрэн нь Ц.Бумандоржийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар заамдан авч санаатайгаар түлхэж унаган зодож, алсан гэж үзэж байна. Шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Миний дүү болох Ц.Бумандоржийн эхнэр Болормаа нь ээжийнхээ эгчийн хүүхдийн хурим найранд бэр гуйлгахаар авч яваад архи уусан халамцуу байдлыг ашиглан эхнэр Болормаагийн ах болон бусад хамаатан садангууд нь нийлж хувийн өс хонзон бодож таагүй харьцааны улмаас зодож нүдэн биед нь маш хүнд гэмтэл учруулж алсан учир гомдолтой байна. Миний дүү эгч дүү үр хүүхдүүд бид нартаа нөмөр нөөлөгтэй хүн байсан. Эхнэр Болормаагийн ах дүү хамаатан садан бид нарыг харж хандах хүнгүй, сул дорой гэж дээрэлхэж доромжилж байна. Талийгаач маань чадах ядахаараа ажил хийгээд хэдэн хүүхдээ амьдралаа залгуулж явдаг байсан. Зан ааш нь шулуун шударга зантай, хүнд хоргүй тусархаг сайхан сэтгэлтэй хүний арга эвийг олоод явдаг хүн байсан. Миний дүүг архи уулаа гээд зодож алж болдог юм уу. Б.Лхагвасүрэн нь миний дүүг архи уусан байдлыг нь далимдуулан санаатай зодож алсан байтал анхан шатны шүүх хэргийг буруу зүйлчилж, Б.Лхагвасүрэнг ял завшуулсанд гомдолтой байна. Мөн Б.Лхагвасүрэн болон дүү Болормаа мөн бусад гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо ямар ч авцалдаа байхгүй, ноцтой зөрүүтэй, зөрж худлаа ярьцгаасан. Үхсэн хүн үг хэлэх биш гэж миний дүүгийн алтан амийг хөнөөчихөөд бас элдвээр доромжилсон байна лээ. Тухайн үед талийгаач Ц.Бумандоржийн биед маш олон тооны гэмтэл шарх, сорви учирсан байдаг бөгөөд үүнийг Б.Лхагвасүрэн нэг удаагийн болгоомжгүй үйлдлээрээ учруулсан байх боломжгүй юм. Мөн бусад шарх, гэмтлүүд нь тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорхи тархмал цус харвалт гэмтэлтэй нэг цаг хугацаанд үүссэн байдаг. Иймд талийгаачид учирсан олон тооны гэмтэл шархыг Б.Лхагвасүрэн өөрийн санаатай хэд хэдэн удаагийн үйлдлээрээ учруулсан гэж үзэж байна. Миний дүү муу ч гэсэн өчнөөн олон жил ханилсан үр хүүхдүүдийнх нь эцэг шүү дээ. Миний дүүг хайхрахгүй юмаа гэхэд хэдэн өнчин үлдсэн хүүхдүүдээ боддоггүй ямар муухай хатуу сэтгэлтэй арилцан дотортой эмэгтэй хүн бэ. миний дүүг бас унаж тусдаг, оюуны хомсдолтой мориноос унасан гэж худал хуурмаг юм ярьсан байсан ба Чулуут сумын эмч Дуламсүрэн , Оюунаа гэх эмч нар ард иргэдийнхээ эрүүл амьдралын төлөө явдаг л юм бол талийгаач Ц.Бумандоржийг унаж тусдаг байхад нь харж үзэж халамжинд авах нь яасан юм. Бид нар эхнэр авах хүртэл нь дүүтэйгээ хамт амьдарч байхад эв эрүүл унаж тусдаггүй, янз бүрийн өвчин эмгэггүй хүн байсан. Харин Болормаатай суугаад Болормаагийн ах дүү нар нийлж зодож нүдэж дээрэлхэж унаж тусдаг янз бүр болгосон юм байлгүй. Манай эгч хүргэн ах нар 90 жилийн ойн баяраар ирээд явахад дүү Ц.Бумандорж зүв зүгээр л байсан. Харин 9 сарын 1-нд хуримтай гэхэд манай эгч хуриманд явж яах гэсэн юм миний дүү Ц.Бумандорж явахгүй эхнэр Болормаа явна гэж байсан. Ойгоор Болормаагийн ах дүүс нь бас хотоос ирсэн байсан. Хотоос ирсэн ах дүүс нь манай эгчид бид нар ирээд 3 хоноод байж байна манай Ц.Бумандорж ерөөсөө гэрээс гарахгүй ёстой томоотой сайн хүн юмаа гэж хүртэл манай эгч Оюунбилэгт ярьсан байсан. Миний дүүгийн сайхан сэтгэлийг ашиглан амь насыг хохироосонд бид үнэхээр гомдолтой байна. Төр нь ард иргэддээ адил тэгш эрхтэй хандах ёстой биздээ Чулуут сумын засаг дарга хүртэл Б.Лхагвасүрэнг маш их сайн сайхнаар хэлж өндөрт өргөж миний дүү Ц.Бумандоржийг муу муухайгаар нь бас доромжилсон тодорхойлолт гаргаж өгсөн байсан. Засаг дарга хүн ийм тодорхойлолт хийж өгөх эрхтэй юмуу тэр хувь хүнийг тийм сайн мэддэг юм уу. Ухамсартай сэхээтэн хүн нэг хүнийг ад шоо үзэж гадуурхаж нэгийг нь өмгөөлж хамгаалж өндөрт гаргаад тийм хууль дүрэм гэж байдаг юм уу. Талийгаачийг Ганбаа дарга дуудаж байна ажилд яваад ир гэж байна гээд их явдаг байсан ёстой усыг тусаар гэгчээр хүн гэдэг чинь муухай болчихсон юм байна. Засаг дарга нь хүртэл ингэх ч гэж дээ гэж миний зүрхээр хатгах шиг л болсон. Биднийг харж хандах хүнгүй бидний төлөө явах хүнгүй ч бай хууль гэж байдаг хууль шийдэж өгөх байх гэж найдаж байсан шүүх энэ хэргийг буруу шүүсэн тул үнэхээр гомдолтой байна. Үлдсэн хэдэн хүүхдүүд нь харж хандах хүнгүй, тэтгэвэрийн 2 хөгшин харсан болоод хэцүү байдалтай байна. Улсын баяраар 2 бага хүүхэд нь хоёуулахнаа наадмын талбай дээр таньдаг хүнээ бараадаад л биднийг хайгаад гүйгээд ирсэн. Манайд очиж хоночихоод маргааш нь гэртээ харих уу гэрт нь хүргээд өгье гэхэд гэртээ харихгүй гээд тэгээд ээж рүү нь ярьсан чинь урдаас ээж нь уурлаад том охин нь ирж аваад явсан. Тэр хэдэн хүүхдүүд харж хандах хүнгүй, хоолтой хоолгүй, өмсөх хувцасгүй нимгэн нойтон өлөн зэлмүүн хэцүү л байдалтай байна. Гэртээ харихгүй гээд уйлаад байгаа хүүхдүүд гэр орондоо ямар байгаа нь ойлгомжтой биш гэжүү. Миний дүүгийн хүүхдүүд ааваасаа салдаггүй хаана явна үргэлж л цуг явдаг байсан. Дүү маань л үр хүүхдүүдээ гэр бүлээ авч явдаг байсан болохоор үр хүүхдүүд нь хохирч үлдэж байна. Энэ хүүхдүүдийн ирээдүйг нь одоо бодоход ч хэцүү байна. Талийгаач дүүгийн маань амь насыг бүрэлгэсэн хэргийг хадмын талын төрсөн ах дүү нар нийлж хуйвалдан хэргийг буруу тийшээ эргүүллээ. Энэ хэрэг бол зөвхөн манай бэр Болормаа төрсөн ах дүү нарын найр наадмын дунд болсон ба манай дүүг түлхэн унагасан Б.Лхагвасүрэнг хаацайлж буруу зөрүү авцалдаагүй мэдүүлгүүдийг шүүх үндэслэл болгосон байна. Мөн нөгөө талаас манай талын өмгөөлөгч рүү 2, 3 сая төгрөг өгье гэж ярьсан байсан. Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 43 тоот дүгнэлт:...1. талийгаач Ц.Бумандоржийн биед оношын 1, 2-рт тусгагдсан тархины битүү хүнд гэмтэл, түүний хүндрэл, оношын 3-А-д тусгагдсан цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, жижиг, зулгаралт нь хэсэг газрын шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Талийгаач нь тархины зөөлөн бүрхүүл доорх тахмал цус харвалтын улмаас нас баржээ. 4. Шинжилгээгээр ходоодны салстын үрэвсэл өвчтэй байна. Энэ нь үхэлд нөлөөлөхгүй. Амбульторийн картнаас: талийгаач нь хүндэвтэр хэлбэрийн оюуны хомсдол /F71-ӨОУА/ өвчтэй байна. Энэ өвчний улмаас сэтгэцийн эмчийн хяналт болон группт байдаг. 6. 2014 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 02 цагийн үед шинжилгээнд орох үеийн шинжээр нас бараад 8-10 цаг орчим болжээ...” гэх дүгнэлт /хх-ийн 61 дүгээр тал/

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1106 тоот дүгнэлт: “... 1. Урьд гаргасан Архангай аймгийн ШША-ны шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн 43 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Талийгаачид тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорхи тархмал цус харвалт, тархины няцрал, толгойн хуйхан доорхи баруун чамархайн булчин, баруун бөөрний өөхлөг, баруун хавирганы нум орчмын 10, 11-р хавирганы түвшинд, суганы арын шугамаар 10, 11, 12-р хавирганы түвшинд орчны зөөлөн эдэд цус хуралт, дух, цээж, зүүн бугалганд цус хуралт, баруун чих, мөр, зүүн тохойд зулгаралт гэмтэл учирчээ. 3. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Талийгаач нь тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорхи тархмал цус харвалт, тархины няцралын улмаас нас баржээ. 5. Амбульторийн картнаас үзэхэд талийгаач нь хүндэвтэр хэлбэрийн оюуны хомсдол өвчтэй байсан байна. 6. Талийгаачид учирсан тархины зөөлөн бүрхүүл хальсан доорхи тархмал цус харвалт нь гэмтлийн улмаас үүссэн байна. 7. Талийгаач нь морь унах гэж байгаад морин дээгүүрээ давж унасан үед тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт, тархины няцрал гэмтэл үүссэн байх боломжгүй. 8. Харин бусдад түлхүүлж унаад ухаангүй болсон гэснээс үзэхэд энэ үед тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт тархины няцрал гэмтэл үүссэнээс хойш идэвхитэй үйл хөдөлгөөн хийх боломжгүй. 10. Тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт, тархины няцрал гэмтэл авсан хүн хэдий хугацаанд байхыг нарийвчлан тогтоох боломжгүй. Учир нь тухайн хүний бие махбодийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 112 дугаар тал/

            Энэ шүүх шинжилгээний хариу болох талийгаачийн биед байгаа гэмтлүүдийг найр болдог өдөр авсан ба өмнө нь ийм гэмтлүүд байгаагүй. Манай дүү Ц.Бумандорж тэр найран дээр агсан согтуу тавьж бусдын жихүүцлийг хүргэхүйц тийм үйлдэл хийгээгүй болно. Хүнд хүн дээр очиж хүзүүдэж найрсагаар юм ярьсан байдалтай байсан ба миний дүү тэнд агсан согтуу тавьж бусдын зэвүүцэл зэхүүцлийг хүргээгүй энэ байдлыг нь ашиглаж Б.Лхагвасүрэн дээрэлхэж дорд үзэж заамдаж барьж аваад түлхэж унагаад санаатай алсан гэж үзэж байна. Мөн шинжээч эмчийн шинжилгээгээр: мөрдөн байцаалтын шатанд өгсөн шинжээч эмч Б.Отгонжаргал “Талийгаач Ц.Бумандоржийн цогцос мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Д.Баттогтохын 2014 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шинжээч томилсон тогтоолын дагуу шүүх эмнэлэгийн магадлан шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр гадна үзлэгээр зүүн гарыг бугалганы гадна дунд хэсэг жижиг дугараг цус хуралт, баруун мөрний ар, зүүн тохойн гадна, хажуу жижиг зулгаралт, баруун чихний дэлбээний дээд ирмэгт жижиг жижиг цус хуралттай байсан. Гавал тархины үзлэгээр хуйхан доор баруун чамархайн булчинд түүний харалдаа ясны хальсан доор нимгэн цус хуралттай байсан, гавлын орой суурь яс бүтэн, харин тархины зөөлөн бүрхүүл хальсан доор тархмал цус харвалттай байсан. Дотор эрхтний үзлэгээр баруун бөөрний өөхлөг, хэвийн баруун хажуу доод хэсгээр 10, 11 дүгээр хавиргаы түвшинд орчны зөөлөн эдэд хар хүрэн өнгийн цус хуралттай, мөн химийн шинжилгээгээр дунд зэргийн согтолттой байсан. Дээрхи гэмтлүүдийг үндэслэн онош тавьж дүгнэлт гаргасан. Тархины зөөлөн бүрхүүл доорх зай дахь артери, венийн судас болон салаанууд гэмтснээс зөөлөн бүрхүүл доорх цус харвалт үүснэ. Зөөлөн бүрхүүл доорх цус харвалт нь зүрх судасны системийн өвчин, тархины судасны хатуурал, тархины судасны өвчин мөн гэмтлийн улмаас үүсдэг. Талийгаач Ц.Бумандоржийн цогцост хийсэн магадлан шинжилгээгээр тархины орой болон суурь, бага тархины зөөлөн бүрхүүл доор тархмал зузаан цус харвалттай байсан. Баруун чамархай хэсгээр илүү зузаан байсан. Талийгаач Ц.Бумандоржийн тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт нь гэмтлийн улмаас үүснэ. Тархины орой сууриар үүссэн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт нь тархины мэдрэлүүд уртавтар тархийг цочроож түүнд байгаа зүрх судас амьсгалын төвүүдийг цочроон даралт унаж үхэлд хүргэдэг. Мориноос унах үед баруун талаар үүсэн гэмтлүүд болох баруун бөөрний өөхлөг хэвлийн баруун хажуу доод хэсгээр 10, 11-р хавирганы түвшинд орчны зөөлөн эдэд хар хүрэн өнгийн цус хуралт гэмтлүүд үүсэх боломжтой. Морь унах гэж байгаад дээгүүр нь давж унах үед тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт үүсэх боломжгүй. Морьноос унах болон морь унах гэж байгаад дээгүүр нь давж унахад тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтэл хэрэв үүссэн бол уг гэмтлийг авсан хүн удаан хугацаагаар үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. Учир нь зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалтын улмаас тархины суурь уртавтар тархинд байх амьсгал зүрх судасны төв цочирч даралт унаж, амьсгал зүрх судас зогсож үхэлд хүргэдэг гэх шинжилгээний хариу гарч, миний дүү Ц.Бумандоржийг Б.Лхагвасүрэн нь санаатайгаар алсан байтал бусдыг болгоомжгүй алсан гэж анхан шатны шүүх дүгнэн хэргийг буруу зүйлчилж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, зүйлчлэлийг зөвтгөн хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Хохирогчийн өмгөөлөгч Б.Ариунбаярын гаргасан давж заалдах гомдолд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөпөгч Б.Ариунбаяр миний бие Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 22-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна. Учир нь 2014 оны 08 сарын 01-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн нутаг Чулуун хороот гэх газарт уг гэмт хэрэг гарах үед байсан гэрчүүд болох Д.Болормаа, Б.Эрдэнэдалай, Б.Баасанбат. С Норовсамбуу нар маш тодорхой гэрчийн мэдүүлгүүд өгсөн байдаг. Тухайлбал гэрч Д.Болормаагийн 2-р ХХ-ийн 372-373-р талд өгсөн мэдүүлэгт “ Лхагвасүрэн ахыг өдөөд хоргоогоод байсан, тэр үед Лхагвасүрэн ах босч ирээд талийгаачтай барьцалдаад авсан.Тэгэхээр нь би очоод салгах гээд байж байх уед Лхагвасүрэн ах талийгаачийг заамдсан байж байгаад гараараа 1 удаа түпхсэн” гэх мэдүүлэг. Мөн бусад гэрч нар Лхагвасүрэн, талийгаач нар хоорондоо харилцан бие биенээ заамдалцаж, барьцалдаад авсан талаар мэдүүлдэг. Энэ нь тухайн үед Б.Лхагвасүрэн болон Ц.Бумандорж нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэн гэдгийг нотолж байгаа бөгөөд Лхагвасүрэн нь хувийн сэдэлтээр бусдын амь насыг хохирооход чиглэсэн идэвхтэй үйлдэл хйисэн буюу түлхэж тапийгаачийн амь насыг хохироосон гэж үзэж байна. Эруүгийн хуулийн 94 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн тухайд гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив тапын сэдэлт, зорилго нь тодорхойгүй буюу тодорхой сэдэлтгүй үйлдэгддэг. Гэтэл Б.Лхагвасүрэн нь талийгаач Бумандоржийг хувийн сэдэлтээр буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас түлхэж санаятяигаар амь насыг нь хохироосон байхад анхан шатны шуүх хэргийг буруу зүйлчилж бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь шүүх Эрүугийн хуулийг буруу хэрэглэсэн буюу ЭБШ хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.2-т заасан "Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн хуулийн 321.1.1-т заасан “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 31.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангаж байхад зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх талийгаач Бумандоржид учирсан олон тооны шарх гэмтэл /тархины тархмал цус харвалтаас бусад/-д хуульзүйн дүгнэлт хийгээгүй, шүүхийн тогтоол тодорхой, ойлгомжтой байх шаардпагыг хангаагүй, хэргийн зүйлчлэл үйл баримттай хэрхэн уялдаж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 22-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, зүйлчлэлийг зөвтгөн, хэргийг анхан шатны шуүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

                                                         

            Архангай аймгийн Прокурорын газар яллагдагч Б.Лхагвасүрэн нь 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багийн Чулуун хороот гэх газар хохирогч Ц.Бумандоржийг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу архи уулаа, харьж амар гэх шалтгаанаар гараараа түлхэж, газар унагаж, тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорхи тархмал цус харвалт, тархины няцрал гэмтлийг учруулж, шууд бус санаагаар, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр алсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллагдах үндэслэлтэй гэж үзэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Лхагвасүрэнгийн үйлдэл нь хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь гэмт хэргийн үйл баримт, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрээр үгүйсгэгдэж байна гэж дүгнээд, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр бусдыг алсан гэж үзэн, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шийдвэрлэжээ.

 

              Хэрэгт  цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Лхагвасүрэнгийн үйлдэл тогтоогдсон, түүнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

            Анхан шатны шүүх энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд хууль ёсны болох талаар зөв дүгнэлт хийсэн.       

 

            Харин шүүгдэгч Б.Лхагвасүрэнгийн үйлдэл хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь ... үгүйсгэгдэж байна гэсэн ойлгомжгүй, өрөөсгөл дүгнэлт хийжээ.

 

            Тодруулбал хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь ... үгүйсгэгдэж байна гэсэн агуулга нь санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж ойлгогдохоор байна.

 

            Мөн шүүх хүнийг санаатай алах гэмт хэргийн хувьд ... бусдын амь насыг санаатай хохирооход чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрсэн байдаг гэснээ шүүгдэгч Б.Лхагвасүрэнгийн хохирогч Ц.Бумандоржийг түлхэж, унагасан үйлдлийг өөрөөсөө холдуулах зорилгоор түлхэж, уг үйлдлээс гарах үр дагаварт хайхрамжгүй хандан, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзжээ.

 

            Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн бол гэмт хэрэг шууд бус санаатай үйлдсэн гэж үзэхээр Эрүүгийн хуульд заасан.

 

            Шүүгдэгч Б.Лхагвасүрэн, хохирогч Ц.Бумандорж нар заамдалцсан байж байгаад Б.Лхагвасүрэн, хохирогч Ц.Бумандоржийг түлхэхэд хохирогч газар унасан, улмаар ухаан алдаж, ухаан оролгүй байж байгаад нас барсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байгаагаас дүгнэхэд шүүгдэгч Б.Лхагвасүрэн нь хохирогч Ц.Бумандоржийн амь насыг хохироохыг хүсээгүй ч түүний үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон байх тул Эрүүгийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар түүнийг шууд бус санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлгүй тул хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

 

             Яллагдагч Б.Лхагвасүрэнг шүүхэд шилжүүлэх тухай анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж 2016 оны 06 сарын 03-ны өдөр гарч, шүүх хуралдааныг 2016 оны 06 сарын 13-ны өдрийн 09 цаг 30 минутанд хийхээр товлож, шүүх хуралдаанд 1 иргэдийн төлөөлөгч оролцуулахаар шийдвэрлэжээ.

 

            Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу шүүх хуралдааны тов зарлагдмагц шүүхийн тамгын газар иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаан тус бүрд сугалаагаар хуваарилах, шүүх хуралдаанд оролцох тухай шүүхийн мэдэгдэх хуудсыг шүүх хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шалгарсан иргэнд хүргүүлэх учиртай.

 

            Шүүхийн Тамгын газар шүүгдэгч Б.Лхагвасүрэнгийн шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчөөр Ц.Эрдэнэ-Очирыг 2016 оны 06 сарын 13-ны өдөр сонгосон байна.

 

            Гэтэл анхан шатны шүүх Ц.Эрдэнэ-Очирыг иргэдийн төлөөлөгчөөр сонгоогүй байхад буюу 2016 оны 06 сарын 10-нд Ц.Эрдэнэ-очирт иргэдийн төлөөлөгчөөр оролцуулах мэдэгдэх хуудсыг хүргүүлж, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулж, Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3, 4, 16 дугаар зүйл, “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан эрх, үүрэг” болон шүүх хуралдааны дэгийг тайлбарлан өгч, хэргийн материалыг танилцуулж, хуульд заасан журмыг зөрчжээ.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

            Гэрч Д.Болормаа давж заалдах шатны шүүхэд энэ хэрэгт хохирогчоор тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх үндэсгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. 322 дугаар зүйлийн 322.1-т заасныг тус тус удирдлага болгон;

                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 62 дугаар зүйлийн 62.1.5-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.Лхагвасүрэнд хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-т зааснаар магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ. ШҮҮГЧ                                Т.ДАВААСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                Б.НАМХАЙДОРЖ

                             

                                                                                   М.МӨНХДАВАА