Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 174

 

М.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01042/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1187 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч Хөх-Өег овогтой М-гийн Э-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч Тугчин овогтой Ц-ийн Т-т холбогдох 

          “840.000 төгрөг гаргуулах”  тухай иргэний хэргийг

          Хариуцагч Ц.Т-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул  оролцов.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Ц.Т- 2015 оны 08 дугаар сарын 27-нд 1.000.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 30-нд 150.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 08-нд 150.000 төгрөг ХААН банкны 5046103393 тоот дансаар дамжуулж өгсөн. 00-ын өрөөг 180.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Түрээсийн төлбөрт ус, цахилгааны мөнгө багтсан. Энэ хугацаанд өерийнхөө төрсөн дүүгийн гурван хүүхдийг 00 тоот өрөөнд хөлсөлж суулгахаар тохиролцоод түрээсийн төлбөрийг 2 удаа шилжүүлсэн. Хариуцагчид нийт 1.300.000 төгрөг шилжүүлсэн. Амьдарсан 2 сарынхаа төлбөрийг хасаад үлдэгдэл 840.000 төгрөг нэхэмжилсэн. Өрөө хөлсөлж байхад доороос чийг даагаад хүн амьдрах орчин нөхцөлгүй байсан. Гурван хүүхэд өрөөг хөлсөлдөг байхад эгч нь хүүхэдтэйгээ ирсэн. Хүүхэд нь өвчин тусаад байсан учраас гудсыг нь сөхөхөд чийг даасан байсан. Цонх жижигхэн хүн амьдрах нөхцөлгүй гэж Ц.Т-т удаа дараа хэлсэн. Бид дараагийн хүнээ олоорой бид байрнаасаа гарлаа гэж хэлсэн. 2015 оны 11 дүгээр сараас хойш Ц.Т-ийг түрээсийн зөрүү мөнгийг өгөөч гэж гуйсан. Эвлэрүүлэн зуучлалаар орох гэтэл Ц.Т- ирээгүй учраас өнөөдрийн байдалд хүрсэн. 840.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ц.Т- шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь нөхөр Ганхуягийн өмчлөлийн 00-ийн өрөөг 2015 оны 7 сарын сүүлчээр зассан байхад хажуу айлын Энхтуяа гэгч эмэгтэй дүүгийнхээ хүүхдийг суулгамаар байна түрээслүүлээч гэж гуйгаад эгч М.Э-тэйгээ уулзуулсан. Би 00-ийн өрөөгөө үзүүлэхэд болох юм байна гэж хэлээд сарын түрээс 200.000 гэснийг 180.000 болгон буулгаад орох болсон.

Нэхэмжлэгч 1.300.000 төгрөг өгсөн нь үнэн. Анх засвар хийж байхад нэхэмжлэгч нөхөртэйгөө ирээд 3 хүүхэд суулгая хажууд чинь хамаатных байдаг. Орж гарахад амар гээд манай 00 тоот өрөөг хөлсөлсөн. Би 3 хүүхэд оруулахын өмнө дрожоо хайрлах хэрэггүй. Дрож дээр хулдаас дэвсэх хэрэггүй гэж хэлсэн. Би өмнө нь энэ өрөөнд 2 жил амьдарч байсан гэж хэлж байсан. Дүүгийнх нь аав ирээд дрож дээр хулдаас дэвсэхэд нь би чийг татна гэж хэлсэн. Тухайн үед наймдугаар сарын хорин таван зургааны үеэр нэхэмжлэгч надтай уулзсан. Нэхэмжлэгчээс байранд орох юм уу? гэхэд зар битгий өгөөрэй. Байр чинь таалагдаж байна гээд зар өгүүлэлгүй манай байранд орсон. Дүү охин нь 11 дүгээр сарын 01-ний өглөө бид нар байраа сулласан гээд түлхүүрээ өгсөн. 11 сард хүмүүс хөлслөх байраа олцгоосон байсан учраас 3 дугаар сар хүртэл байраа хөлслүүлж чадаагүй. Би хүмүүс байраа олсон байхад та нар байрнаас гарлаа. Өөрсдийнхөө оронд орох хүмүүсээ оруулаад зөрүү мөнгөө аваарай гэж хэлсэн. Энэ хугацаанд 7 хоног байр хөлслүүлэх зар өгсөн. Манай байр 11 дүгээр сараас 3 дугаар сарын дундуур хүртэл хүнгүй байсан тул энэ хугацааны буюу нийт 4 сарын түрээсийн төлбөрийг хасуулах хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагчийн өмгеөлөгч Л .Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хоёр тал харилцан гэрээ байгуулаагүй боловч Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасан гэрээ байгуулах саналыг талууд тавьж харилцан тохиролцсон учраас гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагч гэрээ цуцалснаас үүсэх 840.000 төгрөгийг төлөхгүй гэж байгаа нь хүмүүс орон сууц хөлслөх үеэр нэхэмжлэгч дүүгээрээ дамжуулан байрыг нь үзэж тухайн байранд орсон. Талууд харилцан ярилцаж тохиролцсон байдаг. 00 тоот өрөөний орчны талаар хариуцагч ерөө хөлсөлж байгаа этгээдүүдэд урьдчилан сануулан хэлсэн байдаг. Дрож дээр хулдаас дэвссэнээс болж амьдрах боломжгүй болсон. 2-3 хүн амьдрах байранд 6-7 хүн амьдардаг байсан учраас хүн амьдрахад таагүй нөхцөл үүссэн гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг. Талууд түлхүүр хүлээлгэн өгсөн хугацаа болон 1.300.000 төгрөг шилжүүлсэн гэдэгт маргадаггүй. Хариуцагчийн зүгээс 4 сарын түрээсийн мөнгө хасуулах шаардлагыг тавьж байгаа. 11 сард хүмүүс байраа олоод жигдэрсэн үед Ц.Т- санаачлага гарган байраа хөлслүүлэхээр гарсан боловч 3 дугаар сар хүртэл хүн олдоогүй.

Нэхэмжлэгч гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалсан учраас хариуцагч 4 сарын түрээсийн төлбөрийг хасуулах саналтай байгаа. Байр хөлслөгч тал тухайн байрнаас гарна гэдгээ 1 сарын өмнө мэдэгдэх эсвэл тодорхой цаг хугацаа хэлсэн бол байр хөлслүүлэгч тухайн байрыг бусдад хөлслүүлээд зөрүү мөнгөө өгөх боломжтой байсан. Ц.Т- нь М.Э-ийг өөрсдийнхөө оронд байр хөлслөх хүнээ олоод зөрүү мөнгөө авч болно гэж асуудлыг шийдвэрлэх гэсэн боловч байрнаас гарч байгаагаа хэлэлгүй хүнээр түлхүүрийг нь өгүүлсэн. Энэ нөхцөл байдал байр хөлслөгч талын буюу нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ цуцлагдсан гэж үзэж байна. Гэрээг хугацаанаас өмнө цуцалсан талын буруутай үйл ажиллагаанаас болж 4 сарын түрээсийн мөнгө гарсан гэж үзэж байна. Хугацаанаас нь өмнө цуцалснаас учирсан төлбөрийг буцааж өгөх хүсэлгүй байгаа гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1187 дугаар шийдвэрээр:

 Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар хариуцагч Ц.Т-аас 660.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Э-т олгож, үлдэх хэсэг болох 180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч М.Э-ээс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Төрийн Банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 24.710 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Т-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүн болох 660.000 төгрөгт төлөх тэмдэггийн хураамж 20.390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Э-т олгож шийдвэрлэжээ.

  Хариуцагч Ц.Т- давж заалдсан гомдолдоо:

  Ц.Т- миний бие нь Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1187 дугаартай шийдвэрийг хүлээн авч түүнийг эс зөвшөөрч  давж заалдах гомдлыг гаргаж байна. Би өөрийн 00 өрөөг 2015 оны 07 сард засвар хийж битүү дрож дэвсэж, ариун цэврийн өрөө, душ хийж өгсөн.

  Нэхэмжлэгч М.Э- нь байрыг үзээд болох юм байна гэж өөрөө хүсч түрээслэх болсон. Энэ үед би байр жижиг учир олон хүн байх боломжгүй шүү гэхэд 3 хүүхэд л байлгана гэсэн учраас бид харилцан тохиролцож 3 хүүхэд нь эхний ээлжинд 00-ийн өрөөнд орсон. Удалгүй тэр байранд 7-8 хүн бүхэл бүтэн айл нэмэгдээд орсон шаланд хулдаас дэвссэн байснаас уур цохиж өрөөний даац хэтэрсэн байсан. Ингээд 11 сарын 01-нд байрны түлхүүр өгөөд мөнгөө нэхсэнээс болж бидний хооронд үл ойлголцол бий болсон. Байр түрээслэх ид үеэр болно, бүтнэ гэж сонгож орчихоод даац хэртүүлж олуулаа шавж уур цан цохиулж обой хуулж хаяад явсан байж мөнгөө бүтэн нэхэж байгаа нь жудаггүй зан гаргаж байна.

 

 11 сар болж байранд өөр хүн оруулж мөнгийг нь өгөх гэсэн боловч хүн олдохгүй байсаар 2016 оны 3 сар болж би түрээсний мөнгөөр хохирсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ миний эрх ашгийг анхааран үзээгүй Иргэний хуулийн 289 дугаар зүйлийг барьж миний буруутай үйл ажиллагаа байсан гэж үзсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчид надад байрнаас гарлаа гэдгээ хэлэхгүйгээр гэнэт гараад түлхүүр өгсөн нь цаг хугацаа тулгуу болсон учраас амар хүн олдох боломжгүй байсан нөхцөлийг харгалзан үзэлгүй 3 сард өөр хүн оруулсан гэх нотлох баримт намайг гаргаж өгөөгүй гэсэн нь ойлгомжгүй байна. Би гэрчээр орцны үйлчлэгч Цэцэнтуяаг асуулгаж 3 сард  1 залуу оруулсан гэдгээ нотлоод байхад миний асуулгасан гэрчийн мэдүүлгийг үнэлж шийдвэр гаргаагүй нь хэт 1 талыг барьсан шийдвэр болжээ гэж үзэхээр байна.

   Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны журмаар хянаж М.Э-т төлөх түрээсийн төлбөрөөс 3 сарын мөнгө хасч өгнө үү гэжээ.

                                                             ХЯНАВАЛ:

           Хариуцагч Ц.Т-ийн  давж заалдсан гомдол нь хуулийн үндэслэлгүй байх тул  хангах  боломжгүй  байна.

            Харин шүүх талуудын хооронд  үүссэн  маргааны харилцааг  зохицуулсан хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, чадаагүй байх тул  шийдвэрт  өөрчлөлт оруулах нь зүйтэй  гэж үзлээ.

            Нэхэмжлэгч  М.Э-  хариуцагч  Ц.Т-т холбогдуулан  00-ын өрөөг   түрээслэхээр өгсөн мөнгөний  үлдэгдэл  840.000 төгрөгийг гаргуулахаар  шаардсаныг  хариуцагч  зарим хэсгийг эс зөвшөөрч, 11 дүгээр сард хүмүүс хөлслөх байраа олцгоосон  байсан учраас  3 дугаар сар хүртэл байраа хөлслүүлж чадаагүй  тул  энэ хугацааны 4 сарын түрээсийн төлбөрийг  хасуулна гэж маргажээ.

Талуудын хооронд  2015 оны  08 дугаар сард  байгуулагдсан  “Түрээсийн  гэрээ”-гээр  Дархан сумын 13 дугаар баг, 1а байрны 5 дугаар орцны  00-ын өрөөг, сарын 180.000 төгрөгийн  төлбөртэйгээр түрээслэхээр  харилцан  тохиролцсон, өрөөний хөлсөнд  нэхэмжлэгчээс  2015 оны  08 дугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 08-ны  хооронд   1.300.000 төгрөгийг  төлсөн бөгөөд  энэ талаар талууд маргаагүй болно.

Мөн  талуудын хооронд  байгуулагдсан гэрээнд  өрөөний нөхцөлийн талаар  тохиролцоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх  талуудын хооронд  эд хөрөнгө хөлслөх гэрээ  хийгдсэн, түрээслэгч  гэрээнээс татгалзаж  байгаа  талаар түрээслүүлэгчид боломжит хугацаанд мэдэгдээгүй  гэсэн  дүгнэлтүүд  нь  хуулийн   үндэслэл  бүхий байна.

Талуудын  хооронд   байгуулагдсан   гэрээ,  өрөөг хүлээлгэн өгсөн өдөр  2015 оны  11 дүгээр сарын 01-нд  дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн  492 дугаар зүйлийн 492.1-д  зааснаар  өрөөний  хөлсөнд  төлсөн  1.300.000 төгрөгөөс  үлдэх төлбөрийг  хариуцагчаас шаардах  эрхтэй ба хариуцагчийг  энэ хэмжээгээр   үндэслэлгүй  хөрөнгөжсөн гэж үзнэ.

            Иймд  шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр  зохих өөрчлөлт оруулах,  давж заалдсан гомдлыг  хангах  шаардлагагүй гэж   шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр  сарын 07-ны өдрийн 1187 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн  1 дэх заалтын “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар ...”  гэснийг, ”Иргэний  хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар  ...”  гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг  хэвээр үлдээж, хариуцагч  Ц.Т-ийн давж  заалдсан гомдлыг  хангахгүй  орхисугай.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  хариуцагчаас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  20.150  төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.АМАРСАНАА           

                                        ШҮҮГЧИД                                   С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                            С.ЭНХЖАРГАЛ