| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 129/2015/0013/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2017-04-11 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 12
Б.Лхагвасүрэнд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 129/2015/0013/Э
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Ц.Туяа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Сувдаа
Шүүгдэгч Б.Лхагвасүрэн /онлайнаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Д.Данзандорж
Хохирогчийн өмгөөлөгч Б.Ариунбаяр
Нарийн бичгийн дарга Г.Ангирмаа нарыг оролцуулан
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолтой Б.Лхагвасүрэнд холбогдох 201403000293 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Лхагвасүрэн, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Д.Данзандорж нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, АП73121370 регистрийн дугаартай, Олохнууд овогт Бэгзээгийн Лхагвасүрэн.
Б.Лхагвасүрэн нь Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багийн нутаг дэвсгэр Чулуун хороот гэх газар 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ц.Бумандоржийг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу архи уулаа харьж амар гэх шалтгаанаар гараараа түлхэж газар унагаж тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорхи тархмал цус харвалт, тархины няцрал гэмтлийг учруулж шууд бус санаагаар хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Олохнуут овогт Бэгзээгийн Лхагвасүрэнг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч Б.Лхагвасүрэнг 10 /арван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Лхагвасүрэнд ногдуулсан 10 /арван/ жил /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Лхагвасүрэнгийн 232 /хоёр зуун гучин хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбаагийн нэхэмжилсэн 3.864.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Лхагвасүрэнгээс 60.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбаад олгох,
Хэрэгт 17 тооны мал битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 10 сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг энэ шийтгэх тогтоолоор гаргуулахаар заасан иргэний нэхэмжлэлийг хангах хүртэл хэвээр үлдээж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лхагвасүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Б.Лхагвасүрэн давж заалдах гомдолдоо: “... манай хүргэн Бумандорж нь нилээд согтуу хүн болгон руу очиж орилж хашгиран агсарч байгаад манай гэрийн урд байсан сагсны шийдний тэнд байсан хүүхдийн морийг унаж явах гэж давж ойчин улмаар над дээр ирж намайг зуурч авсан. Би өөрөөсөө зайлуулан “миний хөгшин жаахан унтаад амарчих” гэж хэлээд түлхэхэд бөгсөөрөө газар суусан юм. Энэ үед эхнэр Болормаа нь ирээд авч явах гэсэн чинь эхнэр лүүгээ босч ирээд дайраад байсан. Энэ үед тэнд байсан Оюунцэцэгийн хамт би бага гэр лүү мах эвдэж таарах гээд орсон юм. Тэр үед Бумандоржийг эхнэр нь Мягмарсүрэнтэй хамт хурмийн хоол цай хийж байсан гэрийн сүүдэр рүү аваад явсан. Бумандоржийг намайг заамдаж авах үед миний хажууд Норовсамбуу, Эрдэнэдалай, Баасанбат, Болормаа нар байсан бөгөөд мөн Оюунцэцэг, Гэрэлчимэг, Түвшинжаргал нарын зэрэг олон хүн байсан. Бумандорж нь тухайн үед унаж тусдаг өвчтэй, сэтгэцийн өвчтэй группд байдаг байсан. Энэ хүнийг цохиж, зодох ямар ч шалтгаан надад байгаагүй. Тухайн үед миний түлхсэн шалтгааны улмаас энэ хүн нас барсан гэдэгт одоог хүртэл итгэж чадахгүй гомдож сууна.
... Энэ хэргийн гол хохирогч нь эхнэр 5 хүүхэд нь байсаар байтал, талийгаачийн эгч Бямбааг хохирогчоор байлган энэ хэргийг шийдвэрлэж байгааг эсэргүүцэж байгаа юм. Эгч Бямбаа нь анхнаасаа хохирогчоор оролцон гомдол санал байхгүй гэсэн мөртлөө миний дүү эрүүл саруул байсан, энэ хүнээс л болж нас барсан гэж худал гомдол гаргаж мөнгө нэхэмжилж байгаад сэтгэл эмзэглэж байна ... Миний хэрэгт мөрдөн байцаалт, дутуу дулимаг, хэрэгт ач холбогдол бүхий гэрч нараас мэдүүлэг аваагүй намайг хилсээр хүн амины хэрэгт тулган шийдвэрлэж байгаад маш их гомдолтой байна. Иймд би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хэргийг дахин шалгуулж өгнө үү ...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Лхагвасүрэнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг тодруулалгүй орхигдуулж, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоолгүй шийдвэрлэсэн нь буруу төдийгүй шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх ЭБШХ-ийн шаардлагыг хангаагүй байна.
Хэргийн байдлаас үзэхэд Ц.Бумандорж нь 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр согтуугаар морь унах гэж байгаад морины баруун талруу унаж толгойгоороо газар унасан, ингэж унасныхаа дараа хурим болж байсан гэрийн гадаа ирж Лхагвасүрэнг хойноос нь тэврээд авахад Лхагвасүрэн нь түүнийг өөрөөсөө холдуулах зорилгоор “чи одоо унтаж амраач” гэж 2 гарыг мултлан хойш түлхсэн байдаг ба Ц.Бумандорж нь бөгсөн хэсгээрээ газар суугаад босож ирээд эхнэр Д.Болормаа руугаа агсам тавихад түүнийг унтуулахаар гэрийн сүүдэрт аваачсаны дараа Ц.Бумандорж нь ухаан алдаж унасан байдаг юм. Мөн Ц.Бумандорж нь төрөлхийн унаж татдаг өвчний улмаас байнга тархи толгойгоороо юм мөргөж унадаг байсан ба Б.Лхагвасүрэн нь бусдын амь насыг санаатай хохироосон гэх гэм буруугийн санаатай хэлбэр, шууд болон шууд бус санаатай үйлдэл, бусдыг алах санаа зорилго байхгүй, онц хүнд гэмт хэрэг үйлдээгүй энэ түлхэж байгаа үйлдлийн хувьд гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.
Хэрэгт чухал ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох гэрч Оюунцэцэг, Гэрэлчимэг, Түвшинжаргал нарыг байцаагаагүй, мөн зайлшгүй хийвэл шинжилгээ болох талийгаачийн биед учирсан олон тооны шарх, зулгаралт, тэр тусмаа баруун хөмсөгний дэд хэсэг ба духны баруун хэсэг дэх цус хуралтууд болон хуйхан доор баруун чамархайн булчинд түүний харалдаа цус хуралттай байсан, баруун чамархайн хэсгээр илүү зузаан байсан цус харвалт зэргүүд нь мориноос унахад болон өвчний улмаас татаж унахад үүсэж болох /эдгээр гэмтлүүд нь түлхэлтээс үүсээгүй юм/, энэ нь талийгаачийн үхлийн шалтгаантай холбоотой байж болох шинжилгээг хийлгээгүй орхигдуулсан зэрэг нь ЭБШХ-ийн 317 дугаар зүйлийн 317.1.1, 317.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлүүд байх тул ... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү ” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Данзандорж давж заалдах гомдолдоо: “... Энэхүү тогтоолын агуулга нь давж заалдах шатны магадлалыг, гүйцэтгэх өөрөөр хэлбэл тал засах байдлаар байдлаар шүүх хуралдаан явагдсанаас биш ЭБШХ-ийн 284, 286, 294.2, 295.1.3, 296, 297.1.1, 297.1.3, 297.6.3-ыг удирдлага болгох ёстой заалтыг маш ноцтойгоор зөрчсөн. Процессын үйл ажиллагаа, байцаан шийтгэх хуулийн дагуу явагдаагүй. Өөрөөр хэлбэл шүүхийн шинэчилсэн байцаалтын явцад шүүгдэгчийн гэм бурууг тогтоох ёстой байтал яллах дүгнэлтийг хуулснаар гэм буруутны хувь заяа, үнэн худлын дэнсийг цохьсонд маш их гомдолтой байна.
Ийм учраас Эрүүгийн хуулийн 8 дугаар зүйл 2, ЭБШХ-ийн мөн 8 дугаар зүйл 3, Шийтгэх тогтоол ЭБШХ-ийн 15-16 дугаар зүйлийг ноцтой зөрчсөнийг тус бүрд нь тодорхой, нотолгоотойгоор ярьж 20 дугаар тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох саналтайгаар шүүх хуралдаанд биечлэн оролцоно...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сувдаа дүгнэлтдээ:
“…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлага хангасан тул хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдсан гомдолд дурьдсан зүйлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Б.Лхагвасүрэнд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэх боломжгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Учир нь: Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн эхнэр Д.Болормаа нь хохирогчоор тогтоолгох хүсэлт бичгээр гаргасан /х.х - 580, 679/ байхад түүний хүсэлтийг яаж шийдвэрлэсэн нь тодорхой бус, түүнчлэн хохирогчоор тогтоолгүйгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.т заасныг зөрчжээ.
-Мөн хохирогч нь Б.Лхагвасүрэнд түлхүүлж унахдаа аль хэсгээрээ унасан талаар мэдүүлсэн гэрч Б.Мягмарсүрэн “… талийгаачийг би газар урд талаараа унаж байхыг харсан…, би өөрөө гүйж очоод талийгаачийг цээжнээс нь сэгсэрсэн…, удаагүй эмч ирээд талийгаачийг яаралтай эмнэлэг авч явья гээд эмнэлэг рүү аваад явсан…” гэсэн мэдүүлэг,
гэрч Б.Эрдэнэдалай “…Лхагвасүрэн талийгаачийг гараараа цааш нь түлхсэн тэр үед талийгаач газар ар нуруу хэсгээрээ л уначихсан байгаа харагдсан…” гэсэн мэдүүлэг нь хоорондоо илтэд зөрүүтэй,
-Д.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр удаа дараа өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байх тул хохирогч, гэрч нарыг дахин байцаах, мөн тухайн үйл баримт болох үед хэргийн газарт байсан гэх бусад гэрчүүдээс болсон хэргийн нөхцөл байдлын талаар зайлшгүй мэдүүлэг авах,
-Мөн хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоосон шинжээчийн 43, 1106, 871 дугаар дүгнэлтээр тогтоогдсон “… тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт…” нь бусдад түлхэгдэж ар талаараа газарт унахад үүсэх боломжтой эсэх талаар дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай байна.
Дээрхи нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтооход чухал ач холбогдолтой, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн үед нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Б.Лхагвасүрэнгийн холбогдсон хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан хэргийг Прокурорт очтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар зүйлийн 318.2.1, 325 дугаар зүйлийг зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Олохнууд овогт Бэгзээгийн Лхагвасүрэнд холбогдох, 201403000293 дугаартай, 3 хавтас бүхий эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Архангай аймгийн Прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг Прокурорт очтол Б.Лхагвасүрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Шүүгдэгч Б.Лхагвасүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Д.Данзандорж нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
4. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
ШҮҮГЧИД Ц.ТУЯА
С.УРАНЧИМЭГ