Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2019/0595/З |
Дугаар | 221/МА2020/0205 |
Огноо | 2020-03-25 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2020/0205
“Ю” ХХК-ийн гомдолтой
зөрчлийн хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Э.У, гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 864 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Ю” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Т.М-т холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 864 дугаартай шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан “Ю” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М-ийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0005552 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Т.М давж заалдах гомдолдоо: “...Цахим орчин, цахим хэвлэл дэлхийн нийтээр эрчимтэй хөгжиж байна. Хэрэглэгчдийн дийлэнх хэсэг нь интернет, телевиз, радио, гар утас зэрэг цахим мэдээллийн эх сурвалжийг ашиглаж мэдээллийг авч байгаа өнөө үед “Ю” ХХК-ийг “Зууны мэдээ” сонингоор хэрэглэгчдэд мэдээлэл өгсөн байна гэж үзэн шийдвэр гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.
Тухайлбал Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн прокуророос зөвшөөрөл авах ажиллагааны тухай 02 тоот саналыг Нийслэлийн прокурорт хүргүүлж, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 53 дугаартай прокурорын зөвшөөрлийг авч “Мобиком” ХХК-иас гомдол гаргагчийн 99001120 үүрэн телефоны дугаарт “Ю” ХХК-иас дуудлага болон мессеж илгээгдсэн эсэх лавлагааг гаргуулахад сар бүр төлбөрийн талаарх нэхэмжлэх, төлбөр төлөх дансны дугаар гэх зэрэг 2-3 удаагийн мессежийг хэрэглэгчид ирүүлсэн байх бөгөөд харин бүтээгдэхүүн, үйлчилгээний урамшуулал, үнэ тариф өөрчлөгдсөн талаарх мэдээллийг огт ирүүлээгүй, мөн хохирогч өгсөн мэдүүлэгтээ үнэ тарифт өөрчлөлт орсон, урамшуулалд хамрагдаж байгаагаа огт мэдээгүй гэсэн нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “Хэрэглэгч нь бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл олж авах, хэрэглээний соёл эзэмших боломжоор хангагдсан байх” 7 дугаар зүйлийн 7.1-т “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэж тус тус заасныг зөрчсөн.
“Ю” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нөхөж үзэх, ухраах, зогсоох дахин эхлүүлэх үйлчилгээг шинээр идэвхижүүлэх тохиолдолд IPTV үйлчилгээний хэрэглэгч 5000 төгрөгийн төлбөртэйгээр үйлчлүүлэхээр өөрчилсөн бөгөөд уг үйлчилгээг өмнө нь авч байсан хэрэглэгчдийн хувьд үнийг урамшууллын 2 жилийн хугацаанд хуучин үнээр нь үргэлжлүүлэн ашиглуулахаар нөхцөлдөө тусган ашиглуулсан болно гэсэн байна. Гэвч хуучин хэрэглэгчид гэх хэрэглэгчид нь энэхүү урамшууллын талаар огт мэдээгүй, мэдээлэл аваагүй байсан болох нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандсан иргэдийн мэдүүлгээр тогтоогдсон. Мөн гомдол гаргагч Т.Энхчимэг шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ “Ю” ХХК-иас урамшуулал, үнэ тарифын талаар мэдээлэл өгөөгүй гэж мэдэгдсэн. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 864 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Гомдол гаргагч “Ю” ХХК-иас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М-т холбогдуулан гаргасан “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М-ийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 0005552 дугаартай шийтгэлийн хуудсаар “Ю” ХХК-д оногдуулсан 5,000,000 төгрөгийн шийтгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг анхан шатны шүүхээс гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
Т.Энхчимэгээс ““Ю” ХХК нь ай пи тв үйлчилгээний талаар мэдэгдэлгүйгээр үнэ тарифаа нэмсэн, авахыг хүсээгүй нэмэлт үйлчилгээг хүчээр өгч нэмэлт төлбөр авч байна” гэх гомдлын[1] дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М зөрчлийн хэрэг нээж[2] шалгасан байх бөгөөд “Ю” ХХК нь сингл буюу дан ай пи тв үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт оруулсан урамшууллын талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчдийг хангаагүй нь оролцогчдын мэдүүлэг, тайлбар тодруулга, мэдэгдэл зэрэг баримтаар нотлогдож байна гэж үзэж маргаан бүхий захиргааны акт болох 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 0005552 дугаар шийтгэлийн хуудсаар “Ю” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 5,000,000 төгрөгийн торгууль оногдуулжээ[3].
Хариуцагч давж заалдах гомдолдоо “... “Ю” ХХК-иас бүтээгдэхүүн, үйлчилгээний урамшуулал, үнэ тарифын өөрчлөлтийн талаарх мэдээллийг хэрэглэгчдэд огт ирүүлээгүй. Мөн “Зууны мэдээ” сонингоор дамжуулан хэрэглэгчдэд мэдээлэл өгсөн нь нийтэд мэдээллэсэн гэж үзэхээргүй” гэж маргажээ.
Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах” гэж заасан.
Зууны мэдээ сонины 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №254 дугаарт[4] нөхөж үзэх үйлчилгээний үнэ тариф болон хугацааг тодорхой дурдсан байх боловч уг мэдэгдлийг зууны мэдээ сонинд байршуулсан нь олон нийтэд, тэр дундаа юнивишн хэрэглэгчдэд шууд тухайлан дамжуулан хүргэсэн гэж үзэж болохооргүй байна.
Өөрөөр хэлбэл хэрэглэгч нь барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй[5] бөгөөд үйлдвэрлэгч нь барааны нэр төрөл, үнийн талаарх мэдээллийг хэрэглэгчид өгөх ёстой[6]. Гэвч “Ю” ХХК нь ай пи тв хэрэглэгчдэд үнэ, хугацаа, үйлчилгээний талаарх мэдээллийг хязгаарлагдмал байдлаар өгсөн гэж үзэхээр байна.
Тиймээс “Ю” ХХК нь өөрийн үйлчилгээний талаар хэрэглэгчийг үнэн зөв мэдээллээр хангаагүй зөрчлийг гаргасан гэж хариуцагчаас шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд Зууны мэдээ сонины 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №254 дугаарт нөхөж үзэх үйлчилгээний талаарх мэдэгдлийг байршуулсан нь олон нийтэд мэдээлсэн гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр учир дутагдалтай болжээ.
Гэхдээ энэхүү үндэслэлээр хариуцагчийн шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээх үндэслэл болохооргүй байна.
Тодруулбал “Ю” ХХК өөрийн вэб хуудсанд[7] дан ай пи тв үйлчилгээ нь 5000 төгрөг, гурвалсан үйлчилгээний хэрэглэгчид 3000 төгрөг гэсэн мэдээллийг байршуулсан, “Ю” ХХК-ийн өрхийн үйлчилгээний нийт хэрэглэгчдэд хандсан мэдэгдэл[8] зэргээс үзвэл нэхэмжлэгч нь үнэ тарифын талаарх бодит мэдээллийг хэрэглэгчдэд хүргээгүй гэх үндэслэлгүй, мөн өөрийн вэб хуудсанд байршуулсан мэдээллийг хэрэглэгчид авах бүрэн боломжтой юм.
Түүнчлэн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн нөхөж үзэх, ухраах зогсоох дахин эхлүүлэх үйлчилгээний шинэчилсэн нөхцөлөөс[9] үзвэл дан ай пи тв үйлчилгээ нь 5000 төгрөг, гурвалсан үйлчилгээний хэрэглэгчид 3000 төгрөг болох талаар дурдсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр, шууд үнэ тарифаа нэмээгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 864 дүгээр шийдвэрээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М-ийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 0005552 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч маргааны үйл баримтад холбогдох хуулийн заалт болох Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй байх тул нэмсэн өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1902000179 дугаар зөрчлийн хэргийн 8 хуудас
[2] 1902000179 дугаар зөрчлийн хэргийн 2 хуудас
[3] 1902000179 дугаар зөрчлийн хэргийн 68 хуудас
[4] 1902000179 дугаар зөрчлийн хэргийн 40, 42,64 хуудас
[5] Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.1
[6] Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.2.4
[7] 1902000179 дугаар зөрчлийн хэргийн 39 хуудас
[8] Хавтаст хэргийн 15 хуудас
[9] Хавтаст хэргийн 8-10 хуудас