Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Ш.Сэр-Оддамбад холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

       

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

                        Прокурор                                Б.Батсайхан,

                        Ялтны өмгөөлөгч                  Ц.Бат-Эрдэнэ,

                        Ялтан                                     Ш.Сэр-Оддамба,

                        Нарийн бичгийн дарга          С.Лхамсүрэн нарыг оролцуулан;

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ш.Сэр-Оддамбын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ш.Сэр-Оддамбад холбогдох 201603000460 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцээд

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 40-4А тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй Боржигон овогт Шинэдэнцэлийн Сэр-Оддамба /РД:АН82072215/

 

  Ш.Сэр-Оддамба нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр Улаан хадны даваа гэх газарт шороон зам дээр 25-26 УБЗ улсын дугаартай Фургон маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалт, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Шүр-Эрдэнэ, Э.Тунгалагтамир нарыг мөргөж улмаар Б.Шүр-Эрдэнийн амь насыг хохироож, Э.Тунгалагтамирын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Ш.Сэр-Оддамбад холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон овогт Шинэдэнцэлийн Сэр-Оддамбыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Ш.Сэр-Оддамбыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ш.Сэр-Оддамбад оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 25-26 УБЗ улсын дугаартай Фургон маркийн автомашиныг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 40-4А тоотод оршин суух Боржигон овогт Шинэдэнцэлийн Сэр-Оддамбад буцаан олгож,

Шүүгдэгч Ш.Сэр-Оддамба нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Э.Тунгалагтамир өөрт учирсан хохиролыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Ш.Сэр-Оддамбад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэгт хураагдан ирсэн №186026 дугаартай Ш.Сэр-Оддамбын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Сэр-Оддамбад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Сэр-Оддамбад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Ялтан Ш.Сэр-Оддамба давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2016 оны 10 дугаар сарын 09-ний орой тус аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутагт Улаан хадны даваа гэх газар өөрийн эзэмшлийн 25-26 УБЗ улсын дугаартай Фургон маркийн автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан. Тухайн үед цас шуургатай, зам ховил ихтэй бөгөөд халтиргаа гулгаа ихтэй байсан тул аюул ослоос сэргийлэх зорилгоор хүмүүсээ буулгасан. Гэвч хамт явсан хүмүүсийн зарим нь машины урд түрүүлж явсан тул би араас нь уруудахдаа  зам дээр явсан хүмүүсийг замаас гаргах гэж дуут дохио өгөхөд замын 2 тал руу салж гүйсэн. Би машинаа хааш нь ч дарсан хүн дайрах эрсдэлтэй байсан тул дундуур нь багтах байх гэж найдсан. Дундуур нь ортол талийгаачийг мөргөсөн байсан. Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа ба  анхан шатны шүүх хурал болохоос өмнө хохирогч нарт 3.600.0 төгрөг бэлнээр, 2 эр хонины мах өгсөн ба хохирогч нар өөр хохирол нэхэмжлээгүй байсан болно. Шүүх хуралдаан болохын урд орой шүүгчийн туслахыг утасдахад гомдолтой байна гэж хэлсний дагуу намайг үйлдсэн хэргийнхээ хор уршгийг арилгаагүй байна гэж үзэж хорих ял оногдуулсан. Шүүх хурлын дараа манай эцэг эх, ар гэрийнхэн хохирогч нарт 6.800.0 төгрөгийг нэмж өгсөн ба хохирогч нар дахин мөнгө нэхэмжлэхгүй, гомдолгүй гэсэн болно. Миний үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгааг минь болон 0-7 насны 3 хүүхэдтэй, хохирол төлбөрөө барагдуулсан зэргийг харгалзан үзэж хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

 

Прокурор  Б.Батсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Ш.Сэр-Оддамбад Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор холбогдох ялыг оногдуулсан байдаг. Шүүхээс оногдуулсан ял болон хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан. Хэдийгээр Ш.Сэр-Оддамбад анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ш.Сэр-Оддамба нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, мөн хүндэвтэр төрлийн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, мөн түүний хувийн байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.   

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.3-т зааснаар гомдол гаргасан этгээд нь давж заалдах шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гомдлоосоо татгалзах эрхтэй бөгөөд шүүгдэгч Ш.Сэр-Оддамба нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзаагүй тул түүний гомдлыг шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

   Ялтан Ш.Сэр-Оддамба нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр Улаан хадны даваа гэх газарт шороон зам дээр 25-26 УБЗ дугаартай Фургон маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалт, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Шүр-Эрдэнэ, Э.Тунгалагтамир нарыг мөргөсний  улмаас Б.Шүр-Эрдэнийн амь нас хохирч, Э.Тунгалагтамирын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

-Хохирогч Ц.Булгантөрийн ...Тэгээд Ш.Сэр-Оддамба авто машинаа хөдөлгөтөл тэр чигээрээ явсан. Гэнэт л хүн дайрчихлаа гэсэн. Тэгээд доошоо нилээн явж байгаад зогссон. Осол болох үед авто машиныг Ш.Сэр-Оддамба жолоодож явсан...гэх мэдүүлэг /хх-21-23/

-Хохирогч Э.Тунгалагтамирын...2016 оны 10 дугаар сарын 09-ны шөнө маш их нойтон цас ороод их гулгаатай болсон байсан ба Улаан хадны даваан дээр авто машин гарч ирэнгүүтээ газрын уруу руу гулгасан, жолооч Ш.Сэр-Оддамба нь хүмүүсээ буулгасан. Тухайн авто машинд Ц.Булгантөр, Б.Хатанбаатар, Ш.Сэр-Оддамба нар үлдээд талийгаач Б.Шүр-Эрдэнэ, Б.Сувд-Эрдэнэ, Э.Тунгалагсайхан, түүний бага охин, Г.Ууганбаатар бид нар буусан. Би талийгаач охин Б.Шүр-Эрдэнийг хөтлөөд Э.Тунгалагсайхан өөрийнхөө охиныг хөтлөөд уулын уруу руу замын хажуугаар уруудаад явж байсан. Э.Тунгалагсайхан Г.Ууганбаатарыг авахаар буцаж яваад би түүний охиныг нөгөө гартаа хөтөлсөн. Гэтэл Э.Тунгалагсайханы охин миний гараас мултраад гүйхээр нь араас нь охиныхоо гарыг тавиад хүүе гээд түүн рүү хоёр алхтал араас талийгаач охин маань ээж ээ гээд орилсон. Тэгээд буцаад талийгаач охин дээрээ ирэхэд авто машин ирээд талийгаач бид хоёрыг мөргөсөн. Тэгээд нэг сэрэхэд авто машин дотор явж байсан ба эмнэлэг дээр ирсэн. Б.Шүр-Эрдэнийг нас барсан гэж байсан. Миний баруун гар шуу хэсгээрээ хоёр удаа хугарсан, толгойндоо зөөлөн эдийн гэмтэл, хамар муруйсан зэрэг гэмтлүүд учирсан. Ш.Сэр-Оддамба өөрөө машинаа барьж явсан...гэх мэдүүлэг /хх26-27/,

-Насанд хүрээгүй гэрч Б.Сувд-Эрдэнэ...Э.Тунгалагтамир эгч Б.Шүр-Эрдэнэ, Э.Тунгалагсайхан эгчийн бага насны охин хоёрыг хөтлөөд уруудаж явсан ба Э.Тунгалагсайхан эгч хамт уруудаж байгаад Г.Ууганбаатар гэх ахыг авахаар авто машин дээр эргээд очсон. Тэгээд би ганцаараа доошоо уруудаад явж байтал хажуугаар авто машин шууд ороод ирсэн тэр чигээрээ доошоо уруудсан. Яг хүн дайрахыг бол харж амжаагүй. Тэгээд араас нь буухад Б.Шүр-Эрдэнэ газар уначихсан хамар амнаас нь цус гарчихсан нас барчихсан байдалтай байсан. Харин Э.Тунгалагтамир эгч Б.Шүр-Эрдэний доод руу ойролцоогоор 10 гаруй метр зайд хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх29-30/,

-Гэрч Г.Ууганбаатар...Тэгээд авто машинаас буугаад авто машины орчимд байж байтал Э.Тунгалагсайхан намайг ирж аваад уруудаад алхаж явсан. Э.Тунгалагтамир, Б.Шүр-Эрдэнэ, Э.Тунгалагсайханы охин нар хальт харагдсан. Үүнээс өмнө нь Э.Тунгалагсайхан нь холдоорой гэж хашгирах шиг болсон. Замын хойд талд мөргүүлсэн байсан. Эхлээд талийгаач Б.Шүр-Эрдэнэ байсан. Б.Шүр-Эрдэний доод талд 10-15 метрийн зайд Э.Тунгалагтамир хэвтэж байсан. Тухайн үед Ш.Сэр-Оддамба өөрөө машинаа жолоодож явсан...гэх мэдүүлэг /хх32-34/,

-Гэрч Б.Хатанбаатарын...Авто машинаас хүмүүсийг буулгачихаад зогсож байгаад хөдлөнгүүтээ л шууд тэр чигээрээ эрчээ аваад явсан. Тэгээд хүн гэж надад хэлсэн. Чигээрээ явж байхад гэнэт л хүмүүс харагдсан. Тэгээд л хүн мөргөх шиг болсон. Тухайн үед Ш.Сэр-Оддамба машинаа жолоодож явсан...гэх мэдүүлэг /хх37-39/

-Гэрч Э.Тунгалагсайхан...Тэгээд Г.Ууганбаатарыг аваад замын хажуугаар уруудаад алхтал араас авто машин Г.Ууганбаатар бид хоёрын хажуугаар гараад явчихсан ба би холдоорой гээд орилсон. Машин замаас гараад чигээрээ уруудсан. Тэгээд Б.Шүр-Эрдэнэ, Э.Тунгалагтамир нар машины гэрэлд хальт харагдаад л өнгөрсөн. Харин манай бага охин машинаас холдож гүйж байгаа нь мөн хальт харагдсан. Тэгээд машин зогсохгүй тэр чигээрээ уруудаад яваад өгсөн. Уруудаад гүйгээд очтол Б.Шүр-Эрдэнэ газар уначихсан, хамраас нь цус гарчихсан байдалтай байсан ба намайг очиход гүнзгий урт амьсгаа аваад л өөр чимээ гаргаагүй. Тэгээд л нас барсан байх. Доошоо уруудаад Э.Тунгалагтамир эгч дээр очиход Б.Шүр-Эрдэнээс ойролцоогоор 10 гаруй метрийн зайд хэвтэж байсан. Бие нь их муу байх шиг байсан. Уг машин нь Ш.Сэр-Оддамбын машин бөгөөд өөрөө машинаа жолоодож байсан...гэх мэдүүлэг /хх41-43/

-Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 сарын 17-ны өдрийн 91 дугаартай шинжээчийн....1.Талийгаач Б.Шүр-Эрдэнийн биед оношын 1-рт тусгагдсан цээж, хэвлийн хөндийн битүү гэмтэл, 2-рт тусгагдсан түүний хүндрэл, нүүр, хүйсний баруун хажууд зулгаралт, зүүн суга, баруун өвдөгний гадна хажууд цус хуралт, дагз орчим хуйхан доор цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэл буюу талийгаачийн босоо байдалд байх үед авто машин ар талаас мөргөж шидэгдэх үед үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.4.Дээрх цээж, хэвлийн хөндийн битүү гэмтэл нь үхэлд хүргэх хүнд зэргийн гэмтэл байна. 5.Талийгаач нь цээж, хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас дотуур хурц цус алдаж нас баржээ...гэх дүгнэлт /хх 52 /

- Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын оношлогч инженер М.Энхбатын 2016 оны 11 сарын 16-ны өдрийн“...1. Тээврийн хэрэгслийн гар тоормос барихгүй, салхины шил цуурснаас өөр эвдрэл гэмтлүүд байхгүй байв. 2. Уг тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд тоормоз ажиллахгүй байсан. Тээврийн хэрэгслийн дүгнэлтийн хуудсыг хавсаргав. 3. Дээрх гар тоормоз барихгүй салхины шил цуурсан эвдэрлүүд нь ослоос өмнөх гэмтлүүд байж болно. 4. Уг тээврийн хэрэгслийн хүндрүүлэгч мостийг шалгаж үзэхэд хэвийн ажиллагаатай байсан болно. 5.Дээрх эвдэрлүүд нь осол гарахад нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 57-58 дугаар тал/

 

-Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 сарын 11-ний өдрийн 61 дугаартай шинжээчийн...Ш.Сэр-Оддамбын гэх цусанд спиртийн алкоголь илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 63 дугаар тал/

 

 -Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 10 сарын 26-ны өдрийн 99 дугаартай...1. Жолооч Ш.Сэр-Оддамба нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” , мөн дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл , осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2. Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн зам тээврийн осол гарахад нөлөөлнө. 3. Осол хэрэг гарсан зам нь шороон, уруу, нойтон, чөлөөтэй зам байх ба энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй. 4. Шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Отгонжаргалын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 61 тоот дүгнэлтээр жолооч Ш.Сэр-Оддамбын гэх цусанд спиртийн алкоголь илрээгүй байна. Үүгээр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нь тогтоогдож байна. 5. Жолооч Ш.Сэр-Оддамба нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” , мөн дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл , осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. 6. Жолооч Ш.Сэр-Оддамба нь 186026 дугаартай BCDE ангилалтай жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. 7. Асуултанд тусгагдаагүй нөхцөл байдал илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 65 дугаар тал/

 

-Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 сарын 05-ны өдрийн 528 дугаартай шинжээчийн...1.Э.Тунгалагтамирын биед баруун шуу ясны далд хугарал, тархи доргилт, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. 2 Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Осолд орсон тухайн цагт үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д баруун шуу ясны хугарал нь биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 67 дугаар тал/

 

-Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар тал/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8, 9, 16, 53-55 дугаар тал/

-Ш.Сэр-Оддамбын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгажээ.

Анхан шатны шүүх Ш.Сэр-Оддамбыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, бусдын амь насыг хохироосон талаар хэргийн жинхэнэ байдалд нийцсэн дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял оногдуулсан гэж дүгнэв.

 

   Мөрдөн байцаалтын шатанд Ш.Сэр-Оддамба нь хохирогч Ц.Булгантөр, Э.Тунгалагтамир нарт 3.621.960 төгрөгийг хохиролд тооцож өгсөн байна. Хохирогч Э.Тунгалагтамир нь хохирол нэхэмжлэх тухай хүсэлтээ анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргасан ба анхан шатны шүүх хохирол төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзсэн байна.

 

  Ш.Сэр-Оддамба нь давж заалдах гомдол гаргах хугацаанд хохирогч Э.Тунгалагтамир, Ц.Булгантөр нарт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд  6.800.000 төгрөг төлсөн, хохирогч нар өөрт учирсан хохиролоо авч гомдол саналгүй болсон болох нь хохирогч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлт болон ялтны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна. 

 

   Иймд Ш.Сэр-Оддамбыг хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө нөхөн төлсөн байх тул анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй байх тул шүүгдэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4, 325, 326-д тус тус заасныг удирдлага болгон;

 

ТОГТООХ нь:

 

1.Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолд:

31.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ш.Сэр-Оддамбад оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай” гэсэн нэмэлт заалт болгон оруулж

5 дахь заалтыг “Шүүгдэгч Ш.Сэр-Оддамба нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай” гэж,

6 дахь заалтад “..Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Ш.Сэр-Оддамбад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай..” гэснийг “..Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Ш.Сэр-Оддамбад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай..” гэж

8, 10 дахь заалтад “...цагдан хорих...” гэснийг “...батлан даалтанд өгөх...” гэж тус тус өөрчилж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1-т зааснаар       Ш.Сэр-Оддамбыг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

 

3. Ялтан Ш.Сэр-Оддамба нь 25 /хорин тав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-т зааснаар эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ДАВААСҮРЭН

 

                                          ШҮҮГЧИД                             М.МӨНХДАВАА

 

                                                                                         В.ЦЭЦЭНБИЛЭГ