Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 13

 

Ж.Батмөнхөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                             Хэргийн индекс 132/2017/0032/Э

 

            Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Сувдаа

           Шүүгдэгч                                                   Ж.Батмөнх                                

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Э.Алтан-Уяа

           Хохирогч                                                   Т.Амартүвшин

           Хохирогчийн өмгөөлөгч                           Г.Гочоо

           Нарийн бичгийн дарга                             Г.Ангирмаа нарыг оролцуулан

 

        Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолтой Ж.Батмөнхөд холбогдох 201706000035 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Т.Амартүвшингийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Монгол улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг В-7-6 тоотод оршин суух, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, ГЭ81020430 регистрийн дугаартай, Чонос овогт Жамбалдоржийн Батмөнх.                     

         Ж.Батмөнх нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө согтуугаар Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутагт иргэн Т.Амартүвшинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар зодож түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор:

         Чонос ургийн овгийн Жамбалдоржийн Батмөнхийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Ж.Батмөнхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан Ж.Батмөнхөд энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож,              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Батмөнхөд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,           

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ж.Батмөнхийн цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,   

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ж.Батмөнхөөс 61.938 /жаран нэгэн мянга есөн зуун гучин найман мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Булган сумын 3В хэсгийн 6-7 тоот оршин суух Толъя овогт Амартүвшин /РД:ГЭ83011215/-д олгож, үлдэх нотлох баримтын шаардлага хангахгүй 1.207.900 /нэг сая хоёр зуун долоон мянга есөн зуун/ төгрөгний нэхэмжлэлийн шаардлагын хэлэлцэхгүй орхиж, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж,

          Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Батмөнхөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харъяа Цагдан хорих байранд цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн байна.

            Хохирогч Т.Амартүвшин давж заалдах гомдолдоо: “ … Ж.Батмөнхөд зодуулж зүүн, баруун хөлрүүгээ сүхээр 3-4 удаа цохиулж улмаар зүүн хөлөндөө 2 хэсэг газар ясаа гэмтээлгэж одоо хүртэл хүний асрамжинд эмч эмнэлгийн хяналтанд гадуур эмчлүүлж байна. Биеийн байдал сайнгүй цаашдаа зүүн хөлний тахилзуур ясны дээд, доод хэсгийн гэмтлийг хагалгаа хийлгэж хадуулж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж мэргэжлийн эмчээс зөвлөж байгаа … ингэж хагалгаа хийлгэж хадуулахад 500.000-700.000 төгрөгийн эмчилгээний үнэ шаардлагатай байгаа. Нөгөө талаар би өнөөдрийг хүртэл 3 сар шахам ажил төрөлгүй, амьдралаа алдаж  сэтгэл зүйгээр хохирч байна.

            Шүүх … түүнд хуульд заасны дагуу ял шийтгэл хүлээлгэж таслан шийдвэрлэсэн боловч хохирогч надад ямар нэгэн буруутай хүнээр төлбөр төлүүлэх асуудал байхгүйгээр хохирогч намайг хохироосонд гомдолтой байна. Би шүүхэд 1.269.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч түүнийг авч үзэлгүй шүүгч Дэлгэрмөрөн учир зүггүй загнаж өнгөрсөн явдалд гомдолтой байна. Би цалин хөлсний 965.000 төгрөг, эмчилгээний  болон тээврийн зардал 300.000 төгрөг нийт 1.265.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх зөв үнэлэхгүйгээр хохирогч миний эрх ашгийг ноцтой гажуудуулсан явдалд гомдолтой байна.

            Шүүгдэгч Батмөнх намайг зэвсэг хэрэглэж сүхээр хөл рүү олон удаа цохиж хүндэвтэр гэмтэл учруулснаа намайг эрэмдэг, зэрэмдэг олон сар хоногоор ажил, амьдралыг минь алдагдуулж хохироосноо ухамсарлан ойлгож Батмөнх миний нэхэмжилсэн 1.265.000 төгрөгийг надад төлж хохиролгүй болгох бололцоо байсан. Хэрэв Батмөнх өөрийн сайн дураар надад төлбөрөө төлсөн бол эр хүний хувьд гомдоод байх зүйлгүй … Иймд шүүх болон шүүгдэгч Батмөнх нарт гомдолтой байна ... шүүх хуралдаанд өмгөөлөгч авч эрх ашгаа хамгаалуулах шаардлагатай шийдвэрлэх шүүх хурлыг хойшлуулж өгөөч гэж албан ёсоор хүсэлт тайлбарыг өгсөн боловч шүүгч, өмгөөлөгч чамд ямар хэрэгтэй юуг өөрчлөх юм, хэн ямар өмгөөлөгчийг авах юм гэх зэргээр хаацайлж миний эрх ашгийг ноцтой зөрчсөн явдалд гомдолтой байна.

           Энэ талаар шүүх үнэхээр нэг талыг баримталж хохирогч миний эрх ашиг хөсөрт хаягдсан. Өнөөдрийн байдлаар сэтгэл санааны хохирол 6.000.000 төгрөг, цалингийн алдагдал 1.448.850 төгрөг, намайг эрэмдэг зэрэмдэг болоод эмнэлэгт хэвтэж байхад миний төрсөн ах, дүү нараас Орхон аймгаас Булган аймагт ирж асарч байсан шүүх хуулийн бусад байгууллагад хуулийн хүрээнд мэдүүлэг өгч байсны шатахууны үнэ 65.000 төгрөг, эмчилгээ болон эмнэлэгт хэвтсэн эм тарианы 61.000 төгрөг, нийт 7.572.850 төгрөгийг нэхэмжилж хохирлоо арилгуулахаар тооцоо гарч байгаа гэвч шүүгдэгч Батмөнхөөс одоо нийт байдлаар 1.269.000 төгрөгийг гаргуулан хохирогч Амартүвшин намайг хохиролгүй болгож зөвтгөн шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна …” гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сувдаа дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

            Булган аймгийн Прокурорын газраас  Ж.Батмөнхийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө согтуугаар Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг В хэсгийн 6-7 тоотод оршин суух иргэн Т.Амартүвшингийн гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнтэй маргалдаж, улмаар баруун дал, зүүн гарын булчин, хоёр хөлний шилбэ рүү сүхээр цохиж бие махбодид нь “...шилбэ ясанд хугарал, зүүн шуу, баруун шилбэнд шарх, баруун мөр, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал. ” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

             Шүүгдэгч Ж.Батмөнх  урьд нь  2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1.д зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж ялаа эдлэж байсан бөгөөд  шүүх  түүнд  ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийг баримталсан нь   буруу байна.

           Ж.Батмөнх 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө дээрх гэмт хэргийг үйлдсэн,  өөрөөр хэлбэл ялтан шүүхээр шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон байгаа учраас шүүх хэргийг шийдвэрлэхдээ   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3.д заасныг журамлан  ял оногдуулах байсан бөгөөд шүүх эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй, буруу ойлгож хэргийг шийдвэрлэсэн байна.

           Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  үзлээ.

           Мөн шүүх хорих ялыг нэмж нэгтгэхдээ 15 хоногийг бичилгүй орхигдуулсан байгааг  анхаарвал зохино.

           Хохирогч Т.Амартүвшингийн давж заалдах гомдлын тухайд тэрээр анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч уг хүсэлтээсээ өөрөө татгалзсан /хх -119-120/ байх тул түүний өмгөөлөгч авах эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

           Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 321 дүгээр зүйлийн 321.1.3, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Батмөнхөд холбогдох, 201706000035 дугаартай, 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

       2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ж.Батмөнхөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                             С.УРАНЧИМЭГ

                                      

              ШҮҮГЧ                                            Ц.ТУЯА

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ё.БЯМБАЦЭРЭН