Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 00094

 

                              “Ньюлинк Интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Ш.Эрдэнэцэцэгт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/00241 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : “Ньюлинк Интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш.Эрдэнэцэцэгт холбогдох,

“Хохирол 10.098.810 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Эрдэнэцэцэгийн “Цалин, нийгмийн даатгалын шимтгэлд 6.675.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн,

2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагч Ш.Эрдэнэцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ньюлинк интернэшнл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нью Линк Интернэшнл ХХК нь 1999 оноос хойш албан ёсоор оюутан сурагчдыг гадаадад сурч боловсрох, ажиллах боломж олгож зуучлах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гадаад суралцахаар болсон оюутан Монголдоо заавал буцаж ирэх үндэслэл болгож ул хөдлөх эд хөрөнгө барьцаалах шаардлага үүсдэг болно. Учир нь гэрээгээр гадаадад суралцдаг оюутан, соёлын солилцооны хөтлбөрөөр явахдаа хугацаандаа буцаж ирэхгүй байх, гадаад улсын хууль дүрмийг зөрчиж харлаж визний зөрчил гаргах, гэмт хэрэгт ороолцолдох нь зуучлагч Нью Линк Интернэшнл ХХК үйл ажиллагаа хэвийн явуулахад хортой нөлөөтэй ба гадагш сурах чин хусэлтэй дараагийн хүүхдүүд гадаадад суралцах боломж алдагддаг, мөн гадаадын харилцагч байгууллагууд итгэл алдарч хамтран ажиллахаас татгалздаг ноцтой үр дагавартай болно. Иргэн Алтангэрэлийн Хэрлэн нь 2010 онд "АААА байгууллагын зуучлалаар барьцаа хөрөнгө тавьж АНУ-д явж байгаад 2011.02.25-ны өдөр манай Нью Линк Интернэшнл ХХК-ийн дэмжлэгээр Соёлын солилцооны хөтөлбөрийн 1/25 тоот гэрээ байгуулж үйлчилгээний ажилд 3 сараар АНУ-д ажиллах боломж олгож, улмаар Монголд буцаж ирэх баталгаа болгож 2011.04.12-ны өдөр Барьцааны гэрээ байгуулж Содовын Алгаагийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 24-р гудамжны 09 тоот 102м2 талбайтай 2 давхар Үл хөдлөх Ү-2101008991 гэрчилгээтэй хөрөнгийг барьцаалах гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулсан болно. А.Хэрлэн нь АНУ-д харлаж Монголд улсад ирэлгүй гэрээгээ зөрчсөн бөгөөд найдваргүй харилцагчаас болж Нью Линк Интернэшнл ХХК нь үйл ажиллагаа нь доголдсон болно. Гэтэл А.Хэрлэн болон түүний ээж С.Алгаа нартай манай ажилтан Ш.Эрдэнэцэцэг хуйвалдан 2014.09.08-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр, бэлэн тамгатай бланк ашиглаж УБЕГ-т барьцааг чөлөөлөх хуурамч албан тоот бичиж хийж өгснөөс болж хууль бусаар барьцаа чөлөөлөгдөж манай компани барьцаа хөрөнгөөр хохирсон болно. Бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэж Нью Линк Интернэшнл ХХК -ийн ажилтан байсан Ш.Эрдэнэцэгийг цагдаад өгч шалгуулахад тус аймгийн Прокурорын газраас 2016.04.19-ны өдөр 5/102 тоот тогтоол гаргаж хуурамч бичгийг хийж өгсөн гэсэн яллагдагчийн мэдүүлгээр тогтоогдож байна, хохирлоо иргэний журмаар нэхэмжил гэсэн болно. Иймд 2011.04.12-ны өдрийн Барьцааны гэрээний үүрэгт 3865.81 $ буюу 9 598 807 төгрөгийг эрүүгийн хэрэгт шалгагдаж буруутай тогтоогдсон, гэм буруутай этгээд болох Ш.Эрдэнэцэгээс гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. Барьцааны гэрээний үүрэгт 2422.79 $ буюу 4.450.000 Т төлсөн бөгөөд зөрүү 2577.21$ мөн тус гэрээний 2.3.1 дэх заалтаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2% алданги авах ёстой бөгөөд нийт үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй тул 1288.60 $ авах учиртай гэж үзээд нийт 3865.81 $ буюу 9.598.807 Т-ийг болон зардалд 500.000 төгрөг, нийт 10.098.810 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би 2014 оны 9 сарын 8-ны өдөр Содовийн Алагаагийн Орхон аймгийн Баян- Өндөр сум Булаг багийн 24-р гудамжны 9 тоот газар, хашаа, байшин үл хөдлөх эд хөрөнгө нь Алтангэрэлийн Хэрлэн гэдэг оюутны барьцаанд байсан бөгөөд захирлуудын өөрсдийнх нь зөвшөөрлөөр /Содовийн Алагаа нь гэрээний хугацаанд барьцааны төлбөр болох 4 250 000 төгрөгийг шилжүүлсэн баримтуудыг үндэслэн чөлөөлсөн болно. Нью линк интернешнл ХХК-ийн захирал Д. Ариунболд, Т.Оюунцэцэг нар над руу гарын үсэг зурсан болон тэмдэг дарсан хэвлэмэл баланкыг явуулдаг байсан бөгөөд үүн дээр би орлого болон зарлага хийх, барьцааны гэрээ байгуулах болон цуцлан хариуг тэр дор нь өөрсдөд нь мэдэгддэг байсан. Миний хувьд Содовын Алагаа болон А.Хэрлэн нартай хуйвалдсан, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн асуудал байхгүй. Энэ асуудлаар Д.Ариунболд Орхон аймгийн аймгийн Цагдаагийн газарт удаа дараа гомдол гаргаж би шалгагдсаны эцэст хэрэгсэхгүй болсон билээ. Иймд Нью линк интернэшнл ХХК буюу Д.Ариунболдын Ш.Эрдэнэцэцэг надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Ш.Эрдэнэцэцэг би Нью линк интернэшнл ХХК-ий захирал Д.Ариунболдтой тохиролцсоны үндсэн дээр түүний Орхон аймаг дахь салбарт 2011 онд БНСУ-ыг хариуцсан харилцааны менежерээр анх ажилд ороод үүнээсээ Орхон аймаг дахь салбарын ерөнхий менежер, Улаанбаатар дахь салбарын БНСУ-ыг хариуцсан менежерээр 2015 оны 2-р сар хүртэл тус тус ажилласан. Тэрээр надтай анх 500,000 төгрөгний цалин өгч ажиллуулна гэж тохирсон бөгөөд тэрээр надад 2011 оны 6 сараас 2014 оны 5 сар хүртэл сарын 400 000 төгрөгний цалинг ХААН банкаар шилжүүлж байсан бөгөөд 2014 оны 5-р сараас эхлэн 2015 оны 2-р сар хүртэл нэг ч төгрөгний хөдөлмөрийн хөлс өгөөгүй тул 10 сарын цалин 5,000,000 /таван сая/ төгрөг,/

Нью линк интернэшнл ХХК Орхон аймагт 2011 оны 6-р сараас 2015 оны 2-р сар хүртэл үйл ажиллагаа явуулахдаа Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн нутагт оршин Зохимж ХХК-ийн байранд 1 сарын 380.000 төгрөгний төлбөртэйгээр өрөө түрээсэлж байсан бөгөөд өрөөний түрээсийн мөнгийг шилжүүлэхгүй байсан тул би 1 сая төргөгийг Зохимж ХХК-д тушааж байсан. Энэ талаархи санхүүгийн баримт нь бий. Би түүний өмнөөс түрээс төлөх үүрэггүй. Тэрээр над руу түрээсийн мөнгийг шилжүүлнэ гэж байсан тул дээрх 1 сая төгрөгийг уг байгууллагын санхүүд тушаасан. Иймээс түрээсийн мөнгө болох 1 сая төгрөг. Нью линк интернэшнл ХХК-ийн захирал Д.Ариунболд нь надад цалин өгөхдөө нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутган өгдөг байсан боловч ажлаас гарахдаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрээ авахад 2012 оны 1 сараас 2012 оны 9-р сар хүртэл л цалингийн доод хэмжээгээр төлсөн байсан. Иймд Нью линк интернэшнл ХХК-ийн захирал Д.Ариунболдоос хөдөлмөрийн хөлс 5 сая төгрөг, түүний өмнөөс Зохимж ХХК-д төлсөн түрээсийн төлбөр 1 сая төгрөг, ажилд орсноос хойш цалингаас суутгаж байсан нийгмийн даатгалын хураамж 2011 оны 180 000 төгрөг, 2012 оны 255 000 төгрөг, 2013 оны 240 000 төгрөг нийт 6 675 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/00241 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ньюлинк интернэшнл ХХК-ийн хариуцагч Ш.Эрдэнэцэцэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэгч Ньюлинк интернэшнл ХХК-нд холбогдуулан гаргасан 6 675 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 176 550 төгрөгийг, хариуцагч Ш.Эрдэнэцэцэгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 121 750 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг давж заалдсан гомдолдоо:

“Нью линк интернэшнл“ ХХК Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн барьцаа чөлөөлөгдсөн асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Цагдаагийн байгууллага барьцаа чөлөөлсөнтэй холбоотой асуудлыг шалгаад улсын бүртгэгч буруугүй харин Ш.Эрдэнэцэцэг буруутай юм байна гэж үзэн санал гаргаж прокурорын байгууллага хянаж үзээд Ш.Эрдэнэцэцэг буруутай гэж тогтоогоод хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тогтоолд эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэйг дурьдсан байдаг ба Ш.Эрдэнэцэцэг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй байдаг ба байцаалтан дээр буруугаа хүлээж “надад хөнгөн ял оногдуулж өгөөч гэсэн байдаг.

Иймд прокуророос гэм бурууг тогтоосон, Ш.Эрдэнэцэцэг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч тогтоолд гомдол гаргаагүй учир гэм буруутай нь тогтоогдсон байна. Прокурорын тогтоол гэм буруутайг тогтоодоггүй, шүүх тогтоодог гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв Ш.Эрдэнэцэцэг хүлээн зөвшөөрөхгүй байсан юм бол тогтоолоо аваад гомдол гаргах эрх нь нээлттэй байсан.

Зарчмын хувьд шийдвэрийг аваад гомдол гаргахгүй бол шийдвэр хуулийн хүчинтөгөлдөр болдгийн адил гэм буруутайг тогтоосон тогтоолыг аваад гомдол гаргаагүй бол гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнд тооцдог. Иймд гэм буруутай нь тогтоогдсон, гэм буруутай этгээд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхад гэм буруу нь тогтоогдохгүй байгаа гэсэн 2017.02.17-ны өдрийн 241 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ньюлинк Интернэшнл ХХК-ийн хариуцагч Ш.Эрдэнэцэцэгт холбогдуулан хохирол 10.098.810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Ш.Эрдэнэцэцэг нь “Ньюлинк Интернэшнл” ХХК-ийн  захирал Д.Ариунболдод холбогдуулан цалин, нийгмийн даатгалын шимтгэлд 6.675.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “Ньюлинк интернэшнл” ХХК-ийн хариуцагч Ш.Эрдэнэцэцэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэгч “Ньюлинк интернэшнл” ХХК-нд холбогдуулан гаргасан 6 675 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116  дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Орхон аймгийн Прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5/102 дугаар прокурорын тогтоолд:

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар Ш.Эрдэнэцэцэг нь “Ньюлинк Интернэшнл” ХХК-ний Орхон аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байхдаа компаниас явуулсан тамга тэмдэг бүхий хоосон бланк дээр С.Алгаагийн үл хөдлөх хөрөнгийг барьцааны үүргээс чөлөөлөх тухай бичиж, тус компанийн гүйцэтгэх захирал Т.Оюунцэцэгийн гарны үсгийг хуурамчаар зурж аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, барьцаанаас чөлөөлүүлсэн болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Яллагдагч Ш.Эрдэнэцэцэг  нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн, байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэжээ.

Анхан шатны шүүх “...5/102 тоот тогтоол нь хариуцагчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээр тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биш учраас уг тогтоолыг үндэслэн хариуцагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх боломжгүй гэж үзлээ...”,  гэжээ.

Шүүх 5/102 дугаар прокурорын тогтоолыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биш гэж үзсэн атлаа энэ талаар үгүйсгэсэн, няцаалт хийсэн дүгнэлт хийгээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ..”, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс  хэрхэн үнэлж байгаа тухай заана гэсэн заалтуудыг тус тус зөрчжээ.

Нэхэмжлэгч “Ньюлинк Интернэшнл” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “...нийт 3865.81 $ буюу 9.598.807 Т-ийг ...”, гаргуулж өгнө үү гэсэн боловч 2011 оны 04 дүгээр сарын 12 ны өдрийн байдлаар Монгол банкны ханшийн мэдээллээр 1 ам доллар  хэдэн төгрөг байсан талаар баримт хэрэгт авагдаагүй, 9.598.807 төгрөгийг яаж бодож гаргасныг тодруулах шаардлагатай байна.  

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176.550 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/00241 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176.550 төгрөгийг буцаан олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                            ШҮҮГЧИД                                                     С.УРАНЧИМЭГ

 

                                                                                                  Б.БАТТӨР