| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2021/03472/И |
| Дугаар | 210/МА2025/01703 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/01703
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/04847 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 147,414,163 төгрөг гаргуулах
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 28,985,743 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******-тай 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр БУ/2021-01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Гэрээний дагуу хариуцагч нь *******, ******* хороо, ******* захын хойд талд байрлах, төслийн блок буюу үйлчилгээтэй орон сууцны барилгын суурь, зоорийн давхар, 1-14 давхар, техникийн давхар, нийт 16 давхар орон сууцны барилга угсралтын ажил арматур, мужаан, бетон цутгалт-ыг барилга бүтээцийн зурагт заасанчлан бүхэлд нь хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Гэрээт ажлын үнэ 1 м.кв нь 86,900 төгрөг байхаар тохиролцсон ба энэ үнэлгээнд НӨАТ багтсан. Хариуцагч 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс гэрээнд заагдсан ажлыг гүйцэтгэж эхэлсэн ба цутгамал бетон хавтан суурь 572.91 м.кв, зоорийн давхар 436.56 м.кв, 1 дүгээр давхар 436.56 м.кв, 2 дугаар давхар 436.56 м.кв, 3 дугаар давхар 436.56 м.кв-ын цутгалтын ажил гүйцэтгэсэн.
1.2 Хариуцагч нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 07 дугаартай албан бичгээр гэрээг хаах тухай мэдэгдлийг хүргүүлж, өөрсдийн ажилчдыг татсан. Тус албан бичигт өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажилд алдаатай гүйцэтгэсэн ажлаа засварлаж, ажил хүлээлцэх тухай байсан. Мөн хариуцагчаас 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 09 дугаар албан бичгээр өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажилд алдаа дутагдал гарсан тохиолдолд өөрийн хөрөнгөөр засах талаар бидэнд мэдэгдсэн ба *******-аас *******-д алдаатай гүйцэтгэсэн ажлаа засах, дутуу гүйцэтгэсэн ажлаа дуусгах талаар мэдэгдсэн. Гэрээгээр чанарын өндөр түвшинд холбогдох хууль, норм, стандартад нийцүүлэн гүйцэтгэхээр тохирсон боловч энэ үүргээ хариуцагч зөрчсөн.
Иймд хариуцагч гэрээний дагуу ажил гүйцэтгэж байхад ажилчдын гаргасан зөрчлүүдэд оногдуулсан торгууль 1,300,000 төгрөг, хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг засварлахад нэхэмжлэгчээс гарсан бодит зардал 147,414,163 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь *******-тай 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр БУ/2021-01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. ******* нь 1, 2, 3 дугаар давхрын угсралтын ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг гэрээнд заасан хуваарийн дагуу бетон цутгалтын ажил гүйцэтгэсний дараа 90 хувь, хэв хашмал хуулалтын ажлын дараа үлдэгдэл 10 хувийн санхүүжилт олгохоор тохиролцсон боловч ...танайхаас бусад туслан гүйцэтгэгч компаниудтай бетон цутгалтын ажил гүйцэтгэсний дараа 70 хувь, хэв хашмал хуулалтын ажлын дараа үлдэгдэл 30 хувиар санхүүжилтийн хуваарь тогтоосон гэдэг шалтгаанаар нэг талын шийдвэрээр гэрээний санхүүжилтийн хуваарийг өөрчилсөн нь гэрээний 2.3-т заасныг зөрчсөн.
Нэхэмжлэгч нь 1, 2, 3 дугаар давхрын санхүүжилтээс нийт 42,152,254 төгрөг олгоогүй нь ажилчдын цалин хөлсийг хугацаанд нь олгож чадахгүй байх, багаж, тоног төхөөрөмжийн худалдан авалт, засвар үйлчилгээ хийлгэх, ХАЭА-н шаардлагыг ханган ажиллах боломжгүй болгосон.
2.2 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр *******-ийн ерөнхий инженер , *******-ийн гүйцэтгэх захирал нар хуралдан, 2 дугаар давхрын таазны хучилтын 41.2 м.кв талбайн засварын ажлыг, 1, 2, 3 дугаар давхрын дутуу санхүүжилт болох 42,152,254.92 төгрөгийг шилжүүлсэн тохиолдолд гүйцэтгэж, ажлыг цааш үргэлжлүүлэхээр санал дэвшүүлсэн боловч *******-ийн зүгээс хүлээж аваагүй. Ийнхүү санхүүжилт олгоогүй ч бид үлдэгдэл ажил болох 1, 2, 3 дугаар давхрын хэв хашмалыг бүрэн хуулж, захиалагч талын бараа материалыг захиалагчийн төлөөлөлд бүрэн хүлээлгэж өгсөн. Бетон цутгалтын ажлыг гүйцэтгэхэд геодезийн компани -ийн инженер техникийн ажилчид хэмжилт хийн шалгаж, *******-ийн инженер техникийн ажилчид хэмжилтийн үр дүнтэй танилцаж зөвшөөрөл олгон, бетон зуурмагийг захиалснаар бетон цутгалтын ажлыг *******-ийн инженер техникийн ажилчид болон мэргэжилтэй ажилчид гэрээний дагуу гүйцэтгэдэг байсан. Гэтэл бидний гүйцэтгэсэн ажлын зоорь, 1, 2, 3 дугаар давхарт хананд хийсэн хэмжилтээр нийт 1,439.33 м.кв, цонх хаалганы хэмжилтээр 2,481 м.кв, тааз хучилт тэгш хэм хэмжсэн тоо хэмжээгээр 1,204.71 м.кв алдаатай гэж үзсэн байна. Уг дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Учир нь, энэ хэмжилтийг хийсэн нь *******-ийн туслан гүйцэтгэгч, хараат компани, баталгаажуулж шалгасан нь *******-ийн инженер техникийн ажилчид байгаа нь нэг талын дүгнэлт тул бид тус алдааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
2.3 Гэрээний төлбөрт нийт 178,672,431 төгрөг авсан. Ажлын гүйцэтгэлээ давхар тус бүрийг Барилгын норм дүрмийн дагуу актаар хүлээлгэн өгч байсан. Нэхэмжлэгч нь 2, 3 дахь давхар дээр санхүүжилтээ бууруулсан.
Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа бодит хохирол 83,409,484 төгрөг гэж байснаа шинжээчийн дүгнэлт гарсны дагуу 147,414,163 төгрөгийн хохирол гарсан гэсэн ба санхүүгийн баримтууд нь тухайн доголдлыг засан сайжруулахад гарсан зардал гэж үзэхээргүй байна. Доголдлыг өөрийн зардлаар засан сайжруулсан бол үүнийгээ давхар нотлох, хийж гүйцэтгэсэн ажлын актыг нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Сөрөг шаардлага үндэслэлийн агуулга:
3.1 Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр 1 м.кв талбайн суурийн ажлын хөлсийг 79,000 төгрөг байхаар тохиролцож, нийт 573.53 м.кв талбайн төмөр бетон суурь угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Ажлын явцад захиалагчаас өгөх төлбөр нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 45,115,320 төгрөг орж ирэх байснаас 18,004,210 төгрөг орж ирсэн. 04 дүгээр сарын 12-ны өдөр 34,488,240 төгрөг орох байснаас 30,000,000 төгрөг, 06 дугаар сарын 16-ны өдөр 34,488,240 орох байснаас 25,228,147 төгрөг орж, 06 дугаар сарын 28-ны өдөр 65,254,773 төгрөг орж, захиалагч нь ажлын санхүүжилтээс олгогдох ёстой 201,587,496 төгрөгөөс 178,717,906 төгрөг олгож, 22,869,743 төгрөг олгоогүй. Үүнийг гаргуулна.
3.2 Мөн өмгөөлөгчийн зардал 3,500,000 төгрөг, шинжээчийн зардал 2,616,000 төгрөг, нийт 28,985,743 төгрөгийг *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
4.1 Талуудын хийсэн ажил, хариуцагчийн хийсэн ажлын тоо хэмжээнд санал нэгтэй зүйл байгаа. Ингээд үзэхээр энэхүү дүн 201,534,135 төгрөг болж байна. Ингээд хариуцагчид өгсөн мөнгийг нь тооцохоор 178,727,906 төгрөг байгаа. Тийм учраас үүний зөрүү мөнгө гэж гарах ёстой.
4.2 Мөн нэхэмжлэгчийн зүгээс ямар ч барьцаа суутгаж аваагүй. Гэтэл яг ямар барьцааны мөнгө шаардаж байгаа нь ойлгомжгүй, хийсэн ажлыг тохиролцсон үнэлгээнд үржүүлж тооцохоор нэг дүн гарна, тэрийг хасаад үзэхээр хэдэн төгрөгийг яаж авах гэж байгаа нь ойлгомжгүй. Мөн алдаа зөрчилтэй ажлыг гүйцэтгэсэн байгаа, ийм үндсэн дээрээсээ гүйцэтгэлийн мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Өмнөх төлөөлөгч буюу гүйцэтгэх захиралтай барилгын талбай дээр уулзаж, ярилцаад бүх зүйлийг баталгаажуулаад, тэмдэглэл үйлдээд, талууд гарын үсэг зурсан.
4.3 Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтүүд авагдсан.
Иймд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
5.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 146,114,163 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 1,300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-аас 22,869,743 төгрөг гаргуулан хариуцагч *******-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 6,116,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,149,500 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 888,520 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгч *******-аас 272,298 төгрөг гаргуулан хариуцагч *******-д олгож шийдвэрлэсэн.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10.3, 10.4-т Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн БУ/2021-01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу ******* хороо, ******* захын хойд талд төслийн блокын орон сууцны суурь, зоорийн давхар, 1-3 давхрын барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн. Гэрээний 2.3-т талууд барилгын давхар тус бүрийн төмөр бетон цутгалтын ажил дууссаны дараа хүлээлцэх акт үйлдсэний дараа барилгын давхар тус бүрээр нь хөлсийг олгоно гэж заасны дагуу ажлын хөлсийг ажлын гүйцэтгэлийн чанар, ажил хүлээлцсэн актыг үйлдэн *******-аас -д гэрээний дагуу ажлын хөлсийг нэхэмжлэгч төлж байсан ба ажлын үр дүнг хүлээн авах, төлбөр төлөх явцад доголдлын талаар огт мэдэгдэж байгаагүй, ажлыг бүрэн доголдолгүй гүйцэтгэсэн гэж акт үйлдэн хүлээн авсан.
Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1, 351.2 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хугацаанд нь хүлээн авч, гэрээнд заасны дагуу зохих хөлсийг төлж ирсэн бөгөөд гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч төлбөрийг төлөх явцад доголдлын талаар огт гомдол гаргаж байгаагүйг илэрхийлнэ. , *******-ийн хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаж, барьцааны төлбөрөө авах үед доголдлын талаар ярьж эхэлсэн. Иймд ажлын үр дүнг хүлээн зөвшөөрч, ажил хүлээн авсан акт үйлдэн ажлын хөлсийг барилгын суурь, зоорийн давхар, давхар болгоноор төлж ирсэн. Хэрвээ доголдолтой байсан бол акт үйлдэж, ажлын хөлсийг төлөхгүй байсан. Энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт заасан шаардах эрхээ алдах үндэслэл болж байна. Талуудын хооронд хийгдсэн ажлын талаарх ажил хүлээлцсэн акт байхгүй бол уг барилгад улсын комисс ажиллаж ашиглалтад орох боломжгүй.
6.2 ******* нь анх доголдолтой холбоотой зардлаа 59,222,194 төгрөгөөр тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчдийн дүгнэлттэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, бараа материал худалдан авсан баримт, ажлын хөлс төлсөн баримтуудыг нэмж өгсөн. Энэ нь доголдолтой ажлыг засан сайжруулахад орсон зардал гэж үзэхэд учир дутагдалтай. Уг барилгад улсын комисс орсны дараагаар ороход манай компанийн цутгалтын ажил хийсэн давхруудад дүүжин тааз хийсэн зүйл огт байхгүй байсныг хэрэгт авагдсан гэрэл зургаар нотлогдоно.
6.3 Түүнчлэн, цутгалтын ажил хийж гүйцэтгэсний дараагаар заслын ажил явагдсан бөгөөд энэхүү заслын ажилд орох бараа материалын үнэ, ажлын хөлсийг давхар -аар гаргуулах, мөн хариуцагчийн хийж гүйцэтгээгүй ажлыг давхардуулан нэхэмжилсэн. Эдгээр зардлын баримтуудыг бусад нотолгооны хэрэгслүүдийн хамт нотлогдохыг шүүх анхаарч үзэлгүй бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй байхад зардлын баримтуудыг доголдолтой ажлыг засан сайжруулахад гарсан зардал хэмээн давхар тооцон үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
7.1 Талууд 2021 оны 10 дугаар сараас эхлэн маргасан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 2 шатны шүүхээс шийдвэр гарсан. Тухайн шүүхийн шийдвэр тус бүрт хариуцагч тал өөр агуулгаар тайлбар гаргадаг. Алдаатай гүйцэтгэсэн, эсхүл талууд ажил хүлээлцэх акт үйлдсэн учраас алдаагүй байсан гэх агуулгаар зөрүүтэй тайлбарладаг. Нэхэмжлэгч компани нь хэмжилт хийж, зах зээлийн үнийг тодорхойлсон. Хамаарал бүхий этгээд хэмжилт хийсэн учраас тухайн хэмжилтийг тооцохгүй гэх агуулгаар маргасан. Шинжээчийн дүгнэлт болон хэмжилтээр алдаатай болох нь нотлогдсон.
7.2 Давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэж дууссаны дараа дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан. 2 удаагийн шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хангасан боловч барилга ашиглалтад орсон учраас буцаасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нотлох баримтын шаардлага хангасан баримтыг шүүхэд ирүүлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөр барилгын материалыг барилгын бүх хэсэгт ашигласан гэх агуулгаар тайлбарласан. Барилгын 1, 2, 3 дугаар давхарт ямар ажлыг гүйцэтгэсэн талаарх түүвэр болон дэлгэрэнгүй баримт хэрэгт авагдсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын доголдлыг засварлахад гарсан зардалд 147,414,163 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний дутуу төлбөр 22,869,743 төгрөг, өмгөөлөгчийн зардал 3,500,000 төгрөг, шинжээчийн зардал 2,616,000 төгрөг, нийт 28,985,743 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
3. ******* болон *******-ийн хооронд 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр БУ/2021-01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээгээр ******* нь *******, ******* хороо, ******* захын хойд талд байрлах, төслийн дүгээр блок буюу үйлчилгээний орон сууцны барилгын суурь, зоорийн давхар, 1-******* давхар, техникийн давхар, нийт 16 давхар орон сууцны барилга угсралтын ажил арматур, мужаан, бетон цутгалт-ыг барилга бүтээцийн зурагт заасанчлан бүхэлд нь хийж гүйцэтгэх, ******* нь ажлын хөлсөнд нийт 1 м.кв талбайн үнийг 86,900 төгрөгөөр, нийт 7,208.72 м.кв талбайн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх 10-15/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
4.1 Дээрх гэрээ үйлчлэх хугацаанд гүйцэтгэгч ******* нь нийт 2,319.77 м.кв талбайтай ажил хийж гүйцэтгэсэн, захиалагч *******-иас ажлын хөлсөнд нийт 178,672,431 төгрөгийг хариуцагчид төлсөн /3хх 231, 234 ар нүүр/, ажил гүйцэтгэх гэрээ гүйцэтгэгчийн санаачилгаар цуцлагдсан үйл баримтын талаар зохигч маргаагүй.
5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй. Мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ. Уг зохицуулалтаас үзвэл, хариуцагч нь биет байдлын доголдолгүй ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар биет байдлын доголдолгүй ажлыг нэхэмжлэгчид шилжүүлснээ өөрөө нотлох үүрэгтэй.
5.1 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр талуудын уулзсан Хурлын тэмдэглэл-д хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг акт үйлдэж хүлээлцэх, ажлын үр дүнгийн доголдлыг засварлах хугацаа зааж, үүний дараа талууд геодезийн хэмжилт хийж, ажлын үр дүнг хүлээн авах талаар тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /1хх 36/ Өөрөөр хэлбэл, уг үйл баримтаар хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил тодорхой хэмжээний биет байдлын доголдолтой болох нь тогтоогдсон гэж үзнэ.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч болон -ийн дүгнэлтүүд гарсан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2024/00124 дугаар магадлалаар дээрх этгээдүүдийг шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулаагүй, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулаагүй гэж дүгнэсэн. /3хх 32-37/
6.1 Шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2024/04588 дугаар захирамжаар -ийг шинжээчээр томилсон. Шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн албан бичгээр ...Барилга дээр 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр үзлэг хийхэд Барилгын ажил бүрэн дуусаж оршин суугчдаа оруулсан байгаа ...нэмэлт дүгнэлт гаргах боломжгүй болно гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн. /3хх 77/
7. Мөн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШЗ2024/12434 дугаар захирамжаар -ийг шинжээчээр өөрчлөн томилсон. /3хх 128-129/ Шинжээч -ийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 16/24 дугаар албан бичгээр ...тус барилгад заслын ажил явагдаж ашиглалтад орсон тул дахин хэмжилт хийж, дүгнэлт үйлдэх боломжгүй гэх хариуг шүүхэд мөн ирүүлсэн. /3хх 149/
7.1 Улмаар, шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШЗ2024/22640 дугаар захирамжаар , , төсөвчин нарыг бүрэлдэхүүнтэй шинжээчээр томилсон. /3хх 201-202/ -ийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 6/2 дугаар албан бичгээр ...Ийм ажлыг геодизийн багажтай тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж гүйцэтгэдэг. , , төсөвчин нарын алинд нь ч ийм зөвшөөрөл байхгүй. гэх хариуг шүүхэд ирүүлсэн. /3хх 206/
8. Дээрх шинжээч томилсон шүүхийн ажиллагаагаар магадлалд заагдсан зөрчил хожим засагдсан гэж давж заалдах шатны шүүх үзэн, хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв. Тодруулбал, шинжээч болон нь шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсан, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулсан баримтыг шинжээч шүүхэд хожим ирүүлснээр шинжээч томилохтой холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх магадлалд заасан зөрчил арилсан, мөн эдгээр байгууллага өмнө гаргасан дүгнэлтүүдээ дэмжсэн байна. /3хх 78-122, 142-148/
8.1 Шинжээч -ийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/1160 дугаар дүгнэлтээр ...Зоорийн давхарт гүйцэтгэсэн ажил *******-ийн гаргасан хэмжилтийн үр дүнгээр зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, 1 дүгээр давхрын тааз 83,5 м.кв талбай хүлцэх алдаанаас хэтэрсэн, мөн давхрын хана хүлцэх алдаанаас хэтэрч цүлхийлттэй цутгагдсаныг молдокоор цохиж тэгшлэх гадаргуу 8 м.кв, шавардах гадаргуу 18 м.кв талбай, мөн давхрын хаалга цонхны нүхийг хэмжээнд болгож 2-4 см молдокдох 7 ширхэг деталийн ажил байгаа, 2 дугаар давхрын тааз 43.56 м.кв талбай хүлцэх алдаанаас хэтэрсэн тул гипсэн уналттай тааз хийх, хана хүлцэх алдаанаас хэтэрсэн, цүлхийлттэй цутгагдсан, молдокоор цохиж тэгшлэх гадаргуу 10 м.кв, шавардах гадаргуу 20 м.кв, хаалга цонхны нүхийг хэмжээнд болгож молдокдох 14 ширхэг деталийн ажил байгаа, 3 дугаар давхрын тааз 88.82 м.кв талбай хүлцэх алдаанаас хэтэрсэн тул гипсэн уналттай тааз хийх, хана хүлцэх алдаанаас хэтэрсэн, цүлхийлттэй цутгагдсан, молдокоор цохиж тэгшлэх гадаргуу 15 м.кв, шавардах гадаргуу 18 м.кв, хаалга цонхны нүхийг хэмжээнд болгож молдокдох 14 ширхэг деталийн ажил байна гэж, нийт төсөвт өртгийг 26,127,946 төгрөг байна гэж дүгнэсэн. /1хх 107-146/
8.2 Харин шинжээч -ийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаар дүгнэлтээр ...Зоорийн давхарт хана, таазны цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажлын дараагийн үе шатны ажил болох тэгшилгээ өнгө шавардлага, тусгаарлах ханын өрлөгийн ажил хийгдсэн нь хэмжилт хийх боломжгүй болсон тул дараагийн давхраас хэмжилтийн ажлыг эхэлсэн. 1 дүгээр давхрын тааз 382.37 м.кв талбай нь ...шавраар шавардах, гипсэн уналттай тааз хийж засварлах шаардлагатай, ...хана хүлцэх алдаанаас хэтэрч цүлхийлттэй, цахилгаан молдок ашиглан өөлөх, тэгшилгээ хийж алдааг засварлах шаардлагатай, ... цонх суурилуулалт хийгдэж шилэлсэн байснаас хэмжилт хийх боломжгүй болсон, 2 дугаар давхрын тааз 369.98 м.кв талбай хүлцэх алдаанаас хэтэрсэн, өндөр маркийн зориулалтын шавраар шавардах, гипсэн уналттай тааз хийж засварлах шаардлагатай, хана хүлцэх алдаанаас хэтэрч цүлхийлттэй, цахилгаан молдок ашиглаж өөлөх, тэгшилгээ шавардлага хийж алдааг засварлах, цонх хаалгыг хэмжих боломжгүй, 3 дугаар давхрын тааз 369.98 м.кв талбай хүлцэх алдаанаас хэтэрсэн, өндөр зориулалтын шавраар шавардах, гипсэн уналттай тааз хийж засварлах шаардлагатай, хана хүлцэх алдаанаас хэтэрч цүлхийлттэй, цахилгаан молдок ашиглан өөлөх, тэгшилгээ шавардлага хийж алдааг засварлах, цонх хаалгыг хэмжих боломжгүй гэж, нийт төсөвт өртгийг 166,708,249 төгрөг байна гэж дүгнэжээ. /1хх 192-245/
8.3 Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн БА-089/2023 дугаар дүгнэлтээр хороо, ХХК-ийн захиалгатай үйлчилгээтэй 341 айлын орон сууцны 3 блок барилгыг ашиглалтад оруулах дүгнэлт гаргажээ. /2хх 47-82/
9. Шинжээчийн дээрх дүгнэлтүүд харилцан адилгүй, зөрүүтэй байх тул давж заалдах шатны шүүх шинжээч -ийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/1160 дугаар дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзлээ. Учир нь, тус дүгнэлт 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гарсан буюу барилгыг ашиглалтад оруулах комисс хүлээн авахаас өмнө, мөн нэхэмжлэл гаргаснаас хойш тухайн ажлын доголдол арилаагүй байх цаг хугацаанд гаргасан дүгнэлт байх тул бодитой гэж үзэхээр байна. Харин шинжээч -ийн дүгнэлт 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гарсан буюу доголдлыг арилгасны дараа хийгдсэн байгааг бодит нөхцөлд нийцсэн гэж үзэх боломжгүй.
9.1 Түүнчлэн, анхан шатны шүүх ажлын доголдлыг засварлахад зарцуулсан материалын зардал, тийнхүү засварлах ажлыг гүйцэтгэсэн бусадтай байгуулсан гэрээ, ажил гүйцэтгэсэн иргэн, хуулийн этгээдийн төлбөрийн нэхэмжлэх болон төлбөр шилжүүлсэн баримт, *******-ийн дансны хуулга зэргийг үндэслэн нэхэмжлэгчээс 146,114,163 төгрөгийн зардал гарсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна. /1хх 96-99, 100-116, 118-128, 129-132, 134-141, 144-146, 148-154/ Учир нь, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1 болон 352.2.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой хариуцагчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, мөн доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд хариуцагч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол нэхэмжлэгч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй. Гэтэл дээрх баримтуудаар хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулахад нэхэмжлэгчээс 146,114,163 төгрөгийн зардал буюу хохирол учирсан гэж үзэх үндэслэл бүрэн тогтоогдоогүй байна.
10. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас 26,127,946 төгрөг шаардах эрхтэй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулна.
11. Гэрээний 2.3-т Талууд барилгын давхар тус бүрийн төмөр бетон цутгалтын ажил бүрэн дуусч талууд ажил хүлээлцэх акт үйлдсэний дараа барилгын давхар тус бүрээр нь ажлын хөлсийг тооцож олгоно. Ажлын хөлсийг ийнхүү олгохдоо тухайн ажлын хөлсний 10%-тай тэнцэх хэмжээний мөнгийг захиалагч тал авч үлдэх ба тухайн давхрын хучилтын тулах материалуудыг хуулж, чанар шалгасны дараа нөхөж олгоно гэж заажээ. /1хх 10 ар/
11.1 Ажил гүйцэтгэх гэрээний зарим хэсэг хэрэгжиж, зарим хэсэг нь хэрэгжээгүй. Зоорийн давхар, 1-3 дугаар давхар хүртэлх ажлын хөлс 201,521,100 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид төлөх үүрэгтэй байх бөгөөд үүнээс 178,672,431 төгрөгийг хариуцагчид төлсөн байх тул үлдэгдэл 22,848,669 төгрөгийг хариуцагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Уг сөрөг шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн уг шийдлийг хэвээр үлдээнэ.
11.2 Мөн анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардал 3,500,000 төгрөг, шинжээчийн зардал 2,616,000 төгрөг, нийт 6,116,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн байхаас гадна хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн уг шийдлийг хэвээр үлдээнэ.
12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/04847 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 26,127,946 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 121,286,217 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
3 дахь заалтын ...888,520 гэснийг ...288,589 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 888,521 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
М.БАЯСГАЛАН