Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 18

 

 

Б.Хуланд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                           Хэргийн индекс 132/2017/0048/Э

 

     Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                              

           Шүүх хуралдаанд:

            Прокурор                                                  Ц. Сувдаа

           Шүүгдэгч                                                   Б.Хулан

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                           М.Даваасүрэн

           Нарийн бичгийн дарга                             Д.Одончимэг нарыг оролцуулан

 

       Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолтой Б.Хуланд холбогдох 201706000033 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Хулан, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, хохирогчийн өмгөөлөгч Д.Тунгалаг нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

         Монгол улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгэм хамгааллын ажилтан мэргэжилтэй, “ЮБМ” ХХК-нд худалдааны менежер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3-244 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ЧЗ88021264 регистрийн дугаартай, Боржигон овогт Бадамсүрэнгийн Хулан.

     Шүүгдэгч Б.Хулан нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Борогчингийн гүүр” гэх газарт “Тоёота Харриер“ маркийн машиныг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2.д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт, 9.1.д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалт, 9.2.д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчснөөс зам тээврийн осол гаргаж Г.Наранбаярын амь насыг хохироосон, хохирогч А.Мөнхбаярын бие махбодид хүнд гэмтэл, хохирогч А.Ундраагийн бие махбодид хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

         Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор:

         Боржигон ургийн овогт Бадамсүрэнгийн Хуланг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироож, бусдад хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3.т зааснаар шүүгдэгч Б.Хулангийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил, 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

         Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   52   дугаар   зүйлийн   52.5.д   заасныг баримтлан шүүгдэгч Б.Хуланд оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ хоног  хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх,

      Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл бичиг баримтгүй, хохирогч А.Мөнхбаяр, А.Ундраа нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгч Б.Хулан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж,

     Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1.т зааснаар шүүгдэгчээс 3.176.219 /гурван сая нэг зуун далан зургаан мянга хоёр зуун арван ес/ төгрөг гаргуулж хохирогч Б.Хоролмаад олгох, нэхэмжлэлийн шаардлагаас байцаан шийтгэх ажиллагааны зардал өмгөөлөгчийн хөлс 10.000.000 /арван сая/ төгрөг, нийт 12.662.554 /арван хоёр сая зургаан зуун жаран хоёр мянга таван зуун тавин дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч А.Мөнхбаяр, А.Ундраа нарын хохирол төлөгдсөн болохыг дурьдаж, хохирогч Б.Хоролмаа нь сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж,

       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10.д зааснаар авто машин битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, уг машиныг тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт эзэмшигч  Боржигон ургийн овогт Бадамсүрэнгийн Хулан /РД:ЧЗ88021264/-нд  олгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Б. Энх-Амгаланд даалгаж,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2.т зааснаар шүүгдэгч Б.Хулангийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдлэж дууссан үеэс эхлэн тооцож,

       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1-д зааснаар Хулангийн Ану-Үжин, Амин-Үжин нарын харгалзан дэмжигчээр шүүгдэгч Б.Хулангийн ээж Д.Дашдуламыг тогтоож,

    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хуланд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.

            Шүүгдэгч Б.Хулан давж заалдах гомдолдоо: 

        “… Анхан шатны шүүх намайг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон, бусдад хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3.д зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан.

            Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж хянан харгалзахаар тогтоож болно гэж заажээ.

            Шүүгдэгч миний хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, хохирогч А.Мөнхбаяр, А.Ундрал нарын хохирлыг бүрэн төлж гэм хорыг арилгасан, хохирогч Б.Хоролмаагийн бодит хохирлыг шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа бүрэн төлж барагдуулсан.

         Одоо миний аав, ээж хоёртой маань эцэгтээ гологдоод үлдсэн, эхийгээ хүлээсэн, нэхсэн уйлсан, 3 нас гарантай одоо ч мөөмнөөсөө салаагүй 1 охин, юу хэлэхээ хэлж мэдэхгүй болж бэтгэрсэн 10 настай 1 охин хамт амьдарч байна. Миний том охин маш сайн сурдаг, маш их ирээдүйтэй сургуулиа төлөөлөн олон удаа улсын чанартай олимпиадад орж тэргүүн байранд шалгарч байсан. Гэтэл хойшид яах нь тодорхойгүй болж байна. Эднийхээ хувьд тэжээн тэтгэдэг ганц хүн нь л би. Аав маань хийсэн ажилгүй гэртээ л байдаг ... одоо 58 настай, ээжийн хувьд 55 нас хүрсэн учраас цөөн хэдэн төгрөгөөр тэтгэврээ тогтоолгосон, өөрсдийн амьдрах байр байхгүй тул хүний байранд түрээсээр амьдардаг.

        Миний хувьд эх орон, эцэг, эхийнхээ чармайлтаар өсч бойжин Монгол, Оросын 3 дугаар сургуулийг 2004 онд онц дүнтэй суралцаж төгсөөд Хятад улсын Хайнаны их сургуульд хятад хэлний 1 жилийн бэлтгэлийг дүүргэж, 2005-2009 онд Хөх хотын улсын их сургууль эдийн засаг англи хэлний мэргэжилээр суралцаж бакалавр зэрэгтэй төгссөн. Хятад хэлээ сайжруулах зорилготойгоор 1 жил орчим Хятад улсад мэргэжлийн дагуу ажиллаж байгаад 2010 онд Хятад улсын Шанхай хотод Технологийн их сургуульд “Олон улсын нийгэм хамгаалал” мэргэжлээр элсэн суралцаж 2013 онд магистр зэрэгтэй төгссөн. 2013 оноос эх орондоо ирж Беларусь улсын “UBM” компанид худалдааны менежер албан тушаалтайгаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

          Би суралцаж байх бүхий л хугацаандаа сурагч, оюутан хүнд байх ёстой ёс зүйг чандлан мөрдөж суралцаж байсны дүнд шат шатандаа дээд хэмжүүрийн үнэлгээтэйгээр суралцаж миний бичиж боловсруулж байсан оюуны бүтээлүүдийг үнэлэн дэмжиж Хятад улсын Сүжоу хотын техник технологийн их сургуулиас Хятад улсын засгийн газрын “А” зэрэглэлийн 100 хувийн тэтгэлгээр докторын зэрэгт суралцах урилгыг 2016 онд хүлээн авч тус сургуульдаа “уул уурхайн менежмент” мэргэжлийг сонгон эчнээгээр суралцаж байгаа болно. Би эх орон, эцэг, эх үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ чандлан биелүүлэхийн төлөө өөрт байгаа бүх боломжоо дайчлан иргэний чанд ёс зүйтэйгээр хөдөлмөрлөх болно. Миний хувьд ажил хийж энэ хэдийгээ тэжээн тэтгэж амьдруулахаас өөр бидэнд ирээдүй байхгүй болж байна.

       Миний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэн надад оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү”  гэжээ.  

         Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн давж заалдах гомдолдоо: “… Уг хэргийн улмаас хүний амь нас хохирч, хоёр хүн гэмтэл авсанд үнэхээр их харамсавч хэргийн холбогдогч нь бага насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй бөгөөд хэргийн нөхцөл байдлыг судлан үзвэл замын нөхцлийг зөв тооцоогүй гэм буруу байгааг хүлээн зөвшөөрч байна.

     Хэргийн талаар болсон болоогүй гэж маргах зүйл байхгүй ч хэргийн бодит байдал, миний үйлчлүүлэгч Б.Хулангийн гэм бурууг авч үзэхэд нэг байгууллагын хамт ажилладаг дөрвөн залуу харилцан тохиролцож хөдөө явж амрахаар шийдээд явсан, энд Хулан өөрийн эзэмшлийн машинаараа үйлчилж жолоо барьж явснаараа ялтан болоод сэтгэл санаа, эд материалын хүнд дарамтанд орж, өөрийн эрүүл мэндээрээ хохироод зогсоохгүй алгын чинээ 2 охиноо өнчрүүлж амьдын хагацалд учруулахад хүрээд байна. Тэр өглөөний цасан шуурганд замын саадыг бүрэн тооцоогүй гэм буруутай түүнийгээ хүлээн зөвшөөрч хэргийн улмаас учирсан эдийн засгийн бодит хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэргийн хувьд хүндрүүлэх шалтгаан тогтоогдоогүй, ар гэрийн амьдрал, хэрэг учрал болоход нөлөөлсөн шалтгаан нөхцөл, хэргийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой байдлыг анхааран үзэж хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна...” гэжээ.

         Хохирогчийн өмгөөлөгч Д.Тунгалаг давж заалдах гомдолдоо: “… Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.9-д зааснаар хохирогч Хоролмаа нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй. Ялтан Б.Хулангийн гэм буруутай үйлдлийн улмаас Г.Наранбаяр нь нас бараагүй байсан бол хохирогч гандан хийдэд шашны зан үйл хийлгэхгүй байх байсан. Гэтэл анхан шатны шүүхээс 1.928.000 төгрөгийн шашны зан үйлтэй холбогдон гарсан зардлуудыг Б.Хулангаас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Б.Хулангаас гаргуулж өгнө үү.

        ...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс өмгөөлөгчид төлсөн 10.000.000 төгрөг нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарах тул гэм буруутай этгээд Б.Хулангаас гаргуулж өгнө үү.

       ... шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтанд 3.176.219 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор дурьдсан боловч Б.Хулан нь өнөөдрийн байдлаар тухайн дүнгээс 2.465.000 төгрөгийг л шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 711.219 төгрөгийг төлөөгүй байгаа болно.

      Мөн ялтан Б.Хулан нь өнөөдрийг хүртэл хохирогчоос огт уучлалт гуйгаагүй учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч маш их гомдолтой байгаа тул анхан шатны шүүхээс Б.Хуланд оноосон ялыг хэвээр үлдээж өгнө үү. Хохирогч Хоролмаагийн биеийн байдал нь хүнд эмнэлэгт хэвтэж байгаа шалтгааны улмаас давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, өмгөөлөгч миний бие аарцаг, нурууны хагалгаанд орохоор БНСУ-руу явж байгаа тул өмгөөлөгч миний давж заалдах гомдлыг хүлээн авч, биднийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.                    

            Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:       

        “… Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан боловч шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэхэд тусгайлан гаргах санал хүсэлт байхгүй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтыг шинжлэн судалж үзвэл :

        Шүүгдэгч Б.Хулан нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд өөрийн эзэмшлийн 40-10УБС улсын дугаартай “Тоёота Харриер” маркийн автомашиныг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 9.1, 9.2.т заасныг тус тус зөрчсөний улмаас Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Боргочингийн гүүр” гэх газарт замын хажуу тал руу онхолдож уг машинд хамт зорчиж явсан иргэн Г.Наранбаярын амь насыг хохироож, хохирогч А.Мөнхбаярын бие махбодид хүнд гэмтэл, хохирогч А.Ундраагийн бие махбодид хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан байна.

     Энэ нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.Хоролмаа, А.Мөнхбаяр, А.Ундраа болон гэрч А.Мандах, А.Ихнасан, Г.Ганзориг, М.Соёлмаа нарын мэдүүлэг, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон задлан шинжилгээний 12 дугаар дүгнэлт, зам тээврийн осол гарсан талаарх Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн 03 дугаар дүгнэлт, хохирогч А.Мөнхбаяр, А.Ундраа нарын биед учирсан гэмтлийн талаархи шинжээчийн 2258, 2198 дугаар дүгнэлтүүд болон бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

          Анхан шатны шүүх  шүүгдэгч Б.Хулангийн үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний гэм бурууд тохирсон ял оногдуулж, шүүгдэгчээс 3.176.219 төгрөг гаргуулж хохирогч Б.Хоролмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12.662.554 төгрөг /шашны холбогдолтой зан үйл хийсэн зардал, нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох баримтгүй гэсэн үндэслэлээр, мөн хохирогчийн өмгөөлөгчийн хөлс/ нэхэмжилснийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

        Учир нь гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээд төлөх үүрэгтэй ба харин шашны холбогдолтой зан үйлтэй холбогдон гарсан зардал нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцогдохгүй юм.

       Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4.д байцаан шийтгэх ажиллагааны зардалд өмгөөлөгчид төлсөн зардлыг хамааруулсан /төрөөс өмгөөлөгч оролцуулах явдлыг хангасантай холбогдон гарсан зардал/ бөгөөд

      харин хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал тэгш эрхийн зөрчимд үндэслэн төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй.

    Шүүгдэгч Б.Хулан нь хохирогч Б.Хоролмаад анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө 29.330.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр буюу шүүх хуралдааны явцад 710.000 төгрөгийг тус тус төлсөн байна.

      Анхан шатны шүүх хохирлын талаар шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт дүгнэхдээ “… нийт 32.506.219 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Хоролмаад олгох гэсэн нь үндэслэлтэй боловч шүүгдэгч Б.Хулан нь баримтаар 29.330.000 төгрөг төлсөн нь тогтоогдож байна…” гэж шүүх хуралдааны явцад төлсөн 710.000 төгрөгийг нэмж тооцолгүйгээр зөрүү болох 3.176.219 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсний дагуу

       Б.Хулан нь 3.176.219 төгрөгийг төлж барагдуулсан баримт /2 дугаар хх-ийн 26,47-48-р хуудас/-ыг давж заалдах шатны шүүхэд гомдлын хамт хавсарган ирүүлсэн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан материаллаг  хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх нь зүйтэй.

      Иймд хохирогчийн өмгөөлөгч Д.Тунгалагийн гаргасан “…1.928.000 төгрөгийн шашны зан үйлтэй холбогдон гарсан зардлуудыг Б.Хулангаас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй …, мөн  өмгөөлөгчид төлсөн 10.000.000 төгрөг нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарна …, үлдэгдэл 711.219 төгрөгийг төлөөгүй ... “ гэсэн  давж заалдах гомдлыг хүлээн авах  боломжгүй байна.

     Шүүгдэгч Б.Хулан нь бага насны 2 хүүхэд, өндөр настай эцэг эхийн хамт амьдардаг болох нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны засаг даргын “Бадамсүрэнгийн Хулан нь тус хорооны Тахилт 3 - 244 тоотод оршин суудаг, ам бүл 5 ... өрх толгойлсон эмэгтэй бөгөөд эцэг Б.Бадамсүрэн нь ажил эрхэлдэггүй, ээж Д.Дашдулам нь тэтгэвэрт, 2 бага насны хүүхдийн хамт амьдардаг” гэх тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар /2 дугаар хх-ийн 64-69-р хуудас/ зэргээр тогтоогдож байгаа,

      түүнчлэн шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, мөн түүний хувийн болон ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь Эрүүгийн хуульд заасан Энэрэнгүй ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

     Мөн насанд хүрээгүй хүүхдийн асран хамгаалах, харгалзан дэмжих асуудлыг асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох үүргийг Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.д зааснаар Сум, дүүргийн засаг дарга хэрэгжүүлэх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.д заасныг буруу ойлгож хэрэглэснийг цаашид анхаарвал зохино.

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:     

         1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Б.Хуланд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан, түүнд хяналт тавихыг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дугаар заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

       2. Шүүгдэгч Б.Хулан, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, хохирогчийн өмгөөлөгч Д.Тунгалагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

     3. Б.Хуланд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                                      

                        ШҮҮГЧ                                                        Ц.ТУЯА    

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ё.БЯМБАЦЭРЭН