Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 130/ШШ2016/00562

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /захирал З.Ү/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын *** дугаар багт оршин суух, М овогт Хы Тд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, хариуцагч М.Т, хариуцагчийн өмгөөлөгч Я.С, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, уг зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 3309071 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 29 373 төгрөг, нийт 3 338 444 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал З.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ү И, Х Т нар нь Х банкны Баян-Өлгий салбарын Сагсай тооцооны төвөөс 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 4 606 559 /дөрвөн сая зургаан зуун мянга таван зуун тавин есөн / төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1770 000 төгрөг зээлийн хүүд 318 982 төгрөг, нийт 2 088 982 төгрөгийг төлж барагдуулсан болно. Хариуцагч Х.Т нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас тэтгэврийн зээл 106 хоног хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчөөд байна. Иймд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө нь цуцлах. 2. Зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг 2016 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөр тасалбар болгон гаргуулах: 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн дагуу:

Үндсэн зээлийн үлдэгдэл 3 309 071 төгрөг

Зээлийн хүүгийн төлбөр 29 373 төгрөг нийт 3 338 444 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 68365 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар багт оршин суух, ганц бие, хариуцагч М овогт Хы Т би Х Банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас тус шүүхэд 2016 оны 06 дугаар сарын 21-ны өдөр гаргасан Х.Т надаас үндсэн зээл 3.309,071 төгрөг, зээлийн хүү 29,373 төгрөг нийт 3.338,444 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн нэг хувийг гардан хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Х.Т би Х Банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй юм. 1. Х банкнаас уг зээлийг анх олгоход миний ээж Үын Иийн өндөр насны тэтгэврийг барьцаалан олгосон юм. Ээж маань амьд байх үед уг авсан зээлээс үндсэн зээлд 1,770,000 төгрөг, зээлийн хүүд 318,982 төгрөг бүгд 2,088,982 төгрөгийг тэтгэврийн мөнгөөр төлсөн юм. Гэтэл ээж Ү.И нь 2016 оны 02 дугаар сарын 10-ны өвчний учир нас барсан юм. Ер нь ээж маань босож явж чадахгүй, хэвтэрт байдаг байнгын асаргаа шаардлагатай ахмад настан байсан юм. Нэгэнт зээл авсан үндсэн зээлдэгч нас барсан учраас үлдэгдэл зээл, түүнийг хүүг төлөх ямар ч бололцоогүй болсон. 2. Х.Т надад ямар нэгэн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, мал, авто машин байхгүй юм. Би тус сумын нэн ядуу өрхийн тоонд амьдардаг, өөрөө ажилгүй байна. 3. Х Банкны зээлийн барьцаа нь ээж Ү.Иийн өндөр насны тэтгэврийн мөнгө байсан байна. Нэгэнт үндсэн зээлдэгч нас барсан учраас үүргийн гүйцэтгэлийг хангах өөрөөр хэлбэл банкны зээлийг төлөх ямар ч боломжгүй болсон. Иймд нэхэмжлэгч Х Банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын иргэн Х.Т надаас нэхэмжилж буй үндсэн зээл 3.309,071 төгрөг, үндсэн зээлийн хуү 29,373 төгрөг нийт 3.338,444 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Х.Т нь гэрээ ёсоор төлбөл зохих зээлийн мөнгийг төлөөгүй буюу тэтгэврийн зээлийн хугацаанаас 106 хоног хэтэрч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн хүүгийн хамт нийт 3338444 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Х.Т шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Миний ээж өнгөрсөн жил 7 сард нас барсан. Тахир дутуу хүн байсан бөгөөд 4-5 жил тэргэнд суусан. Тийм учраас эмчилгээ хийлгэх гэж тэтгэврийн зээл авсан бөгөөд гарын үсэг зурсан нь үнэн. Ажилгүй, орлогогүй, туслах ах дүү нар байхгүй тул уг зээлийн мөнгийг төлж өгөх боломжгүй. Тийм учраас одоо төлж өгөх боломжгүй, гэр оронгүй, эд хөрөнгөгүй ганц бие амьдардаг учраас төлж өгч чадахгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудыг тайлбарыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь зээлдэгч Үын И, хамтран үүрэг гүйцэтгэгч Хы Т нартай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Х.Таас үндсэн зээлийн үлдэгдэл 3309071 төгрөг, зээлийн хүү 29373 төгрөг, нийт 3338444 төгрөг гаргуулахыг хүссэн байна.

Зээлдэгч Үын И, хамтран үүрэг гүйцэтгэгч Хы Т нар нь Х банкны Сагсай сум, Сагсай тооцооны төвөөс 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өндөр настны тэтгэврийн зээлийн гэрээ байгуулан 4606558 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан байна.

Мөн тэтгэврийн зээлийн гэрээнд зээлдэгч Үын И, хамтран үүрэг гүйцэтгэгч Хы Т нар нь гарын үсэг зурж, хүлээн зөвшөөрч уг зээлийг авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тэтгэврийн зээлийн гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн банкнаас тэтгэврийн зээл авах зээлийн өргөдөл /итгэмжлэлийн маягт/, Ү.Иийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захиралд гаргасан хувийн хүсэлт, зээлдэгч Үын И, хамтран үүрэг гүйцэтгэгч Хы Т нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Зээлдэгч Үын И нь 2016 оны 03 сарын 14-ний өдөр нас барсан болох нь №134591 дугаартай нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна.

Тэтгэврийн зээлийн гэрээгээр хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн үүргийг хамтран хүлээх буюу зээлийн гэрээний 3.2.6, 3.2.7, 3.3 хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасныг хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Т хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан ба дээрх гэрээнд заасан эрх үүргээ хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Т нь зөрчсөн байна.

Хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Т нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн буцаан төлөх хуваарийн дагуу төлөөгүй, зээл төлөх хугацааг 106 хоног хэтрүүлсэн, гэрээнд заасан эрх үүргээ зөрчсөн учир Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь зээлдэгч Үын И, хамтран үүрэг гүйцэтгэгч Хы Т нартай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар буюу хугацаанаас нь өмнө цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Т нь уг зээлийг төлөх боломж байхгүй, ганц бие, ямар нэгэн орлогогүй, зээлдэгч /ээж/ Ү.И нь өвчтэй байсан учир түүний эмчилгээнд зарцуулсан, надад ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө, мал, авто машин байхгүй, сумын нэн ядуу өрхийн тоонд амьдардаг, өөрөө ажилгүй, үндсэн зээлдэгч нас барсан учраас зээлийг төлөх боломжгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Хариуцагч Х.Т нь нэн ядуу, өрхийн орлогогүй, үл хөдлөх болон ямар нэгэн хөрөнгөгүй, банкнаас авсан зээлийг төлөх боломжгүй гэж зээлээс чөлөөлөх үндэслэл байхгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасан байх тул зээлдэгч /хамтран үүрэг гүйцэтгэгч/ Х.Таас үндсэн зээлийн үлдэгдэл 3309071 төгрөг, зээлийн хүү 29373 төгрөг, нийт 3338444 төгрөгийг төлүүлж банкийг хохиролгүй болох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хариуцагч Х.Таас 68365 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч М овогт Хы Таас үндсэн зээлийн үлдэгдэл 3 309 071 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 29 373 төгрөг, нийт 3 338 444 /гурван сая гурван зуун гучин найман мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Таас 68365 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН