| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батдэлгэр |
| Хэргийн индекс | 2218000820015 |
| Дугаар | 123 |
| Огноо | 2023-09-22 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 123
Д.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Золзаяа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 34 дүгээр магадлалтай, Д.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан М овогт Д-ийн Б,
2.Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ял шийтгэлгүй, М овогт Б-ын Б.
Д.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 2,4 метр куб хуурай нарсан модыг бэлтгэж, ойн санд 192,749 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Б нь дээрх модыг хууль бусаар бэлтгэсэн гэдгийг мэдсээр байж 2022 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Орхон сум, Энхтал ** дугаар баг, Замын цагдаагийн тасгийн хяналтын “**” постоор 00-00 ДАХ улсын дугаартай “Хюндай Портер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Б хууль бусаар мод бэлтгэсэн, Б.Б-ийг зохих зөвшөөрөлгүйгээр мод, модон материал тээвэрлэсэн буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр, Б.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
мөн хуулийн ерөнхий өнгийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Д.Б оногдуулсан торгох ялыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж 34 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхцэцэг гаргасан гомдолдоо: “Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж гомдол гаргаж байна.
Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, байгаль орчинд учруулсан 192,748 төгрөгийн хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Б.Б нь зөвшөөрөлгүйгээр хууль бусаар доод, дээд хэсгээрээ шатсан ямар ч шилмүүсгүй хуурай модыг тайрч бэлтгэсэн үйлдэл нь хуулиар тогтоосон зөвшөөрлийн тогтолцоог үгүйсгэж эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн нь тогтоогдсон байх боловч энэхүү үйлдлийн улмаас байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Тус гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжээс гадна гэмт хэрэгт тооцох хамгийн чухал шалгуур болох нийгмийн хор аюулыг харгалзан үзэхийг чухалчлах ёстой. Хавтаст хэрэгт Д.Б-ын яллагдагчаар өгсөн “***” нэртэй газар руу явж мод бэлтгэх газраа очоод хуурай мод харж байгаад доод хэсгээрээ шатсан, дээд хэсэгтээ ямар ч навч шилмүүсгүй хуурай мод байхаар нь тэр модыг гар хөрөөгөөр хөрөөдөж унагаад улмаар машиндаа ачаад гэртээ авч ирсэн... гэх мэдүүлэг,
Шинжээчийн өгсөн “...түлшний зориулалтаар бэлтгэсэн байгалийн гамшиг, түймрээс шалтгаалан насжилтгүй буюу ургах боломжгүй хуурай нарсан модыг бэлтгэсэн. Тухайн модонд нөхөн төлбөрийн акт гаргах шаардлагагүй...” гэсэн мэдүүлгээр тухайн гэмт хэргийн нийгэмд аюултай гэх шинжийг үгүйсгэж байна.
Анхан шатны шүүх Б.Б-ын тайрсан, амьдрах чадваргүй 1 ширхэг хуурай нарс модны таварлаг байдал, чанарлаг шинжид ямар ч дүгнэлт хийгээгүй. Давж заалдах шатны шүүх хуурай боловч ургаа модыг огтолж тасалсан хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Б.Б-ын тайрч бэлтгэсэн хуурай мод нь цаашид ургах боломжгүй, шатсан гэмтсэн байдал мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотлогдоогүй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шинжээчийн дүгнэлт болон мэдүүлгийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана гэснийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн өгсөн “...түлшний зориулалтаар бэлтгэсэн байгалийн гамшиг, түймрээс шалтгаалан насжилтгүй буюу цааш ургах боломжгүй хуурай нарсан модыг бэлтгэсэн. Тухайн модонд нөхөн төлбөрийн акт гаргах шаардлагагүй...” гэсэн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн бэлтгэсэн модыг хэргийн газрын үзлэг хийсэн гэрэл зургаас харж дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна.
Хуурай “ургаа” мод гэж хэзээ ч байхгүй, үндэстэй үндэс нь тасраагүй ургаа мод бол нойтон мод байх ёстой гэдгийг анхааран үзэж модны шинж таварлаг байдалд дүгнэлт хийж, Д.Б-ын “Зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү” гэжээ.
Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Б, Б.Б нар нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 2,4 метр куб хуурай нарсан модыг бэлтгэж, ойн санд 192,749 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ. Прокуророос шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ байгаль экологид учирсан хохирлыг Байгаль орчны тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тооцохоор хуульчилсан байхад энэ мөнгөн дүнг хэрхэх талаар дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд байгаль орчны байцаагч Д.А-ын мэдүүлэгт тухайн мод нь шатсан, цаашид ургах боломжгүй гэж үзсэн боловч энэ нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн зураг бусад баримтаар давхар тогтоогдоогүй, нөхөн төлбөрийг гаргуулах талаар тусгай мэдлэг бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлт, баримтууд байхгүй байхад зөвхөн гэрчийн мэдүүлгийг үндэслэн нөхөн төлбөр гаргуулаагүй нь хууль зөрчсөн байна.
Энэ нь Байгаль орчны тухай хуулийн зорилт болох хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээх явдлыг хангахгүй байх тул 2 шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн үеэс хойш гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан оногдуулж болох ялын төрөл, хэмжээгээр ялгамжтайгаар тогтоосон тухайн этгээдэд эрүүгийн хариуцлагын хөөн хүлээлгэх хугацааг эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа гэж тодорхойлдог билээ.
Эрүүгийн хариуцлагад татаж болох хугацааг Эрүүгийн хуульд тусгайлан хуульчилсан нь гэмт хэрэг үйлдсэн үеэс хойш гэмт этгээдийг илрүүлэн тогтоож, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хариуцлага хүлээлгэхгүй тодорхой хугацаа өнгөрсөн бөгөөд тэрээр энэ хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй эсхүл оргон зайлаагүй бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөгтэй холбоотой юм.
Эрүүгийн хариуцлагад татах хугацааг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хүнд ялын дээд хэмжээг үндэслэдэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт болно.
Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд тодорхой заасан ба ийнхүү зохицуулахдаа зорчих эрхийг хязгаарлах, хорих ялтай холбогдуулан, тэдгээрийн доод, дээд хэмжээтэй уялдуулан тогтоосон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн хуульд тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор явуулах бөгөөд уг хугацаа дууссан тохиолдолд хэрэг хянан хянах ажиллагаа явуулж болохгүй талаар дээрх зүйлийн 1-д заасан байна.
Мөн зүйлийн 2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь мөн зүйлийн 1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.
Прокурорын үйлдсэн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаар яллах дүгнэлтэнд (хэргийн 169-173 дахь тал) яллагдагч Д.Б-ыг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зөвшөөрөлгүйгээр 2,4 метр куб мод бэлтгэсэн, яллагдагч Б.Б-ийг дээрх модыг 2022 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус буруутган, тэдгээрт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилсэн байна.
Шүүгдэгч Д.Б, Б.Б нарыг хоёр шатны шүүх нь дээрх хугацаанд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1-д торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн гурван төрлийн ялыг заасан бөгөөд зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг сар, дээд хэмжээг нэг жил байхаар тогтоон тодорхойлжээ.
Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж зааснаар мөн зүйлийн 1.1-д “...зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” хэмээн зохицуулсан байна.
Прокурор Д.Б, Б.Б нарыг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр (хэргийн 122-124, 129-131 дэх тал) тус тус эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж хуульд нийцээгүй шийдвэр гаргасныг хоёр шатны шүүх зөвтгөхийн оронд тэдгээрт ял оногдуулж хууль зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан анхан болон давж заалдах шатны шүүхүүд шүүгдэгч нарын үйлдсэн хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, тэдгээрийн гэм буруугийн талаар хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул тэдгээрт холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох” талаар гаргасан өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.
Түүнчлэн хоёр шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан үндэслэлтэй тогтоосноос гадна шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн (бусдын өмчлөлийн) үнийг тэдгээрээр хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэж Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг зөв хэрэглэснийг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 34 дүгээр магадлалын Д.Б, Б.Б нарт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэсэн, ял эдлүүлэх журмыг тогтоосон, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн 2, 3, 4, 5 дахь заалтуудыг хүчингүй болгож, тэдгээрт прокуророос Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхцэцэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧИД С.БАТДЭЛГЭР
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ