Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/11

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.З,

шүүгдэгч К.Н нарыг оролцуулан оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Н т холбогдох эрүүгийн 22************ дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, К.Н , 1993 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, РД:БИ******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч К.Н  нь 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Боловсролын их сургуулийн сургуулийн өмнөх боловсролын сургуулийн D 2014****** дугаартай, “Сургуулийн өмнөх боловсролын багш арга зүйч” мэргэжилтэй, “Боловсрол судлалын ухаан”-ы бакалаврын зэрэгтэй дипломыг уг сургуульд суралцалгүй худалдан авч, улмаар D 2014****** дугаартай боловсролын диплом болохыг мэдсээр байж Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр цэцэрлэгийн арга зүйчээр 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс, багшаар 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тус тус томилогдон ажиллахад ашиглаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс өгсөн мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч К.Н  мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, учруулсан хохирлыг төлж өгнө” гэв.

2. Эрүүгийн 22************ дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай танилцуулга, хавсралтын хуулбар /хавтаст хэргийн 11-35 дахь тал/,

2.2. Гэрч Ч.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-41 дэх тал/,

2.3. Гэрч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-52 дахь тал/,

2.4. Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/00 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 65-67 дахь тал/,

2.5. Гэрч Д.Ц гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дэх тал/,

2.6. Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дугаартай “Хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаалын хуулбар /хавтаст хэргийн 74 дэх тал/,

2.7. Гэрч К.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 102 дахь тал/,

2.8. Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/00 дугаартай албан бичиг, хавсралтаар ирүүлсэн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай “Ажилд авч, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаалын хуулбар /хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

2.9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М ээс гаргаж өгсөн яллагдагч К.Н ын Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр цэцэрлэгээс авч байсан цалингийн тооцооны хуудас /хавтаст хэргийн 108-109 дэх тал/,

2.10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 129-130 дахь тал/,

2.11. Гэрч И.А ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 132-133 дахь тал/,

2.12. Иргэн К.Н ын 2016 оны 03 дугаар сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /хавтаст хэргийн 164-165 дахь тал/,

2.13. Яллагдагч К.Н ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 86-87, 156-157, 186 дахь тал/,

2.14. Эрүүгийн 22************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн иргэн Х.Н т Монгол Улсын Боловсролын их сургуулиас 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр олгосон “Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч” гэх D 2014****** дугаартай диплом, түүний хавсралт,

2.15. Шүүгдэгч К.Н ын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч К.Н ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч К.Н  нь 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Боловсролын их сургуулийн сургуулийн өмнөх боловсролын сургуулийн D 2014****** дугаартай, “Сургуулийн өмнөх боловсролын багш арга зүйч” мэргэжилтэй, “Боловсрол судлалын ухаан”-ы бакалаврын зэрэгтэй дипломыг уг сургуульд суралцалгүй худалдан авч, улмаар D 2014****** дугаартай боловсролын диплом болохыг мэдсээр байж Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр цэцэрлэгийн арга зүйчээр 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс, багшаар 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тус тус томилогдон ажиллахад ашигласан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Гэрч Ч.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Улсын хэмжээнд цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтнуудын дипломыг өөрсдөөс нь хуулбар байдлаар гаргуулж аваад түүний архивын материал, системийн бүртгэл, төгсөгчдийн дипломын бүртгэл, захирлын тушаалууд зэрэг мэдээллийг тулгаж байж зөрчлийг гаргаж ирж байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-41 дэх тал/,

3.1.2. Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/00 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 65-67 дахь тал/,

3.1.3. Гэрч Д.Ц гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...мэдээллийг шүүхдээ элсэлт болон төгсөлт хийсэн захирлын тушаалыг үндэслэж байгаа бөгөөд элсэлт, төгсөлтийн тушаал давхацсан хүмүүсийг манай сургуулийг төгссөн гэж үзэж байгаа. Харин бусад иргэд нь элсэлт болон төгсөлтийн тушаал, бусад мэдээлэл нь огт байхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дэх тал/,

3.1.4. Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дугаартай “Хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаалын хуулбар /хавтаст хэргийн 74 дэх тал/,

3.1.5. Гэрч К.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2016 оны 02 дугаар сард 5 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байгаад 00 дүгээр цэцэрлэгт эрхлэгчээр томилогдсон. Тухайн үед уг цэцэрлэгт арга зүйчээр ажиллаж байсан З  гэх хүн шинээр ашиглалтад орсон 00 цэцэрлэгийн эрхлэгчээр дэвшин томилогдож явсан. Тэр 00 дүгээр цэцэрлэгийн арга зүйчийн сул орон тоонд К.Н ыг түр тушаалаар ажилд авсан. Тэгээд түр тушаалаар ажиллаж байгаад жилийн дараа явуулын багшаар өөрчлөн томилж байсан. Тухайн үед К.Н ын манай цэцэрлэгт ажилд орох үед ажилд орохыг хүссэн өргөдөл болон их сургууль төгссөн гэх бакалаврын дипломыг үндэслэн ажилд авч байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 102 дахь тал/,

3.1.6. Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/00 дугаартай албан бичиг, хавсралтаар ирүүлсэн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай “Ажилд авч, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаалын хуулбар /хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

3.1.7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М ээс гаргаж өгсөн яллагдагч К.Н ын Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр цэцэрлэгээс авч байсан цалингийн тооцооны хуудас /хавтаст хэргийн 108-109 дэх тал/,

3.1.8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...К.Н  анх 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр манай цэцэрлэгт арга зүйчээр ажилд томилогдсон ба 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр эрхлэгчийн тушаалаар явуулын багшаар томилогдсон. Одоо хүртэл явуулын багшаар ажиллаж байгаа.

...К.Н  нь нэг удаа 5 жилийн тэтгэмж авсан. Тухайн үед 4.800.000 төгрөгийн тэтгэмж авч байсан.

...К.Н  нь манай цэцэрлэгт ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн чөлөө аваагүй. Харин гурван удаа жирэмсний амралт авсан. Энэ тухай тушаал нь манай байгууллагад байхгүй, архивт өгсөн болохоор олоогүй.

...хууль хяналтын байгууллагаас К.Н ын гаргасан үйлдэлд хариуцлага тооцож, хохирлыг төлүүлэх юм бол, манай байгууллагад ажиллаж байсан үедээ авсан 64.820.766 төгрөгийн цалин хөлс, урамшууллыг төлүүлэх байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 129-130 дахь тал/,

3.1.9. Гэрч И.А ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...К.Н  нь би томилогдохоос өмнө буюу 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тухайн үеийн цэцэрлэгийн багшийн 05 дугаартай тушаалаар манай цэцэрлэгт багшаар томилогдсон байсан.

...К.Н  нь манай байгууллагад ажиллаж байхдаа Засгийн газрын тогтоолоор олгох нэг удаагийн тэтгэмжид хамрагдаж байсан..., ...Явуулын багш гэдэг нь анги удирдсан багш нартай адил эрх эдэлдэг. Өөрөөр хэлбэл цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүд, мөн алслагдсан айлын хүүхдүүдийг хариуцсан багш гэсэн үг. Тийм учраас тухайн албан тушаалтай багш нарт ч гэсэн “боловсролын бакалавр” зэргийн диплом шаардлагатай байдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 132-133 дахь тал/,

3.1.10. Яллагдагч К.Н ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...

...Миний бие 2011 онд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн жил Улаанбаатар хотод очиж Монгол Улсын Боловсролын их сургуульд элсэн суралцахаар болж бүртгүүлсэн. Тэгээд эрүүл мэндийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тул эчнээ ангид бүртгүүлээд явсан. Түүнээс хойш хоёр гурван удаа очсон ба хамгийн сүүлд төгсөх үеэр эрүүл мэндийн шалтгаанаас болж очиж чадаагүй. Тэр үед Улаанбаатар хотод тус сургуульд ажилладаг гэх нэг багш хүнтэй танилцсан. Тэр хүн надад төлбөрөө бүрэн төлж өгөх юм бол дипломыг чинь авч өгч болох юм байна гэхээр нь тэр хүнд итгэж эхний жил 2.500.000 төгрөг, дараа жил нь дахин 2.500.000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг өгсөн. Тэр үед уг хүн над руу миний дипломыг шуудангаар явуулсан байсан.

...Миний бие тус сургуулийг сураагүй байж мөнгийг нь төлж авсан дипломыг ашиглан 2016 оны 02 дугаар сард Ө сумын 00 дүгээр цэцэрлэгт ажилд орсон юм. Би өөрийн үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Бусдад учруулсан хохирлыг төлж өгөхөө илэрхийлж байна. Иймд миний гаргасан үйлдэл хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү.

...миний бие 2016 оны 02 дугаар сараас эхлэн ажиллаж байгаа, анх арга зүйч багшаар ажилд томилогдсон ба 2017 оны 04 дүгээр сараас явуулын багшаар томилогдсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86-87, 156-157, 186 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч К.Н  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч боловсролын диплом болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдсон учраас гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг, шүүгдэгч К.Н аас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, учруулсан хохирлыг төлж өгнө” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч К.Н ын гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тус тус тогтоосон гэж дүгнэлээ.

6. Эрх зүйн дүгнэлт.

6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн хувьд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тухайн цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой.

“Хуурамч баримт бичиг ашиглах” үйлдлийн хувьд тухайн баримт бичгийг ашиглан тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг баримт бичгийг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон.

6.2. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 00 дугаартай, “Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” тушаалын нэг, зургаадугаар хавсралт, мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/00 дугаартай, “Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” тушаалын хоёрдугаар хавсралтаар тус тус цэцэрлэгийн арга зүйч, багшийн албан тушаалд томилогдож ажиллахад тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагад сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, эзэмшсэн боловсролын хувьд бакалавр, магистрын зэрэгтэй байхаар тусгажээ.

6.3.Шүүгдэгч К.Н  нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн сургуулийн өмнөх боловсролын D 2014****** дугаартай “Сургуулийн өмнөх боловсролын багш арга зүйч” мэргэжилтэй, “Боловсрол судлалын ухаан”-ы бакалаврын зэрэгтэй гэх боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр цэцэрлэгийн арга зүйчээр 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс, багшаар 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс тус тус томилогдон ажиллахдаа ашиглаж, хууль бус санаагаа хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

6.4. Шүүгдэгч К.Н ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар үйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил боловч боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр цэцэрлэгийн арга зүйчээр 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, мөн багшаар 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус тус томилогдохдоо ашиглаж, гэмт үйлдэл нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчөөс хэрэг бүртгэлийн хэрэг нээснээр таслан зогсоогдсон тул уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрөөгүй гэж үзнэ.

6.5. Шүүгдэгч К.Н  нь 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Боловсролын их сургуулийн сургуулийн өмнөх боловсролын сургуулийг “Сургуулийн өмнөх боловсролын багш арга зүйч” мэргэжилтэй, “Боловсрол судлалын ухаан”-ы бакалаврын зэрэгтэй төгссөн гэх дээд боловсролын D 2014****** дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр цэцэрлэгийн арга зүйчээр 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, мөн багшаар 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус тус томилогдохдоо цэцэрлэгийн арга зүйч, багшийн албан тушаалд тавигдах шаардлагад нийцүүлэхийн тулд хуурамч боловсролын дипломыг ашигласан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул шүүгдэгч К.Н ын үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

6.6. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч К.Н ын хуурамч диплом ашиглан төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдож цалин хөлс авах шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.  

7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3. “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж хуульчилжээ.

7.2. Шүүгдэгч К.Н  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдэж, эрхлэх ёсгүй албан тушаалыг хашиж, олгогдох учиргүй 2016 онд 4.700.684 төгрөг, 2017 онд 5.071.453 төгрөг, 2018 онд 5.982.147, 2019 онд 8.494.929 төгрөг, 2020 онд 9.015.217 төгрөг, 2021 онд 12.425.819 төгрөг, 2022 онд 14.330.517 төгрөг, нийт 60.020.766 төгрөгийн цалинг мөн 2022 оны 3 дугаар сард сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 5 жил ажилласан ажилтан олгох 4.800.000 төгрөгийн тэтгэмжийг тус тус авч, бүгд 64.820.766 төгрөгийг орлого олсон байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч К.Н ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 64.820.766 төгрөгийг ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч К.Н т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчтай санал нэг байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч К.Н аас “хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгөх тухай” тайлбарыг тус тус гаргасан болно.

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч К.Н ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

2.3. Шүүгдэгч К.Н т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

2.4. Шүүгдэгч К.Н  нь 1993 онд төрсөн, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

2.5. Шүүгдэгч К.Н  нь “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, шүүгдэгч К.Н ыг 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Н т зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Н  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан 8 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

2.7. Энэ хэрэгт шүүгдэгч К.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн D 2014****** дугаартай хуурамч дипломыг эрүүгийн 22************ дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 40 дугаартай, шүүгдэгч К.Н ын эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр баг, Б гийн 9-00 тоот хаягт бүртгэлтэй 00000000 дугаар бүхий 522 м кв газар болон тухайн газарт байрлалтай 90 м кв талбайтай хувийн сууцыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч К.Н т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч К.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Н ыг 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Н т зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Н  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч К.Н т оногдуулсан 8 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч К.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч К.Н ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 64.820.766 (жаран дөрвөн сая найман зуун хорин мянга долоон зуун жаран зургаа) төгрөгийг ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн D 2014****** дугаартай хуурамч дипломыг эрүүгийн 22************ дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 40 дугаартай, шүүгдэгч К.Н ын эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр баг, Б гийн 9-00 тоот хаягт бүртгэлтэй 00000000 дугаар бүхий 522 м кв газар болон тухайн газарт байрлалтай 90 м кв талбайтай хувийн сууцыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч К.Н т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч К.Н т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ