| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 183/2023/01066/И |
| Дугаар | 210/МА2025/01540 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/01540
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/04240 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох
20,327,110 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******тай 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Тус гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 5,500 ам.долларыг 1,000,000 төгрөгийн хүүтэй, 1 сарын хугацаанд зээлдүүлсэн ба хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүрэг хүлээсэн боловч биелүүлээгүй.
1.2. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн төлбөр 5,500 ам.доллар буюу нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар 19,327,110 төгрөг, зээлийн хүү 1,000,000 төгрөг, нийт 20,327,110 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 1 сарын хугацаатай, сарын 1,000,000 төгрөгийн хүүтэй, 5,500 ам.долларыг зээлсэн мэтээр хийсэн зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргасан байх ба миний зээлж авсан гэх 5,500 ам.долларыг хэрхэн, яаж өгсөн талаарх баримтгүй, ******* гэгч этгээдийг сайн танихгүй, 5,500 ам.доллар зээлж аваагүй.
2.2. Зээлийн гэрээгээр 5,500 ам.доллар өгсөн гэх үйл баримтаа баримтаар нотлох ёстой, 5,500 ам.долларыг бодитой өгсөн гэдэг үйл баримт нотлогдоогүй. Харин хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн огноотой зээлийн гэрээ нотлох баримтаар авагдсан байх ба уг гэрээний 2.2-т зээлийн хэмжээг “... 5,500,000 ам.доллар...”, 2.3-т “...5,500,000 ам.долларыг 11 сарын 31-ний өдөр бэлнээр өгсөн...” гэсэн гэрээний гол нөхцөлүүд тусгасан зэрэг нь ойлгомжгүй, дүн зөрүүтэй байхаас гадна мөнгө өгсөн гэх хугацаа нь ойлгомжгүй байгаа зэрэг нь уг гэрээ хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр эсэх, гэрээг дүр эсгэж байгуулсан байж болзошгүй ба гэрээнээс ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсээгүй гэж үзэж байна.
2.3. Гэрээний 3.2-т “...гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно...” гэж заасан. Гэтэл *******ээс мөнгө хүлээж аваагүй, мөнгө хүлээлгэн өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч *******аас 15,125,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,202,110 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,586 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 233,575 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хариуцагч нь 5,500 ам.долларыг 2019 оны 11 сарын эхээр *******гийн аав ******* гэж хүнээс гадаад мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр бэлнээр хүлээн авсан нь... хариуцагчийн тайлбар, гэрч *******гийн мэдүүлгээс хариуцагч ******* нь 5,500 ам.долларыг нэхэмжлэгч *******ээс хүлээн авсан болох нь тогтоогдож байна...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэний мөнгийг хүлээж аваад байгаа талаар шүүх үнэн зөв дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүй гэж үзэхээр байна.
Учир нь, ******* Швед Улсын Uppsala дүүрэг, Kungsangsgatan 61F газарт ******* нэртэй компанийг үүсгэн байгуулж улмаар ******* нэртэй рестораныг 2019 оны 7 сараас ажиллуулж эхэлсэн ба ресторандаа *******, түүний найз ******* нарыг ажилд авсан талаар хариуцагч тодорхой тайлбарладаг. Ингэхдээ ******* нь *******тай хамтран ажиллахаар тохиролцож 168,000 крон /52,080,000 төгрөг/-ы хөрөнгө оруулалт хийж ресторанд тавилга нэмж авсан. Үүнийг нотлох зорилгоор хамтран ажиллах гэрээ, Швед Улсын цагдаагийн байгууллагын баримтыг шүүхэд гаргаж өгснийг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой. Энэ харилцааны хүрээнд бизнесийн ашиг, орлогыг өгч авалцаж байсан үйл баримтын талаар дүгнэлт хийх нь хэрэгт ач холбогдолтой.
******* 2019 оны 10 сард Монгол Улсад ирсэн ба Швед Улсад оршин суух виз сунгуулах боломжгүй болсон тул рестораныг *******, түүний найз ******* нарт компанийн дансны нэвтрэх нэр, нууц үг, банкны картны код гэх мэт бүх эрх мэдэл, эд хөрөнгийг хариуцуулж үлдээсэн.
*******гаас өөрийн бизнесийн ашиг, орлогоос мөнгө авах шаардлагатай байгаагаа удаа дараа илэрхийлж байсан ба ******* хэлэхдээ манай эгчээс Монголоос шууд авчих гэдэг байсан, би өөрийн бизнесийн ашгийн мөнгөнөөс буюу *******гаас авч байгаа мөнгийг *******ээр дамжуулж авсан тохиолдол байсан. Харин би өөрийн ажилтан *******гийн эгч *******ээс 5.500 ам.доллар огт зээлж байгаагүй гэдгээ тайлбарладаг ба шүүхээс ******* нь 5.500 ам.долларыг нэхэмжлэгч *******ээс хүлээн авсан нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нэхэмжлэгч *******ээс мөнгө зээлсэн, мөнгийг ******* түүнд хүлээлгэн өгсөн гэх үйл баримт хэргийн баримтаар нотлогдон тогтоогдоогүй байхад шүүх буруу дүгнэлт хийжээ.
******* нь Монгол Улсад байхдаа өөрийн захиалсан ачааны машины төлбөрийг төлөх шаардлага үүссэн ба энэ талаараа *******д хэлж рестораны орлогоос мөнгө авах гэсэн боловч орлогогүй байсан учраас 15 сая төгрөг түүнээс зээлсэн ба рестораны орлогоос буцаан авсан гэж ойлгосон гэдгээ шүүхэд хангалттай тайлбарласан байхад энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй байна.
4.2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...******* нь шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө зохигчийн маргааныг мэдсэн ба 5,500 ам.долларыг *******ийн мөнгө хэмээн мэдүүлсэн... дээрх үйл баримтыг харгалзан шүүхээс 2019 оны 11 сарын 08-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагчид 5,500 ам.долларыг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдлоо...” гэх дүгнэлт хийсэн нь бодит дүгнэлт биш байх ба таамаглаж үйл баримтыг дүгнэсэн байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Учир нь, гэрчийн мэдүүлэг дангаараа нотлох баримтаар тооцогдохгүй ба ******* гэрчээр мэдүүлэг өгөхдөө АНУ-д амьдардаг аав *******аас мөнгө зээлж эгч *******ээр дамжуулж *******т зээлдүүлсэн гэж мэдүүлдэг боловч *******аас хэрхэн, яаж мөнгө зээлж *******ээр хэрхэн дамжуулан *******т хүлээлгэн өгсөн болохоо нэхэмжлэгч тал хангалттай баримтаар нотолж чадаагүй, мөн ******* нь 5,500 ам.долларын эх сурвалжийг баримтаар нотолж чадаагүй байхад эргэлзээгүйгээр нэхэмжлэгч 5,500 ам.долларыг хүлээлгэн өгсөн нь нотлогдсон гэж дүгнэлт хийсэн нь буруу байх ба хэргийн үйл баримтын талаар шүүгч үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, мэргэжлийн алдаа гаргасан байна.
4.3. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч нь зээл олгох тусгай зөвшөөрөлгүй иргэн байх ба хариуцагчид 5,500 ам.долларыг зээлүүлж мөнгийг хүлээлгэн өгсөн байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй.
Хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн огноотой зээлийн гэрээ гэх гэрээ нотлох баримтаар авагдсан боловч уг гэрээний дагуу нэхэмжлэгч 5,500 ам.долларыг хариуцагчид хүлээлгэн өгсөн баримтгүй, хариуцагч гэрээгээр уг мөнгийг хүлээн авсан баримт авагдаагүй тул уг зээлийн гэрээний дагуу талуудын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй байх тул шаардах эрх үүсээгүй байна.
Өөрөөр хэлбэл, гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд буюу хариуцагчид шилжсэн гэдгийг нэхэмжлэгч өөрөө нотлох, энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй ба Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө болон эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан тул нэхэмжлэгч ******* өөрийн мөнгийг гэрээний дагуу хүлээлгэн өгсөн гэх үйл баримт баримтаар хангалттай нотлогдоогүй болно.
Түүнчлэн, хэрэв шүүх мөнгийг шилжүүлэн өгсөн гэж үзвэл ******* *******ын мөнгийг дамжуулж өгсөн эсхүл өөрийн мөнгийг өгсөн аль нь болох нь тодорхойгүй байгааг шүүх огт анхаарч үзээгүйд гомдолтой. Хэрэв *******ын мөнгийг дамжуулж өгсөн гэж үзвэл *******ын өмнөөс тэрээр шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай.
******* хэлэхдээ *******тэй зээлийн гэрээ хийсэн нь өөрийн бизнесийн ашиг, орлогоос буюу *******гаас авах ёстой мөнгөө эгчээр нь дамжуулж авч байгаа тул эгчид нь /хувь хүн гэдэг утгаар/ л баталгаа болгож гарын үсэг зурсан. Түүнээс гэрээ байгуулахдаа би *******ээс бэлнээр 5,500 ам.доллар авч байгаагүй гэдгээ хэлж энэ талаар өөрөө хариу тайлбар шүүхэд гаргасан.
******* нь *******ын Швед Улсад үүсгэн байгуулсан компанийн бүх орлого, рестораны доторх тавилга, Mitsubishi outlander маркийн машин, рестораны үйл ажиллагаанд зориулсан хүнсний бүтээгдэхүүн зэрэг нийт 2,000,000 крон буюу 620,000,000 төгрөгөөр үнэлэгдэх мөнгө, эд хөрөнгийг хууль бусаар авч хувьдаа ашигласан үйлдлийг Швед Улсын цагдаагийн байгууллагаас шалгаж байгааг ч тэрээр бичгээр гаргасан тайлбарт дурьдсан байгааг шүүх анхаараагүй.
Иймд дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. *******аас *******т мөнгө шилжүүлээд ******* өөрийн мэдэлд байгаа мөнгийг зээлийн гэрээ байгуулах замаар *******т хүлээлгэж өгсөн. Хариуцагч нь зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан үйл баримтад анхнаасаа маргаагүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад 5,500 ам.долларыг хүлээж авсан үйл баримтыг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Үүнээс гадна гэрч *******гийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эдгээр үйл баримт хангалттай нотлогдож, тогтоогдсон байхад дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.
5.2. *******гийн талаар Швед Улсад цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шалгуулсан бөгөөд миний эд хөрөнгийг хулгайлсан болох нь нотлогдсон гэх тайлбарыг шүүхэд гаргаж хавсралтаар баталгаат орчуулга гэсэн тамгатай орчуулга болон ямар ч тамга тэмдэггүй, гарын үсэггүй гадаад хэл дээр бичигдсэн баримтыг шүүхэд өгсөн. Энэ баримт нь хавтаст хэргийн 118-123 дугаар талд авагдсан. Гэтэл нотлох баримтын шаардлага хангаагүй уг баримтыг анхан шатны шүүх хэрхэн үнэлж, хариуцагчийн тайлбар, татгалзалтай холбогдуулж ямар дүгнэлтийг шийдвэрийн үндэслэх хэсэгт дэлгэрүүлж бичих байсан нь ойлгомжгүй буюу энэ талаар гомдлын агуулга үндэслэлгүй.
5.3. Гэрч ******* нь Швед Улсаас Монгол Улсад ирсэн байсан учраас түүнийг гэрчээр асуулгасан. Энэ гэрчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан шүүхээс үзлэг хийсэн фейсбүүк мессенжерээр бичсэн зурвасууд, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний нотариатчийн гэрчилсэн огноо, мөнгө өгсөн талаар гэрээний заалт, зээлийн хугацаа, талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбартай бүрэн нийцдэг.
5.4. Дээрх байдлаар хариуцагч тал үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримт болон анхны тайлбар мэдүүлгээс зөрүүтэй асуудлыг давж заалдах гомдолд дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,327,110 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүйн улмаас маргааны үйл баримт, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоож чадаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээнэ.
3.1. Талууд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь *******ээс 5,500 ам.долларыг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 52 хоногийн хугацаатай зээлж, зээлийн хүүнд 1,000,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 4 дүгээр тал/
Дээрх гэрээг байгуулсан асуудлаар талууд маргаагүй боловч уг гэрээний дагуу нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгө хүлээн аваагүй, мөнгө зээлэх хүсэл зориг илэрхийлж байгаагүй гэх агуулгаар хариуцагч маргасан.
Хэргийн 138-139 дүгээр талд авагдсан гэрч *******гийн мэдүүлэгт “...намайг Швед Улсад байх үед ******* нь мөнгө зээлэх хүсэлт тавьсан, би найз нөхдөөсөө асууж өгье гээд бүтэлгүйтсэн, ааваасаа асуусан, аав АНУ-д амьдардаг тул эгч ******* рүү мөнгө шилжүүлээд эгчээрээ дамжуулж өгсөн, ...******* нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр *******тэй уулзаж, мөнгөө өгч авсан, ...эгч нотариатаар батлуулж гэрээ байгуулсан шүү гэж хэлээд явуулж байсан” гэж, *******, ******* нарын харилцсан зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэлд “...2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр *******гаас 15 сая сар жаахан гаран хугацаан зээлээд нэг сая төгрөг нэмээд өгчөөрэй, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөнгө явуулцан маргааш юм уу нөгөөдөр ороод ирэх байх, манай эгч аваад чамтай холбогдоно” гэжээ. /хх-ийн 141-148, 164-166 дугаар тал/
Дээрх нотлох баримтууд болон талуудын тайлбараар хариуцагч ******* нь *******гаас 15,000,000 төгрөг зээлж, 1,000,000 төгрөг нэмж төлөхөөр тохирч, уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс хүлээн авч, зээлийн гэрээг бичгээр байгуулсан үйл баримт тогтоогджээ.
Хариуцагч нь дээрх нотлох баримтуудыг үгүйсгэж, няцаасан баримт гаргаж өгөөгүйгээс гадна 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд *******гаас 5,500 ам.доллар хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг /хх-ийн 188-189/ гаргасан байх тул хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбарыг үндэслэн дээрх үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.
3.2. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болсон. Учир нь
Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэхэд нэг талын гэрээ байгуулах саналыг нөгөө тал нь хүлээн зөвшөөрч, талуудын хүсэл зориг харилцан нийцсэн байх учиртай. Иймд зээлийн гэрээний хувьд нэг тал нь мөнгө зээлэх, зээлдүүлэх гэрээ байгуулах санал гаргаж, үүнийг нөгөө тал нь хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай.
Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчид хандаж мөнгө зээлэх гэрээ байгуулах санал гаргаж, уг саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсний үндсэн дээр талууд зээлийн гэрээг байгуулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхгүй.
Харин хариуцагчийн зүгээс *******д хандаж 15,000,000 төгрөг зээлэх хүсэл зоригийн дагуу уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч хүлээн авч, хариуцагчид өгөх, уг мөнгийг хариуцагч нь буцаан төлөхдөө 5,500 ам.доллароор, хүүний төлбөрт 1,000,000 төгрөгийн хамт 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн хэлцэл байгуулагдсан байх тул дээрх мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид мөнгөн төлбөр төлөх үүрэг хүлээсэн хэлцлийг бичгээр хийж, гарын үсэг зурснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон, энэ тохиолдолд талуудын хүсэл зоригийг дүр үзүүлсэн гэж дүгнэхгүй.
Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гэрээг дүр эсгэж байгуулсан, ямар нэг үр дагавар үүсэхгүй гэх гомдлыг хүлээн авахгүй, харин нэхэмжлэгчээс зээл авахаар хандаж байгаагүй, зээлийн гэрээ байгуулагдаагүй гэх гомдол үндэслэлтэй боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй.
3.3. Хариуцагч нь 15,000,000 төгрөгийг ам.доллароор хүлээн аваагүй гэх агуулгаар маргадаг боловч талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй болохын хувьд үүргийг гүйцэтгэхдээ ам.доллароор төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцнэ.
Түүнчлэн, хэрэгт авагдсан талуудын байгуулсан гэрээ 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн огноотой боловч уг гэрээний хугацаа, гэрчийн мэдүүлэг, *******, ******* нарын харилцсан зурвас зэргээс үзэхэд хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөнгө хүлээн авсан гэж үзэхээр байх ба тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцоход 14,865,785 төгрөг /5,500 ам.доллар х 2,702.87 төгрөг/ болж байгаа нь хариуцагчийн хүлээн авсан мөнгөн хөрөнгөөс зөрүүгүй байна. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас 5,500 ам.долларыг шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт зөв.
Мөн хариуцагч нь 15,000,000 төгрөгийг рестароны орлогоос буцааж авахаар тохирсон гэх агуулга бүхий тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Иймд энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол хангагдахгүй.
3.4. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь гадаад вальютын ханшийг төгрөгтэй харьцуулсан зохицуулалт биш, харин төгрөгийн худалдан авах чадварын өсөлт, бууралттай холбоотой зохицуулалт юм.
Шүүхээс гадаад валютын ханшийг үүрэг үүсэх үеийн мөнгөний ханшаар тооцож, үндсэн үүргээс 15,125,000 төгрөгийг хангаж, үлдсэн 4,202,110 төгрөг болон зээлийн хүү шаардах эрхээ алдсан үндэслэлээр нэмэлт үүрэг болох 1,000,000 төгрөг нийт 5,202,110 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн дээрх шийдлийг хэвээр үлдээнэ.
4. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/04240 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын “281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1” гэснийг “186 дугаар зүйлийн 186.1” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Т.ГАНДИЙМАА