Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын иргэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Монгол Ардын Намын бүлгийн дарга  Н.Б-ийн нэхэмжлэлтэй

      Хариуцагч: Тус  сумын иргэдийн Хурлын дарга Х.Л-т  холбогдох ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага  бүхий нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М, хариуцагч Х.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  ээлжит 7 дугаар хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хуралдуулахаар товлон зарласан боловч тухайн өдөр хуралдааны ирц бүрдээгүйн улмаас хурал хуралдаагүй. Гэвч 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ******* сумын Ардчилсан намаас сонгогдсон 8 төлөөлөгч 40 хувийн ирцтэй хуралдаж төлөөлөгчөөр сонгогдоогүй бүрэн эрх нь зөвшөөрөгдөөгүй Я.Б, Ж.Б, Б.Т нарыг хурлын ирцэнд оруулж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн. Тухайн хуралдаанаас 2017 онд нас барсан Ц.Д-ийн бүрэн эрхийг зөвшөөрсөн.  Манай намын бүлгээс хуралдаанд оролцохгүй гэж хэлээгүй, оролцоно. Харин тухайн асуудал нь бидний шийдэх эрх хэмжээний асуудал биш гэж хэлсээр байтал эдгээр хүмүүс өөрсдийн дураар эрх нь сэргээгүй хүмүүсийг ирцэд оруулж, ирц бүрдээгүй хуралдаан хийсэн тул нэхэмжлэл гаргасан. Иймд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв. 

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хуралдуулахаар товлон зарласан боловч тухай өдрийн хуралдааны ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хойшилсон. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ******* сумын ардчилсан намаас сонгогдсон 8 төлөөлөгч буюу 40 хувийн ирцтэй хуралдаж төлөөлөгчөөр сонгогдоогүй, бүрэн эрх нь сэргээгдээгүй байсан Я.Б, Ж.Б, Б.Т нарын бүрэн эрхийг зөвшөөрсөн Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 24 дүгээр тогтоол гаргасан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасан. Иймд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийт 21 төлөөлөгчтэй. 21 төлөөлөгчөөс 1 төлөөлөгч нь нас барсан тул 20 төлөөлөгчтэй. 20 төлөөлөгч хуралдах байснаас 8 хүн ирсэн. Мөн 5 төлөөлөгчийн бүрэн эрхийг сэргээж, зөвшөөрсөн гэж байна. Уг 5 төлөөлөгчөөс И.Д гэх хүн 2017 онд нас барсан. Г.С гэх төлөөлөгч нь би энэ асуудалд оролцохгүй. Надад энэ асуудал хамааралгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн. Шүүх хуралдаанд ч ирээгүй байна. Гэтэл энэ 5 хүний эрх сэргээсэн байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаар энэ 5 хүний эрхийг сэргээх хуулийн үндэслэл байхгүй. Өмнөх шүүх хуралдааны шийдвэрийг ярьж байна. Ч.Э гэх шийдвэр гүйцэтгэгч эдгээр хүмүүсийн эрхийг сэргээ гэж даалгасан тухай ярьж байна. Өмнөх шүүхийн шийдвэрт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж эдгээр хүмүүсийн эрхийг сэргээ гэсэн зүйл байхгүй. Шүүхийн шийдвэрийг хэн биелүүлэх ёстой гэдгийг зааж өгсөн. Сумын сонгуулийн хороо болон аймгийн сонгуулийн хороо татан буугдсан. Хуулиараа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ асуудлыг шийдвэрлэх ёстой.  Гэтэл хууль зөрчиж Ардчилсан намаас сонгогдсон 8 төлөөлөгч 5 хүний эрхийг сэргээсэн байгаа юм. Хуралдааны товыг мэдэгдсэн 3 ширхэг баримт хавтаст хэргийн материалд ирсэн байна. Үүнээс үзэхэд 20 төлөөлөгчийн 16 төлөөлөгчид хуралдааны товыг мэдэгдсэн байдал харагдаж байна. Эрх нь сэргээгдэх 3 хүнийг оролцуулан 11 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан гэж тайлбарлаж байна. Мэдэгдсэн төлөөлөгчдийн жагсаалтыг нотлох баримтаар ирүүлсэн гэж тайлбарласан. Үүнээс үзэхэд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т  заасныг зөрчсөн харагдаж байна. Энэ шаардлагыг хангаж 20 төлөөлөгчийн 3 төлөөлөгчид огт хуралдааны товыг мэдэгдээгүй, хэлэлцэх асуудлаа тараагаагүй болох нь тогтоогдож байна. Хурлын төлөөлөгч нарт 1 хоногийн өмнө хуралдааны тов болон хэлэлцэх асуудлыг тараасан байх ёстой.  

        Анхдугаар хуралдаанаас бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн 21 төлөөлөгч байх ёстой гэж байна.  Уг 21 төлөөлөгч одоо болтол хэвээр ажиллаж байгаа юм. Анхдугаар хуралдааны тогтоолд өөрчлөлт орсон зүйл байхгүй. 21 төлөөлөгчөөс эрхийг нь түдгэлзүүлсэн гэж байгаа 5 хүний эрхийг түдгэлзүүлсэн болон хуралд оруулахгүй байх баримт хавтаст хэргийн материалд байхгүй байна. Тухайн 5 хүн хуралдаанд оролцоод явж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хурлын тэмдэглэл, тогтоолуудаас тодорхой харагдаж байна. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хамгийн сүүлийн хуралдаанд шүүх хуралдаанд яригдаж байгаа 3 төлөөлөгч оролцсон гэж тайлбарлаж байна. Энэ 3 төлөөлөгчийн эрх буюу захиргааны актын биелэлтийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр түдгэлзүүлсэн. Түдгэлзүүлэхээс өмнө хуралдаанд оролцсон. Түдгэлзүүлснээс хойш хуралдаанд оролцоогүй. Тухайн төлөөлөгч нарын эрхийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлт өгчихөөд явсан байхад оны өмнө эдийн засаг, санхүү төсвийн холбогдолтой асуудлыг хэлэлцэхдээ тухайн 3 хүнийг оролцуулсан хууль зөрчсөн байна. 21 төлөөлөгчөөс нэг төлөөлөгч нас барсан. Нас барсан хүний эрх нь дуусгавар болсон гэж үзэхээр 20 төлөөлөгчийн бүрэн эрх хэвээр байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харагдаж байна. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааныг 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж тогтоол гаргасан нь хууль зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү  гэв.

       Хариуцагч Х.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг хууль бусаар хийж, шүүхийн шийдвэрээр эрхийг нь түдгэлзүүлсэн хүмүүсийг ирцэнд оруулан  хуралдаж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын удирдлагуудыг сонгосон үйл явдал бий болсон. Энэ асуудал нь шүүхээр явж бүрэн шийдэгдсэн байдаг. Анхдугаар хуралдаан хүчингүй болсон тул дараагийн хуралдааныг хийж асуудлыг зохицуулах шаардлагатай болсон. 5 хүний бүрэн эрхийг сэргээж хуралдааны ирцийг бүрдүүлэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах хүсэлт тавихад Монгол Ардын Намын бүлгийн төлөөлөгчид бид зохион байгуулалтын асуудал хэлэлцэхэд оролцохгүй гэж хэлсэн. Анхдугаар хуралдаан хүчингүй болсон байхад өнөөдөр хууль бус Засаг дарга сумын төсвийн ерөнхийлөн захирагчаар ажиллаж байгаа зэрэг хууль зөрчигдсөн асуудлууд байсаар байгаа. Хуралдаан хийх үндсэн шалтгаан бол 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан дэслэгч Ч.Э шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр очиж, надад албан ёсны үүрэг даалгавар өгсөн. Засаг даргын өрөөнд Засаг дарга, Ардчилсан намын бүлгийн дарга болон Ардчилсан намын даргыг дуудан ирүүлж хуралдаад шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байна иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдах ёстой. 5 хүний бүрэн эрхийг сэргээх ёстой гэсэн үүрэг даалгавар өгсөн. Үүний дагуу бид 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хуралдааныг товлосон. Хуралдаанаар зохион байгуулалтын асуудал болон бусад асуудлыг хэлэлцэхээр зарласан байсан. Гэтэл зохион байгуулалтын асуудал хэлэлцэх гэж байгаа бол бид оролцохгүй гээд оролцоогүй учраас хуралдааны ирц бүрдээгүй. Хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан. Гэтэл тухайн өдөр хуралдааны ирц бүрдээгүй.  Түүний дараа 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эрх нь сэргээгдэх гэж байгаа 3 төлөөлөгчийг оролцуулан хуралдаанаа хийсэн. Засаг дарга байхгүй бол бусад асуудлыг бид хэлэлцэхгүй гэсэн шаардлагыг албан хаагчдын зүгээс гаргасан. Тийм учраас бусад хэлэлцүүлэх асуудлыг орхиод зөвхөн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцээд тогтоол баталсан. Бид өмнөх шүүхийн шийдвэрийг ярихаас өөр арга байхгүй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, төлөөлөгчдийн эрхийг сэргээх талаар албан бичиг явуулж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд албан бичиг явуулахад бидний зүгээс албан ёсоор шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулж өгнө үү гэж хариу өгч байсан. 

        Сүүлд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс сонгуулийн хороог байгуулах үндэслэл байхгүй. Танай иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шууд хуралдаанаараа төлөөлөгчдийн эрхийг сэргээ гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс 20 төлөөлөгчтэй гэж үзэж байна. Гэтэл Монгол Ардын намаас иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон хууль бус дарга, төлөөлөгч нар шүүхийн шийдвэрээр хуралдаанд суух эрхгүй болсон. Хууль ёсны бүрэн эрхтэй нийт 16 төлөөлөгчөөс 1 хүн нас барсан тул 15 төлөөлөгчтэй. 5 хүний бүрэн эрхийг сэргээх асуудлыг хэлэлцэхэд 16 төлөөлөгчийн ирцтэй оролцох ёстой юм. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанд 16 төлөөлөгчөөс 2 ирээгүй тул 14 төлөөлөгчийн ирцтэй хууль ёсны хуралдаан болж би иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон. 5 хүний эрхийг шүүхийн шийдвэрээр төлөөлөгч биш гэдэг нь тогтоогдсон. С.Б нарын хэдэн төлөөлөгч нар төлөөлөгчөөсөө татгалзаж гарын үсгээ зурсан. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байсан Г.Б-д зарим төлөөлөгч нар төлөөлөгчийн үнэмлэхээ өгчихөөд явсан. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан намын 9 төлөөлөгч, Монгол Ардын намын 7 төлөөлөгч буюу нийт 16 төлөөлөгчтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл сумын нийгэм, эдийн засгийн холбогдолтой болон бусад асуудлаар ээлжит болон ээлжит бус хуралдаан хийх гэтэл үзэл бодол нь нийлэхгүй асуудалд зарим хэсэг төлөөлөгч нар орж ирдэггүй. Ийм байдлаар хуралдаан болохгүй хойшилсоор байдаг. Би 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсоныхоо дараа 2019 оны 02 дугаар сард асуудал шийдвэрлэхээр 3 удаа хэлэлцүүлэх гэтэл ирц бүрдэхгүй байсан. Ийм байдлаар хурал хийж болохгүй байсан. Ирц бүрдүүлээд асуудлыг хэлэлцэнэ гэхэд Засаг даргын зүгээс хэлэлцүүлж болохгүй. Би өөрөө байж байх ёстой гэсэн үүрэг өгдөг. Монгол Ардын Намын бүлгийн төлөөлөгчдийн зүгээс бид иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг авсан тул Засаг даргыг огцруулах гэж байна гэж ханддаг байсан. Бидэнд ийм нөхцөл боломж байхгүй. Учир нь эдгээр хүмүүс өөрсдөө хуралдаан хийж хууль бус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгосон байсан. Дараа нь шүүхийн шийдвэрээр тухайн төлөөлөгч нарын бүрэн эрх хүчингүй болсон. Бид нар хуралдаж шинээр Засаг даргыг томилох үүрэгтэй. Бид шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх үүрэг даалгавар өгсний дагуу үйл ажиллагаа явуулсан. Д-ын С 2019 оны 5 дугаар сард нас барсан.  20 төлөөлөгчөөс 5 төлөөлөгчийн эрхийг шүүхийн шийдвэрээр цуцалсан. Ингээд нийт бүрэн эрхтэй 16 төлөөлөгч байх ёстой. Шүүхийн шийдвэрээр эрх нь сэргээгдэх ёстой 5 төлөөлөгчийг эрхийг сэргээж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ирцийг бүрдүүлэхээр болсон. 20 төлөөлөгч байх ёстой. М-ы Х, Г-ийн Б, С-ийн Б, Д-ын С, Ч.М гэсэн 5 хүний бүрэн эрх нь шүүхийн шийдвэрээр цуцлагдсан. 3 дугаар баг буюу Дэрстэй багаас сонгогдсон 5 хүн байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эдгээр хүмүүсийг хуралдаанд сууж болохгүй гэсэн албан бичгийг өгсөн байсан. Энэ 5 хүн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаан хүртэл суусан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид байсан хүмүүс юм. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдах гээд хуралдаж чадахгүй янз бүр болж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нартай хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирж учир зүйгээ олно гэсэн боловч уг 5 хүн уулзаагүй. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанд Дэрстэй багаас сонгогдсон 5 хүнийг оруулаагүй. Уг 5 хүн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаас хойш нэг ч хуралдаанд оролцоогүй. Уг хуралдаанаар тэргүүлэгчдээ өөрчилсөн. Д.С нас барсан байсан тул 2 намын бүлгийн 15 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр тэргүүлэгчдээ сонгоод, хуралдааны товоо тогтоож, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны үйл ажиллагааг хэвийн явуулъя гэсэн байдлаар хуралдсан.  Тэргүүлэгчдийн хурлаар хуралдааныг товлодог. Тэргүүлэгчдийн хурлыг хийхдээ цаг тухай бүрд нь утсаар мэдэгдэж цуглуулдаг. Тэргүүлэгчид дунд Монгол Ардын намын Н.Б, н.Х гэх 2 хүн байгаа. Энэ 2 хүн 2019 оны 2 дугаар сард зарласан тэргүүлэгчдийн хуралд суусан. Түүнээс хойш тэргүүлэгчдийн хуралд нэг ч суугаагүй. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааныг зарлахад Н.Б ирсэн бөгөөд та нар бусад гэдэг асуудлаар юу хэлэлцэх гэж байгаа юм бэ? гээд гарч явсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

        Гуравдагч этгээд Я.Б, Ж.Б нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр найман төлөөлөгч хуралдсан нь хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Учир нь: Манай сум 21 төлөөлөгчийн мандаттай, дэрстэй багаас сонгогдсон 5 төлөөлөгчийн  бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөөгүй байхад 16 төлөөлөгч байх ёстой. Үүнээс нэг төлөөлөгч нас барсан бөгөөд бүрэн эрхтэй 15 төлөөлөгч байгаагаас 8 төлөөлөгч  хуралдсан нь хурлын ирц 53.3 хувийн ирцтэй байх тул хурлыг хүчин төгөлдөр гэж үзэж байна.  Тиймээс ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ. 

        Гуравдагч этгээд Г.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Г.С нь 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан. Энэ маргаантай болж 2016-2018 онд шүүхээр  2 жил явж өөрийн санхүү, бие сэтгэлээр хохирсон. Энэ үед ажилгүй байсан. 2019 онд ажилд орсон. Ардчилсан намын гишүүнд байсан 2019 оны 1 дүгээр сард намдаа өргөдөл бичиж татгалзсан, одоо энэ шүүхийн асуудал надад хамаагүй гэжээ. 

        Гуравдагч этгээд Б.Т шүүхэд гаргасан тайлбартаа: ******* сумын иргэн Н.Б-ийн нэхэмжлэлэй, ******* сумын иргэдийн Хурлын даргад холбогдох хэрэгт  миний биеийг  гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан байна. Би Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа тул ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Л төлөөлөн оролцох болно. Бусад гуравдагч этгээдүүдтэй ашиг сонирхол нэг болно гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

         Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаас үзэхэд 2016 онд ******* сумын иргэн Я.Б, тус сумын Ардчилсан намаас нэр дэвшигч Г.С, Б.Т, И.Д, Ж.Б нар нь тус сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр өргөн мэдүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 156 дугаар магадлалаар ******* сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, тухайн 5 төлөөлөгч буюу Ж.Б, Г.С, И.Д, Я.Б, Б.Т нарыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр өргөн мэдүүлэхийг даалгаж шийдвэрлэснийг  Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ний өдрийн 160 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 

        Өөрөөр хэлбэл Ж.Б, Г.С, И.Д, Я.Б, Б.Т нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан ******* сумын сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгож дээрх нэр бүхий 5 хүнийг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр өргөн мэдүүлэхийг даалгаж шийдвэрлэснээр ******* сумын Дэрстэй баг буюу 449 дүгээр хэсгээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон гэх Ч.М, Г.Б, Д.С, С.Б, М.Х нарыг Хурлын Төлөөлөгч гэж үзэх боломжгүй бөгөөд хариуцагч Х.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “...С.Б нарын хэдэн төлөөлөгч нар төлөөлөгчөөсөө татгалзаж гарын үсгээ зурсан. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байсан Г.Б-д зарим төлөөлөгч нар төлөөлөгчийн үнэмлэхээ өгчихөөд явсан. Уг 5 хүн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаас хойш нэг ч хуралдаанд оролцоогүй...” гэсэн тайлбар, 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд Ч.М, Г.Б, Д.С, С.Б, М.Х нарыг оролцуулахгүй 16 төлөөлөгч оролцож сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Х.Л-ыг сонгосон байгаагаас ойлгогдож байна.

         2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII дугаар хуралдаанд Х.Л, Д.Б, Я.Г, З.Т, Л.Н, Б.Г, Б.Б, Б.Г зэрэг 8 хурлын төлөөлөгч хуралдаж Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн 160 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 “а” дахь хэсэгт зааснаар Дэрстэй багийн 3 дугаар тойрог буюу 449 дүгээр хэсэгт Ардчилсан намаас нэр дэвшиж иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон Ж.Б, Г.С, И.Д, Я.Б, Б.Т нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцсэн байгаа нь  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.7-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 

        Учир нь: ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нийт 21 байхаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт хурлын төлөөлөгч нас барсан тохиолдолд Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно гэж зааснаар  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д-ын С 2019 оны 5 дугаар сард нас барснаар түүний бүрэн эрх дуусгавар болсон, ******* сумын Дэрстэй багийн 3 дугаар тойрог буюу 449 дүгээр хэсэгт Ардчилсан намаас нэр дэвшиж иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон Ж.Б, Г.С, И.Д, Я.Б, Б.Т нарын хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа тохиолдолд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 15 төлөөлөгчтэй гэж үзэхээр байна. Үүнээс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд нийт төлөөлөгчийн олонхи нь буюу 8 төлөөлөгч хүрэлцэн ирж,  хурлын ирц 53.3 хувьтай  байгаа нь тухайн хурлыг хүчинтэйд тооцох үндэслэлтэй байна.  

        Харин 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24 дүгээр тогтоолоор  2018 оны 05 дугаар сарын  16-ны өдөр нас барсан И.Д-ийн /Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 944 дугаар албан бичиг, нас барсны бүртгэлийн лавлагаа/ хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн байгаа нь бодит байдал хэрэгжих боломжгүй, хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байх тул ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24 дүгээр тогтоолын И.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна. 

        Нэхэмжлэгч Н.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “...Манай намын бүлгээс хуралдаанд оролцохгүй гэж хэлээгүй, оролцоно. Харин тухайн асуудал нь бидний шийдэх эрх хэмжээний асуудал биш гэж хэлсээр байтал эдгээр хүмүүс өөрсдийн дураар эрх нь сэргээгүй хүмүүсийг ирцэд оруулж, ирц бүрдээгүй хуралдаан хийсэн...”, хариуцагчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбарт “...5 хүний бүрэн эрхийг сэргээж хуралдааны ирцийг бүрдүүлэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах хүсэлт тавихад Монгол Ардын намын бүлгийн төлөөлөгчид бид зохион байгуулалтын асуудал хэлэлцэхэд оролцохгүй гэсэн мөн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааныг зарлахад Н.Б ирсэн бөгөөд та нар бусад гэдэг асуудлаар юу хэлэлцэх гэж байгаа юм бэ? гээд гарч явсан” гэсэн тайлбаруудаас харахад  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дах хэсэгт “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно”, 23.9 дахь хэсэгт “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна”  гэж заасан бөгөөд нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориудаар товлосон хуралдаанд оролцоогүй нь ирц хүрээгүй бус харин ч хуульд заасанчлан тухайн өдрийн хуралдаанд оролцож, эсрэг санал өгсөнд тооцохоор байгааг дурдах нь зүйтэй байна. 

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.13 дах хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт зааснаар Н.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Ж.Б, Г.С, И.Д, Я.Б, Б.Т нарын хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 24 дүгээр тогтоолын И.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, бусад төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Э.ЗОЛБАДРАХ