Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 00280

 

 

 

 

 

 

 

 

               

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Хохирогч Д.Э-,

Шүүгдэгч Ц.Б- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох эрүүгийн 1738003520114 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ц.Б-, 1986 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын - дугаар багийн - тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн - дугаартай.

Шүүгдэгч Ц.Б- нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ХХ аймгийн Х сумаас ХХХ чиглэлд явдаг засмал зам дээр ХХХХ улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг автомашинд зорчиж явсан Ц.Г-ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүгдэгч Ц.Б- нь согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ХХ аймгийн Х сумаас ХХХ чиглэлд явдаг засмал зам дээр ХХХХ улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг автомашинд зорчиж явсан Ц.Г-ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1738003520114 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“2017 оны 10 дугаар сарын 30-ны өглөө би хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд явж байтал манай найз Алтангэрэл над руу 88389494 дугаарын утсаар залгаад “Г- осолд орсон юм шиг байна. Гар утсыг нь цагдаа аваад байна гэнэ чи яриач” гэхээр нь нөхрийнхөө гар утас руу нь залгаад осол болсон талаар мэдсэн. Тэгээд шууд эмнэлэг дээр очиход нөхөр маань нас барсан байсан. ...Би осол болох үед хамт явсан эмэгтэй хүнийг машин жолоодож явсан гэж бодож байгаа. Манай нөхөр архи уугаад согтохоороо биеэ ч даахгүй уначихдаг болохоор машинаа унах чадваргүй байсан байх гэж бодож байна. Мөн Хатгал чиглэлд явах ямар ажил, зорилго байхгүй тийшээ явна гэж байхгүй. Хэрвээ нөхөр маань жолоо барьж явсан бол энэ олон жил машин жолоодож байгаа болохоор осол гаргах хэмжээнд явахгүй байх гэж бодож байна. Осол болсон гэж мэдээд эмнэлэг ороход хамт явсан хүүхэн нь “манай ангийнхан Хатгалд байсан болохоор бид хоёр Хатгал явах гэж байсан юм” гэж ярьж байсан” ...5.860.290 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 209 дүгээр хуудас/,

Гэрч Д.Сумъяабазарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2017.11.02-ны өдөр өгсөн: “Манай газрын дарга болон байгууллагын дарга нь Хөвсгөл аймгийн Ханх суманд ажиллаад 2017 оны 12 дугаар сарын 29-ний орой 19 цаг болж байхад Ханх сумаас Мөрөнгийн чиглэлд хөдөлсөн. Миний машин дотор манай дарга, худалдан авах ажиллагааны газрын ажилтан Цэрэндулам, өмчийн газрын ажилтан Лхагвамядаг нар сууж явсан. Би явсаар Мөрөн орохын алдад Мөрөнгөөс 19 километрийн зайтай газарт замын баруун талд нэг цагаан өнгийн суудлын машин онхолдсон байдалтай харагдахаар нь зогссон. Намайг очоод зогсоход миний урд хилийн цэргийн машин, эрүүл мэндийн газрын машин хоёр зогссон байсан. Би машинаас буугаад эрүүл мэндийн газрын жолооч Бэхээгийн хамт унасан машин руу машиныхаа гэрлийг тусгаад далан руу буугаад хартал унасан машины урдхан талд нэг эрэгтэй хүн хэвтэж байхаар нь яваад очтол тэр залуу сул дуугаар яриад: нуруу өвдөж байна, балай хүүхэнд машин бариулчихсан чинь уначихлаа гэх шиг болсон. Тэгэхээр нь би хамт хүн явсан юм байна даа гээд асуутал нэг хүүхэн эрүүл мэндийн газрын машинд суусан байсан. Тэгтэл эрүүл мэндийн газрын дарга нь эмнэлэгт дуудлага өгсөн. Би цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Гэрч Д.Сумъяабазарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2018.10.09-нний өдөр өгсөн:...тухай үед тэгж л сонссон санагдаж байна. Балай хүүхэнд машин бариулсан гэл үү, балай хүүхнээс боллоо гэлүү одоо сайн санахгүй байна. Гэх мэдүүлэг /хх-ийн 211 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2017.1.07-ны өдөр гэрчээр өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би өдөржин гэртээ байсан. Энэ өдрийн өглөө нь Г- над руу өөрийнхөө утаснаас “Мөрөнд ирчихлээ” гэж мессеж бичсэн. Тэгэхээр нь би хариуд нь “за за сайн амарч аваад эргээд холбогдоорой” гэж мессеж бичсэн. Тэгээд энэ өдрийнхөө 18 цаг 20 минутад Г- над руу юу хийж байна вэ гэсэн мессеж бичихээр нь би хийсэн зүйлгүй гэртээ л байна гэсэн. Тэгэхэд Г- танайх хаана билээ гэхээр нь би Өнөрөө багшийн гудамж шүү дээ гээд хаягаа бичиж явуулсан. Тэгтэл Г- очоод залгана гэсэн. Тэгээд би гэртээ байж байтал 19 цаг 02 минутад ирсэн байна гэхээр нь би хувцасаа солиод гарсан. Намайг гарахад Г- цагаан өнгийн суудлын машинтай ганцаараа ирсэн байсан. Би машинд нь суугаад мэнд усаа мэдээд Чингис рүү оръё гэж яриад явцгаасан. Чингист очоод хоол идэцгээгээд дараа нь пиво ууя гэхээр нь би эмчилгээ хийлгэж байгаа болохоор уухгүй гэтэл Г- найз нь Өвөрхангайд гэл үү том машин жолоодож бараа зөөдөг ажил хийдэг. Чамтай олон жил уулзсангүй, чамтай л пиво уухаар ирсэн юм гээд ганцаараа нэг лааз пиво авч уусан. Энэ авсан пивоо уучихаад дахиад нэгийг уугаад дуусгахаар нь би за за найз нь нэгийг ууя гээд авсан пивоноос нь уусан. ...Нэг мэдэхэд би нэлээд их унтсан бололтой байсан. Би сэрээд ирсэн чинь Г- машинаа уначихсан хөдөө явж байгаа бололтой засмал зам дээр явж байхаар нь би хаашаа явж байгаа юм гэсэн чинь Г- хамт Хатгал явъя, нэг хүн дээр очно гэсэн ч бил үү нэг юм хэлсэн. Тэгэхээр нь би тэгнэ гэж байхгүй буцъя одоо зогсох хэрэгтэй гэж хэлээд явж байтал нэг гэрэл гарах шиг болсон. Тэгээд л унасан. Түүнээс хойших зүйлийг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би машины гадна талд машинаас нэлээд хол нэг овгор юмны ёроолд хэвтэж байх шиг байсан. Тэгэхэд баахан сүнснүүд намайг дараад босгохгүй миний амыг дарчихаад босгохгүй байгаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд байсан. Тэгээд нэг мэдсэн чинь машин дотор суучихсан байсан. Харин машины тэндээс Г- ёоё гээд байх шиг сонсогдоод байсан. Тэр газар хоёр машин зогсчихсон байсан санагдаад байгаа юм. Тэгж байтал эмнэлгийн машин ирээд Г-ыг эмнэлгийн машинд ачаад явахад нь би эмнэлгийн машины урд талын суудалд суугаад явсан. Үүнээс хойшихыг сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн орон гаран юм яриад байж байсан. Эмнэлэг дээр очоод байж байтал Г-ын эхнэр нь ээжтэйгээ хамт ирсэн. Тэр хоёр намайг хараад энэ алмас миний хүүхдийг толгойг залгисан гэж хэлэхээр нь би би хамт үхэх байсан юм уу би ангийнх хүүхэд би хамт үхэх ёстой байсан юм байна даа гэж хэлсэн чинь надад нэг л сонин мэдрэмж төрөөд сэтгэл санаа сонин болоод өөрийгөө яагаад байгаагаа мэдэхээ байгаад эхлэхээр нь шууд тэндээс гараад явчихсан. Чингисээс гараад дэлгүүр орохдоо зүв зүгээр эрүүл хүн шиг явж байсан. Худгийн тэнд очиж зогсоод би нойроо дийлэхгүй унтсан. Тухайн үед би ажлаасаа акт аваад эмчилгээтэй байсан болохоор гурван лааз пиво уусандаа нойр хүрээд унтсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Б-гийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Талийгаач нь нөгөө ангийн 2 охинтой надтай хамт уулзана гээд намайг дуудсан. Тэгээд бид хоёр хоолонд ороод би хүн эрхгүй юм уу гэхэд ирнэ гэсэн байгаа. Хоёулаа эхлээд ууж байя гээд талийгаач ууж эхэлсэн. Би талийгаачийг ганцаараа уугаад байсан болохоор өрөвдөөд хамт уусан байгаа.  Талийгаач нь хувийн амьдралаа ярьж байсан. ...Тэгээд талийгаач 10 пиво уугаад, би 4 пиво уусан. Би машины зүүн талд суугаад баруун талд нь талийгаач суусан. Машин суугаад миний нойр хүрээд талийгаачийг гэрт хүргээд өг гэсэн чинь миний утсыг маань суудал доогуур хийсэн. Тэгээд намайг явуулахгүй юм байна гэж бодоод би машиндаа үлдсэн. Талийгаач эхнэрийнхээ талаар яриад хайран 10 жилээ үрлээ гэж байсан. Тэгээд хувийн амьдралынхаа талаар ярьж байсан болохоор миний нойр хүрээд машины зүүн талыг налаад унтаж байна. Намайг хөдөө аваад явсан гэж мэдээгүй байгаа. Унаж байхад баруун талаараа гулсаж унаж байх шиг мэдрэгдсэн. Би нас барсан хүн харж байгаагүй болохоор тухайн үед цочролд орсон. Юу ч болоогүй юм шиг болгодог тариа хийлгэсэн байх гэж бодож байгаа. Ба амь насаа алдах шахсан байхад эмч нар босгож ирсэн гэж хэлмээр байна. Баргын хүн тийм ослоос амьд гарахгүй байх. Би тэр машиныг барьж яваагүй байгаа. Осолд орсон хүнийг тэр чигээрээ орхивол амиа хоролчиж магадгүй болохоор хүчтэй эм өгдөг байсан. Одоо би уйлж чаддаггүй. Би 2 жилийн хугацаанд эм ууж, хагас солиорлын байдалтай байсан. Би энэ хэрэгт буруугүй. Хүмүүс намайг осолд орсон байхад буруугаар ойлгосон. Бэхээ, Үүрийн баяр гэдэг хүмүүс балай хүүхнээс болсон гэж талийгаачаас сонссон гэж байгаа. Тэрийг яагаад надаас болсон гэж бодож байгаа юм бэ? Эхнэрээ хэлсэн юм уу гэдгийг мэдэхгүй байж амьд үлдсэн хүнийг буруутгаж байгаа. Би гомдолтой байгаа. Үүрйинбаяр, Бэхээ хоёр балай хүүхнээс боллоо гэж машинд харсан юм  шиг ярьсан байгаа. Гэхдээ тэр  хүмүүс юу болсон талаар мэдэхгүй. Найзтайгаа уулзсан хүн буруудаж байна. Би машин дотор сууж явсан. Хоёр хүн машинд сууж байгаад хоёулаа гэмтсэн байхад амьд үлдсэн хүнийг буруутгаж байна. Улсын яллагчийн яллах дүгнэлт дээр нэг хүний яриаг олон удаа дурдсан байгаа. Уг мэдүүлэг өгсөн хүмүүс нь ингэсэн билүү, тэгсэн билүү, ингэсэн байх гээд таамаглаж ярьсан байгаа. Гэхдээ өөрсдөө тэр үйл явдлыг хараагүй. Би толгойдоо гэмтэл аваад 2 жил эмчилгээ хийлгэж байна. ...Мөн би шар хаданд эмчлүүлж байсан. Би талийгаачийн гэр бүлийн хүнд эмгэнэл илэрхийлмээр байна. Машинд 2 хүн явж байгаад хоёулаа гэмтсэн шүү гэж талийгаачийн гэр бүлийн хүнд хэлмээр байна. Нотлох баримтууд миний эсрэг байгаа боловч би ослоос амьд гарсан хүн юм. Цагдаа, прокурор, шүүхийн байгууллагаас жолоог хэн барьж байсныг тогтоож өгөөч гэж хүсмээр байна. Суудал дээр гарсан цусны мөрийг мэдэхгүй байна. Би баруун талаараа гэмтэх ёстой байсан. Гэхдээ миний зүүн тарих маань гэмтсэн байгаа гэх мэдүүлэг.   

Гэрч Т.Батбэхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2017.12.26-ны өдөр өгсөн: “Хөвсгөл аймгийн төрийн байгууллагуудын дарга нар болон манай дарга нар Хөвсгөл аймгийн Ханх суманд албан томилолтоор ажилласан. 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн орчимд Ханх суманд очсон албаны бүх машинууд цуваад Мөрөнгийн чиглэлд хөдөлсөн. Миний машин дотор эрүүл мэндийн газрын дарга Үүрийнбаяр, Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга Батчимэг, мэргэжилтэн Өлзийсайхан, аймгийн дотоод аудитын Нэргүй нар сууж явсан ба бид нар сааталгүй явсаар өглөө 05 цагийн орчимд Хужиртын даваа уруудаад ороод иртэл зам голлоод нэг хүүхэн машины урдуур ороод ирсэн. Тэгэхээр нь замаа чөлөөлөөд зогстол тэр хүүхэн нэлээд согтуу бид нарын араас нэг юм хөөгөөд байна. Тэр дор хүмүүс байгаад байна гээд сонин сонин чөтгөр сүнс яриад байхаар нь гайхаад байж байтал араас газрын албаны машин ороод ирэхээр нь тэрний жолоочид хэлээд машиныг нь зам хөндөлдүүлээд замын баруун тал руу гэрэл тусгуулаад хартал цагаан өнгийн суудлын тэрэг онхолдсон бололтой ойр орчимд нь нэг хүн ёолоод байсан. Тэгэхээр нь Үүрийнбаяр дарга бид хоёр машины тийшээ яваад очсон чинь унасан машинаас урагшаа 5-6 метр зайтай газарт чулуун дунд дэрсний хажууд нэг залуу дээшээ харсан хэвтэж байсан. Тэр залууг Үүрийнбаяр эмч үзэж байхад би эмнэлэг рүү дуудлага өгсөн. Цагдаа руу газрын албаны жолооч дуудлага өгсөн. Тэгээд Үүрийнбаяр дарга бид хоёр тэр залууг өргөөд унасан машиных нь арын суудал дээр хэвтүүлээд хувцасаар нь хучсан. Тэр залуу бараг хөлдөж байна уу гэмээр байсан. Өөрөө болохоор даараад байна хөлдөж үхлээ гэж байсан. Яагаад унасан юм бэ яагаад ийм юм болчихов оо гэсэн чинь тэр залуу өөдөөс балай хүүхнээс болоод ингэчихлээ гэж байсан. Тэгэхээр нь би машиныг хэн унаж явсан юм бэ гэж асуухаар балай хүүхнээс болоод ингэчихлээ гэж хэлсэн. Яг ингэж хэлсэн. Тэр хүүхэн согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

Гэрч Б.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2018.01.05-ны өдөр өгсөн: “...Тэр хүүхэн утгагүй яриан дундаа бид нар Хатгал явж байсан, би машин барьж байсан гэснээ, өөр нэг хүн машин барьж явсандаа тэр хүн хайччихваа гээд байсан. ...Харин манай дарга, жолооч хоёр машин дотроо орж ирж суугаад Мөрөн явж байх замдаа саяын залуу балай эмэгтэйд машин бариулсан чинь унагаачихлаа гэж байна гэнээ гэж хоорондоо ярьж байсан. Тэр хоёрын яриаг сонсоод бид нар осолд орсон хоёр хүнийг нэг гэр бүлийн хоёр биш юм байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Гэрч М.Үүрийнбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2018.02.02-ны өдөр өгсөн: “...Тэгээд яасан яагаад ингэчихэв ээ машин хэнийх юм бэ гэсэн чинь Г- энэ балай хүүхнээс болчихлоо, машин нь миний машин байгаа юм гэхээр нь би Г-ын эхнэрийг таньдаг болохоор энэ юун эмэгтэй юм бэ, чи эхнэрээсээ салсан юм уу гэсэн чинь үгүй ээ манай ангийн хүүхэд байгаа юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 145 дугаартай: Задлан шинжилгээгээр талийгаачийн цогцост хэвлий, цээж, тархинд битүү гэмтэл тогтоогдсон ба зулайн хуйханд шарх, баруун нүдний зовхи, баруун мөр, баруун, зүүн сарвуу, баруун, зүүн өвдөг, зүүн гуя, шилбэ, шагай, тавхайнд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд зам тээврийн ослын улмаас хүний биеийн хүчнээс давсан хэт хүчтэй хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Талийгаачийн хэвлийд учирсан битүү гэмтэл нь үхэлд шууд хүргэсэн бөгөөд цээж болон тархинд үүссэн гэмтэл нь үхэлд хүргэхэд дам байдлаар нөлөөлсөн байна. Биед учирсан гэмтлүүд нь үхэлд хүргэхэд шууд нөлөөлөөгүй болно. Задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлсөн архаг хууч өвчин илрээгүй болно. Талийгаач Ц.Г- нь зам тээврийн ослын улмаас хэвлий, цээж, тархин тус газраа амь насанд аюултай хүнд зэргийн битүү гэмтэл авч цус алдалтын шокын улмаас амьсгал болон зүрх зогсож нас барсан байна. Талийгаачийн үхлийн шалтгаан нь дээрх онош болон задлан шинжилгээний тэмдэглэлд дурдагдсан болон шинжүүд, фото зургийн үзүүлэлтээр батлагдаж байна.Ц.Г-ын цогцосноос авсан шингэн цус нь шинжилгээнд тэнцэж байна. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 3.5 % этилийн спирт илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтод хамаарна. Талийгаач Ц.Г- нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба хүчтэй зэргийн согтолттой байжээ гэх дүгнэлт /хх-ийн 43-45 дугаар хуудас/,

Гэрч Д.Өлзийсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2018.09.19-ний өдөр өгсөн:...тэр хүүхний гар, толгойных нь ар шалбарсан байх шиг байсан.Тэр хүүхэн орж ирэхдээ хачин балай юм яриад байсан. ...яг үгийг нь одоо сайн санахгүй байна. Тэр хоёрын ярианаас тэр үү, тухайн байдлаас болсондоо ч тэр үү би унасан машиныг  тэр хүүхэн жолоодож явсан юм байна даа гэсэн ойлголттой болсон. Дарга жолооч хоёрын ярианаас хүүхнээс боллоо гэсэн зүйл сонсоод тэгж ойлгосон юм.

Гэрч В.Нэргүйгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2018.12-01-ний өдөр өгсөн:...Үүрийнбаяр дарга машинд орж ирээд хүүхэн нь машин барьж явсан шиг байна гэсэн. Энэ яриаг сонсоод бид нар эмэгтэй нь машин барьж явсан юм байна даа гэж ярьцгаасан. Жолооч нь ч гэсэн  ослын талаар ярьж байсан. Гэхдээ одоо сайн санахгүй байна. Ямарч байсан тэр залуу нь их даарсан, удаан хэвтсэн юм шиг байна гэж байсан. Гэх мэдүүлэг /хх-ийн 217-р хуудас/, 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаартай: “Ц.Б-гийн биенээс авсан гэх цусанд 2.3 % этилийн спирт илрэв” гэх дүгнэлт /хх-ийн 50 дугаар хуудас/, 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Г-ын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 дугаартай: “Хэргийн газраас бэхжүүлж авсан гэх жолоочийн суудлын бүрээснээс бэхжүүлж авсан цусны ДНХ-ийн тогтоц Ц.Б-гийн ДНХ-ийн тогтоцтой 16 генетик үзүүлэлтээр тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн 65 дугаар хуудас/, 

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 193 дугаартай: “1.Ц.Б- нь сэтгэцийн хувьд одоогоор онош “F44,0 Диссоциатив ойгүйдэл” эмгэгтэй байна. ...4. Ц.Б- нь одоогоор хэргийн талаар болон болсон хэргийн талаар мэдүүлэг өгөх чадваргүй байна. 5. Ц.Б- нь одоогоор хэрэг хариуцах чадваргүй байна. 6. Ц.Б- нь одоогоор эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй харин СЭМҮТ-д цаашид хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байна” гэх дүгнэлт /хх-ийн 75-77 дугаар хуудас/

Шинжээч эмч О.Баатаржавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2018.12-01-ний өдөр өгсөн...  тухайн шинжилгээ хийгдэж байх үед сэтгэцийн хувьд түр зуурын өөрчлөлттэй диссоцатив ойгүйдэл эмгэгтэй байсан учир одоогоор буюу шинжилгээ дүгнэлт гарах цаг хугацаанд хэрэг хариуцах чадваргүй байсан.  Ийм эмгэгтэй хүний сэтгэцийн байдал нь эмийн болон сэтгэл заслын эмчилгээний үр дүнд засрал сайжрал авч тодорхой хугацааны дараа  эдгэрэх боломжтой эмгэг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 219 дүгээр хуудас/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 818 дугаартай: Ц.Б- нь одоо Дасан зохицохын эмгэг. Бусад сэтгэлийн хөдөлгөөний хямрал давамгайлсан хариу урвал сэтгэцийн эмгэгтэй байна. Ц.Б- нь болсон хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.Б- нь хэрэг хариуцах чадвартай байна. Ц.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...гэх дүгнэлт /2-р хх-ийн 26-30 дугаар  хуудас/,

     Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /2-р хх-ийн 34 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээч А.Мөнх-Эрдэнийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаартай: “Жолоочийн үйлдэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7-ийн а-д заасан “Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн” гэх дүгнэлт /хх-ийн 69 дүгээр хуудас/,

Д.Сумъяабазараас Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын бүдүүвч зураг /хх-ийн 6-11 дүгээр хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 12-17-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 18-19, 20-21 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 227-231-р хуудас/,

2018.12.25-ны өдрийн “тээврийн хэрэгсэлд үзлэг хийх ажиллагааны үед жолоочийн суудлын түшлэг дээрээс цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгийг зүсэж авахад хаалга онгойхгүй байсан тул цонхны шилний арааман дотроор гараа оруулан ажилласан” мөрдөгчийн тайлбар /хх-ийн 232-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

              Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Б-г согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ХХ аймгийн Х сумаас ХХХ чиглэлд явдаг засмал зам дээр ХХХХ улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг автомашинд зорчиж явсан Ц.Г-ын амь насыг хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч,

              Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б- нь  согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ХХ аймгийн Х сумаас ХХХ чиглэлд явдаг засмал зам дээр ХХХХ улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гарган хохирогч Ц.Г-ын амь насыг хохироосон гэх үйлдэл нь хангалттай тогтоогдохгүй эргэлзээтэй байна гэж үзлээ.

   Тодруулбал: Гэрч Д.Сумъяабазарын 2017.11.02-ны өдөр өгсөн: “нуруу өвдөж байна, балай хүүхэнд машин бариулчихсан чинь уначихлаа гэх шиг болсон”

2018.10.09-ний өдөр дахин өгсөн:...тухай үед тэгж л сонссон санагдаж байна. Балай хүүхэнд машин бариулсан гэл үү, балай хүүхнээс боллоо гэлүү одоо сайн санахгүй байна”,

Гэрч Т.Батбэхийн 2017.12.26-ны өдөр өгсөн: “Яагаад унасан юм бэ яагаад ийм юм болчихов оо гэсэн чинь тэр залуу өөдөөс балай хүүхнээс болоод ингэчихлээ гэж байсан. Тэгэхээр нь би машиныг хэн унаж явсан юм бэ гэж асуухаар балай хүүхнээс болоод ингэчихлээ гэж хэлсэн. Яг ингэж хэлсэн”,

 Гэрч Б.Батчимэгийн 2018.01.05-ны өдөр өгсөн: “...Харин манай дарга, жолооч хоёр машин дотроо орж ирж суугаад Мөрөн явж байх замдаа саяын залуу балай эмэгтэйд машин бариулсан чинь унагаачихлаа гэж байна гэнээ гэж хоорондоо ярьж байсан. Тэр хоёрын яриаг сонсоод бид нар осолд орсон хоёр хүнийг нэг гэр бүлийн хоёр биш юм байна гэж ойлгосон”,

Гэрч М.Үүрийнбаярын 2018.02.02-ны өдөр өгсөн: “...Тэгээд яасан яагаад ингэчихэв ээ машин хэнийх юм бэ гэсэн чинь Г- энэ балай хүүхнээс болчихлоо, машин нь миний машин байгаа юм гэхээр нь би Г-ын эхнэрийг таньдаг болохоор энэ юун эмэгтэй юм бэ, чи эхнэрээсээ салсан юм уу гэсэн чинь үгүй ээ манай ангийн хүүхэд байгаа юм гэж хэлсэн”,

Гэрч В.Нэргүйгийн 2018.12-01-ний өдөр өгсөн:...Үүрийнбаяр дарга машинд орж ирээд хүүхэн нь машин барьж явсан шиг байна гэсэн. Энэ яриаг сонсоод бид нар эмэгтэй нь машин барьж явсан юм байна даа гэж ярьцгаасан. Жолооч нь ч гэсэн  ослын талаар ярьж байсан. Гэхдээ одоо сайн санахгүй байна. Ямарч байсан тэр залуу нь их даарсан, удаан хэвтсэн юм шиг байна гэж байсан”, 

Гэрч Д.Өлзийсайханы 2018.09.19-ний өдөр өгсөн:... Тэр хоёрын ярианаас тэр үү, тухайн байдлаас болсондоо ч тэр үү би унасан машиныг  тэр хүүхэн жолоодож явсан юм байна даа гэсэн ойлголттой болсон. Дарга жолооч хоёрын ярианаас хүүхнээс боллоо гэсэн зүйл сонсоод тэгж ойлгосон юм” гэх мэдүүлгүүд нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, зам тээврийн осол болсон гэх цаг хугацаанд уг тээврийн хэрэгслийг хэн жолоодож явсан талаар ач холбогдол бүхий мэдээлэл өгөөгүй, эргэлзээтэй байдлаар мэдүүлсэн байна.

Улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийг яллаж байгаа тээврийн хэрэгслийн жолоочийн суудлын түшлэгийн бүрээснээс бэхжүүлж авсан цусны ДНХ-ийн тогтоц нь шүүгдэгч Ц.Б-гийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байгаа гэх шинжээчийн дүгнэлт,  мөрдөгчийн тээврийн хэрэгслийн аюулгүйн хамгаалалтын бүсэнд туршилт хийсэн тэмдэглэл,  Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь зам тээврийн ослын үйл баримтыг, шүүгдэгчийн тээврийг хэрэгслийг жолоодож явсан гэх үйлдлийг дангаараа нотлохгүй бөгөөд гэм буруутайд тооцох үндэслэл бүхий нотлох баримт гэж үзэхээргүй байна.

              Иймд шүүх хэргийн нөхцөл байдлаас үзэхэд “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэл болгон шүүгдэгч Ц.Б-г  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх  үндэслэлээр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэв.

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э- нь 5.860.290 төгрөгийн хохирол нэхэмжилж байх боловч шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хохирлын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

              Эрүүгийн 1738003520114 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8, 36.2 дугаар зүйлийн 1, 5, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Аймгийн  прокурорын газраас шүүгдэгч Ц.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1738003520114 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.

2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

  3. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                                   

           4. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны

 төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР