Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 97

 

К.Н-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаар магадлалтай, К.Н-т холбогдох 2209000002293 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт К-ны Н нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч К.Н-ыг “Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч К.Н-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 64,820,766 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, түүний эзэмшлийн газар болон хувийн сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “64,820,766” гэснийг “63,766,597” гэж өөрчилж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын зарим хэсэг нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны “хуулбар үнэн” гэх тэмдэг дарагдсан, зарим нотлох баримтуудыг эрүүгийн ямар дугаартай хэргээс, эсхүл хэн гэдэг этгээдээс гаргаж өгснөөр хуулбарлан авсан, хавсаргасан нь тодорхой бус, холбогдох байгууллагын “хуулбар үнэн” гэх тамга тэмдэг нь дарагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4, 6, 7-д заасан “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ”, “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно”, “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэснийг ноцтой зөрчсөн байна... Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлээгүй болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул эдгээр нотлох баримтуудыг нотлох баримтаар тооцохгүй байх буюу нотлох баримтаас хасаж, К.Н нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн D... дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэх эргэлзээтэй асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд ашигтайгаар шийдвэрлэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ДШМ/12 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч К.Н-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч К.Н-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд, боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнийг 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болжээ. Шүүгдэгчийн хувьд дээрх хугацаанд боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу төрийн албанд томилогдон эрхлэх ёсгүй албан тушаалд ажиллаж, цалин хөлс авч, гэмт хэрэг үйлдэх замаар нийт 63,766,597 төгрөгийн орлого олсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Мөн хохирлын хэмжээг зөвтгөж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй. Харин ийнхүү шийдвэрлэхдээ тухайн хугацаанд ажиллаж олсон цалин хөлсийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн боловч ажил олгогчийн зүгээс төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг шийдвэрлээгүй бөгөөд нийт хэдэн төгрөг төлсөн талаарх баримт байдаггүй. Тийм учраас ажил олгогчийн зүгээс төлсөн үнийн дүнг жич нэхэмжлэх эрхтэйг дурдсан өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулах нь зүйтэй. Учир нь хуурамч диплом ашиглаж тухайн ажилд томилогдон ажиллах хугацаанд авсан цалин хөлс бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого юм. Мөн К.Н-ын өмчлөлийн 8312008886 дугаартай 522 м.кв газар болон 90 м.кв хувийн сууцыг битүүмжилсэн. Улсын бүртгэлийн лавлагаагаар тухайн сууц нь шүүгдэгчийн өмчлөлийнх гэж гарсан боловч тухайн байранд К.Н өөрөө амьдардаг эсэхийг мөрдөн байцаалтын шатанд тодруулаагүй байна. Иймд тухайн орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж шүүгдэгчид олгосон өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Өмгөөлөгч А.Серикжаны гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч К.Н-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй,  хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

2.Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай тушаалаар (хавтаст хэргийн 5 дахь тал) байгуулагдсан ажлын хэсэг улсын хэмжээний нийт багш нарын их, дээд сургуулийн дипломын дугаарт тулгалт хийж, хяналт шалгалт явуулах хүрээнд нэр бүхий багш нар боловсролын хуурамч диплом ашиглан ажилд томилогдсон үйл баримт тогтоогдсоны дотор, шүүгдэгч К.Н нь 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Боловсролын их сургуулийн сургуулийн өмнөх боловсролын сургуулийн D-... дугаартай, “Сургуулийн өмнөх боловсролын багш арга зүйч” мэргэжилтэй, “Боловсрол судлалын ухаан”-ы бакалаврын зэрэгтэй дипломыг уг сургуульд суралцалгүй худалдан авч, улмаар D-... дугаартай боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дүгээр цэцэрлэгийн арга зүйчээр 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс, багшаар 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тус тус томилогдон ажилласан болох нь:

Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай танилцуулга, хавсралтын хуулбар /хавтаст хэргийн 11-35 дахь тал/, гэрч Ч.Э, Б.Д, Д.Ц нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-41, 50-52, 69 дэх тал/, Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1208 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 65-67 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дугаартай “Хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаалын хуулбар /хавтаст хэргийн 74 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/25 дугаартай албан бичиг, хавсралтаар ирүүлсэн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай “Ажилд авч, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаалын хуулбар /хавтаст хэргийн 104-105 дахь тал/, Эрүүгийн 2209000002293 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн иргэн К.Н-т Монгол Улсын Боловсролын их сургуулиас 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр олгосон “Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч” гэх 0201405113 дугаартай диплом, түүний хавсралт зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

3.Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч К.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэн, тухайн зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч К.Н-т 08 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд түүнд хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна гэж үзэв.

4.Шүүгдэгч К.Н нь төрийн албанд хууль дээдлэх, Монгол Улсын иргэд төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчмыг ноцтой зөрчиж, боловсролын хуурамч диплом ашиглан цэцэрлэгийн арга зүйч, багшийн ажилд томилогдон ажиллахдаа тухайн мэргэжлийг эзэмшиж, мэргэжлийн диплом аваагүй бусад төрийн үйлчилгээний албан тушаалтнаас илүү цалин хөлс авах хууль бус давуу байдлыг өөртөө бий болгосон байна.

5.Шүүгдэгч К.Н-ын боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр цэцэрлэгт арга зүйч, багшаар томилогдон (хавтаст хэргийн 105 дахь тал) ажиллаж эхэлсэн өдрөөс эхэлж, улмаар түүнийг яллагдагчаар татах хүртэл үргэлжилсэн байх тул түүнд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан (хавтаст хэргийн 75 дахь тал) буюу тухайн гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоосон өдрийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаагаар тооцох тул К.Н-ыг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа яллагдагчаар татсан гэж үзэхгүй болно.

6.Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч Ж.М нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хууль ёсны төлөөлөгчөөр мэдүүлэхдээ “...К.Н-ыг анх 2016 онд манай цэцэрлэгт томилогдсон цагаас эхлэн түүний хуурамч дипломтойг мэдээгүй. Манай байгууллагад ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, өөрт оногдсон ажиллагааг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэдэг чадварлаг багш нарын нэг нь байгаа юм. К.Н нь манай цэцэрлэгт ажиллаж байх хугацаанд өөрийн хийж гүйцэтгэсэн ажил хөдөлмөрт тохирсон цалин хөлсийг авч байсан.. Тийм учраас нэхэмжлэх зүйл байхгүй” (хавтаст хэргийн 129 дэх тал) гэж, мөн цэцэрлэгийн эрхлэгч И.А нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... К.Н нь өөрийн хийж гүйцэтгэсэн ажил хөдөлмөрийн хөлсийг цаг тухайд нь авч байсан... Манай цэцэрлэгт учирсан бодит хохирол байхгүй” (хавтаст хэргийн 132 дахь тал) гэж тус тус мэдүүлснээс үзэхэд К.Н нь “Сургуулийн өмнөх боловсролын багш арга зүйч” мэргэжлээр суралцаагүй боловч тус цэцэрлэгт хуурамч диплом ашиглан арга зүйч, дараа нь багшаар томилогдож, 6 жил 8 сарын хугацаанд ажиллахдаа тус цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаа, хүүхдүүдийн эрх ашигт бодитой хохирол, хор уршиг учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна энэ талаар хэн нэгэн гомдол гаргаагүй байна.

Гэхдээ дээр дурдсан нөхцөл байдал нь шүүгдэгч К.Н-ыг өөртөө хууль бус давуу байдал бий болгож, улсад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэв.

7.Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч К.Н-ын цэцэрлэгт арга зүйч, багшаар томилогдон ажиллах хугацаандаа боловсролын хуурамч диплом ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч К.Н-ын хувьд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу (хавтаст хэргийн 74 дэх тал) цэцэрлэгт арга зүйч, багшаар бодитой ажиллаж, хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг үнэлүүлж, хөдөлмөрийн гэрээний дагуу авсан цалин хөлсийг гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлогод хамааруулан дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан түүний 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл авсан цалин хөлс болох нийт 64,820,766 төгрөгийг бүхэлд нь ногдох хөрөнгө, орлогоос нь албадан гаргуулж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэж, улмаар уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх агуулгын хувьд хэвээр үлдээсэн нь буруу байна.

Төрийн албанд баримтлах чадахуйн зарчим /мерит/ гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг хамааруулан ойлгох бөгөөд цэцэрлэгийн арга зүйч, багшийн ажил нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д зааснаас үзэхэд төрийн тусгай болон төрийн захиргааны албан тушаалд баримтлах “чадахуйн зарчим /мерит/” нь төрийн үйлчилгээний албан тушаалд иргэнийг томилоход заавал баримтлах үндсэн шалгуур болохгүй.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Төрийн мэдээллийн сангийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн тооцож үзэхэд К.Н-т 2016 оны 03 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд нийт 58,766,570 төгрөгийн цалин олгосон, түүнчлэн Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.5-д “сум, тосгон, баг дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрын багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, хоол зүйч, тогооч, багш, туслах багш, сэтгэл зүйчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох” гэж заасны дагуу 2022 оны 03 дугаар сард К.Н-т үндсэн цалин болох 800,000 төгрөгийг 6 дахин нэмэгдүүлж, 4,800,000 төгрөгийн мөнгөн тэтгэмж нэг удаа олгосон болох нь тус тус тогтоогджээ.

Иймд шүүгдэгч К.Н-ын 2016 оны 03 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд цэцэрлэгийн арга зүйч, багшаар ажилласны төлөө түүнд олгогдож болох байсан цалин хөлсийг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож үзэхэд 25,100,000 төгрөг, мөн түүний авсан 6 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөгөөр тооцон нийт 2,520,000 төгрөгөөр тогтоогдож байх тул зөрүү 35,946,570 төгрөгийг гэм хорын хохиролд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан уг мөнгийг шүүгдэгч К.Н-аас гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч К.Н-ын авсан нийт цалин хөлс, мөнгөн тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо тооцооллын алдаа гаргаж, “64,820,766 төгрөг”, “63,766,597 төгрөг” гэж тус тус зөрүүтэй тогтоосон байх тул хяналтын шатны шүүх Төрийн мэдээллийн сангийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн хохирлын хэмжээг ийнхүү зөвтгөж тооцсон болно.

8.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд хохирлын хэмжээг зөвтгөн өөрчилсөн өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч К.Н-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.Мөрдөн байцаалтын шатанд Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын тайланг (хавтаст хэргийн 11 дэх тал) үндэслэн нэр бүхий багш нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, тэдэнд холбогдох хэргийг нэгтгэн шалгаж, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр К.Н-т холбогдох хэргийг тусгаарлаж (хавтаст хэргийн 92 дахь тал), үндсэн хэргээс түүнд хамааралтай, ач холбогдол бүхий зарим нотлох баримтуудыг зохих журмын дагуу хуулбарлан авч, “ХУУЛБАР ҮНЭН” гэсэн дардас дарж бэхжүүлэн, энэхүү хавтаст хэрэгт хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг эс зөвшөөрч өмгөөлөгч А.Серикжаны хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалт болон түүнд өөрчлөлт оруулсан Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад:

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч К.Н-аас 35,946,570 (гучин таван сая есөн зуун дөчин зургаан мянга таван зуун дал) төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2.Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                     Б.БАТЦЭРЭН

М.ПҮРЭВСҮРЭН

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

    Ч.ХОСБАЯР