Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 781

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа, улсын яллагч С.Мөнхтулга, шүүгдэгч Д.Г, А.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Д-ийн Г, Б овогт А-ийн С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908016590865 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Б овогт Д-ийн Г, Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, хоёрдогч түүхий эд авах газарт туслах ажилтай, ам бүл дөрөв, эмээ, эгч, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо ***  тоотод оршин суудаг, *** регистрийн дугаартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

2. Б овогт А-ийн С, Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хоёрдогч түүхий эд авдаг, ам бүл тав, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо ***  тоотод оршин суудаг, *** регистрийн дугаартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стар” караокены гадна иргэн Л.М-г зодож, эрүүл мэндэд нь хамрын ясны цөмөрсөн зөрүүтэй далд хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.С нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стар” караокены гадна иргэн Б.Ц-ийг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “...шүүгдэгч Б овогт Д-ийн Г нь 2019 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө 01 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стар” караокены үүдэнд Л.М-г зодож, түүний бие махбодод“...хамрын ясны цөмөрсөн зөрүүтэй далд хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

-шүүгдэгч Б овогт А-ийн С нь 2019 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө 01 цагийн үедсогтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стар” караокены үүдэнд Б.Ц-ийг зодож, түүний бие махбодод“...зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1.Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг,

2. Шүүгдэгч А.С шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг,

3.Хохирогч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр М бид хоёртой маргалдсан залуучуудын нэг болох С гэгч нь надад гэмтэл учруулсан. Намайг цохичхоод яваад өгсөн. Би царайг нь харсан. Тухайн үед “Стар” караокены шатны ойр орчим хүн харагдахаар хэмжээний гэрэлтэй байсан.  Б хүнтэй маргалдаад гарсан. Тэгсэн араас нь 4-5 залуу гарчихаар нь М бид хоёр яасан юм бол гээд араас нь гарсан чинь нэг залуу гүйж ирээд миний зүүн нүд рүү гараараа 1 удаа цохичихсон. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийг С гэгч нь гараараа зүүн нүд рүү 2-3 удаа цохиж учруулсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулмаар байна. Одоогоор 300.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн байна. Надад КТГ-д харуулсан 120.000 төгрөгийн баримтаас өөр эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-13, 101-103 дугаар хуудас);

4. Хохирогч Л.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ц бид хоёртой маргалдсан залуучуудын нэг болох Г гэгч нь надад гэмтэл учруулсан. Намайг цохичхоод яваад өгсөн. Би царайг нь харсан. Тухайн үед “Стар” караокены шатны ойр орчим хүн харагдахаар хэмжээний гэрэлтэй байсан. Гадаах гэрэлтүүлгүүдийн гэрэл тусаад гэрэлтэй байсан. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийг Г гэгч нь гараараа хамар руу хоёр удаа цохиж учруулсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулмаар байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-18, 104-106 дугаар хуудас);

5.Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С нэг ахтай барилцалдчихсан байж байсан. Тэгснээ С-г тэр ах нэг мөргөчихсөн. Тэгсэн зөрүүлээд мөргөсөн чинь тэр ах уначихсан. Тэгсэн караокеноос тэр ахын 2 найз гарч ирээд зодоон болж эхэлсэн. Би хэнд ч гар хүрээгүй. Г, М, Г бид хэд салгах гэж оролдсоноос өөр гар хүрээгүй....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21 дүгээр хуудас);

6.Гэрч Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үүдний ширээн дээр сууж байсан 3 залуугийн нэг нь гарчихсан С-тай зодолдож байсан. Би тэр зодоон болж байхад огт хүнд гар хүрээгүй...” (хх-ийн 24-25 дугаар хуудас);

5.Гэрч Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 18-ны орой 22 цагийн орчимд найз С, Н, Г, М нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо “Стар” нэртэй караокед орцгоосон. VIP өрөөнд ороод дуу дуулцгаагаад суусан. Хэсэг хугацааны дараа С өрөөнөөс гарч караокены охинтой уулзана гээд явтал хэсэг хугацааны дараа найз Г өрөөнд орж ирээд гараад ир С хүнтэй маргалдаж байна гэж хэлэхээр нь бид нар бүгд гартал үүдний шатан дээр С үл таних хоёр залуутай маргалдаад, зууралдаад зогсож байсан. тэгсэн М нэг залууг нь салгаад хана руу шахаад зогстол С, М-ыг салгасан залууг цохиод авах шиг болоод доошоо шатаар буугаад яваад өгсөн. М гэх залууг хэн яаж цохисныг нь бол хараагүй....” (хх-ийн 98-100 дугаар хуудас);

6.Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3679 дугаартай “...Л.М-ийн биед хамрын ясны цөмөрсөн зөрүүтэй далд хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх хамрын ясны цөмөрсөн зөрүүтэй далд хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тус бүртдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, уруулд язрал, цус хуралт гэмтэл нь тус журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 42 дугаар хуудас);

7. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3678 дугаартай “...Б.Ц-ийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт (хх-ийн 43 дугаар хуудас);

8.Шүүгдэгч А.С-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 65 дугаар хуудас), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 92 дугаар хуудас), Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хх-ийн 66 дугаар хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 67 дугаар хуудас), гэрлэлт бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 68, 88 дугаар хуудас), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-ийн 69 дүгээр хуудас), шүүгдэгч Д.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 74 дүгээр хуудас), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-ийн 79 дүгээр хуудас), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 91 дүгээр хуудас);

9.Шүүгдэгч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: 2019 оны 03 дугаар сарын 18-ны орой 22 цагийн орчимд найз охинтойгоо уулзчихаад СХД-ийн 1-р хороо Стар караокед найз Г, М, Г, Н, Г нар дээр очиход Н, Г, Г нар текний урд баарментэй юм яриад зогсож байсан. цаашаа яваад 1 номерын өрөөнд ороход Г, М 2 пиво уугаад сууж байсан.  би гар утсаа оролдоод орж гараад явж байсан. Намайг текрүү явж байтал үл таних нэг залуу миний хөлд дэгээ тавьсан тэгэхээр нь би чи яаж байна аа гэтэл чи яах юм гээд миний футболкноос зуураад намайг караокеноос аваад гарсан. Гадаа гараад надруу дайраад байхаарнь би нүүр рүү нэг удаа гараараа цохитол газар уначихсан. Тэгсэн манай найзууд бөөнөөрөө гараад ирсэн бас тэр залуугийн 2 найз гарч ирсэн. Над руу Ц гээд найз нь дайрахаар нь би нүүр рүү гараараа 2 удаа цохиод намайг өдөөд байсан залууг хөөгөөд эргээд найз нар дээрээ иртэл цагдаа нар ирчихсэн байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэсэн мэдүүлэг(хх-ийн 59 дүгээр хуудас),

10. Шүүгдэгч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 18-ны орой 21 цагийн орчимд VIP өрөөнд ороод 0.75 хэмжээтэй соёрхол нэртэй архи 4 шил пиво хувааж ууцгаасан. 00 цагийн орчимд С орж ирээд үүдэнд сууж байгаа  ах намайг чи хаанахын хүүхэд вэ гээд байна гэж хэлээд тамхи татахаар С гарсан. Тэгсэн босоод зугтаагаад явчихаар нь араас нь гүйсэн юм. Зугтаж байсан залуу руу гудамж руу уначихаар нь бид нар хөөхөө болиод буцаад явж байтал цагдаа нар ирсэн. Би Ц гэгчид нь гар хүрээгүй. Сүүлд найз нараасаа сонсоход М-ийн нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон юм байна лээ. Би тухайн үед 2 шил пиво уусан байсан. Бага зэрэг согтолттой байсан. Л.М-ийн биед учирсан гэмтлүүдийг би гараараа цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 59 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.М, Б.Ц нарынбиед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч А.С, Д.Г нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэд хохирогч Л.М, Б.Ц нарын биед тус бүр хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийгбүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.С, Д.Г нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайдтус бүр тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч Б.Ц, Л.М нарын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн үр дагавар болох хор уршгийг арилгасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.С, Д.Г нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.-т 600нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахсаналтай байна...гэв.

Шүүгдэгч А.С өөрийгөө өмгөөлж: “...Хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэв.

Шүүгдэгч Д.Г өөрийгөө өмгөөлж: “...Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, А.С-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, тэдний хувийн байдалд тохирсон бөгөөд тэднийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.С, Д.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Д-ийн Г, Б овогт А-ийн С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр, шүүгдэгч А.С-д долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, А.С нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Д.Г, А.С нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г, А.С нар цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Г, А.С нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА