Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2020/0209

 

Б.Ч, Б.Ц нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч Б.Ч, нэхэмжлэгч Б.Ч-ийн өмгөөлөгч Б.Т, гуравдагч этгээдийн Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгийн өмгөөлөгч Т.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгч Б.Ч, нэхэмжлэгч Б.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нарын давж заалдах гомдлоор Б.Ч, Б.Ц нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц, Б.Ч нараас Нийслэлийн Зааг даргад холбогдуулан гаргасан “...Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/830 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 5000 м.кв газар эзэмших эрх олгосон захиргааны акт нь илт хууль бус болохыг тогтоолгох, 2017 оны А/152 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

          2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгч Б.Ч, нэхэмжлэгч Б.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нараас давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэрийг үндэслэлгүйгээр зөвтгөж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

          2013 оноос 2019 оныг хүртэл хугацаанд иргэдээс төрийн байгууллагад хандсан олон өргөдөл гомдолд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны 400 орчим айл өрхүүдэд газрыг эзэмшүүлнэ гэсэн хариуг ирүүлсээр байдаг. Тухайлбал:

          1. Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 27-ны 1а/3171 дүгээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт ирүүлсэн албан бичигт Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолын 6 дахь хэсэгт “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүрт Барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн хороотой урьдчилан зөвшилцөнө” гэж заасан болно. Иймд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Ганц хутагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр ангийн нэр дээр гэрчилгээ олгосон газраас худалдах объектод хамаарахгүй хамаарахгүй цэцэрлэг, сургуулийн барилга байрлаж байгаа болон 190 орчим айл өрх буусан газрыг тус тус тухайн цэцэрлэг, сургууль болон байршиж буй иргэдэд нь эзэмшүүлэх зорилгоор нийтийн эзэмшилд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй” хэмээн дурдсан.

          2. Нийслэлийн газрын албаны 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01-07/2362 иргэн Ц.Б танаа Газар хүссэн тухай албан бичигт танаас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ганц худагийн хорих ангийн ойролцоох 202 дугаар цэцэрлэгийн хойд энгэрийн 400 гаруй өрхийн газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлсэн байна. Төлөвлөлт хийгдэж батлагдсаны дараа нийслэл, дүүргийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж иргэн, аж ахуй нэгжид газрыг эзэмшүүлж, ашиглуулах болно” хэмээн заасан.

          Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/830 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгт 5000 м.кв газар эзэмших эрх олгохдоо кадастрын зураг хийгээгүй, координатын цэгийг нь тодорхойлоогүй, тухайн үед газар бүхэлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа байхад Төрийн өмчийн хороо болон Барилга, хот байгуулалтын яамтай зөвшилцөөгүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэхийг шалгалгүйгээр газар олгосон нь илт хууль бус захиргааны акт болсон байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.

          Дээр дурдснаар иргэд тэр Б.Ч, Б.Ц нар нь газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших хүсэлт өгсөөр байхад түүнийг журмын дагуу бүртгэж аваагүй, хуулийн хугацаанд хариу өгөөгүй атлаа Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/152 дугаартай захирамжаар 202 дугаар цэцэрлэгт 5000 м.кв газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн нь хууль бус байсаар байтал шүүх зөвтгөж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.

          Шинжээчийн дүгнэлтэд 202 дугаар цэцэрлэг нь 1864531527141 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн дагуу 5000 м.кв газар эзэмшинэ. Үүнээс хашаа барьсан байдлаар 4897.97 м.кв газар байгаа болно. Өөрөөр хэлбэл 2014 онд анх хашаа барьсан байдлаасаа өнөөдрийг хүртэл огт өөрчлөгдөөгүй бөгөөд тухайн үед газар нарийн хэмжилт хийгээгүй газраа бол 5000 м.кв гэж тодорхойлсон. Бодит байдлыг гуйвуулж шүүх тайлбар хийж байна. Нэхэмжлэгч нар нь 2011 он болон 2013 оноос өнөөдрийг хүртэл тухайн газраа эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд цэцэрлэгчийн газар нүүж очиж буусан зүйл байхгүй.

          Нийслэлийн Засаг дарга Баянзүрх дүүргийн Засаг даргад 5000 м.кв газар олгохдоо кадастрын зураг хийгээгүй улмаас өнөөдрийн энэ зөрүүтэй байдал үүссэн.

          Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/152 дугаартай захирамжаар 5000 м.кв газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг ноцтой зөрчсөн. Баянзүрх дүүргийн Засаг даргаас 202 дугаар цэцэрлэгт шилжүүлэн эзэмшүүлэхдээ газар дээр нь ирж бодит байдлын талаар хэмжилт хийгээгүй. Гуравдагч этгээдүүд энэхүү хууль зөрчсөн үйлдлээ тайлбарлахдаа шилжүүлж байгаа нөхцөлд газар дээрх нь очиж хэмжилт хийх шаардлагагүй, мөн гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг шалгах шаардлагагүй хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Ямар ч нөхцөлд Газрын тухай хууль тогтоомжийг баримтлах бөгөөд шилжүүлж байгаа үед дээрх хуулийн заалтыг дагаж мөрдөхгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.

          Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дүгээр шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Ч, нэхэмжлэгч Б.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд дэмжиж оролцсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Ч, Б.Ц нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/830 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 5000 м.кв газар эзэмших эрх олгосон захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/152 дугаартай захирамжийн Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/830 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 5000 м.кв газрыг эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/152 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгт 5000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгч нарын зүгээс Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/830 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж заасны дагуу илт хууль бус захиргааны акт болсон гэж маргажээ.

Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлээд эрх зүйн үйлчлэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллагын чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй зэрэг шинжүүдийг агуулах ёстой бөгөөд маргаан бүхий захиргааны акт эдгээр шинжүүдийг агуулаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Ц, Б.Ч нар маргаан бүхий газарт 2013 оноос хойш амьдарсан гэж маргаж буй нь үндэслэлгүй, сансарын зургаас үзэхэд тухайн газарт 2013 оноос Б.Ц, Б.Ч нар нь амьдарч байгаагүй байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрын энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч нар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ, гэрээгүйгээр 2013 оноос бусдын хууль ёсны эзэмшиж байгаа газар дээр амьдарсан гэж үзэхээр байна. Иймд хуулийн дагуу тухайн газарт амьдарч, эзэмшиж байсан гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгчийн нарын хувьд 2013 оноос хойш төрийн байгууллага, нэр бүхий Улсын Их Хурлын гишүүнд өргөдөл гаргаж байсан гэх боловч уг өргөдөл нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуй нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.2.1-д “овог, нэр, байнга, оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.2.3-д “газар эзэмших зориулалт, хугацаа” гэж тус тус заасныг хангаагүй байна.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 482 дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 461 дүгээр ангид эзэмшүүлсэн шийдвэр хүчинтэй хэвээр байхад буюу бусдын эзэмшил газар дээр өргөдөл гаргаж байжээ.

Хавтас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургаас үзэхэд гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэг нь хашаагаа кадастрын зургийн дагуу бариагүй нь тогтоогдож байх хэдий ч энэ нь нэхэмжлэгч нарт уг газрыг эзэмших эрхтэй гэсэн үг биш юм.

Мөн нэхэмжлэгч нарын зүгээс Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/152 дугаар захирамжтай холбоотойгоор “сонсох ажиллагаа хийгээгүй” гэж маргасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заажээ.

Дээрх хуульд заасны дагуу захиргааны байгууллагаас маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/152 дугаар захирамжийг гаргахдаа нэхэмжлэгч нарт сонсох ажиллагаа хийх үүрэг хүлээхээргүй байна.

Учир нь нэхэмжлэгч Б.Ч, Б.Ц нарын хувьд газар эзэмших эрхийн хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээгүй бөгөөд хариуцагчаас сонсох ажиллагаа хийсэн ч нөхцөл байдал өөрчлөгдөхөөргүй байгаа талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон