Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2017/01151

 

Б.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/00676 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1331 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Нгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Эд холбогдох,

Гэрээний үүрэгт 366 662 төгрөг гаргуулах,

Нэхэмжлэгч Б.Нгийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баатарын Б.Н би Жамбалдоржийн Ж.Этай 2016 оны 08 дугаар сарын 11-ны өдөр “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ” байгуулан Сонгиохайрхан дүүргийн 18-р хороо Залуус-1 хорооололын 48Б байрны 70 тоотыг түрээслэн суухаар 1 жилийн хугацаатайгаар гэрээ байгуулан гарын үсэг зурсан. Ингээд би 2016 оны 08 сарын 11-ны өдрөөс уг байранд амьдарч эхэлсэн. Гэрээг 1 жилээр байгуулсан боловч бид харилцан тохиролцож гэрээг хугацаанаас өмнө буюу 2017 оны 01 сарын 27-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, орон сууцыг 2017.01.28-ны өдөр чөлөөлөн хүлээлгэн өгсөн. 2016.08.01-2017.01.31-ны өдрийн дуустал байрны түрээсийн төлбөрийг бүрэн төлж, гэрээний хавсралтанд гарын үсэг зурж баталгаажуулсан болно. Орон сууцыг түрээслэх хугацаандаа сарын түрээс, байрны мөнгийг цаг хугацаанд нь төлж байсан болно. Гэтэл орон сууцыг чөлөөлөн хүлээлгэн өгсний дараа барьцаа болон суугаагүй хоногийн мөнгийг буцаан олгохоор тохиролцож, гэрээнд заасан боловч барьцаа мөнгө болон суугаагүй хоногийн мөнгийг өнөөг хүртэл буцаан өгөөгүй. /Барьцаа 250.000 төгрөг, 2016.08.01-2016.08.10-ыг дуустал 10 хоног, 2017.01 28- 2017.01.31-ныг дуустал 4 хоног, суугаагүй нийт 14 хоног/

250 000 төгрөг /сарын түрээс/ :30 /хоног/=8333 төгрөг /өдрийн түрээс/

8333 төгрөг /өдрийн түрээс/ * 14 /суугаагүй нийт хоног/= 116.662 төгрөг /суугаагүй нийт хоногийн түрээс/

250 000 төгрөг /барьцаа/+116.662 төгрөг /суугаагүй нийт хоногийн түрээс/=366.662 төгрөг

Иймд 366.662 төгрөгийг хариуцагч Жамбалдоржийн Ж.Эгаас гаргуулан өгнө үү гэжээ.

Мөн нэхэмжпэл гаргагч Б.Н хариуцагч Ж.Эгийн хариу тайлбартаа танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1.Гэрээ цуцалж, байрнаас гарах тухай саналыг би 2017.01.24-нд хөлслүүлэгч Ж.Эд мэдэгдсэн бөгөөд Ж.Э нь байр түрээслэх хүн хайя гэж ярилцсан бөгөөд хэрвээ хүн олдохгүй бол цагаан сар өнгөртөл би уг байранд амьарсанч болох юм гэсэн. Удалгүй Ж.Э жилээр түрээслэх хүн оллоо, түрээс нь ч та хэдийнхээс арай илүү юм байна, тэр хүмүүс 2017.01.28- ны өдөр байрыг суллан өгч, уг байранд дараагийн айл орсон. Ийнхүү бид харилцан тохиролцож гэрээг цуцалсан бөгөөд хөлслүүлэгч Ж.Эгийн байранд хүн амьдраагүй хоногийн зөрүү гараагүй тул хөлслүүлэгч ямар нэгэн хохирол учраагүй болно. /Энэхүү тайлбарыг нотлох баримтыг бид 2ын фэйсбүүк мессенжерт бичсэн баримтаас үзэж болно. Тус баримтыг миний фэйсбүүк Б.Н хаягаар шалгаж өгнө үү. Фэйбүүк месенжерт бичсэн зүйлийг хавсаргав.

2. 2016.11.01-ны өдөр хөлслүүлэгч Ж.Э надруу месенжерээр доод талын айл буюу 5 давхарын айлын дээрээс ус нэвчээд байна гэж контороос ярилаа гэж хэлсэн. /Хөлсөлж байсан байр 6 давхарт байсан/. Тэгээд би тэр өдөр нь ажлаасаа чөлөө аван очтол орон сууцны засварчин танайхаас хананаас ус гоожоод доод айлруу ороод байгаа учир танай 00-ын ард талд цоолж үзэх шаардлагатай гээд 00-ын өрөөний ханыг цоолсон болно. Цоолж үзээд манайхаас ус гоожоогүй болохыг тогтоосон. Энэ талаар Залуус 1-ын орон сууцны засварчнаас асууж, тодруулж болно. Үүний дараа 2016.11.05-ны өдөр жижиг өрөөний ханаруу ус нэвчин орж хана норсон. Хөлслүүлэгч Ж.Э бид 2 2-уулаа конторлуу утсаар ярьж, мөн очиж уулзан конторыг засч өгөхийг шаардсан болно. Мөн Ж.Э “... контор руу ярилаа, гэмтлээ олоогүй байна гэнэ, слесарууд дураараа айл нүхлэх ёсгүй гэж хэллээ. Одоо очоод бөглөөд өгье гэнэ, намайг ирээд уулзвал тайлбарлаж өгье гэж байна. Яаран битүүлэх ч яахав, буруутай газрыг нь олох нь чухал шүү дээ... гэж мессенжерээр надад хэлсэн. Ус гоожсон шалтгаан нь 10 давхарын айлын ханан дахь усны хоолой цоорсны улмаас 5-9 давхарын бүх айлуудын жижиг өрөөний хананууд норсон байсан. Үүнийг хөлслүүлэгч Ж.Э, хөлслөгч Б.Н миний бие, 7 давхарын айлын эзэгтэй хамтран 3-уулаа 7,10,11 дахь давхарын айлуудаар орж үзсэн болно. Тэгтэл 10,11 дэхь давхарын айлын хана зүгээр байсан бөгөөд 10 давхарын айлын эзэгтэй манайх ус алдсан засуулах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд 10 давхарын айлын эзэгтэй манайх ус алдсан засуулах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд 10 давхарын айлаас анх ус алдсан болсныг тогтоосон болно. /Энэ гэмтэлтийн явц, юунаас болсоныг шалгаж тогтоосон тухай хөлспүүлэгчид тухай бүр хэлж байсан бөгөөд хөлслүүлэгч бид 2-ын ярьсан зүйлийг миний фэйсбүүк Б.Н хаягаар шалгаж өгөхийг шүүгчээс хүсч байна. Хавсралтаас үзнэ үү/. Мөн гэрээний 4.5, 5.3-д заасны дагуу алчуур хатаагч солих, хоолойны булан төмөр солих зэрэг хэрэглээний явцад гарсан засвар үйлчилгээний материал, тэдгээрийг солих засварчны хөлс зэргийг тухай бүр хөлслүүлэгч Ж.Эд баримтын хамт танилцуулж, тухай бүр бид тэнцүү хуваан төлдөг байсан. Үүнийг Ж.Э мөн мэдэж байгаа.

Иймд дээрх тайлбар, нотлох баримтуудыг үндэслэн гэрээний 1.4-т заасны дагуу миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү хэмээн хүсч байна гэжээ.

Хариуцагч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн 1-р хороо М100-321 тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн 1-3-р хорооны Мэндцолмон ӨЭМТ-д Эрүүл Мэндийн Нийгмийн Ажилтан ажилтай Модчин овогт Баатарын Б.Нгийн нэхэмжлэлийн шаардлага болох 366.662 төгрөгийг миний бие Шагай овогт Жамбалдоржийн Ж.Э надаас гаргуулах ямарч үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:

1.Б.Н нь манай байранд амьдарч байгаад гэрээгээ зөрчин өөрөөр хэлбэл 1 жилийн хугацаатай гэрээ байгуулан орж амьдарчихаад хугацаанаасаа өмнө гарах болсон. Байрнаас гарахаар бол 1 сарын өмнө түрээслэгч талд мэдэгдэх ёстой байтал гэнэт 2,3 хоногийн өмнө мэдэгдсэн. Энэ нь учирсан хохирлыг барагдуулахаас санаатай зайлсхийж зугтан гарсан гэж үзэж байна. Иймд дутуу хоногийн 116.662 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй гэж үзэж байна. Энэхүү тайлбарыг нотлох баримтыг надад месенжерт бичсэн баримтаас үзэж болно. Тус баримтыг миний фэйсбүүк Enkhee Jambal хаяг болон [email protected] мэйл хаягаар шалгаж өгөхийг шүүгчээс хүсч байна. Хавсралт-1 а,б,в,г-д бий. Гэрээгээ зөрчин байраас гарах болсноо гэнэт мэдэгдсэн нь түрээслүүлэгч би байрандаа учруулсан хохиролыг зассан эсэхийг ч мэдэж амжаагүй болно. Б.Нд манай байранд амьдарч байхад нь учирсан хохирлыг арилгах хугацаа хангалттай байсан. Гэтэл зассан засаагүй нь мэдэгдэхгүй таг чиг байж байснаа гэнэт гарлаа гэсэн.

Байранд учирсан хохирол: 1.Жижиг өрөөний хана усанд нэвчин обой халтартсан, хуулж хаясан. Их удаан хугацаанд арга хэмжээ аваагүйн улмаас мөөгөнцөртөж их хэмжээний хохирол учирсан болно. Үүнийг нотлох баримтыг Б.Нгийн надад явуулсан зургаас харж болно. /Фэйсбүүк Enkhee Jambal хаяг болон [email protected] хаягаар болон Хавсралт-2 а,в-гээс харж болно/. Зөвхөн жижиг өрөөний тэр ханыг засуулахад түүний барьцаа болгон өгсөн 250000 төгрөг хүрэхгүй. Үүнийг барилгын засвар хийдэг хувь хүн болон компаниуд хэлж нотолж байна. Зөвхөн ажпын хөлс нь 150.000-200.000 төгрөг болно. /Барилгын засварын үнийг нотлохын тулд засвар хийдэг хувь хүнээр тооцуулбал тамга тэмдэггүй тул нотолгоо болж чадахгүй байх магадлалтай. Харин компаниас авбал ажлын хөлс болон бусад зүйлс нь өндөр үнэлгээтэй гарах гээд байгаа тул шүүхээс шаардах материалыг харж хүлээзнэж байна.

2.Угаалгын өрөөний 00 -ын ар талыг нүхэлж цоолуулах шаардлагагүй газар нүхлүүлж онгойсон том нүхтэй болгосон. Одоогоор тэр нүхийг цаасаар таглачихаад байна. Үүнийг нотлох баримтыг Б.Нгийн надад явуулсан зургаас харж бол болно. /Фэйсбүүк Enkhee Jambal хаяг болон [email protected] хаягаар болон Хавсралт-2б-гээс харж болно/ Энэхүү тайлбарыг шүүхэд өгөхийн өмнө өдөр буюу 2017-03-20 өдөр одоо түрээслэн амьдарч байгаа Г.Баянжаргал /утас 89267070/ нь 00 өрөөний плита-г өөр хэсэгт цоолон шугам хоолойг сольсон. Солиход 95000 мянган төгрөг болсон 3 сарын байрын мөнгөн дээр бичигдэж гарах болсныг мэдэгдлээ. Өмнөх түрээслэгч айлын чинь үед гарсан эвдрэл тул манайд хамаарахгүй шүү гэж мэдэгдсэн. Баримтыг хавсралт-3 аас харна уу? Тэгэхээр угаалгын өрөөнд бас ямар засвар хийгдэх нь тодорхой биш байна. Иймд Б.Нд би мөнгө нэхэмжпэх шаардлага гараад байгаа билээ гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/00676 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн дугаар зүйлийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.Эгаас 319224.5 /гурван зуун арван есөн мянга хоёр зуун хорин дөрвөн төгрөг 5 мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжэгч Б.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 47437.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Эгаас 10.227 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Нд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1331 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/00676 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн 1-р хорооны 14-7 тоотод оршин суух, Модчин овогт Баатарын Б.Н миний бие Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 сарын 07-ны өдрийн 1331 дугаартай шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Учир нь:

  1. Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний 7.4-т заасны дагуу “Хөлслөгч нь энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүсвэл энэ тухайгаа хөлслүүлэгчид 1 сарын өмнө мэдэгдэнэ. Энэ тохиолдолд хөлслүүлэгч барьцаа мөнгийг хөлслөгчид эргүүлэн олгоно” гэж заасан боловч гэрээ цуцалж, байрнаас гарах тухай саналыг би 2017.01.24-нд хөлслүүлэгч Ж.Эд мэдэгдсэн, Ж.Э нь байр түрээслэх хүн хайя гэж ярилцсан бөгөөд хэрвээ хүн олдохгүй бол цагаан сар өнгөртөл буюу 2 дугаар сарыг дуустал уг байранд амьдарсан ч болох юм гэсэн. Удалгүй Ж.Э жилээр нь түрээслэх хүн оллоо, түрээс нь ч та хэдийнхээс арай илүү юм байна, тэр хүмүүс 2017.01.28-нд байранд орох тул байраа суллах хэрэгтэй байна гэсний дагуу би 2017.01.28-ны өдөр байрыг суллан өгч, уг байранд дараагийн айл орсон. Ийнхүү бид харилцан тохиролцож гэрээг цуцалсан бөгөөд хөлслүүлэгч Ж.Эгийн байранд хүн амьдраагүй хоногийн зөрүү гараагүй тул хөлслүүлэгч ямар нэгэн хохирол учраагүй болно. /Энэхүү тайлбарыг нотлох баримтыг бид 2-ын фэйсбүүк мессенжерт бичсэн захидлыг нэхэмжлэлд хавсаргасан/
  2. 2016.11.01-ний өдөр хөлслүүлэгч Ж.Э надруу мессенжерээр доод талын айл буюу 5 давхарын айлын дээрээс ус нэвчээд байна гэж контороос ярилаа гэж хэлсэн. /Хөлсөлж байсан байр 6 давхарт байсан/. Тэгээд би тэр өдөр нь ажлаасаа чөлөө аван очтол орон сууцны засварчин танайхаас хананаас ус гоожоод доод айлруу ороод байгаа учир танай 00-ын ард талд цоолж үзэх шаардлагатай гээд гэмтэлийг нь тогтоохын тулд 00-ын өрөөний ханыг цоолсон болно. Цоолж үзээд манайхаас ус гоожоогүй болохыг тогтоосон. Энэ талаар Залуус 1-ийн орон сууцны засварчнаас асууж, тодруулж болно. Үүний дараа 2016.11.05-ны өдөр жижиг өрөөний ханаруу ус нэвчин орж хана норсон. Хөлслүүлэгч Ж.Э бид 2 2-уулаа конторлуу утсаар ярьж, мөн очиж уулзан конторыг засч өгөхийг шаардсан болно. Мөн Ж.Э “...контор руу ярилаа, гэмтлээ олоогүй байна гэнэ, слесарууд дураараа айл нүхлэх ёсгүй гэж хэллээ. Одоо очоод бөглөөд өгье гэнэ, намайг ирээд уулзвал тайлбарлаж өгье гэж байна. Яаран битүүлэх ч яахав, буруутай газрыг нь олох нь чухал шүү дээ...” гэж мессенжерээр надад хэлсэн. Ус гоожсон шалтгаан нь 10 давхарын айлын ханан дахь усны хоолой цоорсны улмаас 5-9 давхарын бүх айлуудын жижиг өрөөний хананууд норсон байсан. Үүнийг хөлслүүлэгч Ж.Э, хөлслөгч Б.Н миний бие, 7 давхарын айлын эзэгтэйтэй хамтран 3-уулаа 7, 10, 11 дахь давхарын айлуудаар орж үзсэн болно. Тэгтэл 10, 11 дэхь давхарын айлын хана зүгээр байсан бөгөөд 10 давхарын айлын эзэгтэй манайх ус алдсан засуулах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд 10 давхарын айлаас анх ус алдсан болсныг тогтоосон болно. Иймд ус гоожиж жижиг өрөөний хана норсон, 00-ын өрөөний хана цоолсон зэрэг нь миний буруугаас болоогүй хариуцах эзэн нь тодорхой тул Ж.Э нь дээрх хохирлоо 10 давхарын айлаас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ гэмтлийн явц, юунаас болсныг шалгаж тогтоосон тухай хөлслүүлэгчид тухай бүр хэлж байсан бөгөөд хөлслүүлэгч бид 2-ын ярьсан зүйлийг баталгаажуулсан баримтыг мөн хэрэгт хавсаргасан. Мөн гэрээний 4.5, 5.3-д заасны дагуу алчуур хатаагч солих, хоолойны булан төмөр солих зэрэг хэрэглээний явцад гарсан завсар үйлчилгээний материал, тэдгээрийг солих засварчны хөлс зэргийг тухай бүр хөлслүүлэгч Ж.Эд баримтын хамт танилцуулж, тухай бүр бид тэнцүү хуваан төлдөг байсан. Үүнийг Ж.Э мөн мэдэж байгаа. Иймд дээрх тайлбар, нотлох баримтуудыг үндэслэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.31 -ны өдрийн 182/ШШ2017/00676 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 сарын 07-ны өдрийн 1331 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү хэмээн хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Ж.Эгаас орон сууц хөлслөх гэрээний барьцааны үүрэгт өгсөн 250.000 төгрөг, суугаагүй орон сууцны хөлс 116.662 төгрөг нийт 366.662 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч маргаж, гэрээг хугацаанаас өмнө гэнэт цуцалсан, жижиг өрөөний хана усанд нэвчин обой халтартсан байхад удаан хугацаанд арга хэмжээ аваагүйн улмаас мөөгөнцөртөж их хэмжээний хохирол учирсан, угаалгын өрөөний ар талыг том нүхтэй болгосон, барьцааны мөнгө засварт хүрэхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

            Анхан шатны шүүх хариуцагчаас 319 224 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан байна.

            Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т заасан үндэслэлд нийцээгүй байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой байна.

            Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах бүрэн эрхийн хүрээнд хэрэгт цугларсан баримтыг дүгнэх боломжтой байхад шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд ач холбогдолгүй баримтад үзлэг хийлгэх зохигчдын хүсэлтийг шийдвэрлэх ёстой гэж үзсэн нь хуульд нийцсэнгүй. Орон сууцыг хөлслөх явцад дээд айлаас ус алдсны улмаас жижиг өрөөний обой хууларч унасан, орон сууцны конторын ажилтан шугам сүлжээг шалгахдаа угаалгын өрөөний ханыг цоолсон үйл баримтыг зохигчдын хэн аль нь маргаагүй, хэрэгт цугларсан баримтын хүрээнд орон сууцыг хөлсөлж байсан хариуцагч гэм буруутай эсэх, учирсан хохирол хариуцагчийн үйлдэлтэй холбоотой эсэх талаар дүгнэх боломжтой байжээ. Зохигчдын хооронд цахим хаягаар харилцсан баримтад үзлэг хийх нь дээрх үйл баримтаас өөр шинэ зүйлийг тогтоогоогүй, хэрэгт ач холбогдолгүй байх тул зохигчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй байна.

Зохигчдын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т нийцжээ. Харин орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр эсэхийг дүгнэхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан түрээсийн гэрээний хэлбэрийн шаардлагыг баримталсан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглээгүй гэж үзнэ. Шүүх ийнхүү хуулийг буруу хэрэглэснээр орон сууц хөлслөх гэрээ, түрээсийн гэрээг ялгаж зааглаж чадаагүй, эрх зүйн дүгнэлт хийхдээ хөлс, түрээс гэх  ойлголтыг хольж дүгнэсэн байна.

Орон сууц хөлслөх гэрээний холбогдох зохицуулалтад уг гэрээг ямар хэлбэрээр байгуулах талаар тусгайлан зохицуулаагүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасан зохицуулалтыг хэрэглэх замаар гэрээ байгуулагдсан гэж үзэх эсэхийг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг хэрэглэж гэрээ хүчин төгөлдөр бус эсэх талаар эрх зүйн дүгнэлтийг хийх ёстой байна.

Зохигчид 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр бичгээр гэрээ байгуулж, Ж.Э нь өөрийн өмчлөлийн орон сууцыг шилжүүлсэн, нэхэмжлэгч Б.Н уг сууцанд амьдарч, сар бүр орон сууцны хөлсөнд 250.000 төгрөг төлөх, барьцаанд 250.000 төгрөг шилжүүлэх, гэрээний хугацаа 1 жил гэж тохирсон байдал хууль зөрчөөгүй, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн дээрх баримтад гарын үсэг зурснаар орон сууц хөлслөх гэрээ бичгээр байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Хэрэгт авагдсан баримтаар хөлслөгч Б.Н гэрээг цуцлах санал гаргасан,  2017 оны 01 сарын 28-ны өдөр орон сууцыг чөлөөлөн Ж.Эд хүлээлгэн өгсөн, орон сууцны хөлсийг тухайн сард бүрэн төлсөн боловч хөлслөгч Б.Н нь 14 хоногийн өмнө сууцыг чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ. Анхан шатны шүүх барьцааны 250 000 төгрөг, 14 хоногийн хөлс 116 662 төгрөгийг буцаан гаргуулах, нэхэмжлэгч нь ... шугам хоолойг сольсон зардал болох 94875 төгрөгийн 50 хувь болох 47437.5 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул хасч, 319 224 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 302 дугаар зүйлийн 302.4, 288 дугаар зүйлийн 288.1.3-т заасан зохицуулалтад нийцжээ.

Гэрээний зүйл болох орон сууцны жижиг өрөөний обой гэмтсэн, .. өрөөний ханыг цоолсон явдал хариуцагчийн үйлдлээс шалтгаалаагүй, түүнийг гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч гэм хорыг арилгах үүрэггүй бөгөөд засварын  зардалд барьцааны мөнгийг суутгана гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Хариуцагч нь мөнгө төлбөрийн үүргийг харилцан тооцох талаар тайлбар, нотлох баримт гаргаж, зохигчид мэтгэлцсэн тохиолдолд шүүх хянан үзэх ёстой бөгөөд хариуцагчийг сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 40 дүгээр зүйлийн 40.1-т нийцэхгүй болно.

            Иймд маргааны үйл баримт, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх талаар хууль зүйн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1331 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/00676 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР  

ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА