Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 100

 

Л.Ууганбаярын хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

           

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2016/00351 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 5-16 тоотод оршин суух Буурлынхан овогт Лхагважавын Ууганбаярын хүсэлттэй, шударга өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, гуравдагч этгээд Х.Эрдэнэбаатар, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлтийн шаардлага: Шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай.

 

Хүсэлтийн агуулга: “Миний бие Л.Ууганбаяр нь 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас 36 000 000 төгрөгийн зээл телевизийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор авсан. Анх Х.Эрдэнэбаатар нь Эхлэх шинэ жаргалант ХХК-ийг байгуулахад 3 500 000 төгрөг гарган нийт 8 000 000 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийж Эхлэх шинэ жаргалант ХХК-ийг байгуулсан. Гэтэл Х.Эрдэнэбаатар хөрөнгө оруулсан мөнгө буюу 3,500,000 төгрөгийг өөрөө хүсэлт гарган санхүүгээр дамжуулан бүрэн буцааж авсан болно. Миний бие Л.Ууганбаяр нь Улсын бүртгэлийн хэлтэст хандан Эхлэх шинэ жаргалант ХХКомпанийг 100%-ийн өмчлөгчөөр бүртгүүлэх гэтэл дүрмийн сан дээр Х.Эрдэнэбаатар нь хувь нийлүүлэгч бүртгэлтэй байгаа тул боломжгүй гэсэн хариу өгсөн. Гэтэл Х.Эрдэнэбаатар нь өөрийн хувь оруулсан 3,500,000 төгрөгөө буцаан авсан одоо Х.Эрдэнэбаатар нь Эхлэх шинэ жаргалант ХХК-д хамааралгүй болсон тул Эхлэх шинэ жаргалант ХХК-ны шударга өмчлөгч би өөрийгөө гэж ойлгож байна.

 

Иймд миний бие Л.Ууганбаярыг Эхлэх шинэ жаргалант ХХК-ны шударга өмчлөгчөөр тогтоож өгөхийг хүсэж байна “ гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: “2013 оны 06 сард “Эхлэх Шинэ Жаргалант “ ХХК-г Л.Ууганбаяртай хамтарч 4.000.000 төгрөгийн хөрөнгө тус тусдаа оруулж хувь нийлүүлсэн телевизийн студийн үйлчилгээний зориулалтаар компани байгуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2014 оны 7 сард Жаргалант сумаас 35.000.000 төгрөгийн төсөл авч “Жаргалант” гэх телевиз байгуулж ажиллаж байна. Гэтэл шүүхэд Л.Ууганбаяр нь өмчлөгчөөр тогтоолгох тухай онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргасан байна.

 

 Улсын бүртгэлд өөрчлөлт ороогүй байхад дур мэдэн миний эрхийг зөрчсөн үйлдэл гаргасан байна. Иймд миний эрх ашиг хөндөгдөж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү” гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2016/00351 дугаар шийдвэрээр:

 

 “1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Л.Ууганбаярын нэхэмжлэлтэй Эхлэх шинэ жаргалант ХХКомпаний шударга өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.” гэжээ.

 

            Хүсэлт гаргагчийн давж заалдсан гомдлын агуулга: “ Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэгч Л.Ууганбаяр миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон атлаа бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Эрдэнэбаатарын бие даасан шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулжээ.

 

 Гуравдагч этгээд Х.Эрдэнэбаатарын бие даасан шаардлагад нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулахгүйгээр анхан шатны шүүхийн шүүгч захирамж гарган зохигчийн эрх, үүрэг эдлүүлэхээр шйидвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасантай нийцэхгүй байна.

 

 Учир нь гуравдагч этгээдийн шаардлага нь нэхэмжлэлийн бүрдүүлбэлийг хангаж байж л түүнийг гуравдагч этгээдээр татах, бие даасан шаардлагыг нь шийдвэрлэх хуультай. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэгч Л.Ууганбаяр миний өмлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримталсан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглээгүй алдаа юм.

 

 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бэлэн мөнгөний өргөдөл, Х.Эрдэнэбаатарын хүсэлт, зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг зохигч талуудын тайлбартай харьцуулан үзэж, хоорондын шалтгаант холбоонд анхаарал хандуулсангүй. Ингэсэн атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Х.Эрдэнэбаатар нь зээлээ хаахын тулд Л.Ууганбаяраас 3.500.000 төгрөг авсан гэсэн дүгнэлт хийсэн нь бодит байдлаас зөрүүтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэнтэй нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх иргэний эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ   хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Ууганбаяр нь Эхлэх шинэ жаргалант ХХКомпаний шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг  гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасан байна.

 

  Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэл тодорхойгүй байхад түүний тодруулахгүйгээр маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан журамд нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Эхлэх шинэ жаргалант ХХКомпаний шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргахдаа 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №0000543778 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгчээ.

Нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч уг баримтаар  Эхлэх шинэ жаргалант ХХКомпаний гишүүн эсхүл уг компани эзэмшигч эсэхийг тогтоолгох гэж шаардлага гаргасан эсэх  нь тодорхойгүй, ойлгомжгүй байх ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй байна.

 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Эрдэнэбаатар нь гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт ирүүлснээр /хх-ийн 20 дугаар тал/  шүүх түүнийг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 0170 дугаар захирамжаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэжээ.  

 

Гэтэл Х.Эрдэнэбаатарын уг хүсэлтэд бие даасан шаардлага гаргасан талаар дурдаагүй, шаардлагын хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад шүүх санаачилгаараа гуравдагч этгээдийг бие даасан шаардлага гаргасан гэж тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зохицуулсан талуудын мэтгэлцэх зарчимд нийцээгүй, гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг тодорхойлсон мөн хуулийн 29 дүгээр зүйлийг зөрчсөн байна. 

 

 Шүүх гуравдагч этгээдийг бие даасан шаардлага гаргасан гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь ойлгомжгүй болжээ.  

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралгүй Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан өмчлөгчийн шаардах эрхийг  хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

 

Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1,168.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй байна.

 

 Шүүх хуралдааны тэмдэглэлд “бие даасан шаардлага  гаргасан гуравдагч этгээдийн гаргасан гэрч нарыг асуулгах хүсэлтийг хангаж, бусад хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийг уншиж танилцуулав” гэж тусгагдсан боловч уг захирамж хэрэгт авагдаагүйг тэмдэглэх нь зүйтэй байна./хх-хийн 82 дугаар тал/

 

Шүүх хуралдаан даргалагч, бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах тухай, 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжуудад шүүгч гарын үсэг зураагүй, тамга дарж албажуулаагүй зэрэг алдааг дахин давтан гаргаж байгааг анхаарвал зохино. /хх-ийн  39, 48, 60, 77 дугаар хуудас/

 

 Хуульд зааснаар нэхэмжлэгчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг түүнд шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2016/00351 дугаа шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж Л.Ууганбаярт буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.НЯМБАЯР

            ШҮҮГЧИД                                               С.ӨМИРБЕК

                                                                             Н.ТУЯА