Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 135

 

                                                              С.Н, М.О, Х.Ц, Т.Б нарт холбогдох

                                                                       эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Золзаяа, шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Д.Мэндээ, Н.Энхжаргал, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дүгээр магадлалтай, С.Н, М.О, Х.Ц, Т.Б нарт холбогдох эрүүгийн ________ дугаартай хэргийг шүүгдэгч С.Н-ийн өмгөөлөгч Д.Мэндээ, Н.Энхжаргал нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ял шийтгэлгүй А овогт С-ын Н,

2.Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооны багш мэргэжилтэй, ял шийтгэлгүй Б овогт Х-ийн Ц,

3.Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох,

мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Т овогт Т-ын Б,

4.Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүү менежмент мэргэжилтэй, “Ш” ТББ менежер ажилтай, ял шийтгэлгүй, Т овогт М-ын О.

С.Н нь Монгол улсын Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаартай тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-ыг баримтлан 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Т.Б-аас жолоодох эрхийг сэргээх шалгалтыг 10 асуулт бүхий тестээр авч, тестийн 3, 4 дүгээр асуултад буруу хариулт сонгон шалгалтад тэнцээгүй унасан байхад нь “Ө” авто сургуулийн багш Х.Ц-аар дамжуулан Т.Б-аас 50,000 төгрөгийн хахууль авсан,

Х.Ц нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Т.Б-д Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч С.Н-ийн албан өрөөнд жолоодох эрх сэргээх шалгалтыг 10 асуулт бүхий тестээр өгч, тестийн 3, 4 дүгээр асуултад буруу хариулт сонгож 2 алдаж шалгалтад тэнцээгүй байхад нь Т.Б-аар урьдчилан бэлдүүлсэн байсан 50,000 төгрөгийг бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг бүрэн, эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан С.Н-д 50,000 төгрөгийн хахуулийг дамжуулан өгсөн,

Т.Б нь Монгол улсын Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-д заасны дагуу 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч С.Н-ийн албан өрөөнд жолоодох эрх сэргээх шалгалтыг 10 асуулт бүхий тестээр өгч, тестийн 3, 4 дүгээр асуултад буруу хариулт сонгож 2 алдаж шалгалтад унасан бөгөөд шалгалтын үр дүнг өөрт ашигтай байдлаар өөрчлүүлэх, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор "Ө” авто сургуулийн жолооны багш Х.Ц-аар дамжуулан 50,000 төгрөгийн хахуулийг цагдаагийн албан хаагч С.Н-д өгсөн,

М.О нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө жолооны багш болох Х.Ц-аас Т.Б-ын сургалтын төлбөр болох 50,000 төгрөгийг авсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Н-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан, Т.Б,  Х.Ц нарыг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, М.О-ийг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар С.Н-г нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох,

мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Б, Х.Ц нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,

мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.О-ийг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Т.Б, Х.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас,

М.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тус чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлууд болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж 14 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Н-ийн өмгөөлөгч Д.Мэндээ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Давж заалдах шатны шүүх нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

С.Н нь Хууль Зүй, дотоод хэргийн Сайдын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/142 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг сэргээх журам”-ыг зөрчиж 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Т.Б-аас эрх сэргээх шалгалт авч шалгалтанд тэнцээгүй байхад X.Ц-ын гуйлтаар X.Ц-аар дамжуулж 50,000 төгрөгийн хахууль авч шалгалтанд тэнцсэн мэтээр материалыг бүрдүүлж бусдаар дамжуулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан нь нотлогдсон байна гэж дүгнэлт хийсэн.

Хууль Зүй, дотоод хэргийн Сайдын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/142 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг сэргээх журам” нь 2018 оны 07 сарын 11-ний өдрөөс жолоодох эрх сэргээх үйл явцад Цагдаагийн байгууллага шалгалт авахгүй болохыг журамлаж төрийн хэрэгжүүлж байгаа эрх үүргийг, төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлэх тухай журамлагджээ.

Уг сайдын тушаал Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс цагдаагийн даргын цохолтоор албан хаагч нарт танилцагдаж хэрэгжиж эхэлсэн байна. Гэрчээр анхан шатны шүүх хуралд мэдүүлэг өгсөн  У “тушаалыг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр замын тасгийн алба хаагч нарт танилцуулж, түүнээс хойш жолооны шалгалт аваагүй гэж мэдүүлэг өгсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Т.Б жолоодох эрхийн шалгалтанд унасан гэх үйл баримт нотлогдоогүй. Т.Б жолоодох эрхээ хэзээ хасуулсан, эрх олгох шалгалтанд орох хугацаа болсон эсэх баримт хэрэгт авагдаагүй. Хэрэгт нотлох баримт болох, мөрдөн шалгах ажиллагааны явцад Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн архиваас гаргуулж авсан 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн нийтийн эрх зүйн гэрээгээр сургалт явуулах эрх бүхий “Ш” ТББ-ын сургалтанд бүрэн хамрагдаж, багц цагийн сургалтыг хангасан батламж гэрчилгээг хавсаргасан байдаг.

 “Ш” ТББ-ын сургалтанд бүрэн хамрагдаж, багц цагийн сургалтыг хангасан батламж гэрчилгээг тус төрийн бус байгууллага цагдаагийн байгууллагад бүрдүүлж өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон.

Гэтэл энэ багц цагийн сургалтыг хангасан батламж гэрчилгээ, сургалтыг хангасан асуумжийг шалгалт авсан материал гэж үзэж С.Н нь хахууль авч шалгалтанд тэнцсэн мэтээр материалыг бүрдүүлж, хахууль авсан гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Шалгалт авсан гэх Т.Б-ын хүснэгтийг зөвхөн Т.Б өөрөө хурууны хээгээр ТҮЦ машинаас авах бололцоотой болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Үүнээс үзэхэд С.Н бүрдүүлэх боломжгүй юм. Шалгалт авсан гэх багц цагийн сургалтыг хангасан батламж гэрчилгээний, сургалтын материалд шалгалт авсан С.Н нь гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.

Үүнийг тасгийн даргын үүрэг чиглэл өгсний дагуу үйлдсэн болох нь нотлогдсон. Гэрчээр анхан шатны шүүх хуралд мэдүүлэг өгсөн У нь "... 2018 оны 8 сарын сүүлчээр би Улаанбаатар хотод сургалтанд суусан, сургалтаар эрх бүхий байгууллагаас нь Хууль Зүй, дотоод хэргийн Сайдын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/142 дугаар тушаал батлагдсантай холбогдуулж цагдаагийн байгууллагад байгаа, жолооны эрх сэргээхтэй холбоотой бүх материалыг төв рүү явуул гэсэн чиглэл өгсөн тул С.Н-д үүрэг өгч, хяналт тавьж явуулсан, нийт 40 гаран тооны материалыг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр явуулсан...” гэх мэдүүлгээр нотлогдсон.

С.Н нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Т.Б-аас эрх сэргээх шалгалт авч шалгалтанд тэнцээгүй байхад тэнцсэн мэтээр материалыг бүрдүүлсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох С.Н-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн удаа дараагийн мэдүүлэгт Ц нь надад ямар ч мөнгө өгөөгүй, иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүл мэндийн хуудас үлдээгээд гарсан, тухайн үед би хүнээс мэдүүлэг авч байсан, хажууд манай ахлах байцаагч сууж байсан гэх мэдүүлэг, хахууль өгсөн гэх X.Ц нь гэрчээр болон яллагдагчаар өгсөн удаа дараагийн мэдүүлэгт С.Н-д ямар ч мөнгө өгөөгүй, иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүл мэндийн хуудас үлдээгээд гарсан, тухайн үед С.Н хүнээс мэдүүлэг авч байсан, өрөөнд нь замын ахлах байцаагч байсан гэх мэдүүлгийг анхнаасаа тогтвортой өгсөн байдаг. Хахуулийн хэргийг илчилсэн гэх Т.Б нь гэрчээр болон яллагдагчаар өгсөн удаа дараагийн мэдүүлэгт Ц надаас мөнгө аваад С.Н-ийн өрөөнд орсон, би ороогүй, өрөөний гадна үлдсэн, шилэн хаалтны цаанаас харахад С.Н нэг иргэнээс мэдүүлэг авч байсан, хажууд нь нэг цагдаа сууж байсан. С.Н-д юм өгсөн, яг юу өгснийг хараагүй, би бодохдоо надаас авсан мөнгөө өглөө гэж бодсон гэх утгатай мэдүүлэг өгсөн байдаг ба мөн анхан шатны шүүх хурал дээр мэдүүлгээ давтаж өгсөн.

Х.Ц нь анхан шатны шүүх хурал, болон давж заалдах шатны шүүх хурлууд дээр С.Н-д мөнгө өгөөгүй гэдгийг удаа дараа давтаж хэлж байсан ба харин яллагдагчаар татагдсан зүйл хэсгийг хүлээн зөвшөөрнө, учир нь би Т.Б-аас мөнгө авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлж байсан. Гэтэл X.Ц-ын зүйл хэсгээ зөвшөөрнө нь гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүх шийдвэр гаргасан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйл, 1.4 дүгээр зүйлд заасан зарчмуудыг зөрчлөө гэж үзэж байна. Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлт хийхэд гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхэд эргэлзээ төрж байгаа болно.

С.Н албан үүргээ гүйцэтгэж хүнээс мэдүүлэг авч байгаа болон хажууд нь албаны ахлах байцаагч сууж байхад X.Ц хахууль өгөх бололцоотой эсэх /тухайн үед өрөөнд байсан асуувал зохих гэрчүүдээс огт мэдүүлэг аваагүй, энэ талаар олон удаагийн хүсэлт гаргасан боловч хангаагүй/ Т.Б нь С.Н-тай таарамжгүй харьцаатай бөгөөд албан үүргээ шударга хэрэгжүүлсний төлөө гомдол гаргаж, хахуулийн хэргийн талаар мэдүүлсэн нөхцөл байдлууд байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх“ боломж байхад шүүх тус хуулийг хэрэглээгүй, С.Н гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул магадлалыг хүчингүй болгож С.Н-д холбогдох хэргийг цагаатгаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Н-ийн өмгөөлөгч Н.Энхжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн магадлалыг тус тус гарсныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн: Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэргийн үндсэн шинж нь Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ... гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, хахууль авсан... байх үндсэн бүрэлдэхүүнтэй ба С.Н-ийн үйлдэлд дээрх гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй.

С.Н нь бусдаас авилга авна гэсэн санаа зорилго байгаагүй, бусдаас хахууль авна гэсэн урьдчилсан амлалт байхгүй, харин эрх үүргээ шударгаар биелүүлсэн цагдаагийн албан хаагч болох нь хэрэгт авагдсан баримтаас тогтоогддог.

Нөгөө талаас нийтийн эрх ашгийг хамгаалж, үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчийг буруутгах, аливаа гэмт хэрэг үйлдсэн гэж өргөдөл гомдол өгөх, энэ нь өөрт нь холбоотой асуудлыг ашигтай шийдвэрлээгүйд гомдсон хүнээс гаргасан асуудалд хөтлөгдөн мөрдөн байцаалт болон прокурорын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх шалтгаан болсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтын хүрээнд С.Н бусдаас хахууль авсан гэдэг нь хангалттай тогтоогдоогүй буюу Т.Б-аас хахууль авах сэтгэлзүйн болон бусад бодитой нөхцөл байдал тогтоогдоогүй.

С.Н нь цагдаагийн алба хаагч байсан ба Т.Б-д холбоотой зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх явцад Т.Б-аас С.Н-д дургүйцэж гомдол өгсөн гэдэг нь намайг шүргэсэн машины жолооч эмэгтэйн хохирол мөнгөний асуудлаас болж... өмнөх асуудлаа хэлж ярихад С.Н надтай хэрүүл маргаан хийсэн... намайг өрөөнөөсөө хөөж гаргасан С.Н хууль зөрчөөд байна гэдэг байдлаар өргөдөл өгсөн гэх мэдүүлэг 1 дүгээр хавтас 26-27, 48-50 тал гэх мэдүүлгээр албан үүргээ гүйцэтгэсэнтэй нь холбогдуулж гомдсон нь тогтоогддог.

Харин хахууль өгсөн гэмт хэрэг үйлдэгдээгүй гэдэг нь: Т.Б-ын шүүгдэгчээр өгсөн “...тэгээд нөхрийнхөө авч ирж өгсөн 50,000 төгрөгийг Ц багшид өгсөн. Би С.Н-д өгч байхыг хараагүй гэх мэдүүлэг, Х.Ц-ын гэрч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн "... тэр мөнгийг нь би 4-5 орчим суралцагчийн төлбөрийн мөнгийг Б-ын өгсөн 50,000 төгрөгтэй нийлүүлээд О-д бэлнээр нь өгсөн... намайг С.Н-д сургалтын материал оруулаад өгөхөд  Т.Б буруу ойлгоод мөнгө өгсөн гэж ойлгосон байх...” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтаас харагддаг.

Тодруулбал, хахуулийг дамжуулж өгсөн гэх Х.Ц-ын удаа дараагийн мэдүүлгээр С.Н нь Х.Ц-аар дамжуулан 50,000 төгрөг авсан гэх үйл баримт тогтоогдоогүй байхад С.Н-д албан үүргийнх нь хувьд гомдсон, тунирхсан хүний мэдүүлгийг иш үндэс болгон тухайн хүний мэдүүлгийг туйлын үнэн зөв гэж үзсэн нь хууль хэрэглээний алдаа болсон.

С.Н-д хуулиар үүрэгжүүлсэн шалгалт авах эрх хэмжээ олгосон журам байхгүй болж, харин холбогдох материалыг бүрдүүлж зохих газарт нь хүргүүлэх эрх хэмжээ л байсан. Хэрэг болсон гэх цаг хугацаанд жолоодох эрх сэргээх хүнээс шалгалт авах ёстойг журамласан Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал хүчингүй болж 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/142 дугаар тушаалаар “2018 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс жолоодох эрх сэргээх үйл явцад Цагдаагийн байгууллага шалгалт авахгүй болохыг журамлаж, тухайн асуудлыг төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлэх тухай журамласан байдаг. Дээрх журамд заасан чиг үүргийн дагуу Замын Цагдаагийн тасгийн дарга гэрч У-ын ... жолооны эрх сэргээхтэй холбоотой бүх материалыг төв рүү явуул гэсэн" үүргийн дагуу уүрэгт ажлаа хийсэн.

Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдалд үнэлэлт өгөлгүйгээр ямар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг С.Н хийсэн талаар тодорхой дүгнэлт хийгээгүй гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл юм.

Шийтгэх тогтоол болон магадлалыг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зуйлийн 2-т заасан "хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх тухай хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалд тус тус өөрчлөлт оруулж, С.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч С.Н нь шүүгдэгч Т.Б-ын ашиг сонирхлын төлөө М.О-ийн хуурамчаар үйлдсэн баримт бичиг ашиглан түүний жолоодох эрхийг сэргээх боломж нөхцөл бүрдүүлсний төлөө Х.Ц-аар дамжуулан Т.Б-аас 50,000 төгрөгийн хахууль авсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс С.Н, Х.Ц, Т.Б, М.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт болжээ. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэв.

                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нэрлэж заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосноор шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой болдог бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг билээ.

Мөн хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох талаар тодорхой заасан бөгөөд үүнийг тогтоох нь гэмт хэрэгт холбогдсон этгээд гэм буруутай эсэх, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх үндэслэл болдог тул дээр дурдсан нотолбол зохих байдлуудыг хэрэг нэг бүрт, холбогдсон этгээд тус бүрээр нотолсон байвал зохино.

С.Н нарын дөрвөн хүнд холбогдох хахууль авсан, өгсөн болон худал мэдүүлсэн гэх хэргийн бүхий л нөхцөл байдлыг тодруулахад ач холбогдолтой, хамааралтай, шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүрэн, хангалттай цуглуулан бэхжүүлээгүй, өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д заасан нөхцөл байдлуудыг мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т заасны дагуу эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогоогүй байхад хоёр шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь үндэслэл муутай болжээ гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Тухайлбал, прокурорын яллах дүгнэлт, хоёр шатны шүүхийн шийдвэрт Т.Б-ын Х.Ц-д дамжуулан өгсөн 50,000 төгрөгийг С.Н-г хахуульд авсан гэж буруутгажээ.

Т.Б нь нэг удаа Х.Ц-д 50,000 төгрөг өгсөн талаар энэ хоёр тогтвортой мэдүүлдэг ба ийм хэмжээний мөнгийг С.Н-г хахуульд авсан гэж ялласан байна.

Гэтэл М.О нь Х.Ц-аас Т.Б-ын сургалтын төлбөрт 50,000 төгрөгийг авсан талаар мөн мэдүүлдэг ба үүнтэй холбоотой гэх нотлох баримтыг хэрэгт (хэргийн 1 дэх хавтас, 72 дахь тал) хавсаргажээ.

Уг баримтад 2018 оны 08 дугаар сарын 20-ноос 31-ний өдрийг дуустал тухайн төрийн бус байгууллагад мөнгө тушаасан хүмүүсийн нэр, мөнгөний хэмжээг өдрийн дарааллаар тэмдэглэсэн байх тул үүнийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоол (хэргийн 1 дэх хавтас, 1 дэх тал) гарснаас хойш буюу уг асуудал шалгагдаж эхлэсний дараа нөхөн хийсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Х.Ц-аас Т.Б-ын сургалтын төлбөрт 50,000 төгрөг авсан эсэх талаар М.О нь хоёр өөр мэдүүлэг өгсөн, мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт түүнийг худал мэдүүлсэн хэмээн буруутгасан 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн мэдүүлэгт (хэргийн 1 дэх хавтас, 19-21 дэх тал) дурдсан зүйлээ нотлон мэдүүлсэн тул тэрээр уг баримтыг хуурамчаар үйлдсэн эсэхийг эргэлзээгүй тогтоох шаардлагатай гэж үзнэ.

Энэхүү нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоох нь гэмт хэрэгт холбогдсон бусад этгээдийн, ялангуяа, Х.Ц-ын гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх, Т.Б нь 50,000 төгрөгийг Х.Ц-д хууль бус үйлдэл хийлгүүлэхээр эсхүл сургалтын төлбөрт өгсөн эсэхийг тодруулахад ач холбогдолтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдлыг тогтоох хүрээнд хаана үйлдсэнийг нь зайлшгүй нотолбол зохино.

Прокурорын яллах дүгнэлтэд С.Н-ийн Х.Ц-аас хахуульд мөнгө авсан гэх байдлын талаар огт дурдаагүй бөгөөд хэрэв уг үйлдэл түүний албан тасалгаанд болсон гэж үзвэл тухайн үед тэр өрөөнд байсан гэх хүмүүсийг (Х.Ц, Т.Б нарын мэдүүлэгт дурдагдсан) гэрчээр байцааж, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай.

Холбогдох гэрчийг ийнхүү байцаах нь тухайн үед болсон үйл явдлыг сэргээн тогтоох, мөн прокурорын яллах дүгнэлтэд дурдсан С.Н нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр буюу “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам” Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/142 дугаар тушаалаар батлагдаж мөрдөгдсөнөөс Т.Б-аас өөрийн албан өрөөндөө шалгалт авсан эсэхийг нотлоход ач холбогдолтой болно.

Дээрхитэй холбоотойгоор 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр огноолсон “Жолоочийн лавлагаа мэдээлэл” гэх баримт (хэргийн 1 дэх хавтас, 176 дахь тал) бичгийг цахим санд хэн байршуулдаг, түүн дотор агуулагдсан, ялангуяа, шалгалтын хариутай холбогдох хэсгийн мэдээллийг ямар эх сурвалжаас авсныг тодруулбал зохих ба энэ нь дээр дурдсан нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай ажиллагаа юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2-т тус тус заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ мөрдөгч, прокурор нь зөвхөн хуулийн хүрээнд хуульд нийцүүлэн явуулах учиртай ба үүнийгээ биелүүлээгүй тохиолдолд тэдгээрийн гүйцэтгэсэн ажиллагаа, түүний үр дүнд цуглуулж, бэхжүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцох боломжгүй.

Тухайлбал, мөрдөгч нь гэмт хэрэгт холбогдуулан шууд нэр заасан, эсхүл хамаарал бүхий нотолгоо бий болсон хүнд худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх тухай хууль сануулж өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2, 3, 9.6 дугаар зүйлийн 5, 31.8 дугаар зүйлийн 1.5, 31.11 дүгээр зүйлийн 1.1-д тус тус заасныг зөрчиж буй тул уг нотлох баримтыг прокурор яллах, шүүх нь гэм буруутайд тооцсон нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож болохгүй бөгөөд энэ нь дээрх хуулийг ноцтой зөрчсөнд тооцогдох талаар мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5-д тодорхой заажээ.

Гэтэл шийтгэх тогтоолд (хэргийн 4 дэх хавтас, 170 дахь тал) “Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Б, Х.Ц, М.О нарын ... гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх үнэлж шийдвэрлэлээ” гэсэн дүгнэлт хийснийг буруутган тэмдэглэж байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон хэм хэмжээ бөгөөд тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л шүүх уг заалтыг хэрэглэж болохоор хуульчлагджээ.

Өөрөөр хэлбэл, тухайн этгээд уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа нөхцөлд шүүх дээр дурдсан зүйл, хэсэгт тодорхойлсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж эсхүл түүнээс чөлөөлж болох юм.

Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар  огт маргахгүй байгааг ойлгодог билээ.

Тиймээс хуулиар тогтоосон нөхцөл, шаардлагыг бүрэн хангагдсан тохиолдолд л Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэвэл зохихыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

2.Шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгосон тул “С.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах” талаар гаргасан өмгөөлөгч Д.Мэндээ, Н.Энхжаргал нарын гомдлын тухайд дүгнэлт хийгээгүй болохыг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                                  Б.АМАРБАЯСГАЛАН

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ