Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2020/0278

 

Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэдийн

 Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч,

Монгол ардын намын бүлгийн дарга Н.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганхүрэм, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М-ийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Монгол ардын намын бүлгийн дарга Н.Б-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт зааснаар Н.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Ж.Б, Г.С, И.Д, Я.Б, Б.Т нарын хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 24 дүгээр тогтоолын И.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, бусад төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хэсгийг хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М давж заалдах гомдолдоо: “...Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчийн ээлжит 7 дугаар хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хуралдуулахаар товлон зарласан боловч тухайн өдрийн ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хойшилсон 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Цээл сумын ардчилсан намаас сонгогдсон 8 төлөөлөгч буюу 40 хувийн ирцтэй хуралдаж төлөөлөгчөөр сонгогдоогүй, бүрэн эрх нь сэргээгдээгүй байсан Я.Б, Ж.Б, Б.Т нарын бүрэн эрхийг зөвшөөрсөн Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 24 дүгээр тогтоол гарсан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 7-д “Аймаг нийслэл, сум, дүүргийн хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчдийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасан. Иймд Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийт 21 төлөөлөгчтэй 21 төлөөлөгчөөс 1 төлөөлөгч нас барсан тул 20 төлөөлөгчтэй 20 төлөөлөгч хуралдах байснаас 8 хүн ирсэн. Мөн 5 төлөөлөгчийн бүрэн эрхийг сэргээж зөвшөөрсөн гэж байна. Уг 5 төлөөлөгчөөс И.Д гэх хүн 2017 онд нас барсан. Г.С гэх төлөөлөгч нь энэ асуудалд оролцохгүй, надад хамаагүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас энэ 5 хүний эрхийг сэргээх хуулийн үндэслэл байхгүй Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль бус хуралдсан тул Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгч Н.Б-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Маргаан бүхий захиргааны акт болох Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор[1] “Дэрстэй багийн 3 дугаар тойрог буюу 449 дүгээр хэсэгт Ардчилсан намаас нэр дэвшиж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон Ж.Б, Г.С, Я.Б, Б.Т И.Д нарын бүрэн эрхийг зөвшөөрсөн” байна.  

Анхан шатны шүүх Н.Б-ээс Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан дээрх захиргааны актыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын гуравдагч этгээд И.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, бусад төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсөн хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Энэхүү шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч “2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 40 хувийн ирцтэйгээр хуралдаж 24 дүгээр тогтоолыг гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.7-д заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24 дүгээр тогтоол гарах болсон үндсэн шалтгаан нь “Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр[2] “Ж.Б Я.Б И.Д, Г.С, Б.Т нарыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр өргөн мэдүүлэхийг Цээл сумын сонгуулийн хороонд даалган” шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 156 дугаар магадлалаар[3] мөн эдгээр хүмүүсийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр өргөн мэдүүлэхийг хариуцагчид даалгаж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 160 дугаар тогтоолоор[4] магадлалыг хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.     

Энэхүү шийдвэрүүдийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Ж.Б, И.Д Я.Б, Г.С, Б.Т нарын бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүлээн зөвшөөрүүлэх шийдвэр гарсан тул шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллахыг хариуцагчид даалгасан”[5] байх бөгөөд үүний дагуу Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдсан байна.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “... сумын... Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж  заасан.

Тухайн сумын иргэдийн Төлөөлөгчид нийт 21 хүн сонгогдсоноос[6], Д.Сайнхүү нь 2019 оны 05 дугаар сард нас барсан[7], мөн Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181 дүгээр захирамжаар иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдсон байсан С.Б, Г.Б, Ч.М, Д.С, М.Х нарт холбогдох хэсэгт актын биелэлтийг түдгэлзүүлэн шийдвэрлэснээр эдгээр төлөөлөгчдийн бүрэн эрх түдгэлзэгджээ.

Түүнчлэн шүүхийн шийдвэрээр Ж.Б, Г.С, И.Д Я.Б, Б.Т нарыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр өргөн мэдүүлэхийг хариуцагчид даалгасан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, мөн маргаан бүхий захиргааны актаар эдгээр 5 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн болохоос өөрсдөө хурлын төлөөлөгчийн эрхгүй байхдаа хуралдаанд оролцох боломжгүй.

Өөрөөр хэлбэл Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 20 төлөөлөгч оролцохоос 5 төлөөлөгчийн бүрэн эрх нь зөвшөөрөгдөөгүй байх тул нийт 15 төлөөлөгч хуралдаанд оролцох боломжтой юм.   

Эндээс үзвэл 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр болсон хуралдаанд нийт 15 төлөөлөгчөөс 8 төлөөлөгч ирж оролцсон[8] байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “40 хувийн ирцтэй байсан буюу олонхи нь хуралд ороогүй” гэх гомдол үндэслэлгүй, нөгөө талаар төлөөлөгчдийн олонх нь хуралдаанд оролцсон нь маргаан бүхий захиргааны акт болох 24 дүгээр тогтоол хуулийн дагуу гарсан гэж үзэхээр байх тул гомдлыг  хангах боломжгүй.   

Харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.1-д зааснаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нас барсан тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно” гэж зааснаар И.Дармаа нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар[9] тогтоогдож байх тул И.Д холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгтээ “... И.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаад, үлдэх хэсэг болох бусад төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргасан нь буруу болжээ.  

Тодруулбал шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.3.13-д “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасантай нийцэхгүй байх тул тогтоох хэсэгт “...Бусад төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэх өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.         

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт зааснаар Н.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Ж.Б, Г.С, И.Д, Я.Б, Б.Т нарын хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 24 дүгээр тогтоолын И.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх хэсэгт болох бусад төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1]  Хавтаст хэргийн 5 хуудас

[2] Хавтаст хэргийн 31-39 хуудас

[3] Хавтаст хэргийн 40-45 хуудас

[4] Хавтаст хэргийн 46-49 хуудас

[5] Хавтаст хэргийн 20-21 хуудас

[6] Хавтаст хэргийн 51 хуудас

[7] Хавтаст хэргийн 178 хуудас

[8] Хавтаст хэргийн 8 хуудас

[9] Хавтаст хэргийн 75 хуудас