Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2020/0187

 

 

 

 

 

 

 

 

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.О, өмгөөлөгч Г.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 887 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б гаргасан давж заалдах гомдлын дагуу Д.О-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн нийтийн хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 887 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, тус хуралдаанаас гарсан 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хуралдаан даргалагчийг сонгох тухай” 01 дүгээр, “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг чөлөөлөх тухай” 04 дүгээр, “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонсох тухай” 05 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар Д.О-г Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урамшуулал 1,889,626 төгрөгийг нөхөн олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж ” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б давж заалдах гомдолдоо: “Хариуцагчийн өмгөөлөгч 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрч оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтэд “Нэхэмжлэлийн үндэслэлд Д.О нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4...бусад хуралдааныг тухайн хурлын тэргүүлэгчид хуралдаанаас эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж заасны дагуу хангалттай хугацаанд хурлын товыг мэдэгдээгүй гэж хэлсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтууд дээр 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор тус хорооны Засаг даргын 2018 онд хийсэн ажлын тайланг иргэдээр хэлэлцүүлж, үнэлэлт, дүгнэлт өгөх хурлыг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 18 цаг 00 цагт хорооны иргэний танхимд зарлан хуралдуулах талаар гаргасан байгаа. Мөн тухайн хурлын тэмдэглэлд иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч Б.Бат-Эрдэнэ “Өнөөдөр иргэдийн Нийтийн Хурлын дарга тайлан тавих боломжгүй гэж хэлсэн тул ирээгүй байна” гэсэн байгаа нь Д.О нь хурал болох гэж байгаа талаар мэдсэн атлаа хурал ирээгүй нь харагдаж байна. Иймэрхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан нөхцөл байдал нь тухайн өдрийн үйл баримттай зөрж байгаа учир хэргийн талаар ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч нарыг оролцуулж гэрчийн мэдүүлэг авахуулах саналтай байна.

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчид Б.Батцэцэг нь тухайн хурлын талаар гэрчийн мэдүүлэг өгсөн боловч Д.Одончимэгийн талд мэдүүлэг өгөх хүн яагаад гэвэл энэ хүн нь 24 дүгээр хороонд ажиллаж байгаа ажлаасаа халагдсан тул нэг талыг барьж худал мэдүүлэг өгсөн.

Иймээс талуудын эрх тэгш мэтгэлцэх зарчмыг хангах, нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэх, нэг талыг бариагүй үнэн бодит гэрчийн мэдүүлэг өгөх үүднээс шаардлагатай өөр гэрч болох Баянзүрх дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч нар болох Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч Х.Майнбаяр, Б.Бат-Эрдэнэ нарыг гэрчээр оролцуулж өгнө үү.

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30  хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасан. Нэхэмжлэгч нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргасан гэдэг бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тухайн өдөр утсаар мэдэгдсэн талаарх нотлох баримт байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс энэхүү үйл баримт болон нотлох баримтуудад ямар ч үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хуулийн дагуу нотлох баримтаар тухайн хуралд 98 хүний гарын үсэг, тэмдэглэл бүхий баримтыг нэг талыг барьж фото зурагт тоонд хүрэхгүй байна хэмээн үнэлж байгаа нь өөрөө хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. Иймээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 887 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.О-аас Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хууль бус болохыг тогтоож, тус хуралдаанаас гарсан 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хуралдаан даргалагчийг сонгох тухай” 01, “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг чөлөөлөх тухай” 04, “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох тухай” 05 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, Д.О намайг Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урамшуулал 1,889,626 төгрөгийг нөхөн олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор[1] “...Тус хорооны Засаг даргын 2018 онд хийсэн ажлын тайланг иргэдээр хэлэлцүүлж, үнэлэлт, дүгнэлт өгөх хурлыг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 18 цаг 00 минутад хорооны Иргэний танхимд зарлан хуралдуулах”-аар товлосон байна.

Ингээд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралд нийт 98 хүн ирж[2], дараах асуудлыг шийдвэрлэж, тогтоолуудыг гаргажээ. Үүнд 01 дүгээр тогтоолоор[3] тус хуралдаан даргалагчийг сонгох,  04 дүгээр тогтоолоор[4] хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг чөлөөлөх, 05 дугаар тогтоолоор[5] хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгосон байна.  

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоолын тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “...бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана” гэж заасан.

2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааныг тус хорооны дарга Д.О даргалан явуулаагүй, мөн Д.О өөрийн эзгүйдээ хуралдааныг Х.Майнбаяраар даргалан явуулах тухай санал гаргаагүй, үүнээс гадна 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоос үзвэл Х.Майнбаяр нь тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч биш байна.

Харин хурлын тэмдэглэлд дурдсанаас үзвэл Х.Майнбаярыг иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч Т.Батцэцэг хуралдаан даргалагчаар сонгох саналыг гаргаснаар тус хуралдааныг даргалжээ.

Эндээс үзвэл  2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлыг Х.Майнбаяр даргалан явуулсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэхээр байна.

  Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 04, 05 дугаар тогтоолуудын тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3.Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тус тус заасан.

2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар “...Тус хорооны Засаг даргын 2018 онд хийсэн ажлын тайланг иргэдээр хэлэлцүүлж, үнэлэлт өгөх”-өөр товлосон байна.  

Харин тус хурлын хуралдааны тэмдэглэлд дурдсанаар “Цэргийн 2-3 тоотод оршин суух Б.Мойл: -Хурлын даргыг солих хэрэгтэй” гэж санал гаргаснаар, мөн “Э.Батсайханы өөрийнх нь саналаар тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгох” тухай тус хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргажээ.  

Эндээс үзвэл иргэдийн Нийтийн Хурлын даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хуралдаан болохоос 1 хоногийн өмнө бус тус хуралдаанаар шууд шийдвэрлэсэн нь холбогдох хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.  

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоол нь тамга, тэмдэг дарагдаагүй, хуулийн шаардлага хангаагүй байх бөгөөд уг тогтоолоор зарлагдсан иргэдийн Нийтийн хурлын шийдвэр болох 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хуралдаан даргалагчийг сонгох тухай” 01, “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг чөлөөлөх тухай” 04, “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох тухай” 05 дугаар тогтоолууд нь мөн тамга, тэмдэг дарагдаагүй, захиргааны актад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байгаа болохыг дурдах нь зүйтэй юм.

Иймд маргаан бүхий захиргааны актууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж гарсан байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, сар бүр авч байсан урамшууллыг /183,946 төгрөгийг/[6] шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацаанд буюу нийт 1,889,626 төгрөгийг нөхөн олгох нь зүйтэй бөгөөд ингэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй” гэж заасан бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “Гэрчээр Х.Майнбаяр, Б.Бат-Эрдэнэ нарыг асуулгаж “Д.О нь хурал болох гэж байгаа талаар мэдсэн атлаа ирээгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан нөхцөл байдал нь тухайн өдрийн үйл баримттай зөрж байгаа учир хэргийн талаар ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулахаар гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээж аваагүй” гэх боловч эдгээр иргэдээс тодруулах асуудал нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаахаар үндэслэл болохгүй бөгөөд нотолгооны ач холбогдолгүй гэж үзэхээр байна.  

Мөн хариуцагчийн өмгөөлөгч “гэрч Б.Батцэцэгийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан, нотлох баримтаар тухайн хуралд 98 хүний гарын үсэг, тэмдэглэл бүхий баримтыг нэг талыг барьж фото зураг тоонд хүрэхгүй байна гэж нэг талыг барьж дүгнэсэн” гэж гомдол гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 32 дугаар зүйлийн 32.5-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглоно” гэж тус тус заасан бөгөөд хариуцагчаас гаргаж өгсөн хуралд оролцсон хүмүүсийн гарын үсэг зурсан баримт, хууль сануулан авсан гэрчийн мэдүүлгүүд нь хуулийн дагуу хэрэгт авагдсан баримтууд байх бөгөөд эдгээрийг шүүгч өөрийн дотоод итгэлээрээ үнэлжээ.    

Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 887 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 887 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын өмгөөлөгч Ж.Б-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

              2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 19 хуудас

[2] Хавтаст хэргийн 23-25 хуудас

[3] Хавтаст хэргийн 20 хуудас

[4] Хавтаст хэргийн 21 хуудас

[5] Хавтаст хэргийн 22 хуудас

[6] Хавтаст хэргийн 38 хуудас