Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 676

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Т.Наранцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, М100-321 тоотод оршин суух, ЛЮ92092201 тоот регистрийн дугаартай, Модчин  овогт Баатарын Нарантуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 54-р байр, 24 тоотод оршин суух, Шагай овогт Жамбалдоржийн Энхтагтаад холбогдох,

366.662 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэл гаргагч Б.Нарантуяа, хариуцагч Ж.Энхтагтаа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.     

                                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэл гаргагч Б.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баатарын Нарантуяа би Жамбалдоржийн Энхтагтаатай 2016 оны 08 дугаар сарын  11-ны өдөр “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ” байгуулан Сонгиохайрхан дүүргийн 18-р хороо Залуус-1 хорооололын 48Б байрны 70 тоотыг түрээслэн суухаар 1 жилийн хугацаатайгаар гэрээ байгуулан гарын үсэг зурсан. Ингээд би 2016 оны 08 сарын 11-ны өдрөөс уг байранд амьдарч эхэлсэн. Гэрээг 1 жилээр байгуулсан боловч бид харилцан тохиролцож гэрээг хугацаанаас өмнө буюу 2017 оны 01 сарын 27-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, орон сууцыг 2017.01.28-ны өдөр чөлөөлөн хүлээлгэн өгсөн. 2016.08.01-2017.01.31-ны өдрийн дуустал байрны түрээсийн төлбөрийг бүрэн төлж, гэрээний хавсралтанд гарын үсэг зурж баталгаажуулсан болно. Орон сууцыг түрээслэх хугацаандаа сарын түрээс, байрны мөнгийг цаг хугацаанд нь төлж байсан болно. Гэтэл орон сууцыг чөлөөлөн хүлээлгэн өгсний дараа барьцаа болон суугаагүй хоногийн мөнгийг буцаан олгохоор тохиролцож, гэрээнд заасан боловч барьцаа мөнгө болон суугаагүй хоногийн мөнгийг өнөөг хүртэл буцаан өгөөгүй. /Барьцаа 250.000 төгрөг, 2016.08.01-2016.08.10-ыг дуустал 10 хоног, 2017.01.28-2017.01.31-ныг дуустал 4 хоног, суугаагүй нийт 14 хоног/

250.000 төгрөг /сарын түрээс/ :30 /хоног/=8333 төгрөг /өдрийн түрээс/

8333 төгрөг /өдрийн түрээс/ * 14 /суугаагүй нийт хоног/= 116.662 төгрөг /суугаагүй нийт хоногийн түрээс/

250.000 төгрөг /барьцаа/+116.662 төгрөг /суугаагүй нийт хоногийн түрээс/=366.662 төгрөг

Иймд 366.662 төгрөгийг хариуцагч Жамбалдоржийн Энхтагтаагаас гаргуулан өгнө үү гэжээ.

          Мөн нэхэмжлэл гаргагч Б.Нарантуяа хариуцагч Ж.Энхтагтаагийн хариу тайлбартаа танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

  1.   Гэрээ цуцалж, байрнаас гарах тухай саналыг би 2017.01.24-нд хөлслүүлэгч Ж.Энхтагтаад мэдэгдсэн бөгөөд Ж.Энхтагтаа нь байр түрээслэх хүн хайя гэж ярилцсан бөгөөд хэрвээ хүн олдохгүй бол цагаан сар өнгөртөл би уг байранд амьарсанч болох юм гэсэн. Удалгүй Ж.Энхтагтаа жилээр түрээслэх хүн оллоо, түрээс нь ч та хэдийнхээс арай илүү юм байна, тэр хүмүүс 2017.01.28-ны өдөр байрыг суллан өгч, уг байранд дараагийн айл орсон. Ийнхүү бид харилцан тохиролцож гэрээг цуцалсан бөгөөд хөлслүүлэгч Ж.Энхтагтаагийн байранд хүн амьдраагүй хоногийн зөрүү гараагүй тул хөлслүүлэгч ямар нэгэн хохирол учраагүй болно. /Энэхүү тайлбарыг нотлох баримтыг бид 2ын фэйсбүүк мессенжерт бичсэн баримтаас үзэж болно. Тус бамимтыг миний фэйсбүүк Б.Нарантуяа хаягаар шалгаж өгнө үү. Фэйбүүк месенжерт бичсэн зүйлийг хавсаргав./
  2.    2016.11.01-ны өдөр хөлслүүлэгч Ж.Энхтагтаа надруу месенжерээр доод талын айл буюу 5 давхарын айлын дээрээс ус нэвчээд байна гэж контороос ярилаа гэж хэлсэн. /Хөлсөлж байсан байр 6 дахарт байсан./ Тэгээд би тэр өдөр нь ажлаасаа чөлөө аван очтол орон сууцны засварчин танайхаас хананаас ус гоожоод доод айлруу ороод байгаа учир танай 00-ын ард талд цоолж үзэх шаардлагатай гээд 00-ын өрөөний ханыг цоолсон болно. Цоолж үзээд манайхаас ус гоожоогүй болохыг тогтоосон. Энэ талаар Залуус 1-ын орон сууцны засварчнаас асууж, тодруулж болно. Үүний дараа 2016.11.05-ны өдөр жижиг өрөөний ханаруу ус нэвчин орж хана норсон. Хөлслүүлэгч Ж.Энхтагтаа бид 2 2-уулаа конторлуу утсаар ярьж, мөн очиж уулзан конторыг засч өгөхийг шаардсан болно. Мөн Энхтагтаа “... контор руу ярилаа, гэмтлээ олоогүй байна гэнэ, слесарууд дураараа айл нүхлэх ёсгүй гэж хэллээ. Одоо очоод бөглөөд өгье гэнэ, намайг ирээд уулзвал тайлбарлаж өгье гэж байна. Яаран битүүлэх ч яахав, буруутай газрыг нь олох нь чухал шүү дээ... гэж мессенжерээр надад хэлсэн. Ус гоожсон шалтгаан нь 10 давхарын айлын ханан дахь усны хоолой цоорсны улмаас 5-9 давхарын бүх айлуудын жижиг өрөөний хананууд норсон байсан. Үүнийг хөлслүүлэгч Ж.Энхтагтаа, хөлслөгч Б.Нарантуяа миний бие, 7 давхарын айлын эзэгтэй хамтран 3-уулаа 7,10,11 дахь давхарын айлуудаар орж үзсэн болно. Тэгтэл 10,11 дэхь давхарын айлын хана зүгээр байсан бөгөөд 10 давхарын айлын эзэгтэй манайх ус алдсан засуулах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд 10 давхарын айлын эзэгтэй манайх ус алдсан засуулах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд 10 давхарын айлаас анх ус алдсан болсныг тогтоосон болно. /Энэ гэмтэлтийн явц, юунаас болсоныг шалгаж тогтоосон тухай хөлслүүлэгчид тухай бүр хэлж байсан бөгөөд хөлслүүлэгч бид 2-ын ярьсан зүйлийг миний фэйсбүүк Б.Нарантуяа хаягаар шалгаж өгөхийг шүүгчээс хүсч байна. Хавсралтаас үзнэ үү./ Мөн гэрээний 4.5, 5.3-д заасны дагуу алчуур хатаагч солих, хоолойны булан төмөр солих зэрэг хэрэглээний явцад гарсан засвар үйлчилгээний материал, тэдгээрийг солих засварчны хөлс зэргийг тухай бүр хөлслүүлэгч Ж.Энхтагтаад баримтын хамт танилцуулж, тухай бүр бид тэнцүү хуваан төлдөг байсан. Үүнийг Ж.Энхтагтаа мөн мэдэж байгаа.

Иймд дээрх тайлбар, нотлох баримтуудыг үндэслэн гэрээний 1.4-т заасны дагуу миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү хэмээн хүсч байна” гэв.

 

Хариуцагч Ж.Энхтагтаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн 1-р хороо М100-321 тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн 1-3-р хорооны Мэндцолмон ӨЭМТ-д Эрүүл Мэндийн Нийгмийн Ажилтан ажилтай Модчин овогт Баатарын Нарантуяагийн нэхэмжлэлийн шаардлага болох 366.662 төгрөгийг миний бие Шагай овогт Жамбалдоржийн Энхтагтаа надаас гаргуулах ямарч үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь:

  1. Б.Нарантуяа нь манай байранд амьдарч байгаад гэрээгээ зөрчин өөрөөр хэлбэл 1 жилийн хугацаатай гэрээ байгуулан орж амьдарчихаад хугацаанаасаа өмнө гарах болсон.

Байрнаас гарахаар бол 1 сарын өмнө түрээслэгч талд мэдэгдэх ёстой байтал гэнэт 2,3 хоногийн өмнө мэдэгдсэн. Энэ нь учирсан хохирлыг барагдуулахаас санаатай зайлсхийж зугтан гарсан гэж үзэж байна.

Иймд дутуу хоногийн 116.662 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй гэж үзэж байна. Энэхүү тайлбарыг нотлох баримтыг надад месенжерт бичсэн баримтаас үзэж болно. Тус баримтыг миний фэйсбүүк Enkhee Jambal хаяг болон [email protected] мэйл хаягаар шалгаж өгөхийг шүүгчээс хүсч байна. Хавсралт-1 а,б,в,г-д бий. Гэрээгээ зөрчин байраас гарах болсноо гэнэт мэдэгдсэн нь түрээслүүлэгч би байрандаа учруулсан хохиролыг зассан эсэхийг ч мэдэж амжаагүй болно. Б.Нарантуяад манай байранд амьдарч байхад нь учирсан хохирлыг арилгах хугацаа хангалттай байсан. Гэтэл зассан засаагүй нь мэдэгдэхгүй таг чиг байж байснаа гэнэт гарлаа гэсэн.

Байранд учирсан хохирол:

  1.    Жижиг өрөөний хана усанд нэвчин обой халтартсан, хуулж хаясан. Их удаан хугацаанд арга хэмжээ аваагүйн улмаас мөөгөнцөртөж их хэмжээний хохирол учирсан болно. Үүнийг нотлох баримтыг Б.Нарантуяагийн надад явуулсан зургаас харж болно. /Фэйсбүүк Enkhee Jambal хаяг болон [email protected] хаягаар болон Хавсралт-2 а,в-гээс харж болно. / 

 

          Зөвхөн жижиг өрөөний тэр ханыг засуулахад түүний барьцаа болгон өгсөн 250000 төгрөг хүрэхгүй.

          Үүнийг барилгын засвар хийдэг хувь хүн болон компаниуд хэлж нотолж байна.

          Зөвхөн ажлын хөлс нь 150.000-200.000 төгрөг болно. /Барилгын засварын үнийг нотлохын тулд засвар хийдэг хувь хүнээр тооцуулбал тамга тэмдэггүй тул нотолгоо болж чадахгүй байх магадлалтай.

          Харин компанаас авбал ажлын хөлс болон бусад зүйлс нь өндөр үнэлгээтэй гарах гээд байгаа тул шүүхээс шаардах материалыг харж хүлээзнэж байна.

  1.    Угаалгын өрөөний OO –ын ар талыг нүхэлж цоолуулах шаардлагагүй газар нүхлүүлж онгойсон том нүхтэй болгосон. Одоогоор тэр нүхийг цаасаар таглачихаад байна. Үүнийг нотлох баримтыг Б.Нарантуяагийн надад явуулсан зургаас харж бол болно. /Фэйсбүүк Enkhee Jambal хаяг болон [email protected] хаягаар болон Хавсралт-2б-гээс харж болно/

Энэхүү тайлбарыг шүүхэд өгөхийн өмнө өдөр буюу 2017-03-20 өдөр одоо түрээслэн амьдарч байгаа Г.Баянжаргал /утас 89267070/ нь 00 өрөөний плита-г өөр хэсэгт цоолон шугам хоолойг сольсон. Солиход 95000 мянган төгрөг болсон 3 сарын байрын мөнгөн дээр бичигдэж гарах болсныг мэдэгдлээ. Өмнөх түрээслэгч айлын чинь үед гарсан эвдрэл тул манайд хамаарахгүй шүү гэж мэдэгдсэн. Баримтыг хавсралт-3 аас харна уу? Тэгэхээр угаалгын өрөөнд бас ямар засвар хийгдэх нь тодорхой биш байна.

Иймд Б.Нарантуяад би мөнгө нэхэмжлэх шаардлага гараад байгаа билээ” гэв.                               

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад                                                                                                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч М.Нарантуяа нь хариуцагч Ж.Энхтагтаагаас барьцаа 250.000 төгрөг, суугаагүй нийт хоногийн түрээс 116.662 төгрөг, нийт 366.662 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Хариуцагч Ж.Энхтагтаа Б.Нарантуяа нь манай байранд амьдарч байгаад гэрээгээ зөрчин өөрөөр хэлбэл 1 жилийн хугацаатай гэрээ байгуулан орж амьдарчихаад хугацаанаасаа өмнө гарах болсон. Байрнаас гарахаар бол 1 сарын өмнө түрээслэгч талд мэдэгдэх ёстой байтал гэнэт 2,3 хоногийн өмнө мэдэгдсэн. Энэ нь учирсан хохирлыг барагдуулахаас санаатай зайлсхийж зугтан гарсан. Иймд дутуу хоногийн 116.662 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй. Жижиг өрөөний хана усанд нэвчин обой халтартсан, хуулж хаясан. Их удаан хугацаанд арга хэмжээ аваагүйн улмаас мөөгөнцөртөж их хэмжээний хохирол учирсан болно. Зөвхөн жижиг өрөөний тэр ханыг засуулахад түүний барьцаа болгон өгсөн 250000 төгрөг хүрэхгүй. Угаалгын өрөөний OO –ын ар талыг нүхэлж цоолуулах шаардлагагүй газар нүхлүүлж онгойсон том нүхтэй болгосон. Одоогоор тэр нүхийг цаасаар таглачихаад байна. Иймд 366.662 төгрөгийг надаас гаргуулах ямарч үндэслэлгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн болох нь тэдгээрийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 11-ны өдөр байгуулагдсан гэрээгээр (хх-ийн 4 дэх тал) тогтоогдож байна. 

Зохигчид орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулсан нь гэрээний агуулгаас үзвэл Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасан орон сууц хөлслөх гэрээ болно. Энэ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан бичгээр байгуулах хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Эрх бүхий байгуулагд бүртгүүлээгүй боловч гэрээг хүчин төгөлдөр эсэхэд  зохигчид маргахгүй байна.

М.Нарантуяа нь хариуцагч Ж.Энхтагтаад 2016.08.11-нд нэг сарын түрээсийн төлбөр болох 250.000 төгрөг, барьцаанд 250.000 төгрөг, 2016.09.08-ны өдөр 9,10,11 сарын түрээс 750.000 төгрөг, 2016.12.06-нд 2016.12, 2017.01 сарын түрээсийн төлбөр 465000 төгрөг төлсөн нь гэрээний хавсралт байрны түрээсийн төлбөр хэсгээс /хх-ийн 6 дахь тал/  тогтоогдож байна.

Мөн зохигчид барьцаанд нэг сарын түрээсийн төлбөр болох 250.000 төгрөг, 2016.08.01-2016.08.10-ныг дуустал 10 хоног, 2017.01.28-2017.01.31-ныг дуустал 4 хоног буюу нийт 14 хоног хөлсөлсөн орон сууцанд суугаагүй хоногийн түрээс 116.662 төгрөг төлсөн талаар маргахгүй байна.

Нэхэмжлэгч М.Нарантуяа нь хариуцагч Ж.Энхтагтаатай орон сууц хөлслөх гэрээг харилцан тохиролцож гэрээний хугацаа дуусахаас өмнө 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр цуцалж,  орон сууцыг 2017 оны 01 сарын 28-ны өдөр чөлөөлөн хүлээлгэн өгөх үед хариуцагч Ж.Энхтагтаа өөр түрээслэгч тухайн байранд оруулсан байна. Иймд хариуцагч Ж.Энхтагтаа нэхэмжлэгч М.Нарантуяатай гэрээ цуцалсанаас үүдэн түрээсийн төлбөрийн алдагдал хүлээгээгүй нь зохигчидийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-ийн 1 дэх тал/, хариу тайлбар /хх-ийн 13 дахь тал/, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 Хариуцагч Ж.Энхтагтаа нэхэмжлэгч М.Нарантуяагаас орон сууцанд учирсан хохиролтой холбоотой барьцаа 250.000 төгрөг,  хөлсөлсөн орон сууцанд суугаагүй хоногийн түрээс 116.662 төгрөг, нийт 366.662 төгрөгийг 10 давхарт шугам хоолойн гэмтэл гарч ус гойжиж 6 давхарт байрлах түрээсийн байрны унтлагын өрөөний ханыг норгосон, тухайн гэмтэлийг олохын тулд 00-ын өрөөний ханыг сан техникч нүхэлсэн зэргийг засахын тулд суутган авсан байна.

Ус гоожсон гэмтэлийг засаж буцах шугам сольход 94875 төгрөг болсон /хх-ийн 29,30 дахь тал/ байна.

Нэхэмжэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралд гаргасан тайлбар, хариуцагчийн хариу тайлбарт фейсбүүк мессенжерт бичсэн бичгэн мэдээлэлд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан ба хэрэгт энэхүү мэдээллийг зургаар өгсөн, зургаар өгсөн бичгэн мэдээллийн агуулгад зохигчид маргахгүй байгаа тул үзлэг хийгээгүй болно.

Нэхэмжлэгч М.Нарантуяа нь орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний 4.5-д зааснаар “хөлслөгч талаас шалтгаалаагүй ердийн хэрэглээний явцад үүссэн эд зүйлсийн элэгдэл хорогдол, эвдрэл, гэмтлийг 2 тал 50,50 хувийн зардлаар засварлаж байх. /Цэвэр, бохирын шугам гэх мэт/” гэсний дагуу 10 давхарт цоорсон нийтийн эзэмшлийн шугам хоолойг сольсон  зардал болох 94875 төгрөгийн 50 хувь болох 47437.5 төгрөг төлөн суутгуулахыг зөвшөөрч байна. Иймд орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний 3.3-д “хөлслүүлэгч тал гэрээний үүргийн биелэлтийг хангуулахад зориулан барьцааны мөнгийг захиран зарцуулж болно” гэж зааснаар барьцаа 250.000 төгрөгөөс 47437.5 төгрөгийг суутган тооцон 202.562.5 төгрөгийг нэхэмжлэгч М.Нарантуяад хариуцагч Ж.Энхтагтаагаас гаргуулан олгох үндэстэй.

Хариуцагч Ж.Энхтагтаа “унтлагын өрөөний ханын цаас хууларсан, хана мөөгөцөртсөн, 00-ын өрөөний хана цоолж нүх гаргаж хохирол учруулсан тул хохирлын төлбөр нэхэмжилнэ” гэх тайлбарыг гаргасан боловч уг мөнгийг Н.Нарантуяагаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул түрээсийн орон сууцанд учирсан хохиролтой холбоотой хохирлын талаар дүгнэлт хийхгүй.

Иймд хариуцагчаас нэхэмжлэгчид 2016.08.01-2016.08.10-ныг дуустал 10 хоног, 2017.01.28-2017.01.31-ныг дуустал 4 хоног буюу нийт 14 хоног хөлсөлсөн орон сууцанд суугаагүй хоногийн түрээс 116.662 төгрөг, барьцаа суутган тооцсон 202.562.5 төгрөг,   нийт 319224.5 төгрөг гаргуулан өгч, нэхэмжлэлийн шаардлагаас 47437.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дэх заалтыг удирдлага болгон                                                                                                                                                                                         ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн дугаар зүйлийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.Энхтагтаагаас 319224.5 /гурван зуун арван есөн мянга хоёр зуун хорин дөрвөн төгрөг 5 мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжэгч Б.Нарантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 47437.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Энхтагтаагаас 10.227 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Нарантуяад олгосугай.

 

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсанаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.НАРАНЦОГТ