Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 09

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Ц.Баяржаргал, Ц.Дорждэрэм нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

                        Прокурор                                П.Ганбаатар,

                        Ялтны өмгөөлөгч                  Ц.Бат-Эрдэнэ, М.Алтанчимэг, М.Түмэннаст

                        Ялтан                                     Ц.Дорждэрэм,

                        Нарийн бичгийн дарга          С.Лхамсүрэн нарыг оролцуулан,

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Дорждэрэмийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ц.Баяржаргал, Ц.Дорждэрэм нарт холбогдох 201603000314 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцээд

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Монгол улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сум 1 дүгээр баг Хөх сүм гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй Боржигон овогт Цэвэлдоржийн Баяржаргал /РД:АИ85070415/

 

 Монгол улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар баг Урантолгойн 01-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1992 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Архангай аймгийн хэсгийн 1 дүгээр шүүхийн 40 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 1993 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 14 дугаартай магадлалаар биеэр эдлээгүй үлдсэн 2 сар 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Цэрэндоржийн Дорждэрэм /РД:АИ73101316/

 

Ц.Дорждэрэм нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бор шанд гэх газар иргэн П.Нэргүйн гэрт 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 22-23 цагийн орчим хохирогч Ц.Баяржаргалыг хувийн таарамжгүй харьцаа буюу хэл амаар доромжиллоо гэх асуудлаас болж маргалдан зодож бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Ц.Баяржаргал нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бор шанд гэх газар иргэн П.Нэргүйн гэрт 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 22-23 цагийн орчим хохирогч Ц.Дорждэрэмийг хувийн таарамжгүй харьцаа буюу хэл амаар доромжиллоо гэх асуудлаас болж маргалдан зодож бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, мөн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Ц.Дорждэрэмд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар, Ц.Баяржаргалд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон овогт Цэрэндоржийн Дорждэрэмийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, шүүгдэгч Боржигон овогт Цэвэлдоржийн Баяржаргалыг бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Ц.Дорждэрэмийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Баяжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Ц.Баяржаргалын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар оногдуулсан /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд багтааж, нийт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Дорждэрэмд оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Баяржаргалд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч  Ц.Баяржаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалган,

Шүүгдэгч Ц.Дорждэрэм, Ц.Баяржаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Ц.Баяржаргал нь цаашид гарах эмчилгээний зардал, хохирлыг жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч Ц.Дорждэрэм, Ц.Баяржаргал нар нь бусад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тавцан нь дугуй хэлбэртэй, 1.4 см зузаан, өндөр нь 28.5 см, 3 хөлтэй цэнхэр өнгийн сандал нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дорждэрэмд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ц.Баяржаргалд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдолд:

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12-р сарын 26 өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолыг 2017 оны 01-р сарын 02-ны өдөр хүлээн аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Ц.Дорждэрэм нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3-р багийн нутаг дэвсгэр Бор шанд гэх газар иргэн П.Нэргүйн гэрт 2016 оны 07-р сарын 04 ний өдөр хүн байхгүй учир хоол идэх зорилготой ирэхэд энэ хэргийн хохирогч Ц.Баяржаргал нь согтуугаар Ц.Дорждэрэмийг сууж байхад нь нуруу бөөр орчим нь 2-3 удаа өшиглөж биед нь “хөнгөн” гэмтэл санаатай учруулахад Дорждэрэм нь өөрийн амь нас,амьд явах, халдашгүй байх эрх, эрх чөлөөгөө эдлэн өөрийгөө хамгаалж 1 удаа Ц.Баяржаргалын нүүрэн тус газар нь цохьсон байдаг юм. Ингээд Дорждэрэм нь П.Нэргүйн гэрээс гарахаар үүд рүү алхаж байхад Ц.Баяржаргал нь түүнийг араас нь дахин цохихоор нь Дорждэрэм нь Баяржаргалыг өөрөөсөө холдуулах зорилгоор түлхэж унагаан гараад явсан байдаг юм. Энэ түлхэлтийн улмаас хохирогч Ц.Баяржаргал нь хойш савж унахдаа гэрт байсан цэнхэр өнгийн дугуй хэлбэрийн 1,4 см зузаантай 28,5 см өндөртэй 3 хөлтэй сандалыг толгойн дагз хэсгээрээ мөргөж унасан байдаг юм. Ц.Дорждэрэмийн энэ өөрөөсөө зайлуулж түлхсэн үйлдлийг гэрч П.Нэргүй болон хохирогч Ц.Баяржаргал нар мөн хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдаг юм. Ц.Дорждэрэмийн энэ үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй төдийгүй, Дорждэрэм нь өөрийн үйлдэлийн нийгэмд аюултай хор уршигийг мэдэх боломжтой байсан боловч, мэдэлгүй үйлдсэн, зориуд хүргээгүй, хүсээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж Ц.Дорждэрэмд ял оногдуулсан зүйл ангийг хөнгөрүүлэн өөрчилж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр нөхөн төлсөн, хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байдаг, гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус ажиллагаа нөлөөлсөн зэрэг нөхцөл байдал байх тул ялыг тэнсэж өгнө үү. Шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

 

Шүүгдэгч Ц.Дорждэрэм болон Ц.Баяржаргал нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаах ажиллагаа хуулийн хүрээнд хийгдсэн. Анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол хуулийг зөрчиж гарсан үйлдэл байхгүй.  Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Ялтан Ц.Дорждэрэмийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хавтас хэрэгт сэжигтнээр мэдүүлэг өгсөн Ц.Дорждэрэмийн мэдүүлэг байдаг. Би зүгээр сууж байгаад хүнд нүдүүлээд байх биш дээ гэсэн өмгөөлөгчгүйгээр өгсөн мэдүүлэг байдаг. Энэ хэрэг болсон үйл явдал өөрт нь юу учирч байгааг, юунаас болсныг шинжилж өгч байгаа мэдүүлэг. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй байна. 2 удаа нүүр рүү нь цохиод хойшоо савж унаад гэмтэл авсан гэж байна. Хоёр удаа цохиод хойшоо савж унасан гэсэн мэдүүлгийг үгүйсгэсэн Ц.Баяржаргалын мэдүүлэг байгаа.  Ц.Баяржаргал юу болсныг мэддэггүй. Анхандаа төмрөөр цохисон гэж хэлдэг. Дараа нь янз бүрийн зүйл ярьдаг. Шүүх хуралдаан дээр түлхсэн, би түлхсэний улмаас хойшоо унасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгдөг.  Мөн гэрч Нэргүй Ц.Дорждэрэмийг гарч явж байхад  нь Ц.Баяржаргал араас нь дайрахад түлхсэн асуудлыг хэлдэг. Түлхэлтийн  улмаас хохирол учирсан, хүсэж үйлдээгүй байдаг. Гэмт хэргийг санаатай, болгоомжгүй, хүсэж үйлдсэн үү, хүсээгүй үйлдсэн үү гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Ц.Дорждэрэмийн үйлдэл хүсээгүй үйлдсэн үйлдэл байдаг. Аргагүй хамгаалалтын шинж чанар энэ хэрэгт байгаа. Довтолгоо төгсөөгүй байсан. Орж ирээд 3 удаа өшиглөж байгаа нь гэмт үйлдэл мөн. Энэ үйлдэл төгссөн нь Ц.Дорждэрэмд мэдэгдэхгүй байсан. Босоод гараад явж байхад араас нь дайрч байгаа нь довтолгоо төгсөөгүй байгааг харуулж байгаа үйлдэл. Тийм учраас өөрийн амь нас эрүүл мэндээ Монгол улсын үндсэн хуульд заасан халдашгүй байх эрхээ хамгаалж түлхсэн байдаг. Шүүх бүрэлдэхүүн тал бүрээс нь харж үзэж ашигтай байдлыг харж тэнсэж өгнө үү гэсэн хүсэлттэй  байна гэв.

 

Ялтан Ц.Дорждэрэмийн өмгөөлөгч М.Түмэннаст шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Учирсан хохирол сандал мөргөснөөс болж гэмтэл үүссэн. Тухайн сандал байсан уу гэдгийг мэдээгүй мөн сандал дээр унах уу үгүй юу гэдгийг тооцоолоогүй. Энэ шинжээрээ хор уршгийг мэдэлгүй үйлдсэн. Тийм ч учраас энэ хэргийг болгоомжгүй буюу хайхрамжгүй хандсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа. Тухайн гэмт хэрэг үйлдсэний дараа Ц.Дорждэрэм маш их анхаарал тавьсан байгаа. Энэ нь юуг харуулах гээд байна гэхээр энэ гэмт хэргийг хүсэж үйлдээгүй гэдгийг харуулж байгаа юм. Хохирогч Ц.Баяржаргалыг эмнэлэгт үзүүлж, хагалгаа, сувилгаанд нь хамт явсан. Иймд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзээд хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

 

Ялтан Ц.Баяржаргалын өмгөөлөгч М.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Өнөөдрийн шүүх хуралдаанд Ц.Баяржаргалын өмгөөлөгчөөр оролцож байна. Ц.Баяржаргал бичиг үсэг мэдэхгүй, боловсрол байхгүй. Ц.Баяржаргал анхан шатны шүүхэд худал мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхдөө гэрт болсон асуудлыг гадаа болсон гэж хэлдэг. Мөн толгой руугаа нарийн цагаан төмрөөр цохиулсан гэж ярьдаг. Анхан шатны шүүхээс Ц.Баяржаргалд холбогдох хэргийг 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилээр тэнссэн байдаг. Энэ ял нь тохирсон  гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч Ц.Дорждэрэмийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гаргасан гомдолтой холбогдуулан гаргах ямар нэгэн санал байхгүй. Ц.Баяржаргал тогтворгүй мэдүүлэг өгдөг. Хэргийн нөхцөл байдлыг харахад эргэлзээтэй байдал харагддаг. Иймд ашигтай байдлаар шийдэхэд  татгалзах зүйл байхгүй. Хохирогчийн зүгээс гомдол санал байхгүй гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.3-т зааснаар гомдол гаргасан этгээд нь давж заалдах шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гомдлоосоо татгалзах эрхтэй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзаагүй тул түүний гомдлыг шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

    Ц.Дорждэрэмийг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бор шанд гэх газар иргэн П.Нэргүйн гэрт 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 22-23 цагийн орчим хохирогч Ц.Баяржаргалыг хувийн таарамжгүй харьцаа буюу хэл амаар доромжиллоо гэх асуудлаас болж маргалдан зодож бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлаагүй, анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдлын талаарх харилцааг зохицуулсан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэлээ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд болох хохирогч Ц.Баяржаргалын мэдүүлэг /хх 15-16/, гэрч П.Нэргүйн мэдүүлэг /хх22-23/, хохирогч  Ц.Дорждэрэмийн мэдүүлэг /хх19-20/, Ц.Дорждэрэмийн биед үзлэг хийж гаргасан шинжээчийн 287 дугаартай дүгнэлт зэргийг шинжлэн судалвал Ц.Баяржаргал согтуугаар Ц.Дорждэрэмийг айлд сууж байхад нь гаднаас орж ирж хэрүүл өдөн, улмаар түүнийг сууж байхад нь өшиглөн түүний биед баруун бөөрний ар хананд цус хуралт гэх хөнгөн зэргийн гэмтэл учруулах агшинд Ц.Дорждэрэм суудлаасаа босож Ц.Баяржаргалыг 2 удаа цохиход Ц.Баяржаргал ар тийшээ савж унасны улмаас сандал мөргөж, биед нь хүнд гэмтэл учирсан байна.

 

Өөрөөр хэлбэл Ц.Баяржаргал нь Ц.Дорждэрэмийг хэл амаар доромжилж, сууж байхад нь өшиглөсөн мөчөөс Ц.Дорждэрэмийн амь нас, эрүүл мэнд аюулд учирч болзошгүй нөхцөл байдал бодитой үүссэн болох нь хангалттай нотлох баримтаар тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар “Аргагүй хамгаалатын байдалд, өөрөөр хэлбэл, энэ хуулиар хамгаалагдсан төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахдаа энэ хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ.

 

Хуулийн дээрх заалтанд хамаарах аргагүй хамгаалалт хэрэглэх эрхийг аливаа нийгэмд аюултай, хууль бус довтолгоон, халдлага бодитойгоор хийгдсэн, эсхүл хийгдэх нь тодорхой байгаа тохиолдолд хэрэгжихээр байгаа бөгөөд тухайн халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ зэрэг нь уг эрхийг хэрэгжүүлэхэд нөлөөлөх талаар ямар нэгэн өөр шаардлага тусгагдаагүй байна.

 

Аргагүй хамгаалалт хийх эрхийг хүн бүр тэгш эдлэх зарчим, мөн хамгаалалтыг идэвхтэй байдлаар хэрэгжүүлэх боломжийг хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тодорхойлсон байх бөгөөд халдлагад өртсөн тохиолдолд зугтах, эсхүл өөр байдлаар аюулыг зайлуулах, бусдаас тусламж хүсэх, халдаж буй этгээдэд идэвхтэй хариу үйлдэл хийхээс бусад аргыг хэрэглэх боломжгүй тохиолдолд л хамгаалалт хийх ёстой гэж үзэх нь үндэслэлгүйг тусгажээ.

 

Ц.Дорждэрэм нь Ц.Баяржаргалын хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу үйлдэл болгож Ц.Баяржаргалыг цохисон байна. Хэрэг маргааныг эхлүүлэн, сууж байсан өөрөөсөө ахмад настай хүнийг өшиглөж биед нь гэмтэл учруулан бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулахаар заналхийлж довтолсон Ц.Баяржаргалын үйлдлээс өөрийгөө хамгаалсан гэх үйлдлийн талаарх нотлох баримтанд ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулан, Ц.Баяржаргалын биед хүнд гэмтэл учруулсан Ц.Дорждэрэмийн санаатай үйлдэл нотлогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3-т заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу, аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд, өөрийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай, хууль бус халдлагаас хамгаалах явцдаа Ц.Баяржаргалын биед хүнд гэмтэл учруулсан Ц.Дорждэрэмийн санаатай, идэвхтэй үйлдлийг Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан хэдий боловч хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа нийгэмд ашигтай аргагүй хамгаалалтын үйлдэл мөн гэж үзнэ.  

 

 Иймд Ц.Дорждэрэмийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан саналыг хүлээн авч Ц.Дорждэрэмд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй байна.

 

Мөн Ц.Баяржаргал нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бор шанд гэх газар иргэн П.Нэргүйн гэрт 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 22-23 цагийн орчим хохирогч Ц.Дорждэрэмийг хувийн таарамжгүй харьцаа буюу хэл амаар доромжиллоо гэх асуудлаас болж маргалдан зодож, бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,  мөн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч Ц.Дорждэрэм, хохирогч Ц.Баяржаргал, гэрч П.Нэргүй, Д.Ганхүлэг нарын мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 287 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож, анхан шатны шүүх түүнд ял шийтгэлийг хуульд заасан журмын дагуу оногдуулжээ.

 

Харин давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Ц.Баяржаргалын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасан  хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул Ц.Баяржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймээс Ц.Баяржаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан үйлдлийг Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

 

Дээрх дүгнэлтүүдийг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар Ц.Дорждэрэм нь аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй болохыг дурдаж байна.

 

Ц.Дорждэрэмд холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож, цагаатгасан тул түүний цагдан хоригдсон 45 хоногийг хүчингүй болгох нь зүйтэй.     

           

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн   248 дугаар зүйлийн 248.1.1, 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                       

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолын:

   2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Ц.Дорждэрэмийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар” гэснийг “Архангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Дорждэрэмд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгасугай” гэж өөрчлөн,

  21. “Шүүгдэгч Ц.Баяржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж нэмэн,

 1 дэх заалтын “Шүүгдэгч Боржигон овогт Цэрэндоржийн Дорждэрэмийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” “шүүгдэгч Боржигон овогт Цэвэлдоржийн Баяржаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах...” гэснийг,

3 дах заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Ц.Баяржаргалын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар оногдуулсан /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд багтааж, нийт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож” гэснийг,

 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Дорждэрэмд оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх” гэснийг,

6 дах заалтын “Шүүгдэгч Ц.Дорждэрэм нь цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Ц.Баяржаргал нь цаашид гарах эмчилгээний зардал, хохирлыг жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч Ц.Дорждэрэм нь бусад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж” гэснийг,

8 дахь заалтын “Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дорждэрэмд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч” гэснийг  тус тус хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1-т зааснаар Ц.Дорждэрэмийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

3. Ц.Дорждэрэмийн цагдан хоригдсон 45 хоногийг хүчингүй болгосугай,

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-т зааснаар эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхээр дамжуулж, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                 

 

  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ДАВААСҮРЭН

 

       ШҮҮГЧИД                                 М.МӨНХДАВАА

 

  •