Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/251

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнх,

Гэрч ***, ***, ***, ***,

Хохирогч ***, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2766/,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Э.Ганбат /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0362/, Д.Бат-Оргил /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0015/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205016612175 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Улаанбаатар хот дахь Гаалийн газарт улсын байцаагч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр хороолол, *** дугаар байр, *** тоотод оршин суух, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 00 цагийн үед Баянгол дүүргийн *** байранд “аавын эд зүйлийг авсан” гэх шалтгаанаар хэрүүл, маргаан үүсгэж, улмаар хохирогч ***ийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр түүний эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, хүзүү, ар нуруу, гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 5 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө болсон үйл явдал. 21 цагийн орчимд гэртээ орж ирээд хувцсаа тайлаагүй байж байтал манай нөхөр рүү *** ахын хүү *** гар утсаар ярьж өвөөгийн бие муудчихлаа, гуравдугаар нэгдсэн эмнэлэг рүү явсан гэсэн. Нөхөртэйгөө хамт 20 орчим минутын дараа гуравдугаар нэгдсэн эмнэлгийн гурван давхарт очиход сэхээн амьдруулах тасагт орчихсон байсан. Нөхөртэйгөө хамт эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг руу жижүүр эмчийн хамт ороход аав ухаангүй байсан. Аавыг гүн харвалт өгсөн, гэхдээ эмнэлгийн талаас чадах бүхнээ хийнэ, уулзуулах хүмүүсийг нь дуудаарай гэж хэлсэн. Гэрээс нь дотуур хувцас, эм тариа зэргийг надад захиж хэлсэн. Би нөхөртэйгөө хамт эргэж гараад шууд аавын гэрт очиход *** эгч хаалга тайлж өгсөн. Тэгээд том өрөө рүү нь яваад ороход *** гэж хүн миний аавын эзэмшлийн сейфийг онгойлгож дотор байсан зүйлийг нь цүнхлээд аваад гарах гэж байсан. “Та юу аваад гарах гэж байгаа юм бэ, аав ухаангүй, үхэх сэхэхийн зааг дээр байхад” гэж хэлсэн. Аав, ээжийн эд зүйлийг хамгаалах ганц хүн нь би. Нэг хүү нь группт орчихсон, хоёр хүүхэд нь гадаадын иргэн болчихсон. Тэгээд “та юу авч байгаа юм үзүүл” гэж хэлэхэд үзүүлэхгүй гэж дайрсан. Дайрахдаа барьсан цүнхээрээ хэд хэдэн удаа ороолгосон. Бид хоёрын дунд маргаан болсон тэрнээс биш зодоон цохион болоогүй. 2-3 удаа цохиход цүнхэнд хийсэн зүйл газар унасан. Тэр дотор аавын хөөрөг, хадгаламжийн дэвтэр, ээжийн нас барсны гэрчилгээ, аавын хэрэглэж байсан нотебүүк зэрэг байсан. Удалгүй Нарлаг цагдаагийн хэлтсээс нэг цагдаа орж ирсэн. Орж ирээд юу болж байгаа юм гэж асуусан. Орж ирэхэд зодоон цохион болоогүй байсан. Энэ хүн миний эцэг, эхийн сейфийг онгойлгож хулгай хийгээд гарах гэж байна, энэ хүнийг цүнхийг шалгаад өгөөч гэж хэлсэн. Цагдаагийн алба хаагч цүнхийг нь шалгахад аавын ганц хэрэглэж байсан, ээжийн үлдээсэн алтан бөгж байсан. Тэгээд цагдаагийн хэлтэс рүү явъя гэсэн. Цагдаагийн хэлтэс дээр очиход аав чинь хүнд байдалтай байгаа бол эмнэлэг рүүгээ яв, дараагийн асуудлыг хорооны цагдаа дуудаж асуух байх шүү гэж хэлсэн...” гэв.

Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: “...5 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед гэрээсээ гараад буцаад явж байхад манай охин над руу залгаад *** ахын бие муудчихлаа гэж хэлсэн. Тэндээсээ такси бариад очиход ухаангүй сандал дээр хэвтэж байсан. Түргэн ирэхээр нь цүнхэндээ бичиг баримтаа хийгээд эмнэлэг явсан. Эмнэлэг рүү очоод нэлээн удсаны дараа *** ирсэн. Үүний дараа эмнэлгийн эмч нь сэхээнд орохоор болсон гэж хэлсэн. Эмч нь намайг дуудаад найдваргүй ээ, гүн харвалт болсон байна. Ах, дүү нартаа хэлээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь ***өд ***д хэлээрэй гэсэн. Би ***д өөрт нь хэлсэн. Өдөр болгон ***тай гар утсаар ярьдаг байсан. ***, нөхөртэйгөө орж ирээд том цүнхээрээ цохиход *** салгаад доошоо очоод байж бай гэсэн. Тэгээд нэлээн хугацааны дараа *** надад түлхүүрээ өгсөн. Тэгээд энэ гурав гарч ирээд *** нөхөртэйгөө машин руугаа явсан. *** наад авгай чинь бужигнуулна гэнээ, би үлдье, таныг таксинд хүргэж өгье гэж хэлээд намайг таксинд хүргэж өгөөд би такси барьж очиж лифтнээс гарахад Солонгос улсаас *** залгаж ярьж байсан. Тэгээд коридорт ярьж байхад араас гарч ирээд энэ том цүнхээрээ намайг зодож цохисон. Тэгэхэд манай охин хаалга онгойлгож салгаж гэрт оруулсан. Том өрөө рүү ороод өвгөний хувцсыг халааданд боосон байсан. Эмч нь надад та энэ бөгжийг нь ав гэсэн. Тухайн бөгжийг байнга зүүдэг байсан. Энэ хүн аавтайгаа харьцаж байгаагүй. Би ороход араас орж ирээд зодоод байсан. Надад том хар цүнх байхгүй, тийм цүнх барьдаггүй. Би энэ хүнийг зодоогүй. Би зодуулсандаа гомдолтой байна. Би гэрийнхээ хувцастай цүнхээ үүрээд гарсан. Одоо болтол хувцсаа авч чадаагүй. Дөрвөн жил аавтай нь амьдарсандаа сайхан сэтгэл гаргаж байсан...” гэв.

Гэрч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...5 дугаар сарын 13-ны шөнө коридорт хүмүүс хашхиралдах чимээ гарахаар нь би хаалга тайлсан. Хаалга тайлахад миний ээж *** ахын хувцсыг тэвэрсэн, *** гэдэг эмэгтэй миний ээжийн толгой хэсэг рүү гараараа цохиж байсан. *** гэдэг хүн хажууд нь зогсож байсан. Тэгэхээр нь би гараад энэ хоёрыг салгаад орж ирсэн. Орж ирсэн хугацаанаасаа эхлээд учиргүй агсан тавьсан. Би согтуу байсан гэж бодож байсан. Гал тогооны өрөөнд байхад миний ээжийн ээмэг гээд булаах гэж оролдсон. Учиргүй толгой хэсэг рүү нь цохисон. Үсийг нь туг тугаар зулгаасан байсан. Нүүр нь тэр чигээрээ хавдсан байсан. Тэр гэрт ***, нөхөр нь, би болон миний хүүхдүүд, ***, ***, *** нар байсан...” гэв.

Гэрч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гадаа коридорт хүмүүс маргалдах нь сонсогдохгүй, сонсогдох боломжгүй. *** гэдэг хүн орж ирээд, дараа нь *** ах, *** эгч орж ирсэн. ***, *** нарын дунд маргаан гарсан. Бичиг баримтын тухай ярьж байсан. ***ын зүгээс ***ийг цохисон зүйл байхгүй. Тэр хоёрыг маргалдаж байхад *** ах, *** эгч байсан...” гэв.

Гэрч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Намайг гуравдугаар эмнэлэгт очиход *** байсан. Намайг эмнэлэг дээр ирээд байж байхад ***, *** хоёр ирсэн. ...Эмнэлэг дээр ***, *** нарын хороонд зодоон, цохион болоогүй. *** нь намайг гурван давхарт байхад явчихсан байсан. Өвөөд анхаарал тавих хүн надаас өөр байгаагүй. Хэрэг гарах хугацаанд би хажууд нь байгаагүй...” гэв.

Гэрч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...***тай хамт эмнэлэг дээр очиход *** байсан. ***, *** хоёр хоорондоо муудалцаж, маргалдсан зүйл болоогүй. ***ын зүгээс ***ийн биед халдсан, цүнхээр цохисон асуудал болоогүй. Гэрт ороход *** эгч хаалга тайлж өгсөн. Хажууд нь *** байсан. ...Цүнхээ өгнө, өгөхгүй гэж маргалдсан. Тэр хооронд ямар ч байсан цүнхээрээ 2-3 цохисон. Зодоон гараагүй. Цүнхээр цохисон гэсэн болохоос зодолдсон гэж хэлээгүй. Бид хоёрыг очиход ***, ***, *** нар байсан...” гэв.

Эрүүгийн 2205016612175 дугаартай хэргээс:

1. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өөрийн гэр болох Баянгол дүүргийн *** тоотод манай охин *** болон хамтран амьдрагч *** түүний хүү *** бид дөрөв байж байхад *** нь гүн харвалт өгсөн. Түргэн дуудаад 23 цаг өнгөрч байхад ирээд эмч нь үзээд шууд эмнэлэгт авч явъя гээд Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэг рүү аваад явсан. Тухайн үед би гэрийнхээ хувцастай автомашинд нь хамт суугаад явсан. Эмнэлэг дээр очоод шууд сэхээн амьдруулах тасаг руу оруулсан. Эмнэлэг дээр ***ын охин *** бид хоёр зогсож байхад гаднаас ***ийн охин *** нөхөр *** хоёр орж ирсэн. Тэгснээ *** нь намайг орж ирэнгүүтээ пизда авгай чи миний аавыг алчихлаа гээд согтуу орилж байгаад намайг цүнхээрээ савах үед нь *** нь салгаад та доор очоод бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би доор зогсож байтал нэлээн хугацааны дараа *** нь ирээд та гэртээ хариад хүүхдүүдээ аваад явж бай. Тэгэхгүй бол наад авгай чинь одоо очоод агсам тавина гээд байна гэж хэлэхээр нь шууд тэндээс такси бариад гэртээ очтол миний араас *** нь нөхрийнхөө хамт орж ирсэн. Намайг үгийн зөрөөгүй цүнхээрээ цохиод намайг үстэж авсан. ...Би энэ *** гэх хүнийг зодож цохисон асуудал бол байхгүй. Учир нь би тухайн үед хоёр гартаа тортой хувцас тэвэрчихсэн байсан. Намайг эхлээд *** нь коридорт зодоход бол ***ын нөхөр *** нь байсан. Харин гэр лүү явж орох үед ***, ***, ***, Аажмаа, *** гэх хүмүүс харж байсан. Энэ хүмүүс намайг зодоогүй гэдгийг бол гэрчилнэ. ***ыг хаалгаар орж ирэхэд нь сэйфэнд юм хийх гээд онгойлгоод байж байсан. Тэгсэн чинь миний аавын бөгжийг хулгай хийгээд авч байна гээд над руу дайрсан. Тэгээд намайг зодож эхэлсэн. *** нь намайг үстээд авахаар нь би үснээс нь зулгаасан асуудал бол байгаа. Тэрийг бол тэнд байгаа хүмүүс харсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Мөн тэнд байсан хүмүүс согтуу байгааг нь бүгд л мэдэж байсан. Б.*** гэх хүнтэй 2018 оноос хойш хамт амьдарч байгаа. Харин *** нь ***ийн охин байгаа юм. Би 2015 онд өндөр насны тэтгэвэрт гараад 2016 оноос хувийн эмнэлэгт ажилладаг байхад энэ *** гэх хүн ирж үзүүлээд бүтээгдэхүүн авдаг байсан. Тэгэхэд нь бид хоёр танилцаж байсан. Би байрыг нь түрээсэлж байсан удаа бол байхгүй. Харин *** нь надад ирээд хоёулаа хамт амьдаръя би одоо хүнээр асруулж байхаар чамтай хамт байя гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр хамтдаа амьдрахаар болоод ***ийн гэрт амьдарч эхэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),

Мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 13-ны орой миний хамтран амьдрагч ***ийн даралт нь харваж, түргэний эмч гэрт ирээд авч явахаар нь миний бие эмнэлгийн машинаар хамт 3 дугаар эмнэлэг рүү очоод сэхээн амьдруулах тасагт хэвтүүлээд байж байтал ***ийн том хүү ***ын хүү *** эмнэлэг дээр ирээд надтай хамт эмнэлгийн 5 давхрын коридорт зогсож байтал ***, нөхөр ***тэйгээ хамт ирсэн бөгөөд *** нь тухайн үед бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байх үедээ над руу агсарч “Пизда авгай миний аавыг алчихлаа” гэхэд ***, *** хоёр ***ыг над руу ойртуулахгүй хорьж байгаад *** надад өөрийнхөө машины түлхүүрийг өгөөд та гадаа миний машинд очоод сууж бай гэхээр нь би ганцаараа түрүүлж гараад ***ийн машинд сууж байтал, удалгүй *** гарч ирээд намайг хорооллын эцэс рүү дөхүүлж өгөхдөө “*** эгч өнөө шөнө танд болон танай хүүхдүүдэд нэлээн агсам тавих байхдаа, та хүүхдүүдээ зайлуулахгүй бол та хэдийг бужигнуулна гэж ярьж байна” гэж хэлж байсан. Тэгээд би хорооллын эцэс дээр буугаад таксигаар гэртээ хүргүүлээд байрныхаа орцоор ороод цахилгаан шатанд сууж 7 давхарт гараад хаалганыхаа үүдний хавьцаа очиж байтал ***ийн том охин *** над руу БНСУ-с залгаж аавынхаа биеийг асууж ярихаар нь би коридорт зогсоод яриад байтал *** цахилгаан шатнаас бууж ирээд, над руу хүрч ирснээ гартаа барьж явсан өөрийнхөө хар өнгийн цүнхээр толгой руу 2-3 удаа цохисон бөгөөд тухайн үед би ***ийн хувцсыг хоёр гартаа барьж байсан учир ямар нэгэн өөрийгөө хамгаалах үйлдэл огт хийж чадаагүй. Тэгээд *** нь үргэлжлүүлэн миний хөл гуя, шилбэ рүү хөлөөрөө өшиглөж, гараараа миний толгой, нуруу руу маш олон удаа цохиж байтал гэрийн маань хаалгыг манай охин *** онгойлгоод дундуур орж намайг салгах гэхэд салахгүй зууралдсаар бид нар гэр лүү ороод арай хийж салахаар нь би том өрөө лүү ороод ***ийн гарт нь зүүж байгаад эмнэлэгт хэвтэхэд нь авсан бөгжийг нь сейфэнд хийх гээд зогсож байтал *** араас орж ирээд миний аавын юмыг хулгайч авгай хулгайлах гэж байна гээд агсарч, орилоод байж байтал цагдаа орж ирсэн бөгөөд би гал тогооны өрөө лүү ортол *** араас орж ирээд миний зүүж байсан ээмгийг чихнээс зулгаах гэхэд манай охин *** наадах чинь манай ээжийн ээмэг гэж хэлтэл *** миний толгойны дагз руу гараараа хоёр удаа цохисон чинь орж ирсэн цагдаа салгаад бид нарыг цагдаагийн газар луу авч явсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 101 дэх тал),

2. Гэрч А.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Над руу *** буюу манай эхнэр ***ын ах ***ын хүүхэд нь утсаар залгаад өвөө *** харваад Улсын 3 дугаар эмнэлэг дээр ухаангүй байна гэж хэлсэн. Эмч нартай нь очиж уулзахад аав чинь ухаангүй байгаа бид нар боломжтой бүх эмчилгээг хийж байна. Та нар одоохондоо очих шаардлага байхгүй эндээ хүлээгээд байж бай гэсэн зүйлийг хэлсэн. Тэгсэн чинь *** шатны тэнд нуугдаад байж байхыг манай эхнэр *** хараад араас нь очтол байхгүй байсан. Үүнээс өмнө тэр хоёр тааралдаад маргалдаад салсан юм. Ингээд *** надад аав энд байхад гэрт нь дандаа гадны хүмүүс байгаа юм байна гээд гэр лүү нь явж очсон. *** бид хоёр хадам аавын гэрт нь яваад ороход *** хадам аавын сейфийг онгойлгочихсон мөнгө болон мөнгөн эдлэл зэргийг нь аваад цүнхлээд байж байсан. Тэрийг нь манай эхнэр *** хараад тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. *** цүнх дотор чинь юу байна гээд булааж авах гэхэд өгөхгүй байсан. Тэгснээ *** нь тэр цүнхээрээ манай эхнэр ***ыг цохиж аваад, үснээс нь үсдэж зулгаагаад өшиглөж, гараараа цохиж байсан. Би салгах гэхээр хамаагүй ширүүн хөдөлж болохгүй байсан учир ойртож чадаагүй. Тэгсэн ***ийн охин нь гэх эмэгтэй цагдаа дуудсан чинь гаднаас цагдаа орж ирсэн. Энэ хоёр хоорондоо нэгийгээ зууралдаж муудалцсан асуудал бол байгаа. Тэрнээс нэгийгээ айхтар зодолдсон зүйл бол байхгүй. Энэ хэрүүл маргаан болоод байгаа шалтгаан нь *** гэх эмэгтэй нь манай хадам аавыг нас барснаас хойш өмч хөрөнгө дээр маргаад байгаа юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 57-59 дэх тал),

3. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** гэдэг хүн болохоор манай аав ***ын төрсөн дүү нь байгаа юм. Харин *** гэдэг хүнийг бол нэрээс цаашгүй, Манай өвөөгийн гэрт өрөөг нь түрээсэлж амьдардаг байсан хүн байгаа юм. ...2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байсан чинь миний гар утас руу *** эгч залгаад өвөө нь харвалт өгөөд эмнэлэг рүү явчихсан байна, тийм болохоор чи өвөөгийнхөө гэрт очоод байж бай гэхээр нь төмөр замаас гараад өвөөгийн гэрт очих үед манай аав *** болон өвөөгийн гэрт байдаг байсан *** гэх хүний хүүхэд нь гээд хүн 2 жаахан хүүхэдтэйгээ байж байсан. Би тухайн үед өвөөгийн гэр лүү очих үедээ Аажим гэж эгчтэйгээ хамт очсон. Ингээд гэрт очоод аав ***ыг очоод хараад байж байтал *** эгч тэр *** гэх хүнтэй хэрүүл хийгээд байсан. Миний сонссоноор бол өвөөгийн сэйфэнд байсан эд зүйлийг *** гэх хүн авчихсан байсныг *** эгч өг гээд хэрэлдээд байсан. Би энэ хоёр хүнийг хоорондоо зодолдож цохилцсон талаар бол хараагүй. Харин удалгүй гаднаас цагдаа орж ирээд тэд нарыг дагуулаад гараад явсан. Би хэрүүл хийж байгаа талаар нь сонссон болохоос биш зодолдож муудалцсан талаар бол хараагүй. Миний аав *** надтай хамт жижиг өрөөнд байсан. Тэр хоёрыг муудалцаж байгаа талаар хараагүй. Манай аав 1 жилийн өмнө харвалт өгөөд юмаа мартаад байдаг болчихсон. Мөн дээр нь босож сууж чадахгүй би хардаг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-63 дахь тал),

4. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр хөдөө ажиллахаар явахаар болоод би 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ээж ***ийн амьдарч байгаа гэрт нь 2 хүүхдийнхээ хамт очсон. *** ахын хүүхэд нь Солонгосоос утсаар яриад эм өгөөд явуулаач манай найз одоо наанаас чинь Солонгос Улс руу ирж байгаа юм гэж хэлсэн. Ингээд ээж маань эмийг нь хүргэж өгөхөөр хорооллоос Цэцэрлэгт хүрээлэн орохоор ганцаараа 17 цагийн үед гараад явсан. Харин гэрт нь би *** мөн *** гуайн хүү гээд сэтгэцийн өвчтэй *** гээд хүн би хоёр хүүхэдтэйгээ бид хэд үлдсэн. Гадаа түгжрээ ихтэй байсан учир ээж оройтоод унасан юм. Тэгтэл 21 цагийн үед *** гэж хүн намайг дуудаад нүд бүрэлзээд байна чи ахынхаа даралтыг үзээд өг гэхээр нь даралтын аппарат аваад үзтэл 220-той болчихсон. Даралт нь маш их өндөр болчихсон байхаар нь хажууд байсан эмийн санг нь аваад өгтөл тэндээсээ даралтын эмээ авч уугаад дараа нь гал тогоонд архи байгаа тэндээс аяганд хийгээд ир гэхээр нь 50 грамм архи хийж өгтөл тэрийгээ уучихсан. Мөн би хоёр гарыг дээшээ өргөтөл толгой мэдээгүй болоод байна гэсэн зүйл яриад ***ыг дууд гэхээр нь дуудаж өгчхөөд түргэн дуудаад ээж рүү залгатал одоо яг очиж байна, би Саппоро дээр явж байна гэж хэлээд 10 гаран минутын дараа ороод ирсэн. Ер нь ээжийг орж ирэхэд *** ах ярьж чадахаа байгаад ухаангүй байдалд шилжчихсэн байсан. Үүнээс хойш 22 цагийн үед түргэн ирээд ээж ***ийг суулгаад аваад явсан. Үүнээс хойш 00 цаг өнгөрч байх үед ээж *** нь над руу утсаар яриад бүтэн цус харвасан гэж байна, одоо найдлагагүй гэж байна, тийм болохоор Солонгост байгаа охин руу нь хэлчихээрээ гэхээр нь өөрийнхөө утаснаас чат бичээд орхисон. Харин 00 цаг 30 минутын үед гаднаас *** нь нэг эмэгтэй хүнтэй орж ирж байх шиг байсан. Ээж болохоор над руу 1 цаг өнгөрч байх үед эмэгтэй хүнтэй орж ирж байх шиг байсан. Ээж болохоор над руу 1 цаг өнгөрч байх үед одоо хувцас хунарыг нь аваад очиж байна гэж надад хэлсэн. Тэгтэл 20 орчим минутын дараа гадаа коридорт хүмүүс хашхираад байгаа юм шиг чимээ гарахаар нь хаалга онгойлготол *** нь манай ээж ***ийг үстээд зодож байсан. Харин ***ын нөхөр нь гэх залуу хажууд нь хараад зогсож байхаар очоод ээжийг салгаж авсан. Би ээжийг салгаад гэр лүү ортол *** нь мөн орж ирэнгүүтээ намайг хэл амаар доромжлоод цохих гэж дайртал *** нь салгаад холдуулж байсан. Тэр *** гэх хүн нь ээжийг үстэж аваад цохиж өшиглөж ширээ рүү хүртэл өшиглөж байсан. Тэр *** гэх хүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тэгснээ та нар гар зайл гээд байхаар нь цагдаа дуудсан. Тэгсэн удалгүй байж байтал гаднаас цагдаа нар ороод ирсэн. Тэр цагдаа нар орж ирэхэд хүртэл *** орилж хашхирсаар л байсан. Энэ *** гэх хүн нь манай ээжийн хамтран амьдрагч байгаа юм. Манай ээж *** гэх хүнтэй 2018 оноос хойш буюу 4 жил хамтран амьдарч байгаа. Энэ *** гэх хүн нь урд нь хүртэл манай ээжийг ирж хэл амаар доромжилж зодож байсан гэсэн. Манай ээж эмнэлэгт очих үед талийгаач ***ийн гарт байсан бөгжийг ав гэхээр нь аваад гэртээ ирээд сэйфэнд хийх гэж байх үед нь *** харчхаад хэрүүл хийж байсан. Энэ *** гэх хүн нь манай ээжийг удаа дараа зодож байсан. Би тухайн үед уулзахаар *** нь миний охинд битгий гомдол гаргаач ажил төрөлгүй болчихно дахин ийм зүйл болохгүй тийм учраас цагдаад битгий гомдол гаргаач гэж гуйж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-68 дахь тал),

Мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...түргэн тусламж 22 цагийн үед ирж үзээд яаралтай авч явахгүй бол болохгүй гээд ээж *** ахтай хамт түргэний машинаар 3 дугаар эмнэлэг рүү явсан. *** ах, манай хоёр хүүхэд бид дөрөв гэрт нь байж байтал ***ын бага хүү ***, мөн хамаатан *** гэх настай эмэгтэй ирээд бид нартай хамт байж байтал *** манай өрөө лүү орж ирээд надад хандаж “Түвшөө ах над руу сая ярилаа өвөө ***ийн бие нь муу байгаа гэж байна. Одоо наашаа *** эгч ирж байгаа гэж байна” гэж хэлээд байж байтал гэрийн хаалганы гадна, коридорт эмэгтэй хүний орилолдох чимээ гараад, хаалганы яаг гадна ирээд орилолдоод байхаар нь би үүдний хаалгыг онгойлгоход хаалганы гадна коридорт *** эгч манай ээж ***ийн толгойг доош нь дарчихсан гараараа толгойных нь дагз, хүзүү хэсэг рүү нь 3-4 удаа цохихоор нь би дундуур нь орж салгах гэхэд салахгүй зууралдсаар гэр лүү зууралдаж ороод *** нь “та нар миний ээжийг гэрт орж ирчхээд эзгүйчилдэг хэн бэ” гээд агсаад байсан. ...Тэгээд гал тогооны өрөөнд манай ээж болон *** нар зогсож байтал *** ээжийн маань зүүсэн байсан алтан ээмгийг чихнээс нь булаах гэхээр нь би болиулаад “наад ээмэг чинь миний ээжийн өөрийнх нь эд зүйл” гэсэн чинь *** ээжийн маань толгойных нь ар дагз хэсэг рүү гараараа 2 удаа цохитол ээж зөрүүлээд үсдэх гэтэл *** бие рүү нь түлхээд өөрөөсөө холдуулахаар нь тэр чигээрээ гараад явсан. Гал тогооны өрөө лүү орохоос өмнө би цагдаад дуудлага өгсөн байсан тул цагдаа орж ирээд тухайн үйл явдлыг харж байсан. Тэгээд манай ээж, би, *** болон түүний нөхөр бид нарыг цагдаа хэсгийнхээ байр луу авч явсан...” (гэх мэдүүлэг 2 дахь хавтаст хэргийн 97-99 дэх тал),

5. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би Бигэр-66 дуудлагатай Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг хариуцсан явган эргүүлд эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч ***ын хамт оройны 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагаас 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 9 цаг хүртэл үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 102 утсаар дамжуулан Баянгол дүүргийн *** тоотод хүмүүс зодоон хийгээд амраахгүй байна гэсэн дуудлага ирсний дагуу очиж шалгахад тус тоотод амьдардаг настай ах цус харвасны улмаас эмнэлэгт оччихсон гэж байсан бөгөөд тухайн байранд цус харвасан эрэгтэй хүнтэй хамт амьдардаг байсан гэх эмэгтэй өөрийн охин болох бага насны 2 зээгийн хамт мөн эмнэлэгт хэвтсэн эрэгтэйн охин гаальд ажилладаг *** гэх эмэгтэй нөхрийн хамт ирчихсэн манай аавын алтан бөгжийг өг гэхэд нөгөө эмэгтэй аав чинь намайг эдэлж хэрэглэ гэж өгсөн учраас чамд өгөхгүй гэж хэлснээс болж хоорондоо маргалдаад гаальд ажилладаг гэх *** гэж эмэгтэй алтан бөгжийг нь булаагаад авчихсан байсан. Тэгтэл *** гэх эмэгтэй надад хандан чи өвгөний том охинтой нь яриад энэ бөгжийг надад өгсөн гэдгийг сонс гээд намайг гар утсаараа Солонгос Улсад байгаа том охинтой нь видео дуудлага хийлгэж яриулсан. Гэтэл том охин нь манай бага дүү *** нь аавын эд зүйлсийг нь аваад үрэн таран хийх гээд байдаг юм аа наад алтан бөгжийг чинь манай аав өөрөө *** гэх эмэгтэйд өгнө гэж ярьж байсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөрчлөөр материалыг нь материалжуулаад ***, *** хоёроос мэдүүлэг авч ***т алтан бөгжийг нь хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэн өгч гарын үсэг зуруулан материалд нь хавсаргасан. Тухайн үед *** нь эрүүл согтуу нь мэдэгдэхгүй орилоод байсан. ***аас нь бол архи согтууруулах ундааны зүйл бол үнэртэхгүй байсан. Гэхдээ манай ажлын өрөөнд орж ирчхээд орилж, хашхираад, аав нь эмнэлэгт сэхээнд хэвтэж байхад нь аавынхаа алтан бөгжийг авч зараад буяны ажлынх нь зардалд зарцуулна гээд байсан. Аав нь нас бараагүй байхад тийм зүйл яриад орилоод байсан. Би тухайн эмэгтэй ***ыг нь согтуурал хэмжих багажаар бол шалгаагүй. Харин ойртож юм ярилцаж байх үед бол архи согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан. Миний харснаар бол гэмтэл шарх сорив бол байгаагүй. Харин тэр хоёр хүн хоорондоо үстэж зулгаалцсан гэж байсан. Тэрнээс өөр зүйл бол яриагүй. Намайг дуудлага мэдээлэлд очсоноос хойш бол ***, *** нар нэгнийгээ зодож цохисон асуудал бол гаргаагүй. Үүнээс хойш мөн энэ хаяг нь нэг удаа дуудлага мэдээлэл ирсэн. Тэгэхээр нь би яваад ортол *** гэх эмэгтэй нь 2 эгчийнхээ хамт архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай эгчтэйгээ муудалцаад халуун сав болон эд зүйл хагалсан байдалтай байж байсан. Би очих үед *** гэх эмэгтэйн аав нь нас барчихсан маргааш өглөө төмөр замын эмнэлгийн моорогоос авна гэсэн зүйл яриад байсан учир эрүүлжүүлж, саатуулж арга хэмжээ авалгүйгээр ар гэрт нь хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 132-133 дахь тал),

6. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төмөр замд гэртээ байж байсан чинь манай хамаатны хүүхэд *** өвөөгийн бие муудаад байна гэхээр нь хороолол руу явъя гэхээр нь ирсэн. *** бид хоёр хороололд *** гэж хүний гэрт ирэхэд *** болон *** гэж хүний хүүхэд нь байсан бөгөөд бид хоёрт гэрийн хаалга тайлж өгсөн. Гэрт нь ирээд 20 минут орчим болж байхад *** хаалга нүдэхээр нь би хаалга онгойлгож өгтөл орж ирэнгүүтээ том өрөөнд ороод сэйф онгойлгоод сууж байсан. Харин араас нь *** нөхрийнхөө хамт орж ирсэн. *** орж ирээд чи миний аавын юмыг аваад байгаа юм. Одоо миний аавын юмыг өгөө гээд *** хэлж байсан. Тэгтэл цүнхээрээ ***ын *** нь цохиж байсан. Би харж байхад бол тэр хоёр нэгнийгээ зодож цохиод байсан зүйл бол байхгүй. *** нь ***ыг цүнхээрээ цохиж байсан. Тэгсэн цагдаа гаднаас орж ирсэн. Би хэзээ орж ирснийг бол мэдээгүй. Тэр цагдаа орж ирээд цүнхийг аваад дотор байсан эд зүйлийг гаргаж ирж байсан. Миний харснаар тэр хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ***ын ах *** миний төрсөн дүүтэй суусан гэр бүлийн хүмүүс байгаа юм. Тэгэхээр *** бид хоёр худ ургийн хүмүүс байгаа юм. *** гэх хүнийг бол танихгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 134-139 дэх тал),

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч ***гийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 7263 дугаартай:

“1. ***ын биед баруун, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. ***ын биед үүссэн хамрын таславчийн муруйлт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Хамрын таславчийн муруйлт гэмтэл нь цаг хугацааны хувьд хэзээ үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 76-77 дахь тал),

8. Шинжээч эмч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ гэмтэл нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр буюу гэмт хэрэг гарах цаг хугацаанд үүсэх боломжгүй. Учир нь хамар ясанд хугарал, хамрын орчны эдэд хаван зөөлөн эдийн няцрал гэмтэлгүй байна. Ийм учир хамрын таславчийн муруйлт гэмтэл нь хуучин гэмтэл бөгөөд гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас өмнө үүссэн байна. Уг гэмтлийн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Бусад үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-81 дэх тал),

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч ***гийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 7243 дугаартай:

“1. ***ийн биед тархи доргилт, хүзүү, ар нуруу, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх хүзүү, шилбэний цус хуралт, тархи доргилт гэмтлүүд нь шинэ гэмтэл бусад гэмтэл нь хуучин гэмтэл байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 82-83 дахь тал),

10. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 13-ны орой миний өвөө ***ийн бие нь муудаад 3 дугаар эмнэлэг рүү явж байна гэж надад манай ах *** хэлэхээр нь би эмнэлэг дээр яваад очтол өвөө маань ухаан алдсан байдалтай байсан бөгөөд өвөөтэй хамт *** гэдэг эмэгтэй эмнэлэг дээр ирсэн байсан бөгөөд өвөөгийн биеийн байдал муу байсан учир яаралтай тусламжийн тасаг руу авч ороод *** гэх эмэгтэй бид хоёр коридорт байж байтал манай эгч ***, нөхөр ***гийн хамтаар ирсэн. Тухайн үед ***, *** нарын дунд ямар нэгэн хэрүүл маргаан болсон зүйл байхгүй бөгөөд бид нар эмнэлэг дээр байж байтал *** түрүүлж яваад, өвөөгийн эмнэлгийн эмчлүүлэгчийн карт энэ тэрийг авч ирэхээр нь нөхөртэйгөө хамт гэр лүү нь явсан. Эмнэлэг дээр ямар нэгэн зодоон цохион болсон асуудал огт байхгүй. Харин *** эгч тухайн үед өвөөгийн гэр лүү очиж эмчлүүлэгчийн картыг нь авахаар орох үед *** өвөөгийн гэрт оччихсон алтан бөгжийг нь авч байхад нь таарсан гэж хэлж байсан. Гэхдээ ямар нэгэн зодоон цохион болсон талаар надад хэлж ярьсан зүйл байхгүй. Би тэр хоёрыг ямар харилцаа холбоотой талаар сайн мэдэхгүй байна. Намайг өвөөгийн гэрт нь очиход *** гэх эмэгтэй байж байдаг байсан. Намайг эмнэлэг дээр очиход өвөөгийн өмсөж байсан хувцас энэ тэрийг л ар гэр нь гэж хүлээлгэж өгсөн бөгөөд өөр ямар нэгэн үнэт эдлэл, алтан бөгж гэх зүйл хүлээлгэж өгөөгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 103 дахь тал),

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 218 дугаартай:

“1. ***ын биед тархи доргилт, баруун, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 134-136 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 113 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 114 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 115 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 121 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заажээ.

Шүүгдэгч *** нь “...би гэмт хэрэг үйлдээгүй. Би хүнд гүтгүүлж байна, гомдолтой...” гэж мэдүүлж шүүх хуралдаанд оролцсон, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Д.Бат-Оргил нар нь “...***д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэв. Учир нь шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Тодруулбал, хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ***ийн “...Би 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өөрийн гэр болох Баянгол дүүргийн *** тоотод манай охин *** болон хамтран амьдрагч ***, түүний хүү *** бид дөрөв байсан. *** нь гүн харвалт өгсөн. Түргэн дуудаад эмч ирж үзээд шууд эмнэлэг авч явъя гээд Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэг рүү аваад явсан. Тухайн үед би гэрийнхээ хувцастай автомашинд нь хамт суугаад явсан. Эмнэлэг дээр очоод шууд сэхээн амьдруулах тасаг руу оруулсан. Эмнэлэг дээр ...байхад гаднаас ***ийн охин *** нөхөр *** хоёр орж ирсэн. Тэгснээ *** нь намайг орж ирэнгүүтээ пизда авгай чи миний аавыг алчихлаа орилоод байсан. ...Би такси бариад гэртээ очтол миний араас *** нь нөхрийнхөө хамт орж ирсэн. Намайг үгийн зөрөөгүй цүнхээрээ цохиод намайг үстэж авсан. ...Намайг эхлээд *** нь коридорт зодоход бол ***ын нөхөр *** нь байсан. Харин гэр лүү явж орох үед ***, ***, ***, Аажмаа, *** гэх хүмүүс харж байсан. ...***ыг хаалгаар орж ирэхэд нь сэйфэнд юм хийх гээд онгойлгоод байж байсан. Тэгсэн чинь миний аавын бөгжийг хулгай хийгээд авч байна гээд над руу дайрсан. Тэгээд намайг зодож эхэлсэн. *** нь намайг үстээд авахаар нь би үснээс нь зулгаасан асуудал бол байгаа. Тэрийг бол тэнд байгаа хүмүүс харсан...” гэх, гэрч ***ийн “...*** гэдэг хүн болохоор манай аав ***ын төрсөн дүү нь байгаа юм. Харин *** гэдэг хүнийг бол нэрээс цаашгүй, манай өвөөгийн гэрт өрөөг нь түрээсэлж амьдардаг байсан хүн байгаа юм. ...2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байсан чинь миний гар утас руу *** эгч залгаад өвөө нь харвалт өгөөд эмнэлэг рүү явчихсан байна, тийм болохоор чи өвөөгийнхөө гэрт очоод байж бай гэхээр нь төмөр замаас гараад өвөөгийн гэрт очих үед манай аав *** болон өвөөгийн гэрт байдаг байсан *** гэх хүний хүүхэд нь гээд хүн 2 жаахан хүүхэдтэйгээ байж байсан. Би тухайн үед өвөөгийн гэр лүү очих үедээ Аажим гэж эгчтэйгээ хамт очсон. Ингээд гэрт очоод аав ***ыг очоод хараад байж байтал *** эгч тэр *** гэх хүнтэй хэрүүл хийгээд байсан. Миний сонссоноор бол өвөөгийн сэйфэнд байсан эд зүйлийг *** гэх хүн авчихсан байсныг *** эгч өг гээд хэрэлдээд байсан...” гэх, гэрч ***гийн “...Миний аавын юмыг өгөө гээд *** хэлж байсан. Тэгтэл цүнхээрээ ***ыг *** нь цохиж байсан. Би харж байхад бол тэр хоёр нэгнийгээ зодож цохиод байсан зүйл бол байхгүй. Тэгсэн цагдаа гаднаас орж ирсэн. Би хэзээ орж ирснийг бол мэдээгүй. Тэр цагдаа орж ирээд цүнхийг аваад дотор байсан эд зүйлийг гаргаж ирж байсан...” гэх, гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Над руу *** буюу манай эхнэр ***ын ах ***ын хүүхэд нь утсаар залгаад өвөө *** харваад Улсын 3 дугаар эмнэлэг дээр ухаангүй байна гэж хэлсэн. Эмч нартай нь очиж уулзахад аав чинь ухаангүй байгаа бид нар боломжтой бүх эмчилгээг хийж байна. Та нар одоохондоо очих шаардлага байхгүй эндээ хүлээгээд байж бай гэсэн зүйлийг хэлсэн. Тэгсэн чинь *** шатны тэнд нуугдаад байж байхыг манай эхнэр *** хараад араас нь очтол байхгүй байсан. Үүнээс өмнө тэр хоёр тааралдаад маргалдаад салсан юм. Ингээд *** надад аав энд байхад гэрт нь дандаа гадны хүмүүс байгаа юм байна гээд гэр лүү нь явж очсон. *** бид хоёр хадам аавын гэрт нь яваад ороход *** хадам аавын сейфийг онгойлгочихсон мөнгө болон мөнгөн эдлэл зэргийг нь аваад цүнхлээд байж байсан. Тэрийг нь манай эхнэр *** хараад тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. ...***ийн охин нь гэх эмэгтэй цагдаа дуудсан чинь гаднаас цагдаа орж ирсэн. Энэ хоёр хоорондоо нэгийгээ зууралдаж муудалцсан асуудал бол байгаа. Тэрнээс нэгийгээ айхтар зодолдсон зүйл бол байхгүй. Энэ хэрүүл маргаан болоод байгаа шалтгаан нь *** гэх эмэгтэй нь манай хадам аавыг нас барснаас хойш өмч хөрөнгө дээр маргаад байгаа юм...” гэх, гэрч ***ийн “...2022 оны 5 дугаар сарын 13-ны орой 21 цагийн үед манай ээжийн хамтран амьдрагч ***ийн гэрт би хоёр хүүхдийн хамтаар болон түүний *** бид нар байж байтал *** ахын бие нь гэнэт муудаж надад ахынх нь толгой эргээд, гар мэдээгүй болчихлоо, ахынхаа даралтыг үзээд өг гэхээр нь би даралтын аппаратаар даралтыг үзэхэд дээд даралт нь 220 гарчихсан байхаар нь даралтын эм уулгахад гал тогоонд нэг шил архи байгаа, хийгээд өг гэхээр нь би аяганы талаар нь архинаас нь хийгээд өгтөл өөрөө балгахаар нь би ***ыг нөгөө өрөөнөөс дуудаад, өөрийнхөө гар утсаараа түргэн тусламж дуудаад, араас нь өөрийн ээж *** лүү ярихад гэр лүү орж байна гээд 21 цаг 20 минутын орчимд ээж ирээд, түргэн тусламж 22 цагийн үед ирж үзээд яаралтай авч явахгүй бол болохгүй гээд ээж *** ахтай хамт түргэний машинаар 3 дугаар эмнэлэг рүү явсан. ...Хаалганы гадна коридорт *** эгч манай ээж ***ийн толгойг доош нь дарчихсан гараараа толгойных нь дагз, хүзүү хэсэг рүү нь 3-4 удаа цохихоор нь би дундуур нь орж салгах гэхэд салахгүй зууралдсаар гэр лүү зууралдаж ороод *** нь “та нар миний ээжийг гэрт орж ирчхээд эзгүйчилдэг хэн бэ” гээд агсаад байсан. ...Тэгээд гал тогооны өрөөнд манай ээж болон *** нар зогсож байтал *** ээжийн маань зүүсэн байсан алтан ээмгийг чихнээс нь булаах гэхээр нь би болиулаад “наад ээмэг чинь миний ээжийн өөрийнх нь эд зүйл” гэсэн чинь *** ээжийн маань толгойных нь ар дагз хэсэг рүү гараараа 2 удаа цохитол ээж зөрүүлээд үсдэх гэтэл *** бие рүү нь түлхээд өөрөөсөө холдуулахаар нь тэр чигээрээ гараад явсан. Гал тогооны өрөө лүү орохоос өмнө би цагдаад дуудлага өгсөн байсан тул цагдаа орж ирсэн...” гэх, гэрч ***ийн “...Тухайн өдөр би Бигэр-66 дуудлагатай Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг хариуцсан явган эргүүлд эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч ***ын хамт оройны 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагаас 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 9 цаг хүртэл үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 102 утсаар дамжуулан Баянгол дүүргийн *** тоотод хүмүүс зодоон хийгээд амраахгүй байна гэсэн дуудлага ирсний дагуу очиж шалгахад тус тоотод амьдардаг настай ах цус харвасны улмаас эмнэлэгт оччихсон гэж байсан бөгөөд тухайн байранд цус харвасан эрэгтэй хүнтэй хамт амьдардаг байсан гэх эмэгтэй өөрийн охин болох бага насны 2 зээгийн хамт, мөн эмнэлэгт хэвтсэн эрэгтэйн охин гаальд ажилладаг *** гэх эмэгтэй нөхрийн хамт ирчихсэн манай аавын алтан бөгжийг өг гэхэд нөгөө эмэгтэй аав чинь намайг эдэлж хэрэглэ гэж өгсөн учраас чамд өгөхгүй гэж хэлснээс болж хоорондоо маргалдаад гаальд ажилладаг гэх *** гэж эмэгтэй алтан бөгжийг нь булаагаад авчихсан байсан. Тэгтэл *** гэх эмэгтэй надад хандан чи өвгөний том охинтой нь яриад энэ бөгжийг надад өгсөн гэдгийг сонс гээд намайг гар утсаараа Солонгос Улсад байгаа том охинтой нь видео дуудлага хийлгэж яриулсан. Гэтэл том охин нь манай бага дүү *** нь аавын эд зүйлсийг нь аваад үрэн таран хийх гээд байдаг юм аа, наад алтан бөгжийг чинь манай аав өөрөө *** гэх эмэгтэйд өгнө гэж ярьж байсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөрчлөөр материалыг нь материалжуулаад ***, *** хоёроос мэдүүлэг авч ***т алтан бөгжийг нь хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэн өгч гарын үсэг зуруулан материалд нь хавсаргасан. Тухайн үед *** нь эрүүл согтуу нь мэдэгдэхгүй орилоод байсан. ***аас нь бол архи согтууруулах ундааны зүйл бол үнэртэхгүй байсан. ...Харин тэр хоёр хүн хоорондоо үстэж зулгаалцсан гэж байсан...” гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч ***гийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 7243 дугаартай: “***ийн биед тархи доргилт, хүзүү, ар нуруу, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх хүзүү, шилбэний цус хуралт, тархи доргилт гэмтлүүд нь шинэ гэмтэл бусад гэмтэл нь хуучин гэмтэл байна...” гэх дүгнэлт,

Хэргийн материалаар хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 218 дугаартай: “***ын биед тархи доргилт, баруун, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх нэмэлт дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хохирогч *** нь шүүгдэгч ***ын аав ***ийн гэрт буюу Баянгол дүүргийн *** тоот байранд хамт амьдарч байсан байх ба хэрэг учрал болсон 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр *** нь харвалт өгч түргэн тусламжаар Улсын 3 дугаар төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтсэн, эмнэлэг дээр хохирогч, шүүгдэгч нар нь тааралдаж маргалдсан, улмаар Баянгол дүүргийн 19 хороо, 51-51 тоотод тэдгээрийн хоорондох урьдын таарамжгүй харилцаа, эд хөрөнгөнөөс үүдэлтэй маргаан даамжирч хэрүүл зодоон болж, хэн хэнийхээ эрүүл мэндэд халдсан нөхцөл байдал нотлогдсон байна.

Иймд прокуророос шүүгдэгч ***ыг “аавын эд зүйлийг авсан” гэх шалтгаанаар хэрүүл, маргаан үүсгэж, улмаар хохирогч ***ийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, хүзүү, ар нуруу, гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Учир нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч ***ийн биед учирсан тархи доргилт, хүзүү, шилбэний цус хуралт бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 7243 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн хэрэг гарсан 2022 оны 5 дугаар сарын 13-ны шөнө хохирогч, шүүгдэгч нар харилцан маргалдаж зодолдсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн зэрэгт хамаарах дээрх гэмтэл учирсан байх тул шүүгдэгч ***ын гэм буруутай үйлдэл тогтоогдсон, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Шүүгдэгч *** нь хохирогчийг үстэх, цохих, өшиглөхөд түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүх ***д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн тул энэ шийтгэх тогтоол нь шүүгдэгч ***ын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүх, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 7243 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч ***ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэсүгэй.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***д авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсон талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА