| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 132/2017/0027/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2017-06-06 |
| Зүйл хэсэг | 098.1., 107.3., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 17
Т.Нямдоржид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 132/2017/0027/Э
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Ц.Туяа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Сувдаа
Шүүгдэгч Т.Нямдорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир
Хохирогч Б.Чанцалдулам
Нарийн бичгийн дарга Д.Одончимэг нарыг оролцуулан
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолтой Т.Нямдоржид холбогдох 201606000273 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очирын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1976 оны 12 сарын 19-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багт оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, ГЮ76121911 регистрийн дугаартай, Баяей овогт Төвжанхарын Нямдорж.
Шүүгдэгч Т.Нямдорж нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны орой Булган аймгийн Бугат сумын 2 багийн нутаг дэвсгэрт согтуугаар иргэн Б.Эрдэнэбаярыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, мөн түүнийг амь насанд нь аюултай байдалд зориуд оруулснаас амь хохирогч Б.Эрдэнэбаяр нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор:
Баяей овогтой Төвжанхарын Нямдоржийг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байхад хүндэвтэр гэмтэл санаатай учруулж, амь насанд нь аюултай байдалд зориуд оруулснаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1.д зааснаар 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3.т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1.д заасныг журамлан Т.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3.т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1.д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар Т.Нямдоржид оногдуулсан 4 /дөрөв/ жил, 6 /зургаа/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7.т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогч Б.Эрдэнэбаярын өмсөж явсан хар өнгийн түрийтэй хос гутал, хүрэн өнгийн ноосон малгай, саарал өнгийн хуучин хэрэглэж байсан хүрэм буюу куртик, хар өнгийн ноосон цамц, саарал өнгийн ноосон өмд, цэнхэр өнгийн турсик, хар өнгийн өмд, тэлээ, хос хөлийн ороолт, шүүгдэгч Т.Нямдоржийн шар өнгийн бүс, хос хар өнгийн гутал, ороолт, хар өнгийн малгай, саарал өнгийн бодволк, хар өнгийн өмд, ногоон өнгийн дээл, морины хусуур 1 ширхэг, тамхины иш 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, камерын бичлэг хийсэн СД 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2.т зааснаар шүүгдэгч Т.Нямдоржийн цагдан хоригдсон 17 /арван долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 508 дугаар зүйлийн 508.1.д зааснаар шүүгдэгч Т.Нямдоржоос 11.086.638 /арван нэгэн сая наян зургаан мянга зургаан зуун гучин найм/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Чанцалдуламд олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 1.344.000 /нэг сая гурван зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийн нэхэмлэлийг хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Нямдоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний ял эдлэх хугацааг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир давж заалдах гомдолдоо:
“… Т.Нямдоржийн 98 дугаар зүйлийн 98.1.д заасан хэрэгтэй нь холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3.т заасан гэмт хэрэгт ял оногдуулсанд гомдол гаргаж байна. Гаргаж байгаа гомдлын талаар өмгөөлөгч би болон шүүгдэгч шүүх хуралдаанд биечлэн оролцох учир дэлгэрэнгүй бичих шаардлагагүй гэж үзэж байна. Давж заалдах шүүх хуралд хэргийн бодит байдлыг ярих болон өмгөөлөх үйл ажиллагаа явагдах болно” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сувдаа дүгнэлтдээ:
“…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцжээ.
Шүүгдэгч Т.Нямдорж нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Бугат сумын 2 багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Эрдэнэбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, түүнд тусламж үзүүлэх боломжтой байсан атлаа амь насанд нь аюултай байдалд зориуд оруулснаас амь хохирогч Б.Эрдэнэбаяр осгож нас барсан байна.
Энэ нь хэрэгт авагтдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох :
-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ч.Мөнхбаяр, С.Булгантамир, С.Болорсүх, С.Батхуяг, Д.Отгонбулган нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, амь хохирогчийн хувцсанд үүссэн урагдал гэмтэлд шинжилгээ хийсэн шинжээчийн 49 тоот дүгнэлт, шүүгдэгч Т.Нямдорж “хөнгөн зэргийн согтолттой” амь хохирогч Б.Эрдэнэбаяр “хүнд зэргийн согтолттой” гэсэн шинжээчийн 178, 179, 9423 дугаар дүгнэлтүүд, хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоосон Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 82 дугаар дүгнэлт, бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 03 дугаар дүгнэлт болон гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх түүний гэм бурууд тохирсон ял оногдуулсан байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир “... Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.д зааснаар ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй ... гадаа хүйтэн байхад тэр хоёрыг ачаан дээр суулгаж явсан жолоочийн буруутай ажиллагаа болон цаг агаарын байдал нөлөөлсөн... ” гэсэн тайлбарыг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргаж байх боловч
Т.Нямдорж, амь хохирогч Б.Эрдэнэбаяр нар нь хэрэг учрал болсон гэх өдрийн 17-18 цагийн орчим Булган аймгийн төвөөс 58-15 БУА улсын дугаартай “Пронтер” маркийн автомашин жолоодож явсан иргэн Д.Мөнхжаргалаас “зам дөхөөд бууя” гэж гуйж түүний машины тэвшин дээр сууж 18 орчим газарт яваад буусан ..., машинд суух үедээ согтуу байсан ..., машинаас буусны дараа Б.Эрдэнэбаяр нь буцаад Булган сум руу явах гэсэн ... , мөн ойролцоо байдаг Отгоо гэдэг айлд очно гэснээс болж хоорондоо маргалдсан ...,
улмаар Т.Нямдорж нь түүнийг зодож “ ... сээрний 7,8-р нугалмын арын сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд доод уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруул дагз хэсгийн хуйханд шарх, зүүн мөр, нуруу, дух, хамрын нуруу, эрүү, шанаа, зүүн баруун хөмсөг, зүүн бугалга, баруун тохой, баруун шуунд зулгаралт, зүүн чамархай булчин, хуйх, хамар, нурууны булчинд цус хуралт” бүхий гэмтэл учруулсан нь тогтоогдсон.
Мөн шүүгдэгч Т.Нямдорж нь “ ... би өөрөө гэрлээр дохисон ... тэгээд машинтай хүмүүс ирсэн...” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх боловч
гэрч Ч.Мөнхбаяр, С.Булгантамир, С.Болорсүх, С.Батхуяг нар нь “... 22 цагийн орчим машинтай явж байсан ..., бид нарыг дуудаж гэрэл болон гараараа дохиж орилж чарласан зүйл байхгүй ..., машинтай явж байхад гэрэлд хүн харагдахаар нь очсон ...” гэж тус тус мэдүүлсэн,
гэрч Д.Отгонбулган нь “... гарамны ойролцоо явж байхад морь үргээд хамар нь сарталзаад байхаар нь эргэн тойрноо сайн хараад юу вэ гэж хашгирахад Нямка байна, Отгоо юу гэж хүн хашгирсан ..., нааш хүрээд ир гэхэд нь морь үргээд байна юун чам дээр очих гэж хэлээд шууд явууд өгсөн ... , надаас ямар нэг байдлаар тусламж хүссэн зүйл байхгүй...” гэж мэдүүлснээс үзэхэд
шүүгдэгч Т.Нямдорж нь амь хохирогч Б.Эрдэнэбаярыг хүнд зэргийн согтолттой /цуснаас 4.3 промилли спиртийн агууламж илэрсэн/, мөн өөрийнх нь гэмт үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан, цаг агаарын нөхцөл, биеэ авч явах чадваргүй байдал зэрэг үхэлд хүрч болзошгүй байдал бодитойгоор бий болсныг мэдсэн, түүнд туслах бололцоотой байсан атлаа бусдаас тусламж хүсэлгүй амь насанд нь аюултай байдалд зориуд оруулснаас Б.Эрдэнэбаяр нь осгож нас барсан үйл баримт тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл субьектив санаа зорилгын хувьд эс үйлдэхүйгээр түүний гэм буруутай үйлдэл нь илэрч байх бөгөөд хохирогчийн үхэл болон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Т.Нямдоржид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай талаас нь цуглуулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очирын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очирын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
ШҮҮГЧИД Ц.ТУЯА
С.УРАНЧИМЭГ