Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 130

 

С.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Д.Бат-Оргил, Д.Болормаа, хохирогч Б.Ц, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 251 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 633 дугаар магадлалтай, С.О-д холбогдох 2205016612175 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Даруу овогт С.О нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.О-д холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, С.О-ыг цагаатгаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баянмөнх бичсэн эсэргүүцэлдээ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/251 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч С.О болон түүний өмгөөлөгч нарын гомдлоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 2023/ДШМ/633 дугаар магадлалаар шүүгдэгч С.О-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмын дагуу прокуророос С.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ДШМ/633 дугаартай магадлалыг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүгдэгч С.О нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 00 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны 51 тоот байранд “аавын эд зүйлийг авсан” гэх шалтгаанаар хэрүүл, маргаан үүсгэж, улмаар хохирогч Б.Ц-ийн биед халдаж, түүний эрүүл мэндэд “тархи доргилт, хүзүү, ар нуруу, гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Ц, Т.Б, О.М, Ч.А нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяагийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 7243 дугаартай дүгнэлт зэрэг мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч С.О-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

Гэтэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч С.О нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 00 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны 51 тоот байранд “аавын эд зүйлийг авсан” гэх шалтгаанаар хэрүүл, маргаан үүсгэж, улмаар хохирогч Б.Ц-ийн биед халдаж, түүний эрүүл мэндэд нь “тархи доргилт, хүзүү, ар нуруу, гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд хамааралгүй буюу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяагийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 8352 дугаартай шинжээчийн дүгнэлтийг дээрх хэрэгт дахин хийгдсэн шинжилгээ мэтээр буруу үнэлж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч С.О нь анх 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны 51 тоотод хохирогч Б.Ц-ийг зодсон бөгөөд түүний уг үйлдлийн улмаас хохирогч Б.Ц-ийн эрүүл мэндэд “тархи доргилт, хүзүү, ар нуруу, гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяагийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 7243 дугаартай дүгнэлт болон хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдсон байна.

Шүүгдэгч С.О-ын дээрх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх явцад буюу 2022 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 07 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төв дотор шүүгдэгч С.О, хохирогч Б.Ц нар нь урьдын таарамжгүй харилцааны улмаас дахин хэрүүл маргаан хийх явцад С.О нь хохирогч Б.Ц-ийн биед дахин халдсан бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогч Б.Ц-ийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоох зорилгоор хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяагийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 8352 дугаартай шинжээчийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 7243 дугаартай шинжээчийн дүгнэлтийг магадлах зорилгоор хийсэн дахин шинжилгээ мэтээр буруу үнэлэлт дүгнэлт өгч, улмаар шүүгдэгч С.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших байдлыг бий болгож байна гэж дүгнэв.

Түүнчлэн прокуророос шүүгдэгч С.О 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Б.Ц-ийн биед халдсан үйлдлийг зөрчлийн шинжтэй болохыг дурдаж холбогдох баримтыг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад хүргүүлсэн тухай албан бичиг хэрэгт авагдсан байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяагийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 7243 дугаартай дүгнэлтэд хохирогч Б.Ц-ийн бусдад зодуулсан огноог 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэж шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдсэн өдрийн огноогоор бичсэн байх боловч энэ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гэм буруугүй гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээ болохгүй болно. Хэрэг хэзээ, хаана гарсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Шинжээчийн дүгнэлтийн зорилго нь тусгай мэдлэгийн хүрээнд эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг тогтооход чиглэгдэнэ. Гэтэл давж заалдах шатны шүүх тусгай мэдлэг бүхий мэргэшлийн хүрээнд хохирогчийг биечлэн үзэж гаргасан шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 7243 дугаартай дүгнэлтийг эргэлзээтэй гэж үндэслэлгүй хийсвэр дүгнэлт өгчээ.

Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ДШМ/633 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч С.О нь өөрийн төрсөн эцгийнхээ хамтран амьдрагч болох хохирогч Б.Ц-тэй маргалдсаны улмаас түүнийг зодож тархи доргилт, хүзүү, гар, ар нуруу, шилбэ, гуя хэсэгт гэмтэл учруулж шинжээч эмчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна. Хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан судалж үзэхэд хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг харилцан эсрэг сонирхолтойн дээр хамт байсан гэрч болох хохирогчийн охин, шүүгдэгчийн нөхөр, түүний хамаатны хүмүүсийн мэдүүлгүүд харилцан зөрүүтэй байдаг. Анхан шатны шүүхээс эдгээр нотлох баримтуудыг хүчин чадлын хувьд нэг нь нөгөөгөөсөө ач холбогдолтойг ялган дүгнэж, хохирогчийн биед учирсан хөнгөн хохирлыг шүүгдэгч С.О учруулсан гэж үзэж, түүнийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалын шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт “шинжээчийн дүгнэлт нь бичиг техникийн шинжтэй алдаа гаргасан байхад он, сар, өдрийг хэрэг гарсан 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс зөрүүтэй байдлаар бичсэн нь” эргэлзээ төрүүлж байна гэж хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй хийсвэр дүгнэлт болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч Б.Ц хэлсэн саналдаа “Энэ хэрэг маргаан жил гаруй хугацаанд үргэлжилж, талийгаачийн ясыг өндөлзүүлж байгаадаа харамсаж байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Тухайн үед сэтгэл санааны дарамттай байсан. Талийгаач том биетэй хүн байсан болохоор түргэний тэрэг дээр өргөж тээх үед зарим зүйлийг мөргөх зүйл болсон. Би хуучин аваарт орж тархиндаа бэртэл авч байсан бөгөөд шинжээчийн дүгнэлтэд нөлөөлсөн байж болзошгүй. С.О бид хоёрын хувьд сэтгэл санааны гүн хямралд орсон байсан учир хоорондоо маргалдаж, бие биенийхээ дээр гарах гэсэн зүйл л болсон. Би энэ хэргийн улмаас эмчилгээ хийлгээгүй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бат-Оргил хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх хохирогч Б.Цийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг үндэслэл бүхий зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн бодит байдалтай бүрэн дүүрэн нийцэж байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч н.Туяа, н.Даваасүрэн нар оролцсон бөгөөд н.Туяа эмчийн хувьд хохирогч Б.Ц-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэх 7243 дүгнэлтийг гаргасан байдаг. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Харин давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн алдаа, зөрчлийг зөвтгөж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шинжээч эмч нарын дүгнэлтүүд эргэлзээ бүхий, мөн гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байдаг. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүйгээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь буруу юм. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Болормаа хэлсэн саналдаа ”Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг миний үйлчлүүлэгч С.О үйлдсэн эсэхийг бүрэн гүйцэд тогтоогоогүй. Прокурорын эсэргүүцэлд дурдсан шиг давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглээгүй бөгөөд хавтас хэрэгт цугларсан хэргийн материалыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэдэг нь хавтас хэрэгт цугларсан баримтын хүрээнд тогтоогдоогүй, эргэлзээтэй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар уг хэрэг дээр ажиллаж байсан н.Бат-Өлзий, н.Бат-Оргил өмгөөлөгч нар эргэлзээ бүхий шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар хүсэлт гаргасан боловч прокурор болон анхан шатны шүүх хүлээн аваагүй. Анхан шатны шүүх эргэлзээ бүхий шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж байгаа нь буруу юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасныг баримтлан С.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хоёр шинжээч эмч оролцсон бөгөөд тархи доргилт буюу өвчтөний илэрхийлж байгаа оношийг өөр өөрөөр тайлбарладаг. Хэрэгт авагдсан баримтаар С.О нь хохирогч Б.Ц-ийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

1.Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баянмөнхийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн С.О-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоох талаар шаардлагатай бүхий л ажиллагаа хийгдсэн, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо нотлох баримт нэг бүрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, учирсан хохирлын хэмжээ, шинж чанар зэрэг нотолгооны зүйлийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.

2.Шүүгдэгч С.О нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны орой 00 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны 51 тоот орон сууцанд “аавын эд зүйлийг авсан” гэх шалтгаанаар Б.Ц-тэй хэрүүл маргаан үүсгэж, хоорондоо хэрэлдэж маргалдах явцад түүнийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эрх чөлөөнд нь халдан зодсон үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэв.

Харин С.О-ын дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Ц-ийн эрүүл мэндэд “тархи доргилт, хүзүү, ар нуруу, гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 7243 дугаартай дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн эсэхэд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийхгүй орхигдуулсан нь буруу байна.

3.Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан”, мөн журмын 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан” бол тухайн гэмтлийг хөнгөн зэргийн гэмтэлд хамааруулахаар заасан бөгөөд хохирогч Б.Ц-ийн хувьд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7243 дугаартай дүгнэлтэд дурдсан “тархи доргилт, хүзүү, ар нуруу, гуя, шилбэнд цус хуралт” бүхий гэмтлийн улмаас эрүүл мэнд нь түр хугацаагаар сарнисан, эсхүл ерөнхий хөдөлмөрийн чадвараа бага хэмжээгээр алдсан гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүйгээс гадна тэрээр хяналтын шатны шүүх хуралдаанд оролцохдоо тухайн гэмтлийн улмаас эмчилгээ хийлгээгүй гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн шүүгдэгч С.О нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Б.Ц-тэй дахин хэрүүл маргаан хийж, эрх чөлөөнд нь халдсан үйлдлийн улмаас хохирогч Б.Ц-ийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоох зорилгоор хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8352 дугаартай дүгнэлтэд “хохирогч Б.Ц-ийн биед тогтоогдсон бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл нь гэмтлийн зэргийн шалгуур шинжийг хангахгүй” гэснээс үзэхэд хохирогч Б.Ц-ийн биед 2022 оны 05 дугаар сарын 13-ны орой учирсан гэх “тархи доргилт, хүзүү, ар нуруу, гуя, шилбэнд цус хуралт” бүхий гэмтлийн үр дагавар нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр С.О-д дахин зодуулсны улмаас үзлэг, шинжилгээ хийх үед илрээгүй байх тул 7243 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд эргэлзэх нөхцөл байдал бий болжээ. 

4.Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч С.О-ыг хохирогч Б.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй талаар дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан шүүгдэгч С.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч С.О-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баянмөнхийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 633 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баянмөнхийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

   ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                         ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                                Б.БАТЦЭРЭН

                     Ч.ХОСБАЯР