Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 130/ШШ2016/00543

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар / Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, утас 70422513, захирал З.Ү/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр баг, Х, *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух, утас /*****, РД:****/ Ш овогт Өийн С,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр баг, Х, ** дүгээр гудамж, *** тоотод оршин суух, /утас *****, РД:******/ Ж овогт Аы А нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал З.Ү, хариуцагч Ө.С, хариуцагчийн өмгөөлөгч Х.Б, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 5560 дугаартай зээлийн гэрээ болон 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 7199 дүгээр зээлийн гэрээнүүдийг тус тус хугацаанаас нь өмнө цуцлах, 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 5560 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 19064874 төгрөг, хүү 3693856 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159783 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 7199 дүгээр зээлийн гэрээний үлдэгдэл 58333873 төгрөг, хүү 10498179 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 409910 төгрөг, нийт 92160475 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулахыг тус тус хүсжээ.

Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Зээлдэгч Өийн С, Аы А нар нь Х банкны Баян-Өлгий салбараас 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр №5560 тоот зээлийн гэрээ байгуулан 30.000.000 /гучин сая төгрөг/-ийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр №7199 тоот зээлийн гэрээ байгуулан 65000000 /жаран таван сая төгрөг/-ийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зээлийг тус тус авсан. Дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд:

1/ Зээлдэгч Ө.С, А.А нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *******тоот бүртгэлтэй, Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 9-р багт байрлах 2 давхар 12 өрөө амины сууц, гараж, складын хамт

2/ Зээлдэгч Ө.Сын эзэмшлийн 031303548 тоот нэгж талбарын дугаартай Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 9-р багт байрлалтай хувийн эзэмшлийн газар

3/ Зээлдэгч Ө.Сын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******тоот бүртгэлтэй, Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 4-р багт байрлах үйлчилгээний зориулалттай А-1 дэлгүүрийн байр

4/ Зээлдэгч Ө.Сын эзэмшлийн Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 4-р багт байрлах үйлчилгээний зориулалттай "А-2" дэлгүүрийн байр

5/ Зээлдэгч Ө.Сын өмчлөлийн ***** улсын дугаартай Nissan skyline маркийн суудлын автомашин

6/Зээлдэгч Ө.Сын эзэмшлийн цахилгаан бараа жагсаалтаар, гимнастикийн аппарат, гэрийн эд хогшлыг тус тус барьцаалуулан зээл авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 17601254 төгрөг, зээлийн хүүд 34298242 төгрөг, нийт 51899496 төгрөгийг төлж барагдуулсан болно. Хариуцагч Ө.С нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас бизнесийн зээл 322 хоног хугацаа хэтэрсэн, хөрөнгө оруулалтын зээл 322 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчөөд байна. Ийнхүү хугацаа хэтэрсний улмаас зээлдэгчид 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1.2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №5560 тоот зээлийн гэрээ болон 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №7199 тоот зээлийн гэрээнүүдийг тус тус хугацаанаас нь өмнө цуцлах

2.Зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон гаргуулах,

2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №5560 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 19064874 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3693856 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159783 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №7199 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 58333873 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10498179 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 409910 төгрөг, нийт 92160475 /ерэн хоёр сая нэг зуун жаран мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулах,

3.Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал З.Ү шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн иргэн Ө.С, А.А нар нь Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 5560 тоот зээлийн гэрээ байгуулж 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан. 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 7199 тоот гэрээ байгуулж 65 сая төгрөгийн бизнесийн зээлийг 36 сарын хугацаатайгаар авсан. Тус зээлийг хугацаандаа төлж байгаад 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж зээлийн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Түүнээс хойш бизнесийн зээлийг нийтдээ 322 хоногийн хугацаа хэтэрсэн. Мөн хөрөнгө оруулалтын гэрээг 322 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар 517 хоног хэтэрсэн. Бид нар Соос удаа дараа шаардаж мэдэгдэх хуудас өгч байсан. Иймд Ө.С, А.А нараас 5560, 7199 тоот гэрээнүүдийн дагуу нийт нийт 92160475 төгрөгийг гаргуулж, гэрээг хугацаанаас өмнө цуцалж өгөхийг хүсье гэв.

Хариуцагч Ө.С, А.А нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Бид 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 5560 дугаартай зээлийн гэрээгээр 30000000 /гучин сая/ төгрөгийг 21,6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 7199 дугаартай зээлийн гэрээгээр 65000000 /жаран таван сая/ төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай тус тус авсан нь үнэн. Зээлийг зохих журмын дагуу зарцуулж 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл зээл, түүний хүүг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу саадгүй төлж байсан. Улс орны хэмжээнд эдийн засгийн хямрал нүүрлэж иргэдийн худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор бараа материал борлогдохгүй болж сүүлийн хэдэн сар төлбөрөө төлж чадаагүй. Ингэхдээ санаатайгаар төлбөрийг саатуулаагүй. Бид төлбөрөө төлж барагдуулахын тулд өөрийн эзэмшилд байгаа зарим эд хөрөнгөө зарж борлуулахаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа зар өгч байгаа боловч одоогоор борлогдоогүй байна. Цаашид хөрөнгө борлогдсон тохиолдолд хугацаа хэтэрсэн хүүгээ төлж төлбөрөө үргэлжлүүлэн төлж явах болно. Бид хариуцагч талын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбартай байгуулсан 2 удаагийн зээлийн гэрээний хугацаа одоогоор дуусаагүй. Бид зээлээ хугацаанд төлөх боломжгүй болсон учир Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт хүсэлтээ гаргаж 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр авсан зээлийн хугацааг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128 дугаар шийдвэрээр 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл сунгуулсан. 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 5560 дугаартай зээлийн гэрээгээр авсан 30000000 /гучин сая/ төгрөгийн зээлийн хугацаа 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дуусна. Би цаашид гэрээний хугацаа дуусан үед үндсэн зээл, түүний хүүг хугацаа хэтэрсэн хүүгийн хамт бүрэн төлж барагдуулах болно. Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар энэ асуудлаар өмнө нь танай шүүхэд гурван ч удаа нэхэмжлэл гаргаж байсан. Эхний нэхэмжлэл нь 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 7199 дугаартай зээлийн гэрээгээр авсан 65000000 /жаран таван сая/ төгрөгийн зээлтэй холбоотой нэхэмжлэл бөгөөд энэ нэхэмжлэлийг танай шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 454 дүгээр шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар энэ шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдсан ба Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 145 дугаар магадлалаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дараагийн нэхэмжлэл нь 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 5560 дугаартай зээлийн гэрээгээр авсан 30000000 /гучин сая/ төгрөгийн зээлтэй холбоотой нэхэмжлэл бөгөөд энэ нэхэмжлэлийг танай шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1695 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгосон. Сүүлийн нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн ба нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй учир нэхэмжлэлийг буцаасан. Бидний авсан зээлийг төлж барагдуулах хугацаа болоогүй ба үүрэг хүлээсэн хугацаанд авсан зээл, түүний хүү, хугацаа хэтэрсний хүүг төлж бүрэн барагдуулах болно. Иймд Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.С шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбарт: Би Х банкнаас зээл авсан байгаа нь үнэн. Гэрээний хугацаа дуусах хүртэл мөнгийг төлж өгөх болно. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь хариуцагч Ө.С, А.А нараас 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 5560 дугаартай зээлийн гэрээ болон 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 7199 дүгээр зээлийн гэрээнүүдийг тус тус хугацаанаас нь өмнө цуцлах, 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 5560 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 19064874 төгрөг, хүү 3693856 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159783 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 7199 дүгээр зээлийн гэрээний үлдэгдэл 58333873 төгрөг, хүү 10498179 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 409910 төгрөг, нийт 92160475 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагыг тус тус гаргасан байна.

Хариуцагч Ө.С, А.А нар нь Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 30000000 /гучин сая/ төгрөгийг дэлгүүр барих зориулалтаар, жилийн 21,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар, мөн 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 65000000 /жаран таван сая/ төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар зээлийг тус тус авсан болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5560 дугаартай болон 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 7199 дугаартай зээлийн гэрээнүүдээр нотлогдож байна.

Улмаар Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь хариуцагч Ө.С, А.А нарын хүсэлтээр 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 7199 дугаартай "зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ"-г тустай байгуулан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128 дугаартай "Нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ"-гээр хугацааг нь сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж байсан байна.

Гэвч хариуцагч Ө.С, А.А нар нь Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас авсан зээлээ бизнесийн орлого буурсны улмаас гэрээнд болон гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хугацаанд төлж чадаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч Ө.С, А.А нар 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5560 дугаартай зээлийн гэрээгээр авсан 30000000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 7199 тоот гэрээгээр авсан 65000000 төгрөгийн бизнесийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг тус тус өнөөдрийн байдлаар 517 хоног хэтрүүлэн банкны зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-ийг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар болон зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар, хариуцагч Ө.С, А.А нараас "Зээл буцаан төлөх хуваарь"-ийн дагуу төлөхийг шаардсан болох нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Зээл төлөх мэдэгдэл-ээр тус тус нотлогдож байна.

Мөн 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5560 дугаартай Барьцааны гэрээ болон 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 7199 дугаартай Барьцааны гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Ө.С, А.А нарын өмчлөлийн Өлгий сумын 9 дүгээр багт байрлах, *******улсын бүртгэлийн дугаартай 160 м.кв талбайтай, 2 давхар 12 өрөө бүхий амины сууц, гарааж складын хамт, Өлгий сумын 9 дүгээр багт байрлах, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0277808 дугаар гэрчилгээтэй 787 м.кв талбайтай газар, Өлгий сумын 4 дүгээр багт Тирлик зах дотор байрлах, Ү-******улсын бүртгэлийн дугаартай 70 м.кв талбайтай А-1 цахилгаан барааны дэлгүүр, Өлгий сумын 4 дүгээр багт Тирлик зах дотор 80 м.кв талбайтай А-2 цахилгаан барааны дэлгүүр, ***** дугаартай Nissan skyline маркийн суудлын автомашин, гимнастикийн аппарат, цахилгаан бараа жагсаалтаар, гэрийн эд хогшлыг зээлийн барьцаанд тавьсан болох нь нотлогдож байна. Эдгээр барьцаат хөрөнгөнөөс хариуцагч Ө.С нь Өлгий сумын 4 дүгээр багт Тирлик зах дотор 80 м.кв талбайтай А-2 цахилгаан барааны дэлгүүрийг бусдад худалдсан ба энэ талаар зохигчид маргахгүй байгаа болно.

Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргаж өгсөн "Х банк"-ны сонины 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №04 дугаарт нийтлэгдсэн Харилцагчийн түүх буланд Ө.Сын тухай Түрээсийн лангуунаас төрөлжсөн дэлгүүр хүрсэн нь нийтлэл, Ө.Сын барьцаанд тавьсан байшин, дэлгүүрийг худалдах тухай орон нутгийн телевиз "Дербес"-т өгсөн зарлалд төлсөн хөлсний баримтууд, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 454 дугаартай Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 145 дугаартай магадлал, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1695 дугаартай Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь энэ хэрэгт хамааралгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

Хариуцагч Ө.С нь Улс орны хэмжээнд эдийн засгийн хямрал нүүрлэж иргэдийн худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор бараа материал борлогдохгүй болж сүүлийн саруудад төлбөрөө төлж чадаагүй. Ингэхдээ санаатайгаар төлбөрийг саатуулаагүй. Бид төлбөрөө төлж барагдуулахын тулд өөрийн эзэмшилд байгаа зарим эд хөрөнгөө зарж борлуулахаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа зар өгч байгаа боловч одоогоор борлогдоогүй байна. Цаашид хөрөнгө борлогдсон тохиолдолд хугацаа хэтэрсэн хүүгээ төлж төлбөрөө үргэлжлүүлэн төлж явах болно. Бид хариуцагч талын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбартай байгуулсан 2 удаагийн зээлийн гэрээний хугацаа одоогоор дуусаагүй байгаа гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч Ө.С, А.А нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй удаа дараа зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

Иймд хариуцагч Ө.С, А.А нар нь 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5560 дугаартай зээлийн гэрээ, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 7199 дугаартай зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.2-ийг зөрчсөн нь нотлогдож байх тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө тус тус цуцлан, хариуцагч Ө.С, А.А нараас 5560 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 19064874 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3693856 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159783 төгрөг, 7199 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 58333873 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10498179 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 409910 төгрөг, нийт 92160475 /ерэн хоёр сая нэг зуун жаран мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.

Мөн хариуцагч Ө.С, А.А нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үндсэн зээлдэгч Ө.С, А.А нарын өмчлөлийн Өлгий сумын 9 дүгээр багт байрлах, *******улсын бүртгэлийн дугаартай 160 м.кв талбайтай, 2 давхар 12 өрөө бүхий амины сууц, гарааж складын хамт, Өлгий сумын 9 дүгээр багт байрлах, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0277808 дугаар гэрчилгээтэй 787 м.кв талбайтай газар, Өлгий сумын 4 дүгээр багт Тирлик зах дотор байрлах, Ү-******улсын бүртгэлийн дугаартай 70 м.кв талбайтай А-1 цахилгаан барааны дэлгүүр, ***** дугаартай Nissan skyline маркийн автомашин, гимнастикийн аппарат, цахилгаан бараа жагсаалтаар, гэрийн эд хогшлыг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар шүүхэд нотлох баримтыг эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлэх хуулбарыг өгөх ёстой тул нэхэмжлэгчийн нотлох баримт бүрдүүлэхэд нотариатын үйлчилгээний төлбөрт төлсөн 10500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн хүсэлт нь үндэслэлгүй болно. Харин нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618753 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.С, А.А нараас 618753 /зургаан зуун арван найман мянга долоон зуун тавин гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.

Хариуцагч А.Ад шүүх хуралдааны товыг шүүхээс 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр /баримт №3/ мэдэгдэхэд ...шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх тухай хүсэлттэй байна гэдгийг мэдэгдсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Аийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Ө.С, А.А нартай байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 5560 дугаартай зээлийн гэрээ болон 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 7199 дүгээр зээлийн гэрээнүүдийг тус тус хугацаанаас нь өмнө цуцалж, РД:*****, Ш овогт Өийн С, РД:******, Ж овогт Аы А нараас 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 5560 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 19064874 төгрөг, хүү 3693856 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159783 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 7199 дүгээр зээлийн гэрээний үлдэгдэл 58333873 төгрөг, хүү 10498179 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 409910 төгрөг, нийт 92160475 /ерэн хоёр сая нэг зуун жаран мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг гаргуулан Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ө.С, А.А нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд үндсэн зээлдэгч Ө.С, А.А нарын өмчлөлийн Өлгий сумын 9 дүгээр багт байрлах, *******улсын бүртгэлийн дугаартай 160 м.кв талбайтай, 2 давхар 12 өрөө бүхий амины сууц, гарааж складын хамт, Өлгий сумын 9 дүгээр багт байрлах, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0277808 дугаар гэрчилгээтэй 787 м.кв талбайтай газар, Өлгий сумын 4 дүгээр багт Тирлик зах дотор байрлах, Ү-******улсын бүртгэлийн дугаартай 70 м.кв талбайтай А-1 цахилгаан барааны дэлгүүр, мөн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-ийг баримтлан хариуцагч Ө.С, А.А нарын хөдлөх хөрөнгө болох ***** дугаартай Nissan skyline маркийн суудлын автомашин, гимнастикийн аппарат, цахилгаан бараа жагсаалтаар, гэрийн эд хогшлыг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618753 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.С, А.А нараас 618753 /зургаан зуун арван найман мянга долоон зуун тавин гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН