Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2017/01156

 

“Н Л И”ХХК-ний

Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/00241 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 94 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Н Л И”ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Э  т холбогдох,

Хохирол 10 098 810 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Эийн “Цалин, нийгмийн даатгалын шимтгэлд 6 675 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч Ш.Э, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Н Л И”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н Л И”ХХК нь 1999 оноос хойш албан ёсоор оюутан сурагчдыг гадаадад сурч боловсрох, ажиллах боломж олгож зуучлах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гадаад суралцахаар болсон оюутан Монголдоо заавал буцаж ирэх үндэслэл болгож ул хөдлөх эд хөрөнгө барьцаалах шаардлага уүсдэг болно. Учир нь гэрээгээр гадаадад суралцдаг оюутан, соёлын солилцооны хөтлбөрөөр явахдаа хугацаандаа буцаж ирэхгүй байх, гадаад улсын хууль дүрмийг зөрчиж харлаж визний зөрчил гаргах, гэмт хэрэгт ороолцолдох нь зуучлагч “Н Л И”ХХК үйл ажиллагаа хэвийн явуулахад хортой нөлөөтэй ба гадагш сурах чин хусэлтэй дараагийн хүүхдүүд гадаадад суралцах боломж алдагддаг, мөн гадаадын харилцагч байгууллагууд итгэл алдарч хамтран ажиллахаас татгалздаг ноцтой үр дагавартай болно. Иргэн Алтангэрэлийн Хэрлэн нь 2010 онд "АААА байгууллагын зуучлалаар барьцаа хөрөнгө тавьж АНУ-д явж байгаад 2011.02.25-ны өдөр манай “Н Л И”ХХК-ийн дэмжлэгээр Соёлын солилцооны хөтөлбөрийн 1/25 тоот гэрээ байгуулж үйлчилгээний ажилд 3 сараар АНУ-д ажиллах боломж олгож, улмаар Монголд буцаж ирэх баталгаа болгож 2011.04.12-ны өдөр Барьцааны гэрээ байгуулж Содовын Алгаагийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 24-р гудамжны 09 тоот 102м2 талбайтай 2 давхар Үл хөдлөх Ү-2101008991 гэрчилгээтэй хөрөнгийг барьцаалах гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулсан болно. А.Хэрлэн нь АНУ-д харлаж Монголд улсад ирэлгүй гэрээгээ зөрчсөн бөгөөд найдваргүй харилцагчаас болж “Н Л И”ХХК нь үйл ажиллагаа нь доголдсон болно. Хэрэв А.Хэрлэн нь гэрээгээ зөрчөөгүй бол манай компани АНУ-ын хамтрагчийнхаа итгэлийг алдахгүй олон Монгол залуус АНУ-д сурч боловсрох эрх нээлттэй байх байсан билээ. Гэтэл А.Хэрлэн болон түүний ээж С.Алгаа нартай манай ажилтан Ш.Э хуйвалдан 2014.09.08-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр, бэлэн тамгатай бланк ашиглаж УБЕГ-т барьцааг чөлөөлөх хуурамч албан тоот бичиж хийж өгснөөс болж хууль бусаар барьцаа чөлөөлөгдөж манай компани барьцаа хөрөнгөөр хохирсон болно. Бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэж “Н Л И”ХХК -ийн ажилтан байсан Ш.Эрдэнэцэгийг цагдаад өгч шалгуулахад тус аймгийн Прокурорын газраас 2016.04.19-ны өдөр 5/102 тоот тогтоол гаргаж хуурамч бичгийг хийж өгсөн гэсэн яллагдагчийн мэдүүлгээр тогтоогдож байна, хохиролоо иргэний журмаар нэхэмжил гэсэн болно. Мөн Эрдэнэт хот руу цагдаад асуугдаж байцаагдахдаа олон арван удаа Улаанбаатараас-Эрдэнэт, Эрдэнэтээс Улаанбаатар гэж ирж очиж их хэмжээний зардал гаргасан, зочид буудалд байрлаж хоол тээвэр гэх мэтээр 500 000 Т-ийн зардал гаргасан. Иймд 2011.04.12-ны өдрийн Барьцааны гэрээний үүрэгт 3865.81 $ буюу 9 598 807 төгрөгийг эрүүгийн хэрэгт шалгагдаж буруутай тогтоогдсон, гэм буруутай этгээд болох Ш.Эрдэнэцэгээс гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. Барьцааны гэрээний үүрэгт 2422.79 $ буюу 4.450.000 төлсөн бөгөөд зөрүү 2577.21$ мөн тус гэрээний 2.3.1 дэх заалтаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2% алданги авах ёстой бөгөөд нийт үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй тул 1288.60 $ авах учиртай гэж үзээд нийт 3865.81 $ буюу 9.598.807 Т-ийг болон зардалд 500.000 төгрөг, нийт 10.098.810 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хот дахь “Н Л И”ХХК-нь Ш.Э надаас барьцааны хөрөнгө чөлөөлсөн гэж 10 098 810 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй тул дараах байдлаар хариу тайлбар гаргаж байна. Үүнд: Ш.Э би “Н Л И”" ХХК-ий захирал Д.Ариунболдтой тохиролцсоны үндсэн дээр түүний Орхон аймаг дахь салбарын БНСУ-г хариуцсан менежер, салбарын ерөнхий менежер мөн Улаанбаатар салбарын БНСУ-г хариуцсан менежерээр 2011 оны 6-р сараас 2015 оны 2-р сар хүртэл ажилласан. Ингэж ажиллахдаа Орхон аймгаас гадаадад суралцахаар явж буй оюутан залуустай холбоотой асуудлыг хариуцан ажиллаж байсан бөгөөд тэдэнтэй гэрээ байгуулах, цуцлахтай холбоотой асуудлыг нь захирал болон түүний орлогч Оюунцэцэг нарын өгсөн үүрэг даалгаварын дагуу гүйцэтгэсээр ирсэн. Би 2014 оны 9 сарын 8-ны өдөр Содовийн Алагаагийн Орхон аймгийн Баян- Өндөр сум Булаг багийн 24-р гудамжны 9 тоот газар, хашаа, байшин үл хөдлөх эд хөрөнгө нь Алтангэрэлийн Хэрлэн гэдэг оюутны барьцаанд байсан бөгөөд захирлуудын өөрсдийнх нь зөвшөөрлөөр /Содовийн Алагаа нь гэрээний хугацаанд барьцааны төлбөр болох 4 250 000 төгрөгийг шилжүүлсэн баримтуудыг үндэслэн чөлөөлсөн болно. Нью линк интернешнл ХХК-ийн захирал Д. Ариунболд, Т.Оюунцэцэг нар над руу гарын үсэг зурсан болон тэмдэг дарсан хэвлэмэл баланкыг явуулдаг байсан бөгөөд үүн дээр би орлого болон зарлага хийх, барьцааны гэрээ байгуулах болон цуцлан хариуг тэр дор нь өөрсдөд нь мэдэгддэг байсан. Зарим тохиолдолд гэрээг байгуулах болон цуцлахтай холбоотой асуудлаар Орхон аймгаас дээрх хүмүүстэй утсаар ярихад наанаа байгаа асуудлаа өөрөө л зохицуул гэдэг байсан юм. Тэрээр намайг нэхэмжлэлдээ хуйвалдаж, мөн нотлох баримт хуурамчаар үйлдэж барьцааг чөлөөлсөн гэжээ. Миний хувьд Содовын Алагаа болон А.Хэрлэн нартай хуйвалдсан, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн асуудал байхгүй. Энэ асуудлаар Д.Ариунболд Орхон аймгийн аймгийн Цагдаагийн газарт удаа дараа гомдол гаргаж би шалгагдсаны эцэст хэрэгсэхгүй болсон билээ. Намайг Содовийн Алагаагийн Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 24-р гудамжны 9 тоот газар, хашаа, байшинг барьцаанаас чөлөөлсөн гэж гэрээний үүрэг 3,865,81 ам доллар, түүний алданги 1.288,60 ам доллар, замын зардал 500,000 төгрөг нийт 10,098,810 төгрөг нэхэмжилсэн нь ямар ч үндэслэлгүй юм. Харин А.Хэрлэнгийн зүгээс түүнд нийт 4,450,000 төгрөгийг төлсөн байдаг. Би “Н Л И”ХХК-аас нэг ч төгрөг авч ашиглаагүй. Зөвхөн өөрсдийнх нь хэлсэний дагуу барьцааг чөлөөлсөн. Захирал Д.Ариунболд намайг ажиллах хугацаанд Зохимж ХХК-д өрөө түрээсэлж байхад 2014 оны 05 сарын 12-ны өдөр 1 сая төгрөгийг ХААН банкаар дамжуулан өрөөний түрээс гэж дамжуулсан бөгөөд үүнээс өмнө болон хойно үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн зардал, мөнгө шилжүүлж байгаагүй. Цалингаа нэхэхээр захирал асуудалд орсон мөнгө шилжүүлэх боломжгүй үйлчлүүлэгч олж өөрсдийн цалингаа зохицуул гэдэг байсан ч компанийн нэр хүнд захирлаас болж унасан тул үйлчлүүлэгч олдохгүй удсан тул арга буюу эд хөрөнгийг нь 1 250 000 төгрөгийн барьцаанд үлдээгээд оффисыг нь хүлээлгэн өгсөн. Надтай анх 500,000 төгрөгний цалин өгч ажиллуулна мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлнө гэж тохирсон бөгөөд тэрээр надад 2011 оны 6 сараас 2014 оны 5 сар хүртэл сарын 400 000/ дөрвөн зуун мянган/ төгрөгний цалингаас даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасан ХААН банкаар шилжүүлж байсан бөгөөд ажлаас гарахдаа даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрээ авахад 2012 оны 1-р сараас 2012 оны 9-р сар хүртэл нийт 9-н сарын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг цалингийн доод хэмжээ болох 140400 төгрөгөөр төлөөд үлдсэн хугацааны шимтгэлийг төлөөгүй намайг хохироосон. 2014 оны 5-р сараас эхлэн нэг ч төгрөгний цалин өгөөгүй, мөн Зохимж ХХК дээр өрөө түрээсэлж байсан өрөөний түрээсийн төлбөрийг ч мөн төлөөгүй юм. Үүнтэй холбоотойгоор би сөрөг нэхэмжлэлээ гаргах болно. Тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлд заасан ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр намайг ажиллуулж байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэж олон дахин шаардсан боловч байгуулаагүй. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгүүлэхийг надаас шаардах эрх уг нь энэ хүнд байхгүй юм билээ. Иймд “Н Л И”ХХК буюу Д.Ариунболдын Ш.Э надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би “Н Л И”ХХК-ийн захирал Д.Ариунболдоос сөрөг нэхэмжлэл болгон дараах зүйлийг нэхэмжилж байна. Үүнд: Ш.Э би “Н Л И”ХХК-ий захирал Д.Ариунболдтой тохиролцсоны үндсэн дээр түүний Орхон аймаг дахь салбарт 2011 онд БНСУ-ыг хариуцсан харилцааны менежерээр анх ажилд ороод үүнээсээ Орхон аймаг дахь салбарын ерөнхий менежер, Улаанбаатар дахь салбарын БНСУ-ыг хариуцсан менежерээр 2015 оны 2-р сар хүртэл тус тус ажилласан. Ингэж ажиллахдаа Орхон аймгаас гадаадад суралцахаар явж буй оюутан залуустай холбоотой асуудлыг хариуцан ажиллаж байсан бөгөөд тэдэнтэй гэрээ байгуулах, цуцлахтай холбоотой асуудлыг хариуцан ажиллаж байсан юм. Надтай хамт миний төрсөн эгч Ш.Эрдэнэчимэг ажиллаж байсан болно /Намайг өөрийн удирдлагад ажиллах ажилтныг нэмж ажиллуулахыг тушаан шинэ ажилтан авч ажиллуулсан. Тэрээр надтай анх 500,000 төгрөгний цалин өгч ажиллуулна гэж тохирсон бөгөөд тэрээр надад 2011 оны 6 сараас 2014 оны 5 сар хүртэл сарын 400 000 төгрөгний цалинг ХААН банкаар шилжүүлж байсан бөгөөд 2014 оны 5-р сараас эхлэн 2015 оны 2-р сар хүртэл нэг ч төгрөгний хөдөлмөрийн хөлс өгөөгүй тул 10 сарын цалин 5,000,000 /таван сая/ төгрөг,/тэрээр миний эгч Ш.Эрдэнэчимэгт мөн л хөдөлмөрийн хөлс олгоогүй, мөн л хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болно/. “Н Л И”ХХК Орхон аймагт 2011 оны 6-р сараас 2015 оны 2-р сар хүртэл үйл ажиллагаа явуулахдаа Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн нутагт оршин Зохимж ХХК-ийн байранд 1 сарын 380.000 төгрөгний төлбөртэйгээр өрөө түрээсэлж байсан бөгөөд өрөөний түрээсийн мөнгийг шилжүүлэхгүй байсан тул би 1 сая төргөгийг Зохимж ХХК-д тушааж байсан. Энэ талаархи санхүүгийн баримт нь бий. Би түүний өмнөөс түрээс төлөх үүрэггүй. Тэрээр над руу түрээсийн мөнгийг шилжүүлнэ гэж байсан тул дээрх 1 сая төгрөгийг уг байгууллагын санхүүд тушаасан. Иймээс түрээсийн мөнгө болох 1 сая төгрөг. “Н Л И”ХХК-ийн захирал Д.Ариунболд нь надад цалин өгөхдөө нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутган өгдөг байсан боловч ажлаас гарахдаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрээ авахад 2012 оны 1 сараас 2012 оны 9-р сар хүртэл л цалингийн доод хэмжээгээр төлсөн байсан. Иймд “Н Л И”ХХК-ийн захирал Д.Ариунболдоос хөдөлмөрийн хөлс 5 сая төгрөг, түүний өмнөөс Зохимж ХХК-д төлсөн түрээсийн төлбөр 1 сая төгрөг, ажилд орсноос хойш цалингаас суутгаж байсан нийгмийн даатгалын хураамж 2011 оны 180 000 төгрөг, 2012 оны 255 000 төгрөг, 2013 оны 240 000 төгрөг нийт 6 675 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/00241 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “Н Л И”ХХК-ийн хариуцагч Ш.Эт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Эийн нэхэмжлэгч “Н Л И”ХХК-нд холбогдуулан гаргасан 6 675 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 176 550 төгрөгийг, хариуцагч Ш.Эийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 121 750 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн иргэний давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 94 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/00241 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176.550 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун хяналтын шатны журмаар гаргасан гомдолдоо: ...нэхэмжлэлдээ “хуйвалдаж, мөн нотлох баримт хуурамчаар үйлдэж барьцааг чөлөөлсөн” гэжээ. Түүний хувьд Содовын Алагаа болон А.Хэрлэн нартай хуйвалдсан, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн асуудал байхгүй бөгөөд тогтоогдоогүй,

Энэ асуудлаар Д.Ганболд Орхон аймгийн Цагдаагийн газарт удаа дараа гомдол гаргаж мөрдөн байцаагч шалган “би гэм буруутай, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэснээр гэм буруутайд тооцон хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгожээ. Гэтэл Ш.Эрдэнэцэгийн гараар үйлдэгдээгүй гарын үсэг, тэмдэг бүхий хэвлэмэл бланкт, Ш.Э хуурамчаар гарын үсэг үйлдээгүй болохыг нотолсон шүүхийн шинжилгээний дүгнэлт хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлд заасан ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллуулсан бөгөөд “хөдөлмөрийн гэрээ байгуулъя” гэж олон дахин шаардсан боловч байгуулаагүй, тэгсэн мөртлөө нийгмийн даатгалын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлж байсан, 2015 оны 1-3 сард түүнд сарын 300,000 төгрөгөөр бодож цалингийн хүснэгт гарган хэрэгт хавсаргуулсан байсныг ч мөн анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл Давж заалдах шатны шүүх ИХШХШтХ-ийн 166-р зүйлийн 166.4-дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн бөгөөд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн талаар ямарч дүгнэлтийг хийгээгүй байна. Мөн анхан шатны шүүх прокурорын 5/102 дугаартай тогтоолыг хариуцагчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээр тогтоосон Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биш тухай хэрэгт авагдсан 2016 оны 3 сарын 25-ны өдрийн 49 тоот шинжээчийн дүгнэлтэд “шинжлэгдэж буй гарын үсэг нь Ш.Э гэх гарын үсгийн загвартай ерөнхий хэлбэр, бүтцээрээ тохирохгүй байна” гэж дүгнэсэн байхад прокурор ямар баримт үндэслэн “....хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар Т.Оюунцэцэгийн гарын үсгийг хуурамчаар зурж” гэж дүгнэсэн нь тодорхойгүй байгаа тухай нотлох баримтуудыг үнэлж дурдсаар байтал мөн л анхаарч үзсэнгүй ямарч дүгнэлт хийсэнгүй. Иймд Орхон аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 сарын 02-ны өдрийн 94 дугаартай магадлалтай хэргийг хянан үзэж магадлалыг хүчингүй болгон Анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/00241 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Н Л И”ХХКомпани хариуцагч Ш.Эээс гэм хорын хохирол 10 098 810 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч Ш.Э нь цалин 5 000 000 төгрөг, цалингаас суутгасан нийгмийн даатгалын шимтгэл 675 000 төгрөг, байгууллагын өмнөөс түрээсийн төлбөрт төлсөн 1 000 000 төгрөг нийт 6 675 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

Давж заалдах шатны шүүх хуульд заагдаагүй үндэслэлээр шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгосон байх тул магадлалыг хүчингүй болгуулах тухай хариуцагч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянах бүрэн эрхийн хүрээнд, нотлох баримтыг бүрэн дүгнэж чадаагүй анхан шатны шүүхийн алдааг залруулах боломжтой байхад шийдвэрийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна. Магадлалын “...анхан шатны шүүх прокурорын тогтоолыг бүрэн дүгнэж чадаагүй, долларын ханшны мэдээлэл хэрэгт байхгүй..” гэх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т заасан аль нэг үндэслэлд хамааралгүй байна.

Орхон аймгийн Прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5/102 тоот прокурорын тогтоолд “Ш.Э нь ...компанийн хоосон бланкан дээр тус компанийн гүйцэтгэх захирал Оюунцэцэгийн гарын үсгийг хуурамчаар зурж, С.Алагаагийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлсэн, Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн...” боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар тусгагдсан байх ба уг тогтоол нь хүчинтэй байна. Хариуцагчийн зүгээс гомдол гаргаж, тогтоолыг хянуулаагүй бөгөөд тогтоолд тусгасан үндэслэлийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байв.

Барьцааны зүйлийн өмчлөгч С.Алагаа нь “Н Л И”ХХКомпанид 4 450 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч шүүхээс хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй алдааг хяналтын шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч “Н Л И”ХХКомпани нь хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас ”...гадаадад оюутан солилцох, ажилд зуучлах үйл ажиллагаа нь доголдсон, барьцааны хөрөнгөөр хохирсон” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ. Тэрээр барьцааны зүйлийн үнийг гэрээнд 5000 ам.доллараар тогтоосон, хариуцагч 2422 ам.долларыг төлсөн тул үлдэх 3865 ам.доллар, алданги 1288 ам.доллар, нийт 3865 ам.доллар буюу 9 598 807 төгрөг, Эрдэнэт хот руу ирж очсны зардал 500 000 төгрөг нийт 10 098 810 төгрөгийг гаргуулна гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлыг арилгуулах буюу гэрээний бус үүргийн шаардах эрхийг тодорхойлсон шинжтэй боловч гэрээний үүргийг барьцааны зүйлээр үүргийг хангуулах боломжтой байтал хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас барьцааны зүйлээр хохирсон гэж гэрээний үүрэгтэй холбоотой үндэслэлийг мөн гаргажээ.

Барьцааны эрх нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасан салгаж үл болох эрх тул үндсэн эрхгүйгээр, дангаар, бие даасан хэлцэл болдоггүй бөгөөд нэхэмжлэгч барьцааны зүйлээр хохирсон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байгаа тохиолдолд барьцааны гэрээ, үндсэн гэрээний хүчин төгөлдөр байдал, үүргийн хэмжээ, гэм буруугийн асуудлууд шүүхийн хийх ёстой эрх зүйн дүгнэлт болно. 

Зохигчид 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр бичгээр гэрээ байгуулж, уг гэрээний дагуу “Н Л И”ХХКомпани нь АНУ-д ажиллах боломж олгоход зуучлах,  А.Хэрлэн нь зуучлалын хөлс төлж 3 сарын хугацаанд АНУ-д ажиллаад хугацаандаа буцаж ирэх үүргийг тус тус хүлээжээ. Уг гэрээ нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний шинжийг агуулсан, талуудын тохиролцоо хууль зөрчөөгүй,   хүсэл зоригоо илэрхийлж гарын үсгээ зурсан, гэрээ хүчин төгөлдөр байна. Гэрээний үүргийг хангуулах зорилгоор зохигчдын хооронд барьцааны гэрээ байгуулагдаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 24 дүгээр гудамжны 09 тоот, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны зүйлийн үнийг 5 000 ам.доллар гэж гэрээнд зааж, үүрэг гүйцэтгэгч эх орондоо эргэж ирэхгүй, үүргээ зөрчсөн бол барьцааны зүйлээс хохирлыг барагдуулах тухай тохирч, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д нийцжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл А.Хэрлэн нь хугацаандаа буцаж ирээгүй, үүргээ зөрчсөн нь тогтоогдсон байна. Иргэний хуулийн153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.1.2-т зааснаар барьцаагаар хангагдах шаардлагыг барьцааны зүйлээс хангуулдаг тул барьцааны зүйл болох эд хөрөнгөөр хохирсон гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь гэрээний үүргийг зөрчснөөс учирсан хохирлыг нотлоогүй бөгөөд барьцааны зүйлийн үнийн дутууг шаардах үндэслэлгүй болно.

Гэрээний үүргийг зөрчсөн нь барьцааны хөрөнгийг авах, улмаар барьцааны хөрөнгөөр хохирсон гэх үндэслэлийг бий болгохгүй бөгөөд харин барьцааны зүйлээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулах эрхийг бий болгодог байна.

Иймд нэхэмжлэгчийн хувьд гэрээ болон гэрээний бус үүргийн дагуу шаардах эрх үүсээгүй, нэхэмжлэлийн шаардлага болох барьцааны зүйлийн үнийн дутуу, алданги нь хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол биш тул “Н Л И”ХХКомпаний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 94 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/00241 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АМАРСАЙХАН                 

ШҮҮГЧ                                                 П.ЗОЛЗАЯА