Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2025/01453

 

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/03698 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 372,369,750 төгрөг гаргуулах, гэрээний 1.4 дэх заалтын зарим  хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлтэй,

Илүү төлсөн 68,680,000 төгрөг, гүйцэтгээгүй ажлын зардал 234,000,000 төгрөг, шинжээчийн зардал 13,000,000 төгрөг, нийт 315,680,000 төгрөгийг гаргуулах, 602,830,250 төгрөгийн НӨАТ-ын шивэлт хийхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “*******” ХХК-тай “Төмөр замын далангийн хоолой барих туслан гүйцэтгэх гэрээ”-г байгуулан Таван Толгой - Зүүнбаян чиглэлийн төмөр замын чиглэлийн ... 5,4 км далангийн уртад байрлах 10 ширхэг төмөр бетон хоолойн ажлыг 1,500,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирч, ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн.

*******тай тооцоо нийлэн эцсийн байдлаар дээрх 10 ширхэг хоолойн ажлыг акт үйлдэн хүлээлгэн өгсөн. Тус төслийн захиалагч “*******” ТӨХК-өөс дээрх хоолойн ажлын санхүүжилтийг 2020 оны 10 дугаар сард “*******” ХХК-д бүрэн шилжүүлсэн байхад манай компанид үлдэгдэл ажлын хөлсийг төлөөгүй байна.

1.2.2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл *******ийн данснаас “*******” ХХК-ийн дансанд 271,000,000 төгрөг, мөн манайхтай хамтран ажилласан компанийн дансанд 802,030,250 төгрөг, *******ийн хувийн дансанд 54,600,000 төгрөг нийтдээ 1,127,630,250 төгрөгийг манай компани авсан.

1.3.Буцаан дүүргэлтийн ажлын хөлс 230,000,000 төгрөг байсан гэж хариуцагч хэлж байгаа ч 2020 оны Төмөр замын хоолойн ажлыг гүйцэтгэх актад гэрээний үнийн дүн 1,673,407,208 төгрөг, үүнээс буцаан дүүргэлт нь 28,411,410.40 төгрөг, гүйцэтгэгчээс шилжүүлэх дүн 25,265,940 төгрөг гэдэг байдлаар “*******” ХХК-тай тооцоо нийлсэн байдаг. Буцаан дүүргэлт гэдэг бол төмөр зам явах даланг сэтэлж хоолойг суулгаж буцаж даланг дүүргэх юм. Буцаан дүүргэлтийн ажлын үнэ хөлсийг анхнаасаа тохирч актдаа тусгасан байна.

Дээд болон хажуу талын дүүргэлтийн тусдаа ажлын хөлс байхгүй. Зөвхөн буцаан дүүргэлтийн ажлын хөлс гэж байгаа. Буцаан дүүргэлтийг “*******” ХХК хийсэн нь үнэн. “*******” ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр энэ буцаан дүүргэлтийн ажлынхаа хөлс болох 28,411,410 төгрөгийг авчихсан байгаа. Манай компани оронд нь сэтэлгээг хийсэн. Гэрээнд сэтэлгээ хийх гэдэг зүйл байгаагүй. Бид хоолой тавихад бэлдэх тэр ажлыг хийж гүйцэтгэх байсан. Дээд талын дүүргэлтийг манай компани хийсэн. Хоёр талын дүүргэлтийг хариуцагч хийсэн байдаг.

Бид зөвхөн хоолойг аваачиж тавих, зөвхөн газар шорооны ажлыг л хийсэн. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл, гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Тухайн үед манай компани хүн хүч машин техникийг бүгдийг өөрсдөөсөө гаргаж ажлыг хийж гүйцэтгэсэн.

1.4.Энэ төсөл нь Засгийн газраас хэрэгжүүлсэн төсөл байсан учир гүйцэтгэгч компаниудтай нууцын гэрээ байгуулсан байх. Харин “*******” ХХК болон “*******” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ нь нууцад хамаарахгүй. Хариуцагч тал 296,000,000 төгрөгийн зөрүү гарсан учраас бид энэ их төлбөрийг төлөх боломжгүй гэдэг зүйл ярьж байна.

Бид буурсан дүнгээс нэхэмжилж байна. Мөн буурсан дүн нь манай ажлын хөлсийг багасгах үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болон гэрээнд ямар ч хамааралгүй.

Иймд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “*******” ХХК болон “*******” ХХК нарын хооронд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Төмөр замын далангийн хоолой барих туслан гүйцэтгэх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд “*******” ХХК-аас 372,369,750 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.5.Талуудын хоорондох гэрээний 1.4-т “Б тал нь нийт 10 ширхэг төмөр замын далангийн хоолой барих бөгөөд тухайн ажлын төсөв нийт 1,500,000,000 төгрөг байх ба хоолойн дээд талын далангийн дүүргэлтийн ажил үүнд хамаарна” хэмээх заалтын “дээд талын далангийн дүүргэлтийн ажил” гэх хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан.

Учир нь дээд талын далангийн дүүргэлтийн ажлыг “*******” ХХК анхнаасаа хийх үүрэг хүлээгээгүй. Хариуцагч компани яаралтай түргэн, шуурхай гэрээгээ хийхийг шаардаж ажлынх нь газарт хэвлэсэн гэрээн дээр манайх гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж гэрээ байгуулагдсан.

Дээд талын далангийн дүүргэлтийн ажлыг тусгай зөвшөөрөл бүхий компани хийж гүйцэтгэх хууль зүйн зохицуулалттай байдгаас шалтгаалан хоолойн дээд талын далангийн дүүргэлтийн ажил нь хоолойн ажлаас тусдаа төсөвтэй хийгдэж, далангийн гүйцэтгэлийн дагуу төлбөр тооцоо нь гүйцэтгэгч компаниуд руу шилжсэн байдаг. Хоолойн ажлыг туслан гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн компани хоолойн хоёр хажуу талын буцаан дүүргэлтийн ажлыг хийж гүйцэтгэдэг нь энэ төрлийн ажил хэргийн хүрээнд тогтоосон жишиг юм. 

Иргэний эрх зүйн суурь зарчим, гэрээ байгуулах чөлөөт байдлын зарчмыг ноцтой зөрчиж хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан гэрээний зүйл, заалт оруулж ноцтой төөрөгдүүлэн гарын үсэг зурж, үүнээс улбаалан үндэслэлгүйгээр ажлын хөлсийг төлөхгүй байх шалтгаан бий болсон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.2019 оноос Зүүнбаян-Таван толгой чиглэлийн 414.6 км төмөр замын дэд бүтцийг барих томоохон төсөл хэрэгжиж эхэлсэн. Уг төслийн захиалагчаар “*******” ТӨХК, ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, түүнийг төлөөлж Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар, харин манай компани бусад 6 компанитай нийлж консорциум хэлбэрээр тухайн төслийн туслан гүйцэтгэгчээр ажилласан. Манай компани өөрсдийн хариуцаж байсан хэсэгт 10 ширхэг төмөр бетон хоолой барих ажлын эрхийг авсан.

2.2.Бид туслан гүйцэтгэгчээр оролцох компанид нийт төсөвт өртгийн дүнгээс 70/30 гэсэн харьцаа буюу нийт төсөвт өртгийн 70 хувиар туслан гүйцэтгэгч ажлаа гүйцэтгэж 30 хувь нь ерөнхий гүйцэтгэгчид үлдэх хувилбарыг санал болгодог ч “*******” ХХК-тай 75/25 гэсэн харьцаагаар тооцохоор тохирч, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр манай компани туслан гүйцэтгэгч “*******” ХХК-тай 20/03 дугаар бүхий гэрээ хийсэн.

Энэ үед ерөнхий гүйцэтгэгч “*******” ХХК-аас манайд яригдаж буй 10 ширхэг төмөр бетон хоолойн төсөв өгөхдөө үнийн дүнг 1,996,786,490 төгрөг байхаар мэдээлсэн.

...Энэ үнийн дүнг 75/25-ын зарчмаар тооцож гэрээний үнийн дүнг 1,500,000,000 төгрөгөөр тогтож гэрээг байгуулсан.

2.3.Ажил үргэлжлэх явцад Зэвсэгт хүчний жанжин штабаас хоолойн ажлын үнэлгээ хэт өндөр байна ...гээд зөвшөөрөхгүй байсны улмаас эцэстээ туслан гүйцэтгэгч “*******” ХХК-тай зөвшилцөж байгаад нийт ажлын үнэлгээг 1,673,407,208 төгрөг байхаар зөвшөөрч баталгаажуулсан. Үндсэндээ анх яригдаж байсан дүнгээс 323,379,282 төгрөгөөр бууж батлагдсан гэсэн үг.  Үүнийг тохирсон 75/25 зарчмаар шинэчлэгдсэн дүнгээс тооцвол 1,255,055,406 төгрөг өгөх тооцоолол гардаг.

“*******” ХХК-тай байгуулсан 4,419,491,251 төгрөгийн гэрээний үнийн дүнд далан болон хоолойн ажил багтсан. 4,419,491,251 төгрөгөөс далангийн ажлын хөлс 2,458,115,170 төгрөгийг хасахаар тухайн үед хийсэн 10 хоолойны ажлын анхны үнийн дүн 1,961,377,081 төгрөг байсан. Анх ийм дүнтэй ажил санал болгохоор талууд тохирсон. Ингэж явсаар эцсийн дүн нь 1,673,407,208 төгрөгөөр батлагдсан.

Гэрээний 5.6, 4.1-д гэрээний үнийн дүн өөрчлөгдөхөд төсөв өөрчлөгдөнө гэж, мөн гэрээнд заасны дагуу энэхүү төсвийг талууд тохиролцоно гэж тус тус заасан байдаг.

2.4.Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4-т “Б тал нь 10 ширхэг төмөр замын далангийн хоолой барих бөгөөд хоолойн дээд талын далангийн дүүргэлтийн ажил үүнд хамаарна” гэсэн заалт бий. Харамсалтай нь гэрээгээр хүлээсэн энэ үүргээ туслан гүйцэтгэгч биелүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байснаас манай компани энэ ажлыг өөрсдөө гүйцэтгэсэн. Маш их хэмжээний зардал гарсан. Мөн тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн хийх ёстой ажлыг нэхэмжлэгч тал хийсэн нь хуульд тавигдсан шаардлага хангахгүй хүчин төгөлдөр бус гэрээ болсон. Дээд талын далангийн дүүргэлт гэдэг нь үндсэндээ хоолойн дээрээ далан барих асуудал байдаг.

2.5.Гэрээний 1.4-т заасан “...хоолойн дээд талын далангийн дүүргэлтийн ажил үүнд хамаарна...” гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардлага гаргасан байна.

 Тухайн үед уг ажлыг хийхээр 4-5 компани саналаа ирүүлж байсан бөгөөд “*******” ХХК-ийг сонгож, гэрээний төслийг тухайн үед танилцуулж гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай саналаа тусгаж болно гэдгийг мэдэгдэж хэлж байсан. Түргэн шуурхай гэрээгээ хийхийг шаардаж шахсан зүйл огт байхгүй.

Туслан гүйцэтгэгч тал гэрээний бүх нөхцөлийн талаар сайтар мэдэж байсан төдийгүй төөрөгдөж эндүүрсэн нөхцөл байх үндэсгүй. Хэрэв үнэхээр гэрээний нөхцөлийн талаар ноцтой төөрөгдсөн, эндүүрсэн бол Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6 дахь хэсэгт заасны дагуу төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй.

Гэтэл “*******” ХХК-ийн зүгээс гэрээний нөхцөлийн талаар төөрөгдөж, эндүүрсэн бол түүнийгээ мэдэх боломжтой хангалттай хугацаа өнгөрсөн, мөн тэр тухай мэдэгдэх боломжтой байсан гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1.“*******” ХХК нь Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт 10 ширхэг төмөр бетон хоолой, далангийн дүүргэлт хийх ажлыг зөвшөөрлийн дагуу авч туслан гүйцэтгэгчээр “*******" ХХК-ийг сонгон 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр туслан гүйцэтгэх 20/30 дугаартай гэрээ байгуулж ажилласан. “*******” ХХК-тай гэрээний дагуу тохирсон хөлсийг холбогдох дансаар нь шилжүүлэн өгч дуусгаад, төслийн гүйцэтгэлээ улсын комисст хүлээлгэн өгч тооцоо нийлсэн акт үйлдэн төлбөрийг баталгаажуулсан.

Ерөнхий гүйцэтгэгч болох Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар болон “*******” ХХК-аас удаа дараа анх тохирсон үнийн дүнгийн төсөвт зөрүү өөрчлөлтүүд гарсан тул залруулга тайлбарыг дахин гаргаж ирүүл гэж шаардаж байсан тул дахин төсвийн санал хийж оруулж байгаад эцэслэн 2020 оны 10 дугаар сард анх тохирсон 1,966,786,490 төгрөгийн үнийн дүнгээсээ буурч 1,673,407,000 төгрөг болсон байдаг.

3.2.Манай компани 10 ширхэг хоолойн ажлын санхүүжилтэд нийт 1,336,911,172 төгрөг хүлээн авсан бөгөөд үүнээс 1,191,310,250 төгрөгийг гүйцэтгэгч “*******” ХХК-д шилжүүлсэн байдаг. Гэтэл “*******” ХХК манай хүлээн авсан мөнгөнөөс илүү мөнгө нэхэж байгаа нь ямар ч үндэслэлгүй. “*******” ХХК нь бүх авах ёстой тооцоогоо хийж дуусгасан атлаа үндэслэлгүй 372,369,750 төгрөг шилжүүлэн өгөхийг удаа дараа шаардаж нэхэмжлэл гаргасан.

2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр талууд хоорондын тооцоо нийлсэн акт үйлдэж 79,000,000 төгрөгт тохиролцсон боловч бидний зүгээс гэрээ дүгнэн тооцоо нийлсэн тухайн актыг үйлдсэнээс хойш 147,680,000 төгрөг шилжүүлж, 68,680,000 төгрөг илүү шилжүүлсэн нь баримтаар тогтоогддог. Иймд энэхүү зардлыг гаргуулна.

3.3.Гэрээний 1.4 дэх заалтын дагуу хоолойн дээд талын далангийн дүүргэлтийн ажлыг гүйцэтгэгч “*******” ХХК хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч явцын дунд гүйцэтгэж чадахгүй нь нэгэнт тодорхой болсон тул манай компани өөрийн хүн хүч, хөрөнгө зардал, техник тоног төхөөрөмжөөр хийж гүйцэтгэсэн болно. Тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд гарсан зардлыг шинжээч томилуулан талуудыг байлцуулан дүгнэлт гаргасан бөгөөд тухайн дүгнэлтээр уг ажлын зардал 234,000,000 төгрөг болж байгааг нэхэмжилж байна.

3.4.Далан дүүргэлтийн ажилд шинжээчийн баг томилж ажиллуулсан зардал болох 13,000,000 төгрөг гаргуулна.

3.5.Түүнчлэн төлбөр хүлээн авсан дүнд ногдох НӨАТ-ын бичилтийн 602,830,250 төгрөгийн НӨАТ-ын шивэлтийг дутуу хийсэн нь манай компанид татварын өр болон ирээд байна. Дээрх мөнгөн дүнд ногдох татварын дутуу шивэлтийг гүйцээн шивэхийг “*******” ХХК-д даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 Иймд илүү төлсөн 68,680,000 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хоолойн дээд талын далангийн дүүргэлтийн ажил хийхэд гарсан зардал 234,000,000 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 13,000,000 төгрөг, нийт 315,680,000 төгрөгийг гаргуулж, захиалагч “*******” ХХК-аас хүлээн авсан төлбөрийн НӨАТ-ын дутуу шивэлт болох 602,830,250 төгрөгт ногдох НӨАТ-ын шивэлтийг хийлгэхээр “*******" ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

4.1.Талуудын хоорондох гэрээний дүн болох 1,500,000,000 төгрөгөөс “*******” ХХК-ийн төлсөн тооцоог хасаж, 372,369,750 төгрөгийн авлагатай болохыг дансны хуулга, хэргийн материалд өгсөн баримтуудын дагуу тодорхойлж гаргасан. Банкны дансны хуулгаар шилжүүлсэн төлбөр болон гэрээний үнийн дүн маргашгүй үнэн зөв болно.

2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 1,621,911,027 төгрөг буюу 47,460,535 төгрөгийн үлдэгдэл тооцоотой болохыг талууд зөвшөөрч захирал н.Баасандорж гарын үсэг зурж тамгаа даран баталгаажуулсан. Хавсаргасан ажлын гүйцэтгэл актад дээрх 1,621,911,027 төгрөг авсан нь тодорхой байхад санхүүжилтэд авсан мөнгө 1,336,911,172 төгрөг гэж нэхэмжлэх дээр оруулсан нь санаатай худал нэхэмжлэл үүсгэж байгааг харуулж байна.

4.2.“*******” ХХК-ийн данс руу 271,000,000 төгрөгийг шилжүүлж, бусад төлбөрийг манай компанийн хамаарал бүхий “*******” ХХК-ийн данс руу 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шилжүүлсэн. “*******” ХХК-ийн дансанд 79,000,000 төгрөгийг шилжүүлээд бусад төлбөрийг “*******” ХХК-ийн данс руу шилжүүлэхээр тохиролцсоны дагуу 79,000,000 төгрөгийн акт үйлдсэн. Энэхүү актын дүнгээс үндэслэж илүү шилжүүлсэн 68,680,000 төгрөг нэхэмжилж байгаа нь нийт ажлын төсөв болон шилжүүлсэн мөнгөтэй огт уялдахгүй байна.

4.3.Хоолойн дээд талын ажлын зардал болох 234,000,000 төгрөгийг “*******” ХХК-д өгөх ёстой 372,369,750 төгрөгөөс хасуулж тооцно гэж тайлбарладаг. Манай компаниас авлагатай мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй болохыг хэрэгт хавсаргасан баримтуудаас харагдана.

Бидний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан харилцаа үүссэн.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 227 дугаар зүйлийн 227.3 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас 372,369,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэгч “*******” ХХК-аас 234,000,000 төгрөг гаргуулж хариуцагч “*******” ХХК-д олгож, Талуудын байгуулсан “Төмөр замын далангийн хоолой барих туслан гүйцэтгэх гэрээ”-ний 1.4-т заасан “хоолойн дээд талын далангийн дүүргэлтийн ажил үүнд хамаарна” гэж заасныг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 81,680,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн 602,830,250 төгрөгт ногдох НӨАТ-ын шивэлт буюу төлбөрийн баримт бичүүлэх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,089,998 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,806,550 төгрөгийн 1,736,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 2,089,998 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д, нэхэмжлэгч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 1,327,950 төгрөг гаргуулж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч “*******” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

6.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч компаниас 234,000,000 төгрөг гаргуулж, хариуцагч "*******" ХХК-д төлөх шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна.

6.2.Талуудын байгуулсан гэрээний дагуу ... 5,4 км далангийн уртад байрлах 10 ширхэг төмөр бетон хоолойн ажлыг чанарын өндөр гүйцэтгэлтэйгээр хийж, 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр *******тай тооцоо нийлэн эцсийн байдлаар дээрх 10 ширхэг хоолойн ажлыг акт үйлдэн хүлээлгэн өгсөн. Тус төслийн захиалагч “*******” ТӨХК-аас дээрх  ажлын санхүүжилтийг 2020 оны 10 дугаар сард "*******" ХХК-д бүрэн шилжүүлсэн байхад өнөөдрийг хүртэл манай компанид үлдэгдлийг өгөөгүй.

6.3.Шийдвэрийн 16 дахь талд “...дээд талын далангийн хоолой барихаар тохиролцсон. Хоолойн дээд талын далангийн дүүргэлтийн ажил нь уг хоолой барих ажилд хамаарахаар гэрээнд тусгасан боловч "*******" ХХК уг ажлыг гүйцэтгээгүй, хариуцагч "*******" ХХК дээд талын далангийн дүүргэлтийг гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Дээрх ажлын төлбөрийг "*******" ХХК нь ерөнхий захиалагчаас авсан ба энэ талаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогддог.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7.Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

           

2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь “*******” ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл  372,369,750 төгрөг гаргуулах, гэрээний 1.4 дэх заалтаас “хоолойн дээд талын далангийн дүүргэлтийн ажил үүнд хамаарна” гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус гэж  тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч,

илүү төлсөн 68,680,000 төгрөг, гүйцэтгээгүй дутуу ажлын зардал 234,000,000 төгрөг, шинжээчид төлсөн зардал 13,000,000 төгрөг, нийт 315,680,000 төгрөгийг гаргуулах, мөн 602,830,250 төгрөгийн НӨАТ-ын падан шивэлт хийхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3.Хэрэгт цугларсан баримтаар “*******” ХХК, “*******” ХХК нар 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тохиролцож, Гүйцэтгэгч нь захиалагчийн гүйцэтгэж байгаа Зүүнбаян-Таван толгой чиглэлийн төмөр замын 250+780-256+520 км газарт 5.74 км далангийн уртад байрлах 10 ширхэг төмөр бетон хоолойн ажлыг хийж гүйцэтгэхээр, захиалагч нь ажлын хөлс 1,500,000,000 төгрөг төлөхөөр тохирч гэрээг байгуулжээ.

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ.

           

Зохигчид гэрээгээр тохирсон гүйцэтгэвэл зохих ажлын тоо хэмжээнд хоолойн дээд талын далангийн дүүргэлтийн ажил хамаарах эсэх, ажлын гүйцэтгэлийн явцад гэрээний үнэд өөрчлөлт орохоор анхнаасаа тохирсон байсан эсэх, ажлын явцад гэрээний үнэд өөрчлөлт оруулсан эсэх, мөн захиалагчаас төлсөн ажлын хөлсний хэмжээнд тус тус маргасан байна.

 

4.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх”-аар зохицуулсан. Гүйцэтгэгч болох “*******” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг захиалагч “*******” ХХК хүлээн авч, цааш үндсэн захиалагч талдаа 2020 оны 10 дугаар сард хүлээлгэж өгсөн гэж тайлбарласныг хариуцагч эсэргүүцэж няцаагаагүй байхаас гадна хэрэгт 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлын гүйцэтгэлийг үндсэн захиалагч болох “*******” ТӨХК-д актаар хүлээлгэн өгсөн баримтууд авагдсан байна. Иймд туслан гүйцэтгэгч нар болох “*******” ХХК, “*******” ХХК нарын хоорондох энэ гэрээний хувьд ажлын үр дүн гарсан, ажлыг хүлээлгэн өгсөн гэж үзэх нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1, 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт тус тус нийцнэ. /1хх 2хх 108-111, 129-137/

 

5.Ажлын хөлсний тухайд талуудын маргааны үндэс нь ажлын хөлсийг хэлэлцэн тохирч бууруулсан эсэх, захиалагчаас төлсөн мөнгөн хөрөнгийн хэмжээг өөр өөрөөр тайлбарласантай холбоотой байна.

5.1.Шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг харгалзаж, талууд ажлын хөлсийг 1,500,000,000 төгрөг байхаар тохирсон гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтад тулгуурласан байна.

Хариуцагчаас анхнаасаа гэрээг байгуулахдаа үндсэн гэрээний үнэд өөрчлөлт орвол талуудын хоорондох туслан гүйцэтгэх гэрээний үнэ дагаж 75/25 харьцаагаар хөлсийг бууруулахаар тохирсон байсан, ажлын явцад хөлсийг хэлэлцэн тохирч бууруулсан хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлах боловч дээрх тайлбараа нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

5.2.Мөн нэхэмжлэгч ажлын хөлсөнд 1,127,630,250 төгрөгийг хүлээн авсан гэж, харин  хариуцагчаас 1,192,000,000 төгрөгийг төлсөн гэж талууд маргасан байна. Шүүхээс хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ мөн хэрэгжүүлээгүй гэж үзэн, улмаар нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр тооцон захиалагч ажлын хөлсийг төлсөн хэмээн үзсэн шүүхийн энэ дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

5.3.Хариуцагчаас талуудын хоорондох тооцоо нийлсэн актыг  үндэслэл болгож, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар ажлын хөлсний үлдэгдэл 79,000,000 төгрөг байсан тул түүнээс хойших шилжүүлсэн төлбөрийг хасвал 68,680,000 төгрөгийг илүү шилжүүлсэн гэж тайлбарлаж, дээрх мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан. Шүүхээс хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдоогүй, *******, *******, *******-д шилжүүлсэн мөнгө энэ хэрэгт хамааралгүй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж тогтоосны зэрэгцээ, нотлох чиг үүргийн хуваарилалтыг үндэслэл бүхий хийсэн байна.

Иймд гэрээгээр тохирсон ажлын хөлс болох 1,500,000,000 төгрөгөөс төлсөн 1,127,630,250 төгрөгийг хасаж үлдэх 372,369,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хангаж, харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас “илүү төлсөн 68,680,000 төгрөг гаргуулах” хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн шүүхийн шийдэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, үүнд зохигчид давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

6.Талуудын хоорондох гэрээний 1.4 дэх заалтад “хоолойн дээд талын далангийн дүүргэлтийн ажил үүнд хамаарна” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчээс дээрх гэрээний заалтыг гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчсөн, ноцтой төөрөгдсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, харин хариуцагчаас уг заалтын дагуу гүйцэтгэвэл зохих ажлыг зохих ёсоор гүйцэтгэгч бүрэн хийгээгүй тул гарсан зардлыг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж талууд маргасан байна.

6.1.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж,  “төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж мөн зүйлийн 58.6 дахь хэсэг заасан.

Хэлцэл хийгч тал болох нэхэмжлэгч “*******” ХХК-ийг хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн, эсхүл хэлцлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий шинжийн талаар төөрөгдсөн, тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байхаас гадна нэхэмжлэгч хуульд зааснаар “нэн даруй мэдэгдэх” үүргээ хэрэгжүүлээгүй байх тул анхан шатны шүүхээс энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл зөв.

Харин нэхэмжлэгч “ноцтой төөрөгдсөн” үндэслэлээр дээрх шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байтал анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримталж шийдвэрлэсэн нь оновчгүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

6.2.Гүйцэтгэгч болох нэхэмжлэгч “*******” ХХК уг ажлыг хийгээгүй, захиалагч болох “*******” ХХК тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн үйл баримтад маргаагүй тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч болох “*******” ХХК-ийн хийсэн үнэлгээний тайланг баримталж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр тооцож 234,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй, дээрх шийдэл Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Хариуцагч “*******” ХХК нь ажлын ерөнхий захиалагч талаасаа маргааны зүйл болсон хоолойн дээд талын дүүргэлтийн ажлын хөлсийг авсан явдал туслан гүйцэтгэгч болох “*******” ХХК болон “*******” ХХК нарын хоорондох ажлын хөлсний талаарх энэ маргааныг шийдвэрлэхэд шууд хамааралгүй. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7.Анхан шатны шүүхээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн бусад шаардлага болох шинжээчийн зардал 13,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож, харин 602,830,250 төгрөгийн НӨАТ-ын падан шивэлт хийхийг нэхэмжлэгчид даалгах тухай шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар “эрүүгийн журмаар шалгаж байгаа нь тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүхийн энэ шийдэлд зохигч хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй тул иргэний эрх зүйн диспозитив зарчмын дагуу талуудын маргаагүй асуудлаар давж заалдах шатны шүүхээс тухайлан дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

Харин талуудын хоорондох гэрээ цуцлагдаагүй байхад шүүх гэрээнээс татгалзсантай холбоотой үүсэх шаардах эрхийн зохицуулалтыг хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээг өөрчлөн зөвтгөнө.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/03698 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “56 дугаар зүйлийн 56.1.1, 227 дугаар зүйлийн 227.3” гэснийг “58 дугаар зүйлийн 58.1, 219 дүгээр зүйлийн 219.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,327,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.АЛТАНЦЭЦЭГ
 

                                            ШҮҮГЧИД                               Д.ЗОЛЗАЯА

 

                                                  О.ОДГЭРЭЛ