Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 130/ШШ2016/00545

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын *** дугаар багт оршин суух, Б овогт Хын Аийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/440 тоот захирамжийн аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Толбо сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Х.Аийг томилсон Б/386 дугаар захирамжийг хүчингүй болгосонд тооцсугай гэх хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.А миний бие 2005 оны аймгийн Засаг даргын захирамжаар Баян-Өлгий аймгийн Толбо сумын дунд /Одоогийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль/-ийн захирлаар томилогдон 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд албан үүргээ гүйцэтгэх хугацаанд ямар нэгэн зөрчил гарган сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй тогтвортой сайн ажиллаж ирсэн билээ. Тэрээр 2016 оны аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших болсон тул Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасны дагуу ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлтээ хуулийн хугацаанд ажил олгогч буюу аймгийн Засаг даргад гаргасан ба аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн "Х.Аийг ажлаас түр чөлөөлөх тухай" Б/275 тоот захирамжаар үүрэгт ажлаас түр чөлөөлөгдөж ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа буюу аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн "Х.Аийг эгүүлэн томилох тухай" Б/386 дугаартай захирамжаар урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдсон юм. Гэтэл шинээр томилогдсон аймгийн Засаг дарга А.Г нь 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" Б/440 дугаартай захирамжаар намайг урьдах ажилд эгүүлэн томилсон Б/386 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээг нэг тал /захиргаа/-ын санаачилгаар дуусгавар болгосон тул уг Б/440 тоот захирамжийг хууль бус хэмээн үзэж хүчингүй болгуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасныг тус тус үндэслэн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" Б/440 тоот захирамжийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Аймгийн Засаг даргын Б/440 тоот захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг үндэслэсэн нь хуулийг буруу хэрэглэснийг илтгэж байна.

Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт "Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно." Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн "Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 08 дугаар тогтоолын 18 дахь хэсэгт "... Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т "Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно" гэж заасан нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй." гэж тодорхой заасан байдаг. Харин миний бие тухайн үед /захирлын албан тушаалд томилогдсон үед/ Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн хуулийн дагуу томилогдсон юм. Гэтэл аймгийн Засаг даргын намайг ажлаас чөлөөлсөн Б/440 тоот захирамж нь УДШ-ийн тогтоол, төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчсөн илт хууль бус захиргааны акт болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байна.

2. Аймгийн Засаг дарга 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дугаартай захирамжид Сонгуулийн тухай хуулийн 154.4-т заасныг баримталсан байна. Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т "Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино." гэж заасан ёсоор ажил олгогч буюу аймгийн Засаг дарга намайг тус сургуулийн захирлын албан тушаалаас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т заасныг үндэслэн түр чөлөөлсөн ба миний бие нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш сонгуулийн үр дүнд гаргах хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй болно. Харин миний ажлын байр Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасны дагуу хэвээр хадгалагдсан ба сонгуулийн үр дүн гарсны дараа ажил олгогч уг хуулийн дээрх заалтыг баримтлан намайг урдах ажилд буцаан томилсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

3. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т "Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр дуусгавар болгоно." 37.1.4 "хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан" гэж тус тус хуульчилж өгсөн байна. Гэтэл Аймгийн Засаг дарга "Захирамж хүчингүй болгох тухай" Б/440 тоот захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4-т заасныг үндэслэж миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь ойлгомжгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар ямар байгууллага хэзээ, хэрхэн шаардлага хүргүүлсэн нь тодорхой бус байна. Мөн аймгийн Засаг дарга захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг явуулаагүй байна. Өөрөөр хэлбэл захиргааны акт гаргах, захирамж хүчингүй болгох талаар надад мэдэгдээгүй болно.

Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" Б/440 дугаартай захирамжийн "аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Толбо сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Х.Аийг томилсон Б/386 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай" гэсэн хэсгийг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Нэхэмжлэгч талаас аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дугаартай захирамжийг эс зөвшөөрч байгаа үндэслэлийг тодорхойлсон нэхэмжлэл, тайлбар, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хэмээн үзсэн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргаж өгсөн. Энэ дээр Х.А нь анх нэр дэвших болсон үед ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хуулийн хугацаанд ажил олгогчид гаргасан байгаа. Ажил олгогч Х.Аийг нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 275 дугаар захирамжаар ажлаас нь түр чөлөөлсөн. Уг захирамжийн дагуу сонгуулийн хороо бүртгэхээс татгалзаагүй. Х.Аийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж авсан. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан сонгуульд нэр дэвших болсон тохиолдолд заавал ажил, албан тушаалаасаа бүр мөсөн чөлөөлөгдөх байсан бол тухайн үед сонгуулийн хороо бүртгэхээс татгалзах байсан. Гэтэл тухайн үед сонгуулийн хороо бүртгэж авсан. Түүнийг ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасныг баримталсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д ажилтанд чөлөө олгох гэсэн заалт байгаа. Дараа нь сонгуулийн дүн гарсны дараа түүнийг ажилд нь эгүүлэн томилсон. Х.Аийг эгүүлэн ажилд томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг баримталсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3-т ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн авах хуульд заасан бусад үүргийг заасан. Бусад үүрэг гэдэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар Х.А сонгуульд ажилд дэвших үед захиргааны чөлөөтэй байсан. Захиргааны чөлөөтэй байгаа ажилтныг эргээд ажилд авах нь ажил олгогчийн үүрэг байдаг. Х.Аийг сонгуулийн дүн гарсны дараа үндсэн ажилд эгүүлэн тогтоосон. Гэхдээ 2005 онд сонгон шалгаруулалтын дагуу Толбо сумын бүрэн дунд сургуулийн захирлаар томилогдож байсан. Энэ захирамж одоо хуулийн хүчин төгөлдөр байгаа. Үүнийг хүчингүй болгосон, эсхүл Х.Аийг ажлаас бүр мөсөн чөлөөлсөн ямар нэгэн эрх зүйн акт гараагүй. Тэр захирамж хүчингүй болоогүй учраас дахин сонгон шалгаруулалтад орох шаардлагагүй гэж үзэж байна. Аймгийн Засаг даргын Х.Аийг ажлаас чөлөөлсөн 275 дугаар захирамжийг хүчингүй болгоогүй. Энэ захирамж бол хүчин төгөлдөр хэвээр байгаа. Хүчингүй болгосон захирамж бол түүний эргээд ажилд авсан захирамжийг хүчингүй болгосон. Өмнө ажилд бүр томилогдсон болон дараа нь ажлаас түр чөлөөлсөн захирамжууд одоо хуулийн хүчин төгөлдөр байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад тухайн нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Толбо сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Х.Аийн нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах тайлбарыг гаргаж байна. Толбо сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Х.А нь 2016 оны аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт зааснаар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь түр чөлөөлөгдсөн байна. Х.А нь сонгуулийн дараа урьд эрхэлж байсан ажилдаа хууль зөрчин эгүүлэн томилогдсон байна. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт "Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино" гэж заасан ба сонгуульд нэр дэвшсэн бол ажлаасаа бүр мөсөн чөлөөлөгдөж, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтад "Аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх"- гэж заасны дагуу дахин сонгон шалгаруулалтаар томилогдох ёстой байсан. Х.Аийг захирлын ажилдаа эгүүлэн томилоход Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3 дахь заалтыг үндэслэж хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн байна. Ажлын байр нь хэвээр хадгалагдах нөхцөлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд тодорхой заагаад өгсөн тул уг заалт нь сонгуульд нэр дэвшигчдэд хамаарахгүй заалт бөгөөд нэгэнт сонгуульд нэр дэвшсэн бол үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.Аийг сонгуульд нэр дэвшихдээ Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Аймгийн Засаг дарга Х.Аийг эргэж томилсон захирамжийг хүчингүй болгохдоо Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалтуудыг үндэслэн хүчингүй болгосон. Хүчингүй болгосон үндэслэл нь Х.Аийг эргэж томилохдоо хууль зөрчиж ажилд томилсон. Х.Аийг томилсон акт хууль бус акт байсан гэдгээр түүнийг томилсон захирамжийг хүчингүй болгосон. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ёстой гэсэн үндэслэлээр энэ хүн дахиж эгүүлэн томилогдохдоо Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар сонгон шалгаруулалтад орж томилогдох ёстой. Мөн Х.Аийг эгүүлэн томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3 дэх заалтыг үндэслэж хуулийн буруу заалтыг хэрэглэсэн гэдгээр захирамжийг хүчингүй болгосон. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажил, албан тушаал хэвээр хадгалах нөхцөлийг заагаад өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон бол ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.А нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/440 тоот захирамжийн аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Толбо сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Х.Аийг томилсон Б/386 дугаар захирамжийн хүчингүй болгосонд тооцсугай гэх хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн мөн хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч Х.Аийг 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн аймгийн Засаг даргын 225 дугаар захирамжаар 2005 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Толбо сумын 10 жилийн дунд сургуулийн захирлаар томилж, мөн оны 8 дугаар сарын 08-ны өдөр ажлаа хүлээж авч 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Улмаар нэхэмжлэгч Х.А нь Толбо сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалыг хааж байгаад 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд нэр дэвшүүлж, бүртгүүлсэн болох нь аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоол, түүний хавсралтын 10 дугаарт Х.Аийн нэр бүртгэгдсэн зэрэг бичмэл нотлох баримтаар нотлогдож байна.

2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Б/275 дугаар захирамжаар Толбо сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Х.А нь Орон нутгийн иргэдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан мөн өдрөөс эхлэн захирлын албан тушаал, үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн ба уг захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсгийг тус тус үндэслэл болгосон байна.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь дээрх 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/275 дугаар захирамж гаргахдаа Х.Аийн хүсэлтийн буюу зөвшөөрлийн дагуу гаргасан байна гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуульд ажилтанд түр чөлөө олгох тухай заалт огт байхгүй бөгөөд мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно гэж заасан байхад хэдий хугацааны чөлөө олгосон эсэх нь тодорхой бус байна.

Ажил олгогч ажилтны аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэхээр болж ажлаас чөлөөлөх тухай гаргасан хүсэлтийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэх ба баримталсан хуулийн зохицуулалт нь тохирч байх ёстой бөгөөд уг тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх учиртай.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д ... төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, ... орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэж заасан мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах үндэслэлийн талаар нэрлэн заасан ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д сонгууль, ... ажиллах болсон бол ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлахаар хуульчилсан байна.

Гэтэл ажил олгогч аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Х.Аийг аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэхээр болоход Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахгүйгээр ажил олгогч эрх мэдлээ хэтрүүлж түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасныг баримтлан түр чөлөө олгосон нь хууль зөрчиж гаргасан эрхийн акт байна гэж дүгнэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах талаар тодорхой заасан байх бөгөөд үүнд сонгуульд нэр дэвшүүлсэн тохиолдол урьд эрхэлж байсан албан тушаал нь хэвээр хадгалахаар хуульчлаагүй буюу заагаагүй байна.

Ажил олгогч аймгийн Засаг дарга нь Х.Ад Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх зүйл ангийг зөрчиж түр чөлөө олгосон нь үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах албан тушаал хамаарах ба мөн хуулийн 9.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд ерөнхий боловсролын сургуулийн захирал хамаарахаар зохицуулсан байна.

Нэхэмжлэгч Х.Аийг 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн аймгийн Засаг даргын 225 дугаар захирамжаар Толбо сумын 10 жилийн дунд сургуулийн захирлаар томилсон тушаалын 3 дахь заалтад түүний цалинг ТҮ-8 зэрэглэлд хамаарна гэжээ.

Төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасан байх тул Сонгуулийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-д нэр дэвшигчийг бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн дүн гарах хүртэл хугацаанд түүнийг захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно гэж заасан нь хөдөлмөрийн харилцаагаар зохицуулах албан тушаалд хамаарахгүй заалт юм.

Нэхэмжлэгч Х.А нь аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэхээр болоход ажил олгогч нь ажилтны хүсэлтийг үндэслэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж ажлаас нь чөлөөлөх ёстой байтал түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасны дагуу түр чөлөө олгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэв нэхэмжлэгч Х.А нь тухайн Толбо сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд томилогдон ажиллахыг хүсвэл Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын дагуу томилогдохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд аймгийн Засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Х.Аийг ажилд эгүүлэн томилсон Б/386 дугаар захирамжийг хүчингүй болгосон 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дугаар аймгийн Засаг даргын захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Хийн Аийн Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/440 тоот захирамжийн аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Толбо сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Х.Аийг томилсон Б/386 дугаар захирамжийн хүчингүй болгосонд тооцсугай гэх хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ