Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2020/0227

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ү а к”  ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагч Ц.Ц Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 31 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У-ийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Ү а к”  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Б.А, Ц.Ц нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 31 дугаартай шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн /2008/ 18 дугаар зүйлийн 18.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006/ 14 дүгээр зүйлийн 14.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006/ 15 дугаар зүйлийн 15.1.2-т тус тус заасныг үндэслэн “Ү а к”  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Б.А, Ц.Ц нарт холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Б.А, Ц.Ц нарын оногдуулсан 2017 оны 04 дүгээр сарын28-ны өдрийн 230014129 дүгээр актын “Тогтоох” хэсгийн 1.1-д заасан “2013 онд 63,779,900 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнаж, төлөх татварын дүнг бууруулсан зөрчилд 6,377,990 төгрөгийн нөхөн татвар, 1.3-т заасан “2013 онд 63,779,900 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд хасч тайлагнасан зөрчилд 6,377,990 төгрөгийн нөхөн татвар”-ыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Б.А, Ц.Ц нарын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 230014129 тоот актаар тогтоогдсон 358,518,249 төгрөгийн торгууль, 19,907,181.4 төгрөгийн алданги, нийт 49,544,430.4 төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулж” тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Ү а к”  ХХК-ийн өмгөөлөгч П.У давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэгч хуулиар хүлээсэн татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй буюу шаардлага хангасан холбогдох нотлох баримтууд болон анхан шатны баримтуудыг хяналт шалгалт хийх тухайн үед хариуцагчид гаргаж өгөөгүй, зардлаа шаардлага хангасан баримтуудаар нотлоогүй” гэж үнэлэлт дүгнэлт өгч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Шүүх зөвхөн зарлагын баримтын хүрээнд үнэлэлт дүгнэлт өгсөнд гомдолтой байна.

2013 онд манай байгууллага нь махаа ченжүүдийн гар дээрээс дундын зуучлалын өртөг шингээж авахаас илүүтэй малчин өрхөөс өөрсдөөс нь авах бодлого барьж байсан. Малчин өрхөөс шууд худалдан авах нь нэг талаас малчид махаа зах зээлийн үнээр борлуулах, нөгөө талаас худалдан авагч ресторан нь ченжийн үнэ нэмэгдээгүй хямд үнээр худалдан авах боломж үүсгэдэг.

Малчин өрх нь мах авсан байгууллага бүрт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтыг тэр бүр гаргаж өгөх боломж бололцоо байхгүй. Анхан шатны шүүх нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнэж чадаагүй, хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. Хариуцагч нарын татварын хяналт шалгалт хийх томилолтын хугацаа нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлж, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дууссан байдаг. Гэтэл маргаан бүхий захиргааны акт болох татварын улсын байцаагчийн 230014129 актыг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр буюу татварын хяналт шалгалтын хугацаа дууссан байхад буюу томилолтгүйгээр татварын улсын байцаагчийн актыг бичсэн нь 2008 оны Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг зөрчсөн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх болон 3 дахь заалтуудыг хүчингүй болгон өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгч “Ү а к”  ХХК-ийн өмгөөлөгч П.У-ийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Б.А, Ц.Ц нар нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн татварын хяналт шалгалт хийх томилолтын[1] дагуу “Ү а к”  ХХК-ийн 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийжээ.  

Уг хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд татварын улсын байцаагч нар 230014129 дугаартай акт[2] үйлдэж, “Ү а к”  ХХК-д нийт 63,167,110.40 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.  

Нэхэмжлэгч “Ү а к”  ХХК маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч нийслэлийн Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд энэхүү гомдлыг хянасан 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 25 дугаар тогтоолоор[3]“...нийт 63,167,110.4 төгрөгийн төлбөр тогтоосноос 44,384,077.7 төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулж, 18,783,032.7 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр актыг өөрчилж” шийдвэрлэжээ. 

Үүний дараа нэхэмжлэгч татварын улсын байцаагч нарын 230014129 дугаар акт болон нийслэлийн Маргаан таслах зөвлөлийн 25 дугаар тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор[4] нийслэлийн Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг хэвээр үлдээсэн байна.  

Эдгээр шийдвэрүүдийг эс зөвшөөрч “Ү а к”  ХХК-иас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Б.А, Ц.Ц нарын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 230014129 дүгээр актын тогтоох хэсгийн 1.1-д заасан “2013 онд 63,779,900 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнаж, төлөх татварын дүнг бууруулсан зөрчилд 6,377,990 төгрөгийн нөхөн татвар, 1.3-д заасан “2013 онд 63,779,900 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд хасч тайлагнасан зөрчилд 6,377,990 төгрөгийн нөхөн татвар”-ийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасныг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Ингээд нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдолд “...малын эмчийн болон Засаг даргын тодорхойлолт, малчин Н.Мөнхжингийн тодорхойлолт, мөн түүнээс малын мах авсан зарлагын баримтыг[5] шүүх үнэлээгүй. Мөн малчдаас махаа худалдан авахад тэр бүр шаардлага хангасан баримтыг гаргаж өгөх боломжгүй байдаг...” гэж тайлбарлан маргажээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 15 дугаар зүйлийн 15.1-д “Дараахь тохиолдолд зарлагыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй”, 15.1.2-т “Албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл “Ү а к”  ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч тооцуулахын тулд малчдад албан татвар төлсөн талаараа баримтаар нотлох ёстой.

Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ярилцлагын тэмдэглэл зэрэг баримтуудаас үзвэл хяналт шалгалтад хамрагдах хугацааны тайлан, баримтуудыг “Ү а к”  ХХК татварын улсын байцаагч нарт гаргаж өгөөгүй нь нэхэмжлэгчийг хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд нөгөө талаар татварын улсын байцаагч нар тухайн үеийн баримтад үндэслэн маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хуульд нийцсэн байна.    

Мөн нэхэмжлэгч нь анхан шатны шүүхээс нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж маргаж байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгох үндэслэлгүй. Үүнээс гадна эдгээр баримтууд нь нэхэмжлэгчийг малчдаас мах худалдан авсныг шууд нотлох баримт болохооргүй байна.

Өөрөөр хэлбэл “Ү а к”  ХХК-ийн нягтлан бодогч нь анхан шатны баримтаа хүлээлгэн өгөлгүйгээр ажлаасаа гарсны улмаас хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчилд төлбөр оногдуулсан нь нэхэмжлэгчийн буруутай байдлаас шалтгаалсан гэж үзэхээр байна.  

Түүнчлэн нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр буюу татварын хяналт шалгалтын хугацаа дуусаад 1 хонож байхад томилолтгүйгээр актыг бичсэн гэж маргаж байх боловч уг үндэслэлээр нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааг зөвтгөн, татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгох боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...49,544,430.4 төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулан” шийдвэрлэсэн нь нийслэлийн Маргаан таслах зөвлөлийн хүчин төгөлдөр болсон тогтоолоор шийдвэрлэсэн асуудлыг анхан шатны шүүх дахин шийдвэрлэсэн байна.  

Тиймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийн тогтоох хэсэгт энэхүү заалтыг хассан өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтыг 2 болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч “Ү а к”  ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                            С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] 1 хавтаст хэргийн 56 хуудас

[2] 1 хавтаст хэргийн 57-58 хуудас

[3] 1 хавтаст хэргийн 78-81 хуудас

[4] 1 хавтаст хэргийн 38-40 хуудас

[5] 1 хавтаст хэргийн 134-144 хуудас