Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2016/00540

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ***дугаар багт оршин суух, М овогт Тийн Ад холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Т.А, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшууллын 425000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус албанд 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 25 тоот Ж.Жээс 5000000 төгрөгийн төлбөр гаргуулж, Т.Ад олгохоор заасан гүйцэтгэх хуудас ирсний дагуу 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн 8 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилсан байна. Гүйцэтгэх хуудас хүлээн авсан шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчийн эрх үүргийг тайлбарлан өгч, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулан хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 5015000 төгрөгийн төлбөрийг бүрэн барагдуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу дуусгавар болгон гүйцэтгэх баримт бичгийг хаасан байна.

Гэтэл хариуцагч Т.А нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээнд заасан үүргээ биелүүлж, урамшууллын төлбөр 425000 төгрөгийг төлөхгүй өнөөг хүртэл байгууллагад чирэгдэл учруулан явсаар байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд Т.Ааас шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 425000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-д дараах тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гэж заасан. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-д өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гэж заасан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т Төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шийдвэр гарган, гүйцэтгэх баримт бичгийг хаана гэж заасан. Энэ заалтыг дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардлыг энэ хуулийн 83 дугаар зүйлд заасан урамшууллаас санхүүжүүлнэ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлд заасны дагуу Хууль зүйн сайдын 2013 оны А/181 тоот тушаал гарсан байдаг. Үүнд 5.000.001-10.000.000 төгрөг хүртэл 7.5 хувийн урамшууллыг суутгана гэсэн. 7,5 хувь гэдэг нь 425 000 төгрөг болж байгаа. Үүнээс 4 хувь нь шийдвэр гүйцэтгэгчид олгох урамшууллын хэмжээ, 3.5 хувь нь шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардалд төвлөрүүлэх суутгалын хэмжээ юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан цалингаас бусад үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхэд зарцуулагдана гэсэн үг. Эдгээр заалтын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байхад бидний ажилд саад болж өнөөдөр хүртэл явж байгаа. Иймээс 425000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлэн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлага нь илт хууль бус гэж үзэж байна. Үүнд би 2014 оны 10 дугаар сарын 12-нд өөрийн машинаар хөдөлгөөнд оролцож явах үед Ж гэгч согтуугаар автомашин жолоодож яваад миний машины араас мөргөж хохирол учруулсан. Тухайн үед төлж өгнө хэмээн амлаад дараа нь шалтаг зааж төлж өгөхгүй байсан тул би шүүхэд хандахад эвлэрүүлэн зуучлах хэлбэрээр шийдвэрлэж өгсөн боловч тэрээр мөн төлбөрийг төлөхгүйгээс би хуулийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан юм. Энэ үеэр шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба эвлэрлийн гэрээ, шүүгчийн 39 дүгээр захирамжуудыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа явуулахаар тохирч хариуцагч Ж.Жээс 5015000 төгрөг гаргуулах үүрэг хүлээж, би шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны урамшуулалд 425000 төгрөг төлж өгөхөөр тохирсон юм. Би 2015 оны 3 дугаар сард хандсан ба 5 дугаар сарын дундуур шийдвэр гүйцэтгэгч Зерде намайг дуудаж 2500000 төгрөг гардуулсан ба надаас дээрх мөнгийг авсан тухай баримт бичүүлж авч, үлдсэн хэсгийг мөнгийг чин ойрын хугацаанд барагдуулж өгнө гэсэн. Тэгээд сарын дараа буюу 2015 оны 6 дугаар сарын 12-нд намайг дуудаж очиход Зерде, хариуцагч Ж нар хамт байсан ба Зерде надад чи одоо өөрийнхөө эвдэрсэн машиныг л авахаас өөр замгүй боллоо, учир нь хариуцагч Жт одоо чамд мөнгө төлөх боломж байхгүй байна гэв. Би Зердед энэ машины кузов сольсон байгаа ч ямарч бичиг баримтгүй учир авахгүй. Та миний үлдсэн төлбөрийг мөнгөөр гаргуулж өг гэсэн боловч тэрээр чи үүнийг авахгүй бол мөнгө ч үгүй, машин ч үгүй үлдэнэ шүү. Ж чамд бичиг баримт бүрдүүлж өгнө, хэрэв 3 хоногийн дотор бичиг баримтыг бүрдүүлж өгөхгүй бол чи машиныг авч, манайд төлөх 425000 төгрөгийг Ж төлөх болно гэсэн. Би юу ч үгүй хоцрохоор машиныг авъя гэж тохироод 3 хоногийн дараа дахин очиход Зерде Ж бичиг баримтыг бүрдүүлж авч ирээгүй тул чи машиныг ав, 425000 төгрөгийг Ж төлөх болно гэснээр би машиныг Зердегээс хүлээн авч төлбөрөө авсан тухай баримт үйлдээд үүгээр тооцоо дууссан хэмээн гэртээ харьсан. Би тэр үед хоосон үлдэхийн оронд арга буюу машиныг авсан хэдий ч бичиг баримтгүй машинаар хөдөлгөөнд оролцож чадахгүй үхмэл хөдөлгөөнтэй хохирсон хэвээрээ байгаа юм. Шийдвэр гүйцэтгэгч Зерде нь тухайн үед надад 2500000 төгрөг гардуулж өгч байх үед ч би урамшууллын 425000 төгрөгийг үүнээс авч үлдэх үү гэхэд үгүй, 425000 төгрөгийг сүүлд үлдсэн төлбөрөөс авна, дараа нь төлбөрийг мөнгөөр бус машинаар барагдуулсан үед Ж төлөх болно гэж тохироод одоо надаас нэхэмжилж байгаа нь илт хууль бус юм. Миний Жээс авсан 2500000 төгрөг, машин бүгд л шийдвэр гүйцэтгэгчээр дамжиж гардаж авсан ба түүний надаас дээрх мөнгийг авах боломжтой байсныг нотолно. Цаашид ч би дээрх урамшууллын мөнгийг төлж өгч болно. Шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь хохирогчийн хохирлыг барагдуулах үүрэгтэй. Иймд надад байгаа бичиг баримтгүй машиныг хариуцагч Жт буцаан өгч миний үлдсэн 2015000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгөх, эсхүл дээрх бичиг баримтгүй байгаа машины бичиг баримтыг зохих журмаар бүрдүүлэн миний нэр дээр бүртгүүлж өгсөн тохиолдолд би дээрх 425000 төгрөгийг төлж өгөх болно гэжээ.

Хариуцагч Т.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас анхнаасаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөв явуулж өгсөн бол би урамшууллын мөнгийг төлөх байсан. Тухайн үед шийдвэр гүйцэтгэгч байсан Зерде хэлэхдээ цагаан машины бичиг баримтыг 7 хоногийн дотор бүтээж өгнө гэсэн. Гэтэл одоо хүртэл миний нэр дээр биш, өөр хүний нэр дээр байгаа. Авто тээврийн төв дээр очиход Айболат гэдэг хүн энэ машиныг чамд өгөхгүй. Учир нь Зерде машины бичиг баримтыг битгий өгөөрэй гэж хэлсэн гэсэн. Үүнийг хөөцөлдөж олон газар очсон. Одоо энэ машин огт явахгүй, зарагдахгүй байгаа. Уг нь зарагдвал төлөөд өгөх байсан. Тийм учраас энэ мөнгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нарын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Т.Ааас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшууллын 425000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, мөн хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, хэрэгт авагдсан Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 39 дүгээр шүүгчийн захирамжаас үзвэл, Ж.Ж нь Т.Аы нэхэмжилсэн 6000000 төгрөгөөс 5000000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 28-ны хүртэл төлөхөөр эвлэрснийг баталсан ба уг захирамжийг Т.Аы хүсэлтээр 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаартай гүйцэтгэх хуудас бичиж Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн байна.

Уг гүйцэтгэх хуудасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 146 дугаартай тогтоолоор ажиллагаа явуулж эхэлсэн байх ба төлбөр авагч Т.А нь Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Т.Айнагүл, шийдвэр гүйцэтгэгч А.Зерде нартай 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 113 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 3.1-д Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн явуулсан буюу дуусгавар болгосны дараа гэрээнд тохиролцсоноор үнийн дүнгээс 8.5 хувиар тооцон шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлэхээр тохиролцсон байна.

Шийдвэр гүйцэтгэх явцад төлбөр авагчийн эрх үүргийг тайлбарлан өгч, түүнд 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн бэлэн мөнгө хүлээлгэн өгөх актаар 2500000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаартай төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай актаар ниссан маркийн 2545000 төгрөгөөр үнэлэгдсэн суудлын автомашиныг тус тус хүлээлгэн өгч байжээ.

Гэтэл 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө хураасан 02 дугаар актаар, цагаан өнгийн Nissan sunny маркийн машиныг хураан авч, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн ба төлбөр авагч Т.А нь ... уг машин миний унаж явсан машин байсан ба кабин сольсноос болж авто тээврийн бүртгэлээс хасагдсан тул унах боломжгүй юм. Би төлбөрт тооцож авахгүй гэж хэлж байсан байна.

Мөн 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд төлбөр төлөгч Ж.Ж нь: ... бид зээл хөөцөлдөөд бүтэхгүй байна. Nissan sunny маркийн машины бичиг баримтгүй болоод борлогдохгүй байна. Уг машины бичиг баримтыг 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл янзалж өгөхөөр болоход нь төлбөр авагч Т.А тухайн өдөр уг бичиг баримтгүй, цагаан өнгийн Nissan sunny маркийн машиныг 2545000 төгрөгөөр үнэлж төлбөрт тооцож авч, ямар нэгэн гомдолгүй болохоо дурдаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаар хүсэлтээ гаргаж нотариатаар гэрчлүүлж өгсөн байна.

Уг FB15106288 арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь 3157 УНЛ улсын дугаартай Nissan sunny маркийн машин нь Улаанбаатар хотын БГД-17 3-ийн 46 тоотод оршин суугч Төмөр-Очир Тогтохбаярын нэр дээр бүртгэлтэй байгаа болох нь 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн бүртгэлийн мэргэжилтэн М.Хазкелдийн тодорхойлолт болон 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө хураасан актаар нотлогдож байна.

Иймд шийдвэр гүйцэтгэгч А.Зерде нь төлбөр төлөгч Ж.Жээс хурааж авч, төлбөр авагч Т.Ад хүлээлгэж өгсөн цагаан өнгийн Nissan sunny маркийн тээврийн хэрэгсэл нь анхнаасаа Төмөр-Очирын Тогтохбаярын нэр дээр бүртгэлтэй, мөн хоёр машины кабин сольсон, бичиг баримтын талаар асуудалтай байсан болох нь дээрх нотлох баримтаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2, 111.2.1-д эд хөрөнгийг өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийг шилжүүлсэн гэж заасан хэдий боловч мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д эд юмсын бүрдэл хэсэгт хамаарахгүй боловч, гол эд юмст үйлчлэн аж ахуйн нийтлэг зориулалтыг хангахад чиглэгдсэн, түүнтэй орон зайн хувьд хамаарал бүхий хөдлөх эд хөрөнгө нь дагалдах зүйл байна, мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д хууль буюу гэрээнд заасан бол эд хөрөнгийн дагалдах баримт бичиг буюу үнэт цаасыг шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжсэнд тооцно, мөн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-д нэг тал эд хөрөнгөө нөгөө талын өмчлөлд шилжүүлэх, ... шилжүүлэх үүрэг хүлээсэн тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол уг үүрэг тухайн эд хөрөнгийн дагалдах зүйлд нэгэн адил хамаарна гэж тус тус зааснаас дүгнэлт хийхэд төлбөр авагч Т.Ад цагаан өнгийн Nissan sunny маркийн тээврийн хэрэгслийг төлбөрт тооцож шилжүүлэхийг Ж.Ж нь зөвшөөрсөн бол тухайн тээврийн хэрэгслийн бичиг баримтын хамт шилжүүлснээр уг төлбөр тооцоо дууссанд тооцогдохоор хуульчилсан байна.

Хариуцагч Т.А нь Nissan sunny маркийн тээврийн хэрэгслийн бичиг баримтын янзалж өөрийнхөө нэр дээр буулгаж өгвөл урамшууллын мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчилэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна гэж заасан ба нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Т.Ааас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэсэгчилэн биелсэн хэсгийн урамшууллын мөнгийг нэхэмжлээгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр урамшууллын мөнгө 425000 төгрөгийг бүхэлд нь нэхэмжилсэн байх ба Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 39 дүгээр шүүгчийн захирамжид бичигдсэн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаартай гүйцэтгэх хуудас бодит биелэгдсэн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч байгууллагын хариуцагч Т.Ааас урамшууллын мөнгө болох 425000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.2-т тус тус зааснаар Тийн Ааас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшууллын 425000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ