Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 706

 

  2019         09         16                                   2019/ШЦТ/706

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,  

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч У.Б , түүний өмгөөлөгч О.Баяраа,  

хохирогчийн өмгөөлөгч Л.Нинжбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овгийн У.Б од холбогдох 1811029770037 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бодонгууд овгийн У.Б , 2000 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Бөмбөгөр финанс ХХК-нд мөнгө хураагч ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 10 дугаар байр 23 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар М3.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч У.Б  нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 05 минутын үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр "Алтжин бөмбөгөр" худалдааны төвийн автомашины зогсоол бүхий замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2-р хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 2-р хавсралтын 3.1-т заасан “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ...-ээс бага болсон” гэсэн заалтыг зөрчин Хьюндай Соната-5 маркийн 40-87 УНӨ улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ц.Уламбаярыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч У.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирол төлбөр төлөөгүй байгаа. Шүүхийн шийдвэр хохирлын хэмжээг шийдсэний дараа хохирол төлбөрөө төлөх болно…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ц.Уламбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...хуучин Бөмбөгөр орох гээд автомашин явдаг замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чигт тайван алхаж байтал Хьюндай Соната-5 маркийн 40-87 УНӨ дугаартай автомашин намайг мөргөж би шидэгдэж газар унасан. ...уг зам нь хаалттай машин ирэхгүй гэж бодоод би тайван явж байсан, тухайн тэр замаар машин явахгүй байсан...” гэжээ /хх 25-26/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12411 дугаартай дүгнэлтэд:

 “1. Ц.Уламбаярын биед баруун шуу ясны далд хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, зовхи, хамрын нуруу, зүүн сарвуу, баруун өвдөг шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.  Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх 68/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 6367 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

"...Hyundai Sonota 5 маркийн автомашин нь 2018-10-11 11:04:53-аас 11:05:22 секундэд дэлгэцийн зүүн дээд /авто зогсоолын хаалт/ хэсгээр зүүн гар тийш буюу цаанаас наашаа чиглэлтэй эргэж 2018-10-11 11:05:29 секундэд зам хөндлөн гарч явсан бараан өнгийн хувцастай хүнийг автомашины зүүн урд хэсгээр мөргөөд зогсож байгаа дүрс дүрслэгдсэн байна” гэх дүгнэлт /хх 48-53/.

Автотехникийн Үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн
төвийн 66117 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

“...Huyndai маркийн Sonata V загварын 40-87 УНӨ улсын дугаартай автомашин-       

 

Дугуйны байршил

Дугуйн хээний 

гүн /мм/

Дугуйн хийн даралт /кг/см2/

Дугуйн марк

Дугуйн хэмжээс

 

зүүн гар талын урд дугуй

1,3

2,2

Hankook

195/65/R15

 

баруун   гар  талын УРД

2,7

2,2

Dunloop

195/65/R15

 

баруун   гар  талын хойд

1,5

2,2

Bridjestone

215/60/R17

 

зүүн гар талын хойд

3,0

2,2

Michlen

215/60/R17

...уг тээврийн хэрэгслийн үзлэгийн төвийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ алдагдсан, баруун талын хойд тоормос зогсоогүй, зогсоолын тоормос зогсоогүй, зүүн урд болон баруун хойд талын дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаагүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байсан” гэх дүгнэлт /хх 60-65/.

Мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 308 дугаар магадалгаанд: “Хьюндай Соната-5 маркийн 40-87 УНӨ улсын дугаартай автомашины жолооч У.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн    хэрэгслийн ажлын тоормосны систем, ...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 3.1. Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм-ээс бага болсон, 9.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх магадалгаа /хх 66/.

3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-12/.

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-16/.

У.Б ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-19/.

  Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-126/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 138/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-123/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 22/, хохирогч Ц.Уламбаярын Эм Би Жи гэмтэл согогийн эмнэлэгт үзүүлсэн өвчний түүх /хх 69-79/, хохирогч Ц.Уламбаярын гаргаж өгсөн хохиролын барим /хх 106-108/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч У.Б  нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 05 минутын үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр "Алтжин бөмбөгөр" худалдааны төвийн автомашины зогсоол бүхий замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2-р хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 2-р хавсралтын 3.1-т заасан “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ...-ээс бага болсон” гэсэн заалтыг зөрчин Хьюндай Соната-5 маркийн 40-87 УНӨ улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ц.Уламбаярыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан   

гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.Уламбаярын “...хуучин Бөмбөгөр орох гээд автомашин явдаг замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чигт тайван алхаж байтал Хьюндай Соната-5 маркийн 40-87 УНӨ дугаартай автомашин намайг мөргөж би шидэгдэж газар унасан. ...уг зам нь хаалттай машин ирэхгүй гэж бодоод би тайван явж байсан, тухайн тэр замаар машин явахгүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт, техникийн шинжээчийн дүгнэлт, Криминалистикийн шинжилгээний газрын Гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лабораторийн шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч У.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Ингэхдээ түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүх шүүгдэгч У.Б од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Мөн түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан хугацаанаас тоолохыг дурьдав.

Хохирогч Ц.Уламбаяр нь эмчилгээний болон бусад зардалд нийт 18.057.397 төгрөг нэхэмжилснээс сэтгэл санааны хохирол болох 10 сая төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, үлдэх 8.057.397 төгрөгийн хохирлыг  гаргуулах үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь хохирол төлөх үндэслэлээр 5 хоногийн завсарлага авч, 500.000 төгрөгийг төлсөн, мөн урьд төлсөн 730.000 төгрөг буюу нийт 1.230.000 төгрөгийг хасаж, үлдэх 6.827.397 төгрөгийг шүүгдэгч У.Б оос гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Хэргийн хамт шүүхэд ирүүлсэн Хьюндай Соната-5 маркийн 40-87 УНӨ улсын дугаартай Тээврийн хэрэгслийн №0261318 дугаартай гэрчилгээг өмчлөгч О.Хундэлхийд буцаан олгож, эд мөрийн баримтаар ирүүлсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч У.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч У.Б од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бодонгууд овгийн У.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар У.Б од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар У.Б од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 2 /хоёр/ ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдэж, шүүгдэгч У.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хьюндай Соната-5 маркийн 40-87 УНӨ улсын дугаартай Тээврийн хэрэгслийн №0261318 дугаартай гэрчилгээг өмчлөгч О.Хундэлхийд буцаан олгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б оос 6.827.397 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Уламбаяр /НМ68030102/-т олгосугай.

8. Хохирогч Ц.Уламбаярын нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол болох 10 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ талаарх гомдлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд У.Б од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нь шүүхийн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт мөн хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

11. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН