Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Б.Амарсайхан, Ц.Базаррагчаа нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

                        Прокурор                                Б.Батсайхан,

                        Ялтны өмгөөлөгч                  В.Удвал, Н.Энхжаргал,

                        Нарийн бичгийн дарга          С.Лхамсүрэн нарыг оролцуулан,

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгорын шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Батсайханы бичсэн эсэргүүцлийг  үндэслэн, Б.Амарсайхан, Ц.Базаррагчаа нарт холбогдох 201603000021 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцээд

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Монгол улсын иргэн,1987оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, цахилгаан хэрэгслийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 27-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сум дундын 4 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 96/32 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн, Бөөгүүд овогт Батмөнхийн Амарсайхан /РД:ЖЯ87122218/

 

Монгол улсын иргэн ,1989 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 4-97 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Цэцгээгийн Базаррагчаа /РД:УК89072018/

 

Б.Амарсайхан нь ялтай байхдаа Ц.Базаррагчаатай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2016 оны 01 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 3-36 айлын орон сууцын 1 давхарт үйл ажиллагаа яваалдаг “Баянзүрх” нэртэй ломбардын цонхоор нэвтэрч мөнгөн аяга 33 ширхгийг хулгайлан авч 4.233.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн “Баянзүрх” нэртэй ломбардын хажуу талын нотариатын өрөөний сэйфнээс хохирогч Д.Оюунхүүгийн өмчлөлийн монетон кулон, гинж, бэлэн 160.000 төгрөгийг хулгайлан авч 537.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Амарсайхан, Ц.Базаррагчаа нарт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар, зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Бөөгүүд овогт Батмөнхийн Амарсайхан, Боржигон овогт Цэцгээгийн Базаррагчаа нарыг урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.Амарсайханыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Базаррагчааг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Амарсайханд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Ц.Базаррагчаад оногдуулсан 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхээр тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Амарсайханы  2016 оны 01 сарын 13-наас 2016 оны 01 сарын 27, 2016 оны 01 сарын 27-ноос 2016 оны 03 сарын 13, 2016 оны 03 сарын 13-наас 2016 оны 04 сарын 12, 2016 оны 04 сарын 12-ноос 2016 оны 04 сарын 27-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 105 хоног, шүүгдэгч Ц.Базаррагчаагийн 2016 оны 01 сарын 13-наас 2016 оны 01 сарын 27, 2016 оны 01 сарын 27-ноос 2016 оны 03 сарын 13, 2016 оны 03 сарын 13-наас 2016 оны 04 сарын 12, 2016 оны 04 сарын 12-ноос 2016 оны 04 сарын 27-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 105 хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гар утас 1 ширхэг, алх 1 ширхэг, хайч 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар Сиди 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж;

Шийтгэх тогтоолд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Батсайханы бичсэн эсэргүүцэлд:

Яллагдагч Б.Амарсайхан нь ялтай байхдаа Ц.Базаррагчаатай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2016 оны 01 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 3 дугаар 36 айлын орон сууцны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Баянзүрх” ломбардын цонхоор нэвтэрч мөнгөн аяга 33 ширхэгийг хулгайлж Н.Лхагвасүрэнд 4.233.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн “Баянзүрх” ломбардын хажуу талын нотариатын өрөөний сейфнээс хохирогч Д.Оюунхүүгийн өмчлөлийн монетон кулон, гинж, бэлэн 160.000 төгрөгийг хулгайлан авч 537.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, яллагдагч Ц.Базаррагчаа нь Б.Амарсайхантай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2016 оны 01 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 3 дугаар 36 айлын орон сууцны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг о“Баянзүрх” ломбардын цонхоор нэвтэрч мөнгөн аяга 33 ширхэгийг хулгайлж Н.Лхагвасүрэнд 4.233.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн “Баянзүрх” ломбардын хажуу талын нотариатын өрөөний сейфнээс хохирогч Д.Оюунхүүгийн өмчлөлийн монетон кулон, гинж, бэлэн 160.000 төгрөгийг хулгайлан авч 537.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 07 дугаартай шийтгэх тогтоол гаргасныг 2017 оны 01 дүгээр сарын 16- ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Б.Амарсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Амарсайханд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэтэл шүүх шийтгэх тогтоолыг уншиж сонсгохдоо Б.Амарсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Амарсайханд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэсэн атал шийтгэх тогтоолд Б.Амарсайханд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан талаар дурьдаагүй орхигдуулжээ. Шүүх Б.Амарсайханд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, улсын яллагчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд мөн тогтоолд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр заасан зэргээр тогтоогдож байх ба Б.Амарсайхан нь одоо гэртээ гэмтлийн улмаас хэвтрийн дэглэм сахиж байгаа болно. Дээрх шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284, дүгээр зүйл, 297 дугаар зүйлийн 297.1.2 дахь хэсэгт заасныг тус тус ноцтой зөрчжээ. Иймд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсгийг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Прокурор  Б.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон. Хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж прокурорын зүгээс үзэж байна. Харин шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Амарсайханд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан талаар дурдаагүй орхисон. Энэ заалтыг шийтгэх тогтоолд нэмж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Ялтны өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.3-т зааснаар гомдол гаргасан этгээд нь давж заалдах шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө эсэргүүцлээсээ татгалзах эрхтэй бөгөөд улсын яллагч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээсээ татгалзаагүй тул түүний эсэргүүцлийг шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, зөвхөн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судлан үзвэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

 

            Анхан шатны шүүх Бөөгүүд овогт Батмөнхийн Амарсайхан, Боржигон овогт Цэцгээгийн Базаррагчаа нарыг урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Амарсайханыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Базаррагчааг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Б.Амарсайханд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны явцыг харуулсан камерын бичлэг, улсын яллагчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Гэтэл шийтгэх тогтоолыг бүрэн эхээр гаргаж ёсчлохдоо Б.Амарсайханд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан талаар шийтгэх тогтоолд заалгүй орхигдуулж, энэ үндэслэлээр улсын яллагч эсэргүүцэл бичжээ.

 

              Гэвч Б.Амарсайхан нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сум дундын 4 дүгээр шүүхийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 96/32 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 03 сар 20 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байна.

 

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жил гэмт хэрэг шинээр үйлдээгүй тохиолдолд ялгүй болно гэж заасан ба Б.Амарсайханы хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн өдөр болох 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан хугацаа тоологдоно гэж үзнэ.

 

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх эрх шүүхэд олгогджээ.

 

             Гэтэл Б.Амарсайхан нь 2016 оны 01 сарын 10-наас 11 нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогдсон нь түүнийг ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүх Б.Амарсайханд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. 

 

             Иймд улсын яллагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 321, 322 дугаар зүйлийн 322.1, 325-т заасныг  тус тус  удирдлага болгон            

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Амарсайхан, Ц.Базаррагчаа нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  буцаасугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.Амарсайхан, Ц.Базаррагчаа нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-т зааснаар магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ДАВААСҮРЭН

 

       ШҮҮГЧИД                                 М.МӨНХДАВАА

 

  •