Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 832

 

 

 

 

 

 

   2019          09         11                                      2019/ШЦТ/773

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: А.Баясгалан,

Хохирогч: А.А ,

            Өсвөр насны шүүгдэгч: Б.Т , хууль ёсны төлөөлөгч Н.Н , өмгөөлөгч Ж.Ганболд,

            Шүүгдэгч: Б.Н , О.А , тэдгээрийн өмгөөлөгч Ж.Ганболд,

Шүүгдэгч: Н.Н , түүний өмгөөлөгч Н.Нямцоож,

Шүүгдэгч: Д.А , түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Н , О.А , Б.Н , Б.Т , Д.А нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1905019320490 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Н , урьд ял шийтгэлгүй,

            2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.А , урьд ял шийтгэлгүй         

            3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Н, урьд ял шийтгэлгүй          

            4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Т, урьд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

            5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.А , урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Шүүгдэгч О.А , Б.Т , Д.А , Б.Н  нар нь бүлэглэж 2019 оны 4 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19-20 дугаар гудамж, Гадантэгчилэн хийдийн орчим А.А т хүч хэрэглэхээр заналхийлж довтлон Айфоне 7 маркийн гар утсыг хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.А , Н.Н , Б.Н , Б.Т  нар нь бүлэглэж 2019 оны 4 дүгээр сарын 29-нээс 30-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 56 дугаар сургуулийн хойд талын далан дээр иргэн Ш.Б ийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж Айфоне 6 маркийн гар утсыг хууль бусаар авч 288.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.А , Н.Н , Б.Н , Б.Т  нар нь бүлэглэж 2019 оны 4 дүгээр сарын 29-нээс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 9 дүгээр гудамжинд иргэн Б.Ц ийн хоёр гарнаас нь барьж, үснээс нь зулгааж хүч хэрэглэн довтолж 3000 төгрөг, Самсунг Галакси Эс-7 маркийн гар утсыг хууль бусаар авч 201.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч Б.Т ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хичээлээ тараад явж байгаад пиво уугаад караоке орох гээд явж байхад А найз охинтойгоо гар утсаар яриад явж байсан. А бид хоёр түрүүлээд урд нь алхаад явж байсан. Бид хоёрын хажуугаар нэг залуу зөрсөн. Н ах тэр залуутай уулзаад зогсож байсан. Би тэр залууг Н ах таньдаг хүн юм байна гэж бодсон. Бид нар гэрт очоод байж байхад Н ах IPhone маркийн гар утас гаргаж ирээд гар утасны эзэн болох залууг таньдаг учраас гар утсыг нь авсан. Тэр залууд 100.000 төгрөг авчраад гар утсаа аваарай гэж хэлсэн, гэж хэлж байсан. Би гар утсыг нь эргүүлээд өгөөч гэж хэлэхэд А гар утсыг нь  өгөх гээд гарч яваад цагдаа нар байна гээд өгч чадаагүй орж ирсэн. Дараа нь 2019 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын давхарын автобусны буудлын нийтийн байранд би ахтайгаа амьдардаг. 23 цагийн үед А ирээд пиво уучихаад дэлгүүр орж ундаа, тамхи аваад цаашаагаа яваад рс тоглож байгаад манай эгчийнд очиж хонъё гээд гарсан. Бид нар далангийн хажуугаар явж байхад нэг залуу гар утсаар оролдоод явж байсныг хараад тэр залууг гар утсаараа нэг яриулчих гэж хэлэхэд миний араас Н , А хоёр ирээд мөрөн дээр нь гараа тавиад юу байна гэж хэлсэн чинь нөгөө залуу зугтаачихсан. Тэгэхээр нь Н бид хоёр араас нь гүйгээд явж байхад тэр залуу Н гийн урд бүдэрч унаад Н “гар утсаараа ганц яриулчих” гэж хэлэхэд тэр залуу “би гүйж байгаад гар утсаа унагаачихлаа” гэж хэлсэн. Бид нар гар утсыг нь хайж олсон. Тэр гар утасны дэлгэц хагарсан байсан. Гэтэл тэр залуу “энэ манай найзын гар утас юм аа, гар утсыг нь өгчих тэх үү” гэж хэлээд гуйхаар нь бид нар найзых нь гар утсыг нь өгөөд явсан. Бид нар цаашаа яваад модны хоёроос дээшээгээ өгсөөд Н тэй хамт алхаж байхад нэг залуу хажуугаар явахдаа Н г мөрлөөд гарахаар нь бид хоёр “яаж яваад байгаа юм бэ” гэж яриад байж байхад араас Алтангэрэл, Н нар ирээд Н ах намайг дуудаад тамхи татаад байж байхад А явъя гэж хэлээд дээшээ өгсөөд мухар гудамжаар явж байхад А гар утас гаргаж ирэхээр нь “энэ хэний гар утас вэ” гэж асуухад “саяны хүний гар утас” гэж хэлсэн. Бид нар гар утсыг нь өгөх гээд явж байхад цагдаа ирсэн...” гэв.

Шүүгдэгч Н.Н гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хороололд авто угаалгад ажилладаг байсан. 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Т  манайд очиж хонъё гээд хамт явсан. Тэр үед манайд хүн байхгүй байсан учраас 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр орой Т ынд очиж хоносон. 2019 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө бид нар бөөнөөрөө гаръя гэж ярилцаад гарсан. Би энэ хэргийн талаар байцаагчид хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн. Би ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна...” гэв.

Шүүгдэгч О.А ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Н тэй уулзчихаад А той уулзъя гээд А ын гэр рүү нь очсон. А той уулзаад машинд нь сууж байгаад пиво уугаад ахаас нь 50.000 төгрөг зээлээд караоке орцгооё гээд явсан. 2 цаг караокед сууж байгаад Н гийн эгчийнд очоод нэг пиво уучихаад орой 23 цагийн үед гаръя гээд Н , А бид гурав гарсан. Т , А , Н гурав нэг залуутай уулзаад зогсож байсан. Би тэр үед найз охинтойгоо гар утсаар яриад зогсож байсан. Тэгээд тэр залуу цаашаагаа зугтаагаад явсан. Н ирээд “за за гэртээ харъя” гэж хэлээд гэр рүүгээ буцаж очоод байж байхад нэг гар утас гаргаж ирэхээр нь “хэний гар утас вэ” гэж асуухад “саяны залуугийн гар утас” гэж хэлсэн. Тэгээд А гар утсыг нь өгөх гээд гарахад цагдаа нар ирсэн байсныг хараад айсандаа буцаад ороод ирлээ гэж хэлсэн. Тэгээд тэр газраа хоноод маргааш нь гэр, гэр рүүгээ харьсан. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө ажлаасаа буугаад гэр рүүгээ харьж байхад  ...Н залгаад “орой ганц юм ууя” гэж хэлэхээр нь “эхнэр гаргахгүй” гэж хэлэхэд “эхнэрийг чинь аргална” гэж хэлэхээр нь “за за тэгвэл орой уулзая” гэж хэлээд гар утсаа салгасан. Орой 22:30 цагийн орчимд Н залгахаар нь би эхнэртээ “найзуудтайгаа хамт ачаа буулгаад ирье” гэж хэлээд гарсан. Намайг гарахад Н , Т , Н гурав байсан. Бид дөрөв нэг шил архи уучихаад гарч караокед орох уу гээд гарцгаасан. Тэгээд гараад дэлгүүрээс ундаа, тамхи авчихаад Гандан орж Н гийн эгчийнд хоноё, товчлоод алхая гээд явж байхад Т , Н хоёр урд явж байсан. Н бид хоёр араас нь явж байсан. Гэтэл нэг залууг Н , Т  хоёр араас нь хөөгөөд бариад авахад Н араас нь очоод тэр залууг ганц гар утсаараа яриулчих гэж хэлэхэд гар утсаа алга болгочихлоо гэж хэлсэн. Тэгээд гар утсыг нь хайгаад олоход гар утасны дэлгэц нь хагарсан байсан. Тэр залуу “энэ манай найзын гар утас” гэж хэлсэн. Тэгээд бид дөрөв цаашаагаа яваад Гандангийн модны 2-ын гудамжаар дээшээ өгсөөд явж байхад Т , Н хоёр нэг залуутай уулзаад зогсож байсан. Би араас нь очоод тэр залууг гар утсаараа ганц яриулчих гэж хэлсэн. Тэр залуу гар утсаа гаргаад ирэхээр нь гар утсыг нь авсан. Дараа нь гар утсыг нь өгөх гээд буцаад явсан чинь цагдаа нар ирсэн...” гэв.

Шүүгдэгч Д.А ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг гэртээ байж байхад Н , А хоёр дуудсан. Тэгээд би гараад машиндаа хамт пиво ууж байгаад ахаасаа 50.000 төгрөг зээлээд караокед орохоор болоод караокед сууж байгаад гараад Н манай эгчийнх рүү оръё гээд орчихоод буцаад караокед орохоор болоод гарсан. Тэгээд модны хоёр руу өгсөөд нарийн гудамжаар явж байхад Т  бид хоёр хамт яваад А ард найз охинтойгоо хэрэлдээд явж байсан. Н нэг бандитай уулзаад зогсож байсан. Тэгээд би “юу яриад байгаа юм бэ гэж хэлчихээд удалгүй харина” гээд харьсан. Тэгээд гэрт очиход IPhone 7 маркийн гар утас гаргаж ирсэн. Дараа нь цагдаа нар ирсэн байсан...” гэв.

Шүүгдэгч Б.Н гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Алтангэрэлтэй уулзаад сууж байгаад А дээр очъё гээд бид хоёр А дээр очсон. Бид гурав юм ярьж сууж байгаад ...дуулъя гээд найз нь ингээд цэргээс халагдаад ирээд ойрд гарсангүй гэж хэлсэн. Бид гурав мөнгө хаанаасаа олох уу гээд ярьж байхад А би ахаасаа 50.000 төгрөг авъя гээд мөнгө авсан. Би Гандан ороод эгчийндээ очоод хувцсаа солъё гэж хэлээд хувцсаа солих гэж байхад А хэдүүлээ пиво ууя гээд пиво аваад уусан. Тэгээд байж байхад А хэдүүлээ явж караокед оръё гэж хэлээд бид хэд 23 цагийн үед караокед орох гээд модны 2-р уруудаад явж байхад урдаас нэг залуу таараад би тэр залуугаас “хөгшөөн тамхи байна уу” гэж асуухад тамхи өгөөд тэгээд “гар утас байна уу, нэг ярих гэсэн юм” гэж асуухад нэгж байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь наад гар утсаа гаргаад ирээч гэж хэлсэн. Тэр залуу “би гар утсаа өгмөөргүй байна” гэж хэлэхээр нь “чи зүгээр гар утсаа гаргаад өгчих” гэж хэлээд гар утсыг нь авсан. Тэр залууд би “за чи аяди кодыг нь гаргаж өгөөд яахав надад 100.000 төгрөг өгөөд эргүүлээд гар утсаа авчих” гэж хэлсэн. Тэгээд би нөгөө хэдийг бүгдийг нь дуудаад нөгөө залуу цаашаа гүйгээд явсан. Тэгээд буцаад “орцгооё” гэж хэлээд гэр рүүгээ орсон. Тэгэхэд А хэрэгт орно гээд буцаагаад гар утсыг нь өгье гэж хэлээд гар утсыг нь авч гарахад гадаа цагдаа нар ирсэн байна гэж хэлээд буцаад айгаад ороод ирсэн. Тэгээд би маргааш нь гар утасны дэлгэцийг Тэди худалдааны төв дээр 50.000 төгрөгөөр зараад Чойр руу явсан. Би Чойрт байхдаа хотод очиж ажил хийнэ гэж ээждээ хэлээд хот руу ирсэн. Би нийтийн байр түрээслээд дүүтэйгээ хоёулаа амьдраад ажил хийж явж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр А рүү залгаад “цалин буучихлаа гарах уу” гэж асуухад А “манай найз охин гаргахгүй” гэж хэлэхэд би “найз охиныг чинь би аргална” гэж хэлсэн. Тэгээд орой 23 цагийн үед Алтангэрэлийн найз охинд “бид хоёр мөнгөний ажил хийх гээд ачаа буулгах гэж байгаа юм аа” гэж хэлсэн. Тухайн өдөр “гадаа гоё байна гээд хэдүүлээ ундаа, тамхи аваад гадуур алхая” гэж ярилцаад алхаж явж байгаад хөл өвдөөд байхаар нь товчлоод явъя гэж хэлээд 10 дугаар хорооллын далангаар А бид хоёр юм яриад манай дүү найзтайгаа урд юм яриад явж байсан. Тэгээд нэг залуу явж байсан. Тэр залуу манай дүү найз хоёртой юм яриад зогсож байхыг хараад очоод “юу болсон бэ” гээд асуухад тэр залуу гараараа намайг түлхээд цаашаагаа зугтаасан. Т , Н нар хойно явж байгаад тэр залууг газарт унагаасан. Тэгээд би очоод “чамайг яавал гэж чи эр хүн шиг байгаач” гэж хэлэхэд тэр залуу босоод “ахаа надад юу ч байхгүй” гэж хэлэхээр нь “тэгвэл чи ямар сүртэй юм бэ, ганц гар утсаараа яриулчих” гэж хэлсэн. Тэр залуу “ахаа энэ манай найзын гар утас юм аа, би сая өөрийнхөө гар утсыг гүйж явж байхдаа унагаачихлаа” гэж хэлэхээр нь би Алтангэрэлийн гар утасны гэрлийг асаагаад гар утсыг нь аваад тэр залуугийн гар утсыг хайж явж байгаад IPhone 6 маркийн гар утасны дэлгэц доошоо харсан байдалтай байсныг хараад авахад дэлгэц нь хагарсан байсан. Тэр залуу манай найзын гар утсыг өгчих гээд байхаар нь “за за найзынхаа гар утсыг ав” гэж хэлээд өгсөн. Харин чиний гар утсыг аваад явлаа гэж хэлээд цаашаагаа Алтангэрэлтэй яах уу гэж ярилцаж байгаад явж байхад нэг залуу Н г мөргөж байгаа юм шиг харагдаад намайг юу болоод байгаа юм бэ гэж хэлээд очиход Н тэр залуутай заамдалцаад байж байсан. Н энэ залуу намайг зүгээр явж байхад мөргөчихлөө гэж хэлсэн. Гэтэл А очоод мөнгө байна уу гэж асуусан. Нөгөө залуу халаасаа ухаж байгаад 3000 төгрөг байна гэхээр нь А мөнгөө өгчих гээд мөнгийг нь аваад тэгээд гар утас байна уу гэхэд эс 7 маркийн гар утас гаргаж ирсэн. Би дүүтэйгээ цаана юм яриад зогсож байхад А нөгөө залуу явчихлаа гэж хэлсэн. Бид хэд тэр гудамжаар явж байхад мухар гудамж таараад тэгээд буцаад явах гэтэл нөгөө залуу гудамжны үзүүрт хүлээгээд зогсоод байхаар нь А энэ гар утсыг нь буцаагаад өгөөд цаашаа явъя гэж хэлсэн. Тэгээд Алтангэрэл, Н нар түрүүлж яваад би араас нь явж байхад гэнэт цагдаа нар цахилгаан бороохойтой гарч ирсэн. Тэгээд маргааш өглөө нь би гэр рүү орсон чинь манай байрны эзэн чамайг цагдаа нар асуугаад байна. Чи юу хийгээд яваад байна гэж хэлсэн. Тэгээд дүүтэйгээ цагдаагийн газарт очъё гээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт очоод дараа нь Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтсийн цагдаагийн газарт очсон...” гэв.

Хохирогч А.А ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2019 оны 4 дүгээр сарын 03-ны орой ажлаа тараад 23 цагийн үед Гандангийн зүүн хаалга дээр гэр рүүгээ явж байхад хэдэн залуу гарж ирээд тэдгээр залуучуудын нэг нь ирээд надаас гар утас, мөнгө байна уу гэж асуусан. Тэгэхээр нь байхгүй гэж хэлэхэд миний халаасыг нэгжээд энэ юу юм бэ гэхээр нь ...ахаа би гар утсаа өгмөөргүй байна гэж хэлэхэд ...зүгээр байхад гар утас, мөнгөө өгчих гэж хэлсэн. Тэр гар утас асуусан ахтай юм яриад зогсож байхад манай ээж залгаад А тай яръя гэхэд ...энэ гар утсыг модны хоёрын автобусны буудлын тэр хавиас олсон. Та 100.000 төгрөг өгөөд хүүхдийнхээ гар утсыг аваарай, би одоо хөдөө явах гэж байна гэж хэлсэн.Тэгээд намайг яваад 100.000 төгрөг аваад ир тэгээд гар утсыг чинь өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би 100.000 төгрөг аваад ирье гэж хэлээд ажил руугаа яваад мөнгө аваад буцаад гар утас руугаа залгахад гар утас холбогдохгүй байсан...” гэв.

Хохирогч Б.Ц ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хоёр залуу гарч ирээд тэдгээр залуус намайг тойроод хашаа руу шахаад намайг “яаж яваад байгаа юм, мөнгө байна уу” гэж асуухаар нь “байхгүй” гэж хэлсэн ч туранхай өндөр нуруутай залуу нь “утсаараа ганц яриулчих” гэж хэлэхээр нь “нэгж байхгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь “ямар утастай байгаа юм, гаргаад ир” гэж хэлэхээр нь утсаа халааснаасаа гаргаж ирэхдээ хамт халаасандаа хийсэн 3000 төгрөгийг гаргаад ирсэн чинь тэр мөнгийг өндөр нуруутай залуу нь аваад “наад утсаа аваад ир” гээд утас авах гээд байхаар нь эсэргүүцсэн чинь хоёр талд байсан залуус нь хоёр гарнаас барьж байгаад нэг залуу нь үснээс нэг гараараа доош дараад, нөгөө өндөр нуруутай залуу нь миний гарнаас Самсунг Эс-7 маркийн гар утсыг булааж авахдаа үснээс дарсан залуу нь чирч газар унагаад, зүүн шанаа руу нэг удаа гараараа цохиод, хамт байсан залуусын нэг нь хөл дээр гишгээд ...цаашаа явцгаасан. ...би сууж байгаад босоод машин зам руу гараад зам дагаад явж байсан хүнээс цагдаа дуудаад өгөөч би дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуусыг алсаас дагаж хараад байж байхад цагдаа нар ирэхээр нь зааж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 13/,

            Хохирогч Ш.Б ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...10 дугаар хорооллын ар талын далан дээр ганцаараа явж байхад урдаас үл таних 2 залуу гарч ирээд утсаараа ганц яриулчих гэхээр нь би тэр үед ондоо хүн рүү гар утсаараа залгаж байсан тул тэр хүний асуусан асуултанд хариулаагүй байж байхад мөн дахиад араас 2 хүн гарч ирээд тэвэрч аваад урд байсан 2 залуу болон ард байсан 2 залуу нар миний халаас руу гараа хийгээд байхаар нь би тэр хүмүүсээс зугтаж байгаад дахин баригдахад тэр 4 залуу нийлж намайг зодож дээрээс өшиглөж байгаад халаасанд байсан гар утас, мөн найздаа өгөх гэж байсан гэр утас зэргийг авснаа манай найзын утсыг буцааж өгснөө миний гар утасны дэлгэцийн код болон ая ди кодоо хэл гэхээр нь хэлж өгөхөд тэр 4 залуу баруун тийшээ зугтаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 217/,

            Хохирогч А.А ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Гандангийн баруун хаалганаас дээшээ эргээд алхаж байсан чинь миний урдаас 4 залуу гарч ирээд утас байвал нэг залгуулчих гэж хэлсэн. Би тэгэхээр нь утас байхгүй гэж хэлсэн чинь миний хувцсыг нэгжиж байгаад миний халааснаас гар утсыг гаргаж ирээд үзэж байснаа утасныхаа кодыг гаргачих гэж хэлэхээр нь би яахын бэ ахаа би гар утсаа өгмөөргүй байна гэж хэлсэн. Тэгвэл одоо яахав дээ хүчээр үзнэ дээ гэж хэлээд миний гар утасны кодыг тайлуулаад оролдоод байсан. Тэгсэн миний дугаар руу манай ээж залгаад, нөгөө залуу утас авснаа энэ утсыг модны хоёрын орчмоос олсон 100.000 төгрөг өгөөд ав гэж хэлээд манай ээжтэй яриад байсан. Харин намайг дуугарах юм бол ална шүү гэж заналхийлсэн. ...миний гар утсыг авсан хүн шар цараатай 175 см өндөртэй залуу ...намайг дээрэмдсэн 2 залууг нь бол хараад танина харин цаана байсан хоёр залууг сайн хараагүй” гэсэн мэдүүлэг /хх 2-н 27/,

Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн НХЖХТ-н эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.А ын: “...Орхоны 9 дүгээр гудамжинд 4 залуу тааралдаж биед байсан 3000 төгрөг, болон Галакси Эс-7 маркийн гар утсыг бүлэглэн дээрэмдэж хэргийн газраас зугтаасан байсныг шуурхай эрэн сурвалжилж Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд оршин суух хаягтай О.А ийг барьж мөрдөгч Т д шалгуулахаар хүлээлгэн өгөв...” гэсэн илтгэх хуудас /хх 1-н 8/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...Х.Б нь эдгээр 9 зурагнаас 3, 5, 7, 9 гэж дугаарласан зургууд дээр байгаа 4 иргэнийг хараад шууд таньж байна, биеийн төрх царай зүс, хараад шууд таньж байв. Хохирогч Х.Б 5 гэж дугаарласан иргэнийг намайг зодоод миний утасны код болон аяди кодыг асуугаад байсныг маш сайн таньж байв...” гэжээ /хх 2-н 3-4/,

Яллагдагчаар Б.Н гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...урьд өгсөн мэдүүлэгт үнэн зөвөөр бүгдийг нь мэдүүлсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 240-241/,

Яллагдагчаар О.А ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...урьд өгсөн мэдүүлэгт үнэн зөвөөр бүгдийг нь мэдүүлсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 243-244/,

Өсвөр насны яллагдагч Б.Т ын мөрдөн байцаалтад өгсөн: “...уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...урьд өгсөн мэдүүлэгт үнэн зөвөөр бүгдийг нь мэдүүлсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 246-247/,

Яллагдагчаар Н.Н гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...урьд өгсөн мэдүүлэгт үнэн зөвөөр бүгдийг нь мэдүүлсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 249-250/,

            Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 6, 206-208, 2-н 9/, Хохирогчийн өрөгдөл /хх 1-н 7/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 1-н 9/, Эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 27-28, 230-231, 44-46/, өсвөр насны шүүгдэгч болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 118-177, 191-192, 201-203, 2-н 13-18, 68-69/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх 2-н 6, 80/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 2-н 11-12/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Баянгол дүүргийн прокуророос шүүгдэгч Д.А ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, мөн өсвөр насны шүүгдэгч Б.Т ын үйлдлээс хохирогч А.А т хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу “гэмт хэргийн шинжгүй” буюу гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байна.

Шүүгдэгч Д.А , өсвөр насны шүүгдэгч Б.Т  нь хохирогч А.А ыг бүлэглэж дээрэмдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хохирогчийн мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдохгүй байна.

Хохирогч А.А  мэдүүлэхдээ “...намайг дээрэмдсэн 2 залууг нь бол хараад танина харин цаана байсан хоёр залууг сайн хараагүй. Нөгөө хоёр залуу нь нилээн зайтай зогсож байсан..” гэж, өсвөр насны шүүгдэгч Б.Т ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...А бид хоёр түрүүлээд урд нь алхаад явж байсан. Бид хоёрын хажуугаар нэг залуу зөрсөн. Н ах тэр залуутай уулзаад зогсож байсан. Би тэр залууг Н ах таньдаг хүн юм байна гэж бодсон. Бид нар гэрт очоод байж байхад Н ах IPhone маркийн гар утас гаргаж ирээд гар утасны эзэн болох залууг таньдаг учраас гар утсыг нь авсан. Тэр залууг 100.000 төгрөг авчраад гар утсаа аваарай гэж хэлсэн, гэж хэлж байсан. Би гар утсыг нь эргүүлээд өгөөч гэж хэлэхэд А гар утсыг нь  өгөх гээд гарч яваад цагдаа нар байна гээд өгч чадаагүй орж ирсэн..” гэж шүүгдэгч Д.А ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...Н нэг бандитай уулзаад зогсож байсан. Тэгээд би “юу яриад байгаа юм бэ гэж хэлчихээд удалгүй харъя” гээд харьсан. Тэгээд гэрт очиход IPhone 7 маркийн гар утас гаргаж ирсэн. Дараа нь цагдаа нар ирсэн байсан...” гэж тус тус мэдүүлжээ.

Дээрх хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Д.А , Б.Т  нар нь хохирогч А ыг дээрэмдэх үед цуг явж байсан боловч шүүгдэгч Н , А нар нь хохирогчийг заналхийлж гар утсыг дээрэмдэж авахыг мэдээгүй, ямар нэг идэвхтэй үйлдэл хийгээгүй, гэрт очиход утас авсаныг мэдсэн нөхцөл байдал тогтоогдсон болно. 

Улсын яллагчийн шүүгдэгч Д.А , Б.Т  нар нь хохирогчийг уг гудамжнаас гарах нэг талын гарцыг хааж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэсэн дүгнэлт нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр нотлогдохгүй байна.

Хохирогчийн эд зүйлээ дээрэмдүүлсэн газар нь гудамжны уулзвар хэсэг байсан байх ба хохирогч нь мөнгө олж ирж утсаа авна гээд явахдаа шүүгдэгч Д.А , Б.Т  нарын хажуугаар гүйж өнгөрсөн зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон болох нь эргэлзээтэй байна.

Энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.А , Б.Н  нар нь бүлэглэж 2019 оны 4 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19-20 дугаар гудамж, Гадантэгчилэн хийдийн орчим А.А т хүч хэрэглэхээр заналхийлж довтлон Айфоне 7 маркийн гар утсыг хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.А , Н.Н , Б.Н , Б.Т  нар нь бүлэглэж 2019 оны 4 дүгээр сарын 29-нээс 30-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 56 дугаар сургуулийн хойд талын далан дээр иргэн Ш.Б ийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж Айфоне 6 маркийн гар утсыг хууль бусаар авч 288.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.А , Н.Н , Б.Н , Б.Т  нар нь бүлэглэж 2019 оны 4 дүгээр сарын 29-нээс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 9 дүгээр гудамжинд иргэн Б.Ц ийн хоёр гарнаас нь барьж, үснээс нь зулгааж хүч хэрэглэн довтолж 3000 төгрөг, Самсунг Галакси Эс-7 маркийн гар утсыг хууль бусаар авч 201.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэм буруутай болох нь

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Ц ийн: “...хоёр залуу гарч ирээд тэдгээр залуус намайг тойроод хашаа руу шахаад намайг “яаж яваад байгаа юм, мөнгө байна уу” гэж асуухаар нь “байхгүй” гэж хэлсэн ч туранхай өндөр нуруутай залуу нь “утсаараа ганц яриулчих” гэж хэлэхээр нь “нэгж байхгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь “ямар утастай байгаа юм, гаргаад ир” гэж хэлэхээр нь утсаа халааснаасаа гаргаж ирэхдээ хамт халаасандаа хийсэн 3000 төгрөгийг гаргаад ирсэн чинь тэр мөнгийг өндөр нуруутай залуу нь аваад “наад утсаа аваад ир” гээд утас авах гээд байхаар нь эсэргүүцсэн чинь хоёр талд байсан залуус нь хоёр гарнаас барьж байгаад нэг залуу нь үснээс нэг гараараа доош дараад, нөгөө өндөр нуруутай залуу нь миний гарнаас Самсунг Эс-7 маркийн гар утсыг булааж авахдаа үснээс дарсан залуу нь чирч газар унагаад, нэг зүүн шанаа руу нэг удаа гараараа цохиод, хамт байсан залуусын нэг нь хөл дээр гишгээд ...цаашаа явцгаасан.” гэсэн мэдүүлэг /хх 1-н 13/, хохирогч Ш.Б ийн: “...10 дугаар хорооллын ар талын далан дээр ганцаараа явж байхад урдаас үл таних 2 залуу гарч ирээд утсаараа ганц яриулчих гэхээр нь би тэр үед ондоо хүн рүү гар утсаараа залаж байсан тул тэр хүний асуусан асуултанд хариулаагүй байж байхад мөн дахиад араас 2 хүн гарч ирээд тэвэрч аваад урд байсан 2 залуу болон ард байсан 2 залуу нар миний халаас руу гараа хийгээд байхаар нь би тэр хүмүүсээс зугтаж байгаад дахин баригдахад тэр 4 залуу нийлж намайг зодож дээрээс өшиглөж байгаад халаасанд байсан гар утас, мөн найздаа өгөх гэж байсан гэр утас зэргийг авснаа манай найзын утсыг буцааж өгснөө миний гар утасны дэлгэцийн код болон ая ди кодоо хэл гэхээр нь хэлж өгөхөд тэр 4 залуу баруун тийшээ зугтаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 217/, хохирогч А.А ын: “...миний хувцсыг нэгжиж байгаад миний халааснаас гар утсыг гаргаж ирээд үзэж байснаа утасныхаа кодыг гаргачих гэж хэлэхээр нь би яахын бэ ахаа би гар утсаа өгмөөргүй байна гэж хэлсэн. Тэгвэл одоо яахав дээ хүчээр үзнэ дээ гэж хэлээд миний гар утасны кодыг тайлуулаад оролдоод байсан. Тэгсэн миний дугаар руу манай ээж залгаад, нөгөө залуу утас авснаа энэ утсыг модны хоёрын орчмоос олсон 100.000 төгөрг өгөөд ав гэж хэлээд манай ээжтэй яриад байсан. Харин намайг дуугарах юм бол ална шүү гэж заналхийлсэн. ...миний гар утсыг авсан хүн шар цараатай 175 см өндөртэй залуу ...намайг дээрэмдсэн 2 залууг нь бол хараад танина харин цаана байсан хоёр залууг сайн хараагүй” гэсэн мэдүүлэг /хх 2-н 27/, Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн НХЖХТ-н эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.А ын “Орхоны 9 дүгээр гудамжинд 4 залуу тааралдаж биед байсан 3000 төгрөг, болон Галакси Эс-7 маркийн гар утсыг бүлэглэн дээрэмдэж хэргийн газраас зугтаасан байсныг шуурхай эрэн сурвалжилж Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд оршин суух хаягтай О.А ийг барьж мөрдөгч Т д шалгуулахаар хүлээлгэн өгөв...” гэсэн илтгэх хуудас /хх 1-н 8/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...Х.Б нь эдгээр 9 зурагнаас 3, 5, 7, 9 гэж дугаарласан зургууд дээр байгаа 4 иргэнийг хараад шууд таньж байна, биеийн төрх царай зүс, хараад шууд таньж байв...” гэжээ /хх 2-н 3-4/, Эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Н , О.А , Н.Н , өсвөр насны шүүгдэгч Б.Т  нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Н , О.А , Н.Н , өсвөр насны шүүгдэгч Б.Т  нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдлүүд болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

            Шүүгдэгч Б.Н , О.А , Н.Н , өсвөр насны шүүгдэгч Б.Т  нар нь хохирогч нарын гар утсыг үйлдлээрээ санаатай нэгдэж авсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд гар утсаа хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Н , О.А , Н.Н , өсвөр насны шүүгдэгч Б.Т  нарыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар нь маргаагүй тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Н , О.А , Б.Н , өсвөр насны шүүгдэгч Б.Т  нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А , Б.Н , өсвөр насны шүүгдэгч Б.Т  нарыг 4 жил хорих ялаар, шүүгдэгч Н.Н г 03 жил хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах..” гэж, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана...” гэж тус тус заажээ.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч нар гомдол саналгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан шүүгдэгч О.А , Б.Н , Н.Н  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээнээс доогуур хорих ял тус тус оногдуулах, өсвөр насны Б.Т ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг хоёр дахин багасгаж сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А , Б.Н , Н.Н  нарт шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад, өсвөр насны шүүгдэгч Б.Т ад оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч О.А , Б.Н , Н.Н  нарын урьд цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, 1905021290682, 1905016430583 тоот хэргүүдийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч О.А , Б.Н , Н.Н  нар нь 29 хоног цагдан хоригдсон, өсвөр насны шүүгдэгч Б.Т , шүүгдэгч Д.А  нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн прокуророос шүүгдэгч Д.А ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, мөн өсвөр насны шүүгдэгч Б.Т ын үйлдлээс хохирогч А.А т хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, Д.А , Б.Т  нарт холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
  2. Шүүгдэгч Н.Н , О.А , Б.Н , өсвөр насны шүүгдэгч Б.Т  нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Н , О.А , Б.Н  нарыг 01 жил хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т ыг 01 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н , О.А , Б.Н  нарт оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад,

- Өсвөр насны шүүгдэгч Б.Т ад оногдуулсан 01 жил хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Н.Н , О.А , Б.Н  нарын урьд цагдан хоригдсон 29 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тус тус тооцсугай.
  2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, 1905021290682, 1905016430583 тоот хэргүүдийг нэгтгэсэн, тусгаарлсан хэрэггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н , О.А , Б.Н , өсвөр насны шүүгдэгч Б.Т  нарт цагдан хорих, шүүгдэгч Д.А т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР