Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2016/01042/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, *** тоотод оршин суух, Х***овгийн М*** Э*** /регистрийн дугаар: ***2/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, *** тоотод оршин суух Т*** овгийн Ц*** Т*** /регистрийн дугаар:***/ холбогдох

"840,000 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Э***, хариуцагч Ц.Т***, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

“Хариуцагч Ц.Т***т 2015 оны 08 дугаар сарын 27-нд 1,000,000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 30-нд 150,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 08-нд 150,000 төгрөг ХААН банкны *** тоот дансаар дамжуулж өгсөн.

00 тоот өрөөг 180.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон.  Түрээсийн төлбөрт ус, цахилгааны мөнгө багтсан. Энэ хугацаанд өөрийнхөө төрсөн дүүгийн гурван хүүхдийг 00 тоот өрөөнд хөлсөлж суулгахаар тохиролцоод түрээсийн төлбөрийг 2 удаа шилжүүлсэн. Хариуцагчид  нийт 1.300.000 төгрөг шилжүүлсэн. Амьдарсан 2 сарынхаа төлбөрийг хасаад үлдэгдэл 840.000 төгрөг нэхэмжилсэн. Өрөө хөлсөлж байхад доороос чийг даагаад хүн амьдрах орчин нөхцөлгүй байсан. Гурван хүүхэд өрөөг хөлсөлдөг байхад эгч нь хүүхэдтэйгээ ирсэн. Хүүхэд нь өвчин тусаад байсан учраас гудасыг нь сөхөхөд чийг даасан байсан. Цонх жижигхэн хүн амьдрах нөхцөлгүй гэж Ц.Т***т удаа дараа хэлсэн. Бид дараагийн хүнээ олоорой бид байрнаасаа гарлаа гэж хэлсэн. 2015 оны 11 дүгээр сараас хойш Ц.Т***ийг түрээсийн зөрүү мөнгийг өгөөч гэж гуйсан. Эвлэрүүлэн зуучлалаар орох гэтэл Т*** ирээгүй учраас өнөөдрийн байдалд хүрсэн. 840.000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.  

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие нь нөхөр Ганхуягийн өмчлөлийн 0-ийн өрөөг 2015 оны 7 сарын сүүлчээр зассан байхад хажуу айлын Энхтуяа гэгч эмэгтэй дүүгийнхээ хүүхдийг суулгамаар байна түрээслүүлээч гэж гуйгаад эгч Э***тэйгээ уулзуулсан. Би 00-ийн өрөөгөө үзүүлэхэд болох юм байна гэж хэлээд сарын түрээс 200,000 гэснийг 180,000 болгон буулгаад орох болсон.

 Нэхэмжлэгч 1.300.000 төгрөг өгсөн нь үнэн. Анх засвар хийж байхад  нэхэмжлэгч нөхөртэйгөө ирээд 3 хүүхэд суулгая. Хажууд чинь хамаатных байдаг. Орж гарахад амар гээд манай 00 тоот өрөөг хөлсөлсөн.  Би 3 хүүхэд оруулахын өмнө дрожоо хайрлах хэрэггүй. Дрож дээр хулдаас дэвсэх хэрэггүй гэж хэлсэн. Би өмнө нь энэ өрөөнд 2 жил амьдарч байсан гэж хэлж байсан. Дүүгийнх нь аав ирээд дрож дээр хулдаас дэвсэхэд нь би ‘чийг татна’ гэж хэлсэн. Тухайн үед наймдугаар сарын хорин таван зургааны үеэр нэхэмжлэгч надтай уулзсан. Нэхэмжлэгчээс байранд орох юм уу? гэхэд зар битгий өгөөрэй. Байр чинь таалагдаж байна гээд зар өгүүлэлгүй манай байранд орсон. Дүү охин нь 11 дүгээр сарын 01-ний өглөө бид нар байраа сулласан гээд түлхүүрээ өгсөн. 11 сард хүмүүс хөлслөх байраа олцгоосон байсан учраас 3 дугаар сар хүртэл байраа хөлслүүлж чадаагүй. Би хүмүүс байраа олсон байхад та нар байрнаас гарлаа. Өөрсдийнхөө оронд орох хүмүүсээ оруулаад зөрүү мөнгөө аваарай гэж хэлсэн. Энэ хугацаанд 7 хоног байр хөлслүүлэх зар өгсөн. Манай байр 11 дүгээр сараас 3 дугаар сарын дундуур хүртэл хүнгүй байсан тул энэ хугацааны буюу нийт 4 сарын түрээсийн  төлбөрийг хасуулах хүсэлттэй байна” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хоёр тал харилцан гэрээ байгуулаагүй боловч Иргэний хуулийн  197 дугаар зүйлд заасан гэрээ байгуулах саналыг талууд тавьж харилцан тохиролцсон учраас гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагч гэрээ цуцалснаас үүсэх 840.000 төгрөгийг төлөхгүй гэж байгаа нь хүмүүс орон сууц хөлслөх үеэр нэхэмжлэгч дүүгээрээ дамжуулан байрыг нь үзэж тухайн байранд орсон. Талууд харилцан ярилцаж тохиролцсон байдаг. 00 тоот  өрөөний орчны талаар хариуцагч өрөө хөлсөлж байгаа этгээдүүдэд урьдчилан сануулан хэлсэн байдаг. Дрож дээр хулдаас дэвссэнээс болж амьдрах боломжгүй болсон. 2-3 хүн амьдрах байранд 6-7 хүн амьдардаг байсан учраас хүн амьдрахад таагүй нөхцөл үүссэн гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг.  Талууд түлхүүр хүлээлгэн өгсөн хугацаа болон 1.300.000 төгрөг шилжүүлсэн гэдэгт маргадаггүй. Хариуцагчийн зүгээс 4 сарын түрээсийн мөнгө хасуулах шаардлагыг тавьж байгаа. 11 сард хүмүүс байраа олоод жигдэрсэн үед Ц.Т*** санаачлага гарган байраа хөлслүүлэхээр гарсан боловч 3 дугаар сар хүртэл хүн олдоогүй. Нэхэмжлэгч гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалсан учраас хариуцагч 4 сарын түрээсийн төлбөрийг хасуулах саналтай байгаа. Байр хөлслөгч тал тухайн байрнаас гарна гэдгээ 1 сарын өмнө мэдэгдэх эсвэл тодорхой цаг хугацаа хэлсэн бол байр хөлслүүлэгч тухайн байрыг бусдад хөлслүүлээд зөрүү мөнгөө өгөх боломжтой байсан.  Ц.Т*** нь М.Э***ийг өөрсдийнхөө оронд байр хөлслөх хүнээ олоод зөрүү мөнгөө авч болно гэж асуудлыг шийдвэрлэх гэсэн боловч байрнаас гарч байгаагаа хэлэлгүй хүнээр түлхүүрийг нь өгүүлсэн. Энэ нөхцөл байдал байр хөлслөгч талын буюу нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ цуцлагдсан гэж үзэж байна. Гэрээг хугацаанаас өмнө цуцалсан талын буруутай үйл ажиллагаанаас болж 4 сарын түрээсийн мөнгө гарсан гэж үзэж байна. Хугацаанаас нь өмнө цуцалснаас учирсан төлбөрийг буцааж өгөх хүсэлгүй байгаа” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                     

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Э*** нь хариуцагч Ц.Т***т холбогдуулан 00 өрөө түрээслэж байсны төлбөрийн үлдэгдэл 840 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг дараахь үндэслэлээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч М.Э*** нь хариуцагч Ц.Т***ийн өмчлөлийн Дархан сум, Хуучин хороолол 1-а байрны 5 дугаар орц 00-ийн өрөөг 2015 оны 09 дүгээр сарын 01-нээс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түрээслэн суухаар амаар тохиролцон, хөлсийг сарын 180 000 төгрөг тооцон  нийт 1 300 000 төгрөгийг түүний дансаар шилжүүлсэн энэ талаар маргаангүй байна.

Түрээслэн сууж байсан 00 өрөө нь хүн амьдрах нөхцөл хангахгүй, чийгшил ихтэй байсан гэсэн үндэсэлээр нэхэмжлэгч М.Э*** түүний дүү нар түрээслэж буй орон сууцнаас 2015 оны 10 дугаар сарын сүүлээр  гарсан бөгөөд мөн энэ талаар  маргаангүй байна.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-д зааснаар хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс хөлслөгч татгалзах эрхтэй бөгөөд 289.2.3-т зааснаар хөлслөн авсан эд хөрөнгө нь  бусдын амь бие эрүүл мэндэд аюул учруулж болохуйц байвал хугацаа харгалзахгүй гэрээ цуцлах эрхтэй байна.

            Нэхэмжлэгч М.Э*** түүний дүү нар  түрээслэж байсан орон сууцнаас гарах гэж байгаагаа урьдчилан мэдэгдэлгүй  орон сууцны түлхүүрийг 2015 оны 11 дүгээр сард  хүлээлгэн өгсөн,  түрээслэгч нарыг  2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сууна гэж төлбөрийг авсан тул өөр түрээслэгч нарт таницлуулах боломж байгаагүй, дараагийн түрээслэгчийг 2016 оны 03 дугаар сард орон сууцанд оруулсан тул үлдэгдэл төлбөрийн  зарим хэсгийг төлөхгүй гэж хариуцагч Ц.Т*** маргаж байгаа болно.

             Нэхэмжлэгч М.Э*** түүний дүү нарын орон сууцанд  үргэлжүүлэн суух боломжгүй байсан нөхцөл болох  хүн амьдрах нөхцөл хангахгүй, чийгшил ихтэй байсан эсэх талаар  зэрэг нотлох баримтыг  болон дараагийн түрээслэгч нарт танилцуулах боломж байгаагүй, 2016 оны 03 дугаар сард өөр түрээслэгчид түрээслүүлсэн эсэх талаархи нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заааснаар нотлох, нотлох баримтийг цуглуулах, шүүхэд ирүүлэх үүргээ хариуцагч Ц.Т*** биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч М.Э***  түрээсэлж байсан орон сууцнаас гарах тухай урьчдилан хэлж мэдэгдээгүй, хариуцагчид боломж олгох боломжит хугацаа 1 сарыг алдагдуулсан тул  нэхэмжлэлийн шаардлага болох 840,000 төгрөгөөс 1 сарын түрээсийн төлбөр болох 180,000 төгрөгийг хасан 660 000 төгрөгийг хариуцагч Ц.Т***аас гаргуулан нэхэмжлэгч М.Э***т олгож  180 000  төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т зааснаар хариуцагч Ц.Т***аас 660,000  төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Э***т олгож, үлдэх хэсэг болох 180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч М.Э***ээс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Төрийн Банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 24,710  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ц.Т***аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүн болох   660,000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 20,390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Э***т олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг  сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул  аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ОЮУНДАРЬ