Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 1121

 

 

 

 

 

 

  2019          11             05                                           2019/ДШМ/1121                           

 

 О.А-, Б.Н-, Н.Н-,                                                                                 Б.Т-, Д.А- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:          

            прокурор Г.Билгүүжин,

            шүүгдэгч Б.Н-,

            шүүгдэгч Н.Н-гийн өмгөөлөгч Ч.Нямцоож,

            нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 773 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Баясгалангийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн О.А-, Д.А-, Б.Н-, Н.Н-, Б.Т- нарт холбогдох 1905019320490 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.    Б овгийн Н-ийн Н, Дундговь аймагт 2000 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Аварга” дээд сургуулийн дэргэдэх дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 101-2 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Чулуутын 0-00 тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/

 2. Т овгийн О-гийн А, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1999 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт амьдардаг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан ус 2 дугаар гудамжны 14 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 00-00 тоотод түр оршин сууж байсан, /регистрийн дугаар: 000000000/

2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон.

3. Б овгийн Б-гийн Н, Говьсүмбэр аймагт 1998 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт амьдардаг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 000 дугаар хороонд нийтийн байранд түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

4.  Б овгийн Б-гийн Т, Говьсүмбэр аймагт 2002 оны 2 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн байранд түр оршин сууж байсан, /регистрийн дугаар:00000000/

            2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан.

5.  Т овгийн Д-гийн А, Говьсүмбэр аймагт 2001 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6: эцэг, эгч, ах нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 00а-000 тоотод оршин сууж байсан, /регистрийн дугаар:00000000/

            2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.  

О.А-, Б.Т-, Д.А-, Б.Н- нар бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19-20 дугаар гудамж, Гандантэгчилэн хийдийн орчим А.А-т хүч хэрэглэхээр заналхийлж довтлон “I phone-7” загварын гар утсыг нь хууль бусаар авч 700,000 төгрөгийн хохирол учруулсан,

О.А-, Н.Н-, Б.Н-, Б.Т- нар бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Ерөнхий боловсролын 56 дугаар дунд сургуулийн хойд талын далан дээр Ш.Б-ийн эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж “I phone-6” загварын гар утсыг нь хууль бусаар авч 288,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн өдөр 02 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 9 дүгээр гудамжинд Б.Ц-ийн хоёр гараас нь барин үсдэж хүч хэрэглэн довтолж 3,000 төгрөг, “Samsung Gаlaxy S-7” загварын гар утсыг нь хууль бусаар авч 201,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Н-, О.А-, Б.Н-, Б.Т-, Д.А- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.А-т холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, мөн өсвөр насны шүүгдэгч Б.Т-ын үйлдлээс “... хохирогч А.А-т хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн ...” гэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, Д.А-, Б.Т- нарт холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, Н.Н-, О.А-, Б.Н-, өсвөр насны шүүгдэгч Б.Т- нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Н-, О.А-, Б.Н- нарыг 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т-ыг 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-, О.А-, Б.Н- нарт оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад, өсвөр насны шүүгдэгч Б.Т-ад оногдуулсан 1 жил хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.Н-, О.А-, Б.Н- нарын цагдан хоригдсон 29 хоногийг тус тусын эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор А.Баясгалан бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “... Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч О.А-, Б.Н- нарыг бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19-20 дугаар гудамж, Гандантэгчилэн хийдийн орчим А.А-т хүч хэрэглэхээр заналхийлж довтлон “I phone-7” загварын гар утсыг хууль бусаар авч 700,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон гэж үзээд зарим яллагдагч нар болох Д.А-, Б.Т- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Д.А-, Б.Т- нарт холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж, 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ” гэж, 30.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолд хэргийн бүртгэлийн дугаар, ямар гэмт хэрэг хэзээ, хаана, үйлдэгдсэн, уг хэрэгт хэрэг бүртгэлт явуулах үндэслэлийг тусгана. Тогтоолд хүн, хуулийн этгээдийн нэрийг холбогдуулан бичихийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчиж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж заасан нь зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон хэрэгт хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, хохирогч А.А-т хүч хэрэглэхээр заналхийлж довтлон гар утсыг нь хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тогтоогдоогүй, уг гэмт хэргийг О.А-, Б.Н- нар үйлдээгүй гэж үзвэл хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэхээр байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг үндэслэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 773 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Д.А-, Б.Т- нарт холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай” гэснийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэжээ.

Прокурор Г.Билгүүжин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэв шүүхээс шүүгдэгч О.А-, Б.Н- нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолсон гэж үзвэл бусад шүүгдэгч нар болох Д.А-, Б.Т- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Прокурор А.Баясгалангийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид нарыг эрүүгийн төлөөлөгч нар 1 дүгээр сард үйлдэгдсэн гэх хэргийг хүлээхийг шаардсан. Энэ талаар анх өгсөн мэдүүлгээ үнэхээр санахгүй байна. 1 дүгээр сард үйлдэгдсэн гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би гурван удаагийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. ...” гэв.

Шүүгдэгч Н.Н-гийн өмгөөлөгч Ч.Нямцоож тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокуророос шүүгдэгч нарын гэм буруу болон ялын талаар эсэргүүцэл бичээгүй байна. Прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзвэл шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн хувьд 2 үйлдэлд холбогдсон. Үүндээ маргадаггүй, хүлээн зөвшөөрч байгаа. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар О.А-, Б.Н-, Н.Н-, Б.Т-, Д.А- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч О.А-, Б.Н- нар бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19-20 дугаар гудамж, Гандантэгчилэн хийдийн орчим А.А-т хүч хэрэглэхээр заналхийлж 700,000 төгрөгийн үнэтэй “I phone-7” загварын гар утсыг нь хууль бусаар авсан,

Шүүгдэгч О.А-, Н.Н-, Б.Н-, Б.Т- нар бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Ерөнхий боловсролын 56 дугаар дунд сургуулийн хойд талын далан дээр Ш.Б-ийн эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж 288,000 төгрөгийн үнэтэй “I phone-6” загварын гар утсыг нь хууль бусаар авсан, мөн өдөр 02 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 9 дүгээр гудамжинд Б.Ц-ийн хоёр гараас нь барин үсдэж хүч хэрэглэн довтолж 3,000 төгрөг болон 201,000 төгрөгийн үнэтэй “Samsung Gаlaxy S-7” загварын гар утсыг нь хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч А.А-ын “... 2019 оны 4 дүгээр сарын 3-ны орой 23 цагийн үед Гандангийн баруун хаалганы орчим алхаж явахад урдаас 4 залуу гарч ирээд “... утас байвал нэг залгуулчих ...” гэхээр нь “... байхгүй ...” гэхэд намайг нэгжээд халааснаас гар утсыг маань гаргаж ирээд “... кодоо хэл, хүчээр үзнэ дээ ..” гэж гар утасны кодыг тайлуулсан. Тэр үед манай ээж залгахад нөгөө залуу “... энэ утсыг модны хоёроос олсон 100,000 төгрөг өгөөд ав ...” гэж ярьсан ба “... намайг дуугарах юм бол ална шүү ...” гэж заналхийлсэн. Намайг дээрэмдсэн 2 залууг хараад танина. Харин цаана байсан 2 залууг бол сайн хараагүй...” гэх мэдүүлэг /2-р хх 26-27/,

“I phone-7” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ /2-р хх 43-45/,

шүүгдэгч Б.Н-гийн “... 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Гандантэгчилэн хийдийн хойд хаалганы орчимд 20 орчим насны нэг эрэгтэй дээр яваад очтол тэр залуу бид нараас айгаад “... ах нараа утас битгий ав, би та нарт мөнгө өгье ...” гэхээр нь “I phone-7” загварын утсыг нь барьцаанд аваад явуулсан...” /2-р хх 31/,

“... Тэр үед Алтангэрэл утсаар яриад зогсч байсан. Харин Алтан-Очир, Төрбат хоёр “явъя” гээд цаана зогсож байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх 108-109/, 

шүүгдэгч О.А-ийн “... Төрбат, Нямцэрэн, Алтангэрэл бид дөрөв “Модны 2” руу явж байхад Нямцэрэн нэг залуутай юм яриад зогсч байгаад ирсэн. Нямцэрэн гэртээ ирээд нэг утас гаргаж ирээд “саяын залуугийн гар утсыг авчихлаа” гэж хэлсэн. Тэр утас нь “I phone-7” загварын гар утас байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх 101-102/,

хохирогч Ш.Б-ийн “... хорооллын арын далан дээр явж байтал урдаас үл таних 2 залуу гарч ирээд “... утсаараа ганц яриулчих ...” гэсэн. Мөн араас 2 хүн гарч ирээд тэвэрч аваад халаасанд гараа хийсэн. Би тэр хүмүүсээс зугтаад дахин баригдахад тэр 4 нийлж намайг зодоод халаасанд байсан гар утас аваад баруун тийшээ зугтаад явсан ...” гэх мэдүүлэг /1-р хх 217-218/, 

“I phone-6” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ /1-р хх 230-231/, 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 207-208/,

таньж олуулах ажиллагаа явуулахад хохирогч Ш.Б- шүүгдэгч О.А-, Н.Н-, Б.Н-, Б.Т- нарыг заасан болохыг бэхжүүлсэн тэмдэглэл /2-р хх 3-4/,

хохирогч Б.Ц-ийн “... 2019 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гандангийн баруун талд “Топ” авто угаалгын хажуугаар явж байтал урдаас 2 залуу ирээд мөрлөхөөр нь тоохгүй цаашаа явж байсан чинь араас дуудаад “... яаж яваад байгаа юм ...” гэхэд цаанаас нь хоёр залуу гарч ирээд тэдгээр залуус намайг тойрч зогсоод хашаа руу шахаад “... мөнгө байна уу ...” гэхээр нь “... байхгүй ...” гэхэд туранхай өндөр залуу нь “... утсаараа ганц яриулчих, ямар утастай байгаа юм, гаргаад ир ...” гэсэн. Утсаа халааснаасаа гаргаж ирэхдээ 3,000 төгрөгтэй хамт гаргаад ирэхэд тэр мөнгийг өндөр нуруутай залуу нь аваад, “... наад утсаа аваад ир ...” гээд гар утас авах гээд байхаар нь эсэргүүцсэн чинь хоёр талд байсан залуус нь хоёр гараас барьж байгаад, нэг залуу нь үснээс доош дараад, нөгөө өндөр нуруутай залуу нь миний гараас “Samsung S-7” загварын гар утсыг булааж авсан. Үснээс дарсан залуу нь чирч газар унагаад, зүүн шанаа руу нэг удаа цохиод, хамт байсан залуусын нэг нь хөл дээр гишгээд цаашаа явцгаасан...” гэх мэдүүлэг /1-р хх 12-13/, 

“Samsung Galaxy S-7” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ /1-р хх 27-28/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 9/,

шүүгдэгч О.А-, Н.Н-, Б.Н-, Б.Т- нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Хэргийн нөхцөл байдлыг судалж үзэхэд хохирогч А.А-ын гар утсыг  дээрэмдсэн гэмт хэрэгт шүүгдэгч Д.А-, Б.Т- нар хамтран оролцсон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдоогүй тул анхан шатны шүүх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчимд нийцсэн шийдвэр болжээ.  

Мөн шүүгдэгч О.А-, Б.Н- нар бүлэглэн хохирогч А.А-т хүч хэрэглэхээр заналхийлж эд хөрөнгийг нь дээрэмдэн авсан, шүүгдэгч О.А-, Н.Н-, Б.Н-, Б.Т- нар бүлэглэн хоёр удаагийн үйлдлээр хохирогч Ш.Б-, Б.Ц- нарт хүч хэрэглэн довтолж эд хөрөнгүүдийг нь дээрэмдэн авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч О.А-, Н.Нопилсүрэн, Б.Н-, өсвөр насны шүүгдэгч Б.Т- нарт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь тэдний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана.” хэмээн заажээ.

Хохирогч А.А-ын гар утсыг  дээрэмдсэн гэмт хэргийг О.А-, Б.Н- нар үйлдсэн гэм буруутайг тогтоож, харин тэдэнтэй хамт явсан Д.А-, Б.Т- нар хамтран оролцсон нь хөдөлбөргүй нотлогдоогүй гэж үзэн тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосноор шүүх тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, дахин энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул дээрх хуулийн зүйл, хэсэгт заасны дагуу хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах шаардлагагүй байна.

Мөн шүүгдэгч Д.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа түүнийг цагаатгах шийдвэр гаргаагүй нь хуулийн шаардлагад нийцэхгүй.

Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолын 1 дэх заалтад өөрчлөлт оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж зааснаас үзвэл шүүх эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шударга ёсны зарчмыг баримтлан өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулсны дараа ялыг хоёр дахин багасгах зохицуулалтыг хэрэглэхээр байхад анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Т-ад ял шийтгэхдээ хууль хэрэглээний дээрх эрэмбэ, дарааллыг зөрчиж хорих ял оногдуулсан болохыг цаашид анхаарвал зохино.   

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 773 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг “Шүүгдэгч Л.А-, Б.Т- нарыг “... бүлэглэн хохирогч А.А-т хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн...” гэж үзэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.А-ыг цагаатгасгуай.” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Л.ДАРЬСҮРЭН

 

                         ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

 

                         ШҮҮГЧ                                                              М.ПҮРЭВСҮРЭН