Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2020/0188

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             “М м” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 48 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “М м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 48 дугаартай шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч үүсэн нөхцөл байдалд өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүн шинжилгээ хийж, дахин шинэ акт гаргах хүртэл нэхэмжлэлд дурьдагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 177 дугаар шийдвэрийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О давж заалдах гомдолдоо: “...Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан боловч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан баримтыг огт хавсарган ирүүлээгүй бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн кадастрын хэлтэст бүрдүүлбэр хангах хугацаа олгохыг хүссэн хүсэлтийг хянан шалгаж, хүндэтгэ үзэх шалтгаантай байсан эсэхийг тодруулах үүднээс өргөдлийн бүрдүүлбэр хангуулахаар 3 сар 21 хоногийн хугацаанд хүлээсэн. Учир нь тус компани нь өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалахаар Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын хууль бус эс үйлдэхүй байгаа эсэхийг Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу харьяалах дээд шатны байгууллага болон шүүхэд хандаж шийдвэрлүүлэх бүрэн боломжит хугацаа өнгөрсөн байна.

Гэвч энэхүү хугацаанд өргөдлийн бүрдүүлбэр хангагдаагүй, нөхцөл байдал өөрчлөгдөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан шаардлагыг хангаагүй, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 177 дугаар шийдвэрээр XV-019600 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тодорхой тогтоогдож байгааг шүүх буруу үнэлж түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “М м” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 177 дугаар “М м” ХХК-ийн эзэмшлийн XV-019600 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг анхан шатны шүүх дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэжээ.

Анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016  оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3 тоот шийдвэрээр “Г к” ХХК-д /хуучин нэрээр/[1] Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт орших “Бурзай” нэртэй газарт 1241.50 гектар талбай бүхий XV-019600 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш 3 жилийн хугацаатайгаар олгосон байна[2].

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч “М м” ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдлөө гаргажээ.

Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс “М м” ХХК-ийг байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримтыг хугацаа сунгуулах тухай өргөдөлдөө хавсарган ирүүлээгүй гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзан маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны 177 дугаар шийдвэрийг[3] гаргасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримтыг хугацаа сунгуулах тухай өргөдөлд хавсаргана” гэж заасан.

Хэрэгт авагдсан баримт болох хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдлийн маягтаас[4] үзвэл “М м” ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримтыг хавсаргаагүй байх боловч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 220 дугаар албан бичигт[5] “Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргад Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлтээ гаргасан боловч манай төлөвлөгөөг батлах боломжгүй гэсэн хариу өгсөн” тухай мэдэгджээ.    

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3 “Энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах” гэж заасан байна.  

“М м” ХХК-д байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй талаар Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 217/18 дугаар албан тоотоор[6] мэдэгдсэн тул Төв аймгийн Засаг даргад хандан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гомдол[7] гаргажээ.

 Уг гомдлыг хянаад Төв аймгийн Засаг дарга 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 01/667 дугаар албан бичгээр[8] “...Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасны дагуу шуурхай шийдвэрлэж хариу өг” гэсний дагуу Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан байна[9].   

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулахдаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан тухай баримтыг хариуцагчид хүргүүлээгүй байх боловч хуульд заасны дагуу Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргад төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн, мөн уг төлөвлөгөөг баталснаас үзвэл нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн  нөхцөл, шаардлагыг зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэхээргүй байна.

Иймд нэгэнт байгаль орчны менежментийн төлөвлөгөөг холбогдох эрх бүхий этгээд баталсан, мөн нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар бусад холбогдох баримтыг хариуцагчид гарган өгсөн, тусгай зөвшөөрөл эзэмшгчийн хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд түүнээс өөрөөс нь үл хамаарах нөхцөл байдал үүссэн байх тул хариуцагчаас хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох баримтыг судлан, дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 48 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0048 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр улсын бүртгэлд өөрчлөлт оруулан “М м” ХХК болж өөрчлөгдсөн. Хавтаст хэргийн 17 хуудас

[2] Хавтаст хэргийн 41-42 хуудас

[3] Хавтаст хэргийн 49 хуудс

[4] Хавтаст хэргийн 40 хуудас

[5] Хавтаст хэргийн 4 хуудас

[6] Хавтаст хэргийн 5 хуудас

[7] Хавтаст хэргийн 7-8 хуудас

[8] Хавтаст хэргийн 9 хуудас

[9] Хавтаст хэргийн 104 хуудас