| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 183/2022/01546/И |
| Дугаар | 210/МА2025/01713 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/01713
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/04299 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******** холбогдох,
Хан-Уул дүүргийн 11-р хороо, ******, *******, ******* тоот амины орон сууцны 90 хувийн өмчлөгчөөр *******, 10 хувийн өмчлөгч нь ******* мөн болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,
орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 11-р хороо, ******, ******* тоот хаягт байрлалтай 325.6 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг засаж сэлбэж тохижуулахын тулд 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр *******-иас 327,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан мөн өдрөө барьцааны гэрээ байгуулсан. Уг зээлийг төлж чадаагүй тул Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШН12019/01225 дугаар захирамжаар *******-нд 327,000,000 төгрөг төлөхөөр болсон. Энэ төлбөрийг төлөөгүй учир ******* нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн аманд байрлах *******ы 4 давхар амины орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан.
Улмаар өөрийн өмчлөх эрхийг буцааж авахын тулд өөрийн итгэлт дүү *******тай харилцан тохиролцож, *******-иас авсан миний зээлийг ******* төлөх, ******* төлсөн 327 сая төгрөгт би 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс сарын 3 хувийн хүү тооцож өгөхөөр тохиролцож тооцоо нийлж гарын үсгээ зурсан. Миний өмчлөлийн 4 давхар орон сууцны өмчлөх эрх *******-иас ******* нэр дээр 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шилжсэн.
Миний орон сууцны барилга нь одоогийн байдлаар 2.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн байдаг бөгөөд зах зээлийн ханш нь ойролцоогоор 3.5 тэрбум төгрөг юм. ******* барилгын өмчлөлийг өөрийн нэр дээр болгомогцоо тохиролцоогоо мартаж, надад шилжүүлэхээс татгалзаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.
******* нэгэнт миний барилгыг өмчилж байгаа нөхцөлд бид барилгад оруулсан хөрөнгийн хувиар дундаа хамтран өмчлөх байдлаар асуудлыг зохицуулж болно.
Иймд, оруулсан хөрөнгийг харгалзан үл хөдлөх эд хөрөнгийн 90 хувийн өмчлөгч нь *******, 10 хувийн өмчлөгч нь ******* мөн болохыг тогтоож өгнө үү.
1.2. Хөрөнгийн 90 хувийн өмчлөгч учраас хууль бусаар байранд амьдарсан гэж үзэхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. ******* нь 2015 оноос эхлэн надаас мөнгө зээлж эхэлсэн ба энэ үеэс эхлэн бидний хооронд мөнгө, санхүүгийн асуудал үүссэн. Тэрээр 2020 оны 04 дүгээр сард ирж уулзахдаа Хан-Уул дүүргийн 11-р хороо, *******, *******ы амины орон сууцны ******* тоот хаягт байрлах 638.71 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөө *******-д зээлийн барьцаанд тавиад 327,000,000 төгрөгийн өр төлбөрт алдчихсан, чи энэ үнээр нь худалдаад авчих гэж хэлсэн.
******* хэлсний дагуу би *******-тай арилжааны гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Их Монгол Улсын гудамж, 207 дугаар байрны 66 тоот хаягт байрлах 71.11 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 199,108,000 төгрөгт, 2011 онд үйлдвэрлэгдэж, 2020 онд импортлогдсон, цайвар цэнхэр өнгөтэй RХ350 маркийн суудлын автомашиныг 47,000,000 төгрөгт, 2016 онд үйлдвэрлэгдэж 2020 онд импортлогдсон, хар өнгөтэй NХ200 маркийн суудлын автомашиныг 80,892,000 төгрөгт тооцож өгсөн.
Өмчлөгчөөр бүртгүүлсний дараа 90 хувийн гүйцэтгэлтэй байсан хөрөнгөд өөрийн зардлаар нэмэлт засвар үйлчилгээ хийгээд орон сууцны гэрчилгээг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шинэчилж авсан.
*******-тай байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм.
Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.2. Миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, *******, *******ы амины орон сууцны ******* тоот хаягт байрлах барилгын 1 дүгээр давхрыг ******* хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 108 дугааар зүйлийн 108.1 дэхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******** холбогдуулан гаргасан нэхэмжлэгч *******н Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******, *******ы амины орон сууцны ******* тоотод байрлах, 726.99 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 90 хувийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******, *******ы амины орон сууцны ******* тоотод байрлах, 638.71 мкв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй 4 давхар үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөхийг *******д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч ******** олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагч тухайн барилгыг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байдлаа ашиглаж, *******тай хийсэн тохиролцоогоо умартан миний өмч хөрөнгө гэх болж, энэхүү маргаан эхэлсэн.
Нэхэмжлэгч өөрийн амьдарч байсан орон гэр, унаж байсан унаа зэргээ худалдаж, амьдралынхаа туршид өөрийн хөдөлмөрөөр цуглуулсан хэдэн төгрөгөө нэмж, зээл авах зэргээр энэ барилгын гүйцэтгэлийг 100% болгосон байтал анх худалдаж авсан каркасных нь үнэд ч хүрэхгүй 327 сая төгрөгт буюу 10 дахин бага үнээр худалдана гэж байхгүй.
******* сарын 3 хувийн хүүтэйгээр буцаан төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлж чадаагүй байгаатай холбогдуулан тус өрөндөө барилгынхаа 10 хувийг түүнд үлдээхэд татгалзахгүй.
Анхан шатны шүүх талуудын 2021 оны 02 сарын 08-ны өдөр үйлдэж, гарын үсгээ зурсан нотлох баримт, харилцаж байсан цахим захидлуудад дүгнэлт хийгээгүй. Мөн сар бүр 3%-ийн хүү тооцно гэсэн нь ******* болон ******* нарын хооронд байгуулсан арилжааны гэрээтэй холбоотойг шүүх анхаараагүй.
Барьцаа хөрөнгөөр төлбөр барагдуулсан тохиолдолд үнийн зөрүүг нь барьцаалагч барьцаалуулагчид төлөх ёстой. Ийм учир барьцаа хөрөнгөөр төлбөр барагдуулахыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн.
******* нь ******* санхүүгийн хүндрэлтэй байдал, барилга бүхэлдээ түүний нэр дээр бүртгэгдсэн боломжийг ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Хариуцагч Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж аваагүй. Иймд, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Хууль ёсны өмчлөгчөөс нь орон сууцны барилгыг худалдаж авч улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ үед нэхэмжлэгчийн өмчлөх эрх дуусгавар болсон байсан. Талуудын хооронд тухайн барилгыг буцаан худалдах, худалдан авах тохиролцоо хийгдээгүй. Иймд, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******** холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, ****** хотхоны амины орон сууц ******* тоот хаягт байрлах, 726.71 м.кв талбай бүхий 16 өрөө, 5 давхар амины орон сууцны 90 хувийн өмчлөгч нь *******, 10 хувийн өмчлөгч нь ******* болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн 1 давхрыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
2.1. Хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг анхан шатны шүүх шийдвэрлээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримталсан заалт шийдвэрт нэмж өөрчлөлт оруулна.
Үүнтэй холбоотойгоор шийдвэрийн тогтоох хэсгийн дугаарлалтад мөн өөрчлөлт орно.
2.2. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй болсон байх боловч маргаанд хамаарах зарим үйл баримтын талаар алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг зөвтгөн дүгнэх боломжтой байна.
3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01125 дугаар захирамжаар *******аас зээлийн гэрээний үүрэгт 327,000,000 төгрөг гаргуулж *******-нд олгохоор шийдвэрлэжээ.
Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн төлбөртөө тооцон шилжүүлсэн Хан-Уул дүүргийн 11 р хороо, ******, ******* тоот хаягт байршилтай 638.71 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлбөр авагч ******* бүртгэгдсэн байна.
3.1. Үүний дараа 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ******* нь дээрх 638.71 м.кв талбай бүхий, 90 хувийн гүйцэтгэлтэй аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ******** 327,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, ******* нь төлбөр тооцоог орон сууц, автомашин шилжүүлэх замаар төлж барагдуулснаар 2020 оны 06 дугаар сарын 15-ний өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн.
Хариуцагч ******* нь ийнхүү *******-иас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахдаа уг үл хөдлөх эд хөрөнгийг *******д эргүүлж худалдах, ******* нь хариуцагчийн төлбөрт төлсөн 327,000,000 төгрөгийг сарын 3 хувиар тооцсон хүүгийн хамт төлөх, мөн бусад өр төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байна. Энэ нь талуудын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн тооцоо нийлсэн баримт, 2021 оны 05 дугаар сарын 23-ний өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд фейсбүүк чатаар харилцаж байсан зурвас зэрэг баримтаар тогтоогджээ.
3.2. Эдгээр үйл баримт хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд тогтоогдсон болно.
4. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт нийцжээ.
4.1. Учир нь, ******* нь *******-нд маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэн өгснөөр түүний өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон.
Улмаар шинэ өмчлөгч *******-нд гэрээнд заасан мөнгөн төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасны дагуу ******* нь уг үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, өмчлөгч болсон байна.
Хэдийгээр өмнө дурдсанчлан хариуцагч нь нэхэмжлэгчид уг үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдах үүрэг хүлээсэн боловч нэхэмжлэгч харилцан тохиролцсоны дагуу хариуцагчийн бусдад төлбөрт төлсөн 327,000,000 төгрөгийг зохих хүүгийн хамт төлөх, мөн өр төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд, талуудын энэ тохиролцоо хэрэгжээгүй байгаа тул уг үл хөдлөх эд хөрөнгийг дундын өмч гэж тооцох, эсхүл хариуцагчийн өмчлөх эрхийг үгүйсгэх эрх зүйн үндэслэл байхгүй.
4.2. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.
Нэхэмжлэгч ******* нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн нэгдүгээр давхарт амьдарч байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс орон сууцаа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.
Харин шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийн зохицуулалт баримталсан байгааг хассан өөрчлөлт оруулна.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний болон үйл баримтын дүгнэлтэд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/04299 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
2 дахь заалтад “106.2” гэснийг хасч,
“3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-нд холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ******* татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэх заалт нэмж,
3 дахь заалтыг 4, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжаас 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 14,548,260 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Т.БАДРАХ