Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 736

 

 

 

 

 

 

 

2019            7             18                                            2019/ДШМ/736                                                                                                                                                                   

У.Бод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Э.Ундраххэрлэн,

          шүүгдэгч У.Бын өмгөөлөгч О.Баяраа, 

          нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

         

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч У.Бын өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан давж заалдах гомдлоор У.Бод холбогдох 18110297700037 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бодонгууд .........

 

У.Б нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 05 минутын үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн автомашины зогсоол бүхий замд Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар  хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэж, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 3.1-т “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ...-ээс бага болсон” гэж тус тус заасныг зөрчин “Hyundai Sonata-5” загварын, ....... УНӨ улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг  жолоодон явахдаа мөн дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасныг зөрчсөнөөс явган зорчигч Ц.У-ыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: У.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Бодонгууд овгийн .....Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан 02 /хоёр/ жилийн хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, хэрэгт баримтаар ирсэн 1 /нэг/ ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, “Хьюндай Соната-5” загварын, .... УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №..... дугаартай гэрчилгээг өмчлөгч О.Хундэлхийд буцаан олгож, хохирогч Ц.У-ын нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол болох 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, үлдэх 8.057.397 төгрөгөөс шүүгдэгчийн эмчилгээний зардалд төлсөн 730.000 төгрөгийг хасч, нийт 7.327.937 төгрөгийг У.Боос гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч У.Бын өмгөөлөгч О.Баяраа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...У.Бод холбогдох хэргийн зүйлчлэл, гэм буруу, хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагад гомдол гаргаагүй, харин хохирогч Ц.У-ын нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг анхан шатны шүүх буруу шийдвэрлэсэн. Хохирогч Ц.У- нь шүүх хуралд өөрийн биеэр оролцоогүй, нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаагүй, нэхэмжилж буй зүйлүүд нь ямар нэгэн бичгийн болон бусад баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх У.Боос 7.327.397 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ямар баримтыг үндэслэн гаргуулах талаар дурдаагүй. Хохирогч Ц.У-ын Хаан банкнаас авч байсан 3 удаагийн зээлийн гэрээ, “Платимум капитал” ББСБ-ын зээлийн гэрээ, цалингийн зөрүү гэх баримтууд хэрэгт байхгүй байгаа тул нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Э.Ундраххэрлэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн материалтай танилцахад хохирлын баримт буюу эмчилгээний зардал нийт 3.661.197 төгрөгийн баримт хавтас хэрэгт авагдсан. Харин ХААН банкнаас авсан 3 удаагийн зээл, Банк бус санхүүгийн байгууллагаас зээл, 3 сарын цалин  нэхэмжилсэн. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлыг нь харахаар 2018 оны 9 дүгээр сараас хойш төлөгдөөгүй байсан. Гэхдээ ажлын байрны тодорхойлолтоор ажил хийж байсан нь тогтоогдсон. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулж, хохирогчийн эм тарианы болон эмчилгээний зардал болох 3.661.197 төгрөгийг гаргуулж, харин 3.818.700 төгрөгийг хохирогч нь иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. ...” гэв.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал;

У.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчин, явган зорчигч Ц.У-ыг мөргөн түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд анхан шатны шүүхээс У.Быг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” гэсэн гэмт хэргийн шинжийг орхигдуулж, түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” тооцож зөрчилтэй дүгнэлт хийсэн атлаа /2 дахь заалтаар/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т зааснаар Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзнэ.

 

Түүнчлэн У.Бод холбогдох хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийн баримтуудаас аль баримтыг ямар үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангасан, эсхүл хангаагүй талаар тодорхой дүгнэлт хийлгүйгээр 8.057.397 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 730.000 төгрөгийг хасаж, 7.327.397 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан У.Бод ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-д “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл...” гэж заасныг зөрчсөн, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-т заасан “...дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй” байвал гэсний дагуу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээг хэрэглэхэд хохирлоо нөхөн төлсөн эсэх нь зайлшгүй байх үндсэн нөхцөлийн нэг бөгөөд хохирлоо нөхөн төлсөнд тооцоход учирсан хохирол болон түүнийг нотлох баримтууд хоорондоо шалтгаант холбоотой байхыг шаардана.

У.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч хэр хэмжээний хохирол төлбөл зохих, түүнийг төлсөн эсэхэд үндэслэлтэй дүгнэлт хийгдээгүй байна.

Тухайлбал, анхан шатны шүүх хохирогчийн гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтуудыг нэг бүрчлэн судалж, дүгнэлт өгөөгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх үед төлбөл зохих хохирлын хэмжээг тогтоож чадаагүй, тэнсэх үндэслэл тогтоогдсон эсэхийг дүгнэх боломжгүй байдлыг үүсгэж байна гэж үзэв.

Тухайн маргаантай байгаа хохирлын мөнгөн төлбөрийг шүүх хуралдаан дээр төлөхөө илэрхийлсэн гэх боловч давж заалдах гомдлоор уг нөхцөл байдлаа үгүйсгэжээ.

Цаашид хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ойлголтоор тэнсэх зохицуулалтыг хэрэглэхдээ хэлбэрийн хувьд авч үзэхгүйгээр шүүгдэгч бодитой байдлаар илэрхийлж байгаа, тодорхой хугацаанд хохирлыг төлөх санхүүгийн чадвартайгаа нотолсон байдал, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг баримтын хэмжээнд төлж барагдуулсан байдалтай уялдаатай авч үзэх нь тухайн асуудлыг зохицуулсан хэм хэмжээний мөн чанарт нийцнэ.

Анхан шатны шүүх хохирогч Ц.У-т учирсан хохирол, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө шүүгдэгч илэрхийлсэн гэж дүгнэхдээ тухайн илэрхийлэл нь үнэхээр бодитой хэрэгжих эсэх, шүүгдэгчийн уг хүсэл зориг, хандлага хэрхэн нотлогдож буйг хангалттай тодорхойлж, дүгнэж чадаагүй байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй шүүхийн шийдвэр гарахад нөлөөлжээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч У.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, У.Бод холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч У.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН